Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/00039

 

Н Ф КББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/03598 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н Ф КББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч О.Э-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 30,781,924 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Одгэрэл, хариуцагч О.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга: Талууд 2017 оны 05 сарын 09-ний өдөр 105204675 дугаартай Баталгаат ипотекийн гэрээ, Зээлийн гэрээ тус тус байгуулж, О.Э- нь Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, шар хад 56 дугаар гудамж, 782Б тоот хаягт байршилтай 18650313247432 тоот нэгж талбарын дугаартай 294 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2204018934 дугаартай, гэрчилгээний 000393198 дугаартай газар, улсын бүртгэлийн Ү-2204084757 дугаартай, гэрчилгээний 000530865 дугаартай, 130 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалан, 12,000,000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 3,9 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч рүү төлбөрөө төлөхийг шаардаж өдөр бүр утсаар ярьж, гэрийн хаягаар нь байнга очиж уулзаж байсан. Гэвч зээлдэгч нь 2017 оны 07 сарын 20-ны өдрөөс хойш үндсэн зээлийн төлбөрөөс төлөөгүй. Иймд О.Э-ос нийт 30,781,924 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Н Ф КББСБ ХХК-тай 2017 онд гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн болно. О.Э- нь ТҮЦ ажиллуудаг ба үйл ажиллагаа нь хэвийн байх үед зээлийг төлдөг байсан. Гэтэл уг үйл ажиллагаа нь төрийн шийдвэрээс болж доголдолд орж зээлээ төлөх боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн хүү, алданги төлөх боломжгүй үндсэн зээлээ төлөх хүсэлтэй байна.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч О.Э-ос 14,949,314.55 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н Ф КББСБ ХХК-нд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 15,832,609.45 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заасныг баримтлан хариуцагч О.Э- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Г-2204018934 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, шар хад 56 дугаар гудамж 782Б тоот хаягт байршилтай, 18650313247432 нэгж талбарын дугаартай, 294 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, Улсын бүртгэлийн Ү-2204084757 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, шар хад 56 дугаар гудамж 782Б тоот хаягт байршилтай, 130 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311,859.62 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Э-ос 232,696 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н Ф КББСБ ХХК-нд олгожээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй.

а./ Хариуцагчийн эрхэлж байсан түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг төрийн байгууллагаас хориглосонтой холбоотой баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар нотлоогүй. Одоо хүртэл Зайсанд Хөдөө, аж ахуйн Их сургуулийн дэргэд Түргэн үйлчилгээний цэгт ажиллаж байхад нэхэмжлэгч байгууллагаас очиж уулзан, мэдэгдэл гардуулж байсан. Нэхэмжлэгчээс зээлдэгчтэй уулзаж зээл төлөх талаар байнга сануулж байсан, өмнө нэхэмжлэл гаргасан боловч буцаагдаж байсан баримт хэрэгт авагдсан.

б./ Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасан үндэслэл нь гэрээний хугацаа дууссан боловч зээлийг бүрэн төлөх хүртэл хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 2017 онд түргэн үйлчилгээний цэгийг ачуулахдаа фэйсбүүк хуудсаараа лайв хийж байсан. Тухайн үед хүнд байдалд орчихлоо гээд 1 500 000 төгрөгийг хийж байсан. Эдийн засагчтай байнгын холбоотой байсан. Шүүхэд хандаж, зээлийн хүү, алдангийг зогсоож өгнө үү гэж удаа дараа шаардаж уулзаж байсан. Зээлсэн мөнгөө эргүүлж төлнө. Илүү мөнгө төлөх чадвар байхгүй. Зайсанд хүний түргэн үйлчилгээний цэгт өдрийн 30 000 төгрөгийн цалинтай худалдагчаар ажилладаг.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2.   Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Н Ф КББСБ ХХК нь хариуцагч О.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 10,618,200 төгрөг, зээлийн хүү 17,532,804 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,080,920 төгрөг, нийт 30,781,924 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч зарим хэсгийг нь буюу зээлийн гэрээний үүргээс хүү, нэмэгдүүлсэн хүүд холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 26/

 

4. Хэргийн 3-8 дахь талд авагдсан 105204675 дугаар зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ, зохигчдын тайлбарыг харьцуулан үнэлбэл, 2017 оны 05 сарын 09-ний өдөр О.Э- нь Н Ф КББСБ ХХК-аас 12,000,000 төгрөгийг, 30 хоногийн 3,9 хувийн хүүтэй, 2018 оны 04 сарын 13-ны өдөр хүртэлх хугацаатай, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй байгаа зээлд ногдох үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөлтэйгээр зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг 9 дүгээр хороо, шар хад 56 гудамж, 782Б тоот хаягт байршилтай 294 м.кв талбайтай, гэр бүлийн зориулалттай газар, мөн хаягт байрлах 130 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан үйл баримт тогтоогдож байна.

 

5. Талууд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар болон нэхэмжлэгч нь хариуцагчаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардах эрхтэй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

Түүнчлэн талууд зээлийн гэрээндээ зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг харилцан тохиролцож тогтоосон байгаа нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995.10.31/ 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул Н Ф КББСБ ХХК нь хариуцагч О.Э-ос 2017 оны 05 сарын 09-ний өдрийн 105204675 дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

Харин зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хугацааны хүүг шаардах эрхгүй байна. Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995.10.31/ 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Гэтэл талуудын байгуулсан 105204675 дугаар зээлийн гэрээнд зээлдэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүүг хэрхэн тооцох талаар тусгаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш хүү шаардах эрхгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчээс гаргасан зээлийг бүрэн төлөх хүртэл хугацаанд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд хэтэрсэн хугацааны хүүг зээлийн гэрээний 5.10-д тооцохоор зохицуулсан гэх боловч тухайн заалтад зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч зээлийн төлбөрөө бүрэн төлөөгүй буюу гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тохиолдолд корпораци /зээлдүүлэгч/ энэ гэрээний салшгүй хэсэг болох Баталгаат ипотекийн гэрээ-ээр барьцаалагдсан эд зүйлээр хуульд заасан журмаар гэрээний үүргийг бүрэн гүйцэтгүүлэх талаар заасан байна. Энэхүү заалтын зохицуулалтаар хэтэрсэн хугацааны хүүг тохирсон гэж үзэхгүй.

 

Дээр дурдсанаар талууд гэрээндээ тодорхой заагаагүй хугацаа хэтэрсэн хүүгийн төлбөрийг хариуцагч төлөх үүрэг хүлээхгүй юм.

 

Мөн зээлийн гэрээний 5.1-д зааснаар зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлдүүлэгч нь хууль болон гэрээнд заасан арга хэмжээ авах эрхээ шүүхэд хандахаас өмнө хэрэгжүүлсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй байна. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг гэрээний хугацаа дууссанаас хойш хугацаанд зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд зээлийн төлбөрөө төлөхийг зээлдэгчээс удаа дараа шаардсан гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд талууд маргаагүйн гадна анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/03598 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 237,113 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.НЯМБАЗАР