2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05147

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06 191/ШШ2025/05147

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ..................... давхарт байрлах, Т ББСБ ХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т овогт Э.М /РД:00000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...2019.12.11-ний өдөр Э.М нь Т ББСБ-тай 000000000000 дугаартай зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж 3,320,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч Э.М нь үүрэг гүйцэтгэх хугацааг 1,195 хоног хэтрүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Зээлийн гэрээний хугацаа 2021.12.11-ний өдөр дуусгавар болсон. Зээл авах үедээ Э.М нь ............................ тоот хаягт оршин суудаг байсан бөгөөд зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ноцтой зөрчсөн тул бидний зүгээс зээлийн гэрээнд заагдсан хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч зээлдэгч Э.М нь дээрх хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн хариуцагчийн хаягийг цагдаагийн байгууллагаар тогтоолгож тогтоосон хаягийн дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2025.03.31-ний өдрийн 197/ШЗ2025/13915 дугаартай шүүгчийн захирамж гарсан. Зээлдэгч Э.М нь хаягтаа оршин суудаггүй, хаана амьдарч байгаа нь мэдэгдэхгүй байх тул манай компани дээр дурдсан төлбөрийг нэхэмжлэх боломжгүй байна.

Иймд Э.М-ийг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.04.16-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,

-2025.04.15-ны өдрийн 25/600 дугаартай Б.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-2019.12.11-ний өдрийн 000000000000 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 5-7 х/,

-Зээл эргэн төлөх хуваарь /хх-ийн 8 х/,

-2019.12.11-ний өдрийн 000000000000 дугаартай Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ /хх-ийн 9-11 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 12 х/,

-Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.31-ний өдрийн 197/ШЗ2025/13915 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 13-14 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.М-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2019.12.11-ний өдрийн 000000000000 дугаартай Зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.Мийн оршин суух хаягийг ................... тоот гэж тодорхойлсны дагуу Т ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 5,659,634 төгрөг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.31-ний өдрийн 197/ШЗ2025/13915 дугаартай шүүгчийн захирамжаар Э.М нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 13-14 х/,

 

Э.М нь Т ББСБ ХХК-тай 2019.12.11-ний өдөр 000000000000 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 3,320,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Т ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 5-8 х/,

 

Э.М нь 2019.12.11-ний өдрийн 000000000000 дугаартай Зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.03.31-ний өдрийн 197/ШЗ2025/13915 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Т ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.М-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Т овогт Э.М /РД:00000000/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.М-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА