| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00033/Э |
| Дугаар | 00041 |
| Огноо | 2018-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 00041
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч О.Баярсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаа
Хохирогч Б.А
Шүүгдэгч Б.Ү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, Хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Үад холбогдох 1832000000020 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1991 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт * тоотод оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /* / Монгоон овогт Балжиннямын Ү.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Б.Ү нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Бортолгой гэх газар 2018 оны 01 сарын 23-наас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд эхнэр Б Аыг бусадтай хардан, сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодид нь халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ү мэдүүлэхдээ: ... 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гэртээ эхнэр А болон охин Амирлан, ах Эб нарын хамт байж байгаад орой 16-17 цагийн үед би эхнэртэйгээ ус авахаар явсан. Тэгээд усаа аваад ирж байхад манай гэрийн гаднаас нэг машин хөдлөөд явж байсан. Тэгээд Эб ахаас хэн ирсэн юм бэ гэхэд сая нэг нүдэнд дулаахан залуу гэрт орж ирээд гараад явлаа гэхэд эхнэр Ариунтунгала араас нь цохихоор нь би уурлаад эхнэртэйгээ маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад эхнэрээ гутлаар 3-4 удаа цохисон. Тэгээд бид хоёр маргалдахаа больчихоод би эмнэлэг явах уу гэтэл эхнэр онигоотой юм маргааш явъя гэсэн. Тэгээд эмнэлэг яваагүй. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би Эр эгчийндээ байсан юм тэгээд эгч намайг гэрт хүргэж ирээд чи хэдий болтол эцэг, эхгүй хүүхдийг хаашаа яв гэж хөөдөг юм бэ, очих газаргүйг нь мэдсээр байж гэсэн. Тухайн үед би нөхөр дээрээ очихгүй очсон ч хүүхдийнхээ төрсний гэрчилгээг аваад Зүүнхараад байдаг эмээ дээрээ очиж амьдарна гэхэд эгч маань очих газаргүй чи айлд очиж дараа болж яах гээд байгаа юм, наад гэдсэн дэх хүүхдээ хүртэл яах гэж байгаа юм, Ү дээр очиж амьдар, эмэгтэй хүн тэвчээртэй байж амьдралаа авч явдаг юм гээд хүргэж өгсөн. Би эгчийгээ явахад нь буруу хараад уйлаад л үлдсэн. Тэгээд Ү намайг 3 хоног дараалан зодож, танай эгч чинь угаасаа чамайг очих газаргүй гэсэн юм чинь чи хаашаа холддог юм гэсэн. Тэгээд би утсаар ярих гэсэн боловч хээр байсан болохоор утсаар ярих боломж гараагүй. Бид хоёр хэрэлдэхийнхээ 3 хоногийн өмнө Үын надтай хардаад байгаа Улака гэдэг найзыд нь би төрсөн дүүтэйгээ хамт очиж хоносон. Би тэр үедээ юм бодолгүй Улакагийнд Доолойтой явж хоносон. Тэгээд өглөө нь чам дээр ирж байна гээд хэлэхэд намайг 3 хоног хардаж зодсон. Бид хоёр усанд явдаг өдрийн өглөө нь намайг зодож би өдөржингөө юм угаагаад хүүхэд маань доошилсон. Тэгээд юм аа угаагаад дуусахад хүүхэд гал руу хальт орох гэсэн чинь чи бараг хүүхэд гал руу орууллаа гээд намайг элэгдэж, түлхэж унагаасан. Тэгэхээр нь би айгаад юм хэлээгүй. Тэгээд усанд явж байхдаа би таньдаг эгчтэйгээ таараад намайг 3 хоног дараалан Улакатай хардаж зодлоо. Улака гэдэг нэр сонсох л юм бол намайг ална гээд байна гэсэн. Тэгээд усаа аваад явж байхдаа нөгөө Улака найзтай нь таараад гэртээ орж ирсэн. Намайг тэр найзтайгаа хардаад байхаар нь би юм ярьж чадахгүй байсан. Уг нь бид нар гэр бүлийн сайн найзууд байсан. Тэднийд очиж хонож өнжин хөзөр тоглодог байсан. Ямар нэгэн асуудал ерөөсөө байдаггүй байсан. Би уг нь хоёрын хоёр хүүхдийг нь авч үлдэж байгаа болохоор гомдолгүй гэж хэлж байсан боловч яагаад ингэж худлаа яриад байгааг нь ойлгохгүй байна. Ү найзыгаа явсны дараа шууд намайг хувцасаа аваад яв гэсэн. Би харанхуй шөнө болсон хойно хаачих билээ, ядаж маргааш өглөө гэгээ орохоор явъя гэсэн чинь хуцаад бай өмдөө өмсөөд яв гэсэн. Тэгээд би аргадуулах гээд өмдөө өмссөн чинь алтанд явдаг том гутлаараа намайг зодсон. Би 2 цаг зодуулчихаад 30 минут орон дээр хөдөлж чадахгүй суусан. Хүүхэд гал руу орох гээд байхаар нь хүүхдээ авах гэтэл босож чадахгүй байсан. Би галын дэгээ төмрийг тахийтал зодуулсан. Тэгээд би Үад би чамайг цагдаад өгөхгүй, очъё гэсэн эцэг, эх байхгүй юм чинь гэдсэн дэх хүүхдээ авахуулах мөнгө өгчих тэгээд би чимээгүй салаад явъя гэж хэлж байсан. Надад нөхөртэйгээ байхад нүүрээ будах ч эрх байдаггүй. Би нөхрөө давраасан зүйл нь тосоод авах ээж, аав байхгүй гэдэг утгаараа зодуулсан ч эргээд очдог болохоор энэ нэг юм хаачдаг юм гэсэн байдлаар ханддаг юм шиг байгаа юм. Прокурорын үүдэн дээр хүртэл ээ гэгээ минь манай эхнэр намайг маажаад байдаг. Би одоо л салахгүй бол шоронд нь ороод ч болтугай салъя гэхэд прокурор нь цаашаа явангуут камерт худлаа тэвэрч үнсчихээд чи нээрэнгээсээ салах гээд байгаа юм уу гээд байх юм. Ямар ч гомдол нэхээгүй байхад яагаад хоёр нүүр гаргаад байдаг юм бэ. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 26-ны өдөр хүртэл гурав хоног өглөө оройдоо намайг найз Улака гэдэг залуутай хардаж зодоод байсан. Өдөр болохоор гэрийн ажлаа хийлгэдэг оройдоо болохоор Улакатай унтсан гэдгээ хэл гээд зодоод байсан. 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагийн үед дахиад л намайг найз Улакатайгаа хардаж зодоод байхаар нь би аргаа бараад нөхөртөө би танай гэрээс явъя гэж гуйхад манай нөхөр цагаан сар болох гэж байна хувцас хунар угааж өгчихөөд яв гээд нэмж зодоод гэрээсээ гаргаагүй юм. Би одоо 4 сартай жирэмсэн. Ү надад “ээж чиний хүүхэд мөн юмуу биш юмуу” гэж хэлсэн. Чи хэний хүүхдийг тээгээд байгаа юм бэ гээд нуруу гар луу гутлаараа цохиод байсан. Би жирэмсэн болсон хугацаагаа тайлбарлаж өгсөн. Мөн галын дэгээ төмрийг тахийтал нь зодож цохисон юм. Би нөхөртөө зодуулахгүй гээд өөдөөс нь эсэргүүцэж нүүр амыг нь маажиж самардаад өөрөөсөө холдуулах гэж оролдтол сүүлдээ намайг хүлж байгаад зодсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 46-47-р хуудас/
Гэрч Б.Эр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр манай А нөхрийнхөө хамт манай гэрт орж ирээд А би мориноос унаад бэртчихлээ гэж хэлсэн. Харин нөхөр Ү нь юм дуугарахгүй зогсож байсан. Тэгээд хэсэг сууж байгаад манай дүү надад амны хөдөлгөөнөөр намайг Ү зодчихлоо гэж хэлсэн. Тухайн үед дүүгийн нуруу, гуя, шилбэ, мөр, гарын шуу зэрэг газар нь битүү хөх эрээн болтлоо хөхөрч цус хурсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/
Гэрч П.Эб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 17-18 цагийн үед Ү эхнэр Ариунтунгалгатай маргалдаад, хэрэлдээд нэг залуугийн тухай яриад унтаж хэвтсэн энэ тэр гээд хэрэлдээд байсан. Нэг харахад Ү гутал барьчихсан эхнэр Аыг 1-2 удаа цохиод авах шиг болохоор нь би хөөе больцгоо гээд болиулсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/
Гэрч Б.Өсөхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал суманд би Төмөрбатын хамт баз болж байгаа Үын гэрт 2018 оны 01 дүгээр сарын сүүл хэсгээр очсон. Яг хэдний өдөр болохыг мэдэхгүй байна. Үын гэрт нь орсон чинь Б.А нь гэрийнхээ баруун талын орон дээр хажуу тийш юм налаад суучихсан 2 гар нь ардаа уяагаар уячихсан. Ү хажууд нь сууж байхаар нь энэ одоо юу болоод байна гээд би Үыг гэрээс нь авч гараад юу болсон талаар асуусан чинь бид 2 маргалдаж, муудаад над руу дайраад нүүр ам майжаад гэрийнхээ бурхан тахилыг шидээд байхаар нь гарыг нь хүлсэн гэж байсан /ХХ-ийн 65-66-р хуудас/
2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №12 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:
1. Б.Аийн биед тархи доргилт, нурууны ар хэсэг, баруун, зүүн бугалга, зүүн шуу, алганы ар хэсэгт, баруун хөхний дотор дээд хэсэг, өгзөгний зүүн дээд хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжгой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 24 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 30 дугаар хуудас/, Шүүгдэгч Б.Үын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /33 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Ү нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Бортолгой гэх газар 2018 оны 01 сарын 23-наас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд эхнэр Б Аыг бусадтай хардан, сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодид нь халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 46-47-р хуудас/, Гэрч Б.Эргийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 21 дүгээр хуудас/, Гэрч П.Эбийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 20-р хуудас/, Гэрч Б.Өсөхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 65-66-р хуудас/, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №12 дугаартай Шинжээчийн дүгнэлт болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Үыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Б.Аын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ү нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн Бортолгой гэх газар 2018 оны 01 сарын 23-наас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд эхнэр Б Аыг бусадтай хардан, сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодид нь халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, нурууны ар хэсэг, баруун, зүүн бугалга, зүүн шуу, алганы ар хэсэгт, баруун хөхний дотор дээд хэсэг, өгзөгний зүүн дээд хэсэг, баруун, зүүн гуянд цус хуралт, зүүн гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ү нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгоон овогт Балжиннямын Үыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Үыг 1000 нэгж буюу 1000000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Б.Үыг торгох ялыг 10 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Б.Ү нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Үад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.