Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/769

 

                                            *******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

хохирогч *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл, Ж.Болдбаатар,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/438 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл, Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар *******д холбогдох 2406008820429 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

овгийн гийн *******, 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “ ” ХК-нд даатгалын менежер ажилтай, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** гудамж, *** дугаар байр, *** дүгээр тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн *** дүгээр хороо *** тоотод оршин суудаг /РД:/,

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/755 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ялыг эдэлж дуусгавар болгосон.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь хохирогч *******аас бэлэн мөнгө авах зорилгоор *******ийн өмчлөлийн Ц.Туул-Эрдэнийн нэр дээр бүртгэгдсэн “Мэрседес бэнз” си лэй-180 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзүүлж, “би энэ тээврийн хэрэгслийг худалдаж авсан юм, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээд данс руу оруулж гаргана, маргааш буцааж хүүтэй өгнө”, гадаадад байдаг ахтайгаа хамтарч гацуур мод оруулж ирж зарна, дансанд мөнгө байгаа гэдгээ харуулчхаад буцааж өгнө” гэх мэтээр хуурамч утга агуулгатай мэдээлэл өгч, *******ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хохирогч *******ын барьцаанд өгч 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Голомт” банк дахь *******ын эзэмшлийн дугаарын дансаар 44,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, 15,800,000 төгрөгийг буцаан өгч 29,000,000 төгрөгийг эргүүлэн өгөлгүйгээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирогч *******д 13,800,000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч *******гөөс 15,200,000 төгрөг гаргуулж хохирогч *******д төлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зээлсэн мөнгөө цаг хугацаандаа өгөөгүйдээ маш их харамсаж байна. Би *******ыг хохирооё гэж огт бодоогүй. Маш их харамсаж байна. Цахим тоглоомд донтож болгоно чадна гэж андуурч өөртөө болон бусад хүмүүст хохирол учруулсандаа маш их харамсаж байна. Надад эзэмшсэн мэргэжил, ур чадвар, ажил хийх хүсэл эрмэлзэл байгаа. Энд байх хугацаандаа хүнд эрх чөлөө ямар үнэ цэнтэй, зөв амьдрах хэрэг төвөгт холбогдохгүй өөрийн хөдөлмөрөөр амьдралын үнэ цэнийг ой ухаан, оюун бодол бас махбодоороо ойлгож ухаарч байна. Би даатгал санхүүгийн нэгдэлд корпорейт менежер ажил хийдэг. Миний ажлын байр энэ асуудал шийдэгдтэл хүлээгдэж байгаа. Хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байна. Гэм буруутай үйлдлээ ухаарч ойлгож байна. Намайг хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү гэж хичээнгүйлэн хүсэж байна. ...” гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч А.Энхгэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...*******гийн хувьд 2019 оноос хойш цахим мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн, энэ нөхцөл байдлаас болж гэрлэлтээ цуцлуулсан, түүний хувьд 2 охинтой, гэрлэлт цуцалсан шалтгаан нь түүний цахим тоглоомын донтолт нөлөөлсөн. Цахим мөрийтэй тоглоомын сэтгэл зүйн хүчин зүйл нь буруу амьдралын хэв маяг, ганцаардал, хийж буй ажил нь таалагддаггүй зэрэг таагүй байдлаасаа түр ч болов холдож, өөрийн сэтгэл хөдлөлийг дарахын тулд тоглож эхэлдэг талаар сэтгэцийн эмгэг судлалын эмч нарын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагад тэмдэглэгдсэн байна. *******гийн хувьд айлын ганц охин, эцэг, эх нь түүний бага байхад нас барсан, эмэг эхтэйгээ өссөн бөгөөд нас биед хүрч гэр бүл зохиож хоёр охины ээж болсон ч гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж гэрлэлтээ цуцлуулж, хоёр охиноо эцгийнх нь асрамжид үлдээсэн байдал, бага насны уй гашуу зэрэг нь сэтгэл гутрал, сэтгэл зүйн асуудалтай болохыг илэрхийлж байна. Сэтгэл зүйн асуудал нь даамжирсаар цахим мөрийтэй тоглоомд донтох сэтгэцийн эмгэгтэй болсон байхыг үгүйсгэх аргагүй. Өмгөөлөгчийн хувьд хэргийн материалтай бүрэн танилцаж, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчтэй хийсэн уулзалт зэрэгт үнэлэлт дүгнэлт өгөхөд мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитой нотлох баримтыг цуглуулах ёстой гэдэг агуулгаар нотолбол зохих хоёр хүчин зүйлийг нотлоогүй гэж үзэж байна. Хэдийгээр өмнө ял шийтгэгдэж дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон ч цахим мөрийтэй тоглоомын донтолт нийгмийн хор аюултай болсон гэдгийг заавал тогтоох ёстой. Залилах гэмт хэрэг нь авсан мөнгийг эргэж авахгүй байхаар үйлдэгддэг. Гэтэл *******тэй уулзаж ярилцахад өөрийн сэтгэл зүйн байдлыг даван туулахын тулд мөнгө хэрэгтэй болж, тоглоом тоглосон болохоос биш хохирогчийг цаашид хохирооё гэсэн сэдэл, санаа зорилго байгаагүй. Хэрэгт баримт дутуу авагдсан тухайд, 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хохирогч, шүүгдэгч нарын хооронд нийт 15 удаагийн гүйлгээ хийгдсэн байдаг. Эндээс урьдчилж авсан 5 удаагийн гүйлгээгээр 23 сая төгрөг зээлүүлсэн. 15,8 сая төгрөг буцаан авч, үлдэгдэл 7,2 сая төгрөг байсан. 2023 оны 10 дугаар сарын 26-ноос 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд 5 удаагийн гүйлгээгээр 21,8 сая төгрөг дахин зээлүүлсэн. Энэ бүх хугацаанд хохирогч өдөр болгон шахуу хүү тооцож, баримт үйлдэж байсан. Энэ талаар зээлийн баримтын талаар хохирогч нэг ч удаа дурдаагүй, хэрэгт баримт нь байдаггүй. Хохирогч ******* нь Иргэний хуулиар хориглосон үйл ажиллагаа болох ашиг олох зорилгоор өндөр хүүтэй зээлийн үйл ажиллагаа явуулдаг болохыг дурдах нь зүйтэй. Үүнээс гадна зээлийн хүүгээ төлөх талаар ******* рүү өдөр бүр залгадаг байсан, ******* ч бас зээл, зээлийн хүүгээ эгүүлэн төлөх талаар байнга холбогддог байсан талаар энэ хэрэгт авагдаагүй мэдээллийг тайлбарлаж байна. Хохирогч *******ын хувьд яг мөнгөө алдчихлаа, эргүүлж төлөхгүй байна гэдэг асуудал дээр огт санаа зовоогүй, яагаад гэвэл түүнд хүү тооцсон, зээлийн гэрээний баримтууд байсан. *******гийн хувьд цахим донтолтын сэтгэл ханамжаа авахын тулд л худал хэлж хүнээс мөнгө зээлж байсан. Энэ нь хуурч худал хэлж, бодит байдлыг гуйвуулж мөнгө зээлээд байгаа боловч цаанаа шалтгаан нь цахим тоглоом байна. Түүнээс хэн нэгнийг хохироох, мөнгийг нь төлөхгүй байх санаа зорилго харагдахгүй байна. Энэ нь хохирогчоос дэлгэрэнгүй мэдүүлэг, зээлийн баримтуудыг гаргуулан авснаар хэргийн бодит үйл баримт тогтоогдох юм. *******гийн зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй байх гэсэн санаа зорилгыг тогтоогоогүй байна. Шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан гэм буруугийн шунахай сэдэлтэйгээр үйлдсэн гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэргийг бүхэлд нь шинжлэн үзвэл *******д шунахай сэдэл огт байхгүй байна. Урт хугацаанд үргэлжилж буй донтох сэтгэцийн эмгэгтэй эсэх, энэ нь сэтгэцийн өвчний хэмжээнд хүрсэн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй байна. Шүүх хуралдаанд даргалагч шүүгч шүүгдэгчээс асуухдаа “Тань шиг ийм тоглоомд мөнгөө тавьж тоглож алдсан олон байгаа, зарим нь донтсон, сэтгэцийн өвчтэй болсон байгаа гэдгийг ойлгож байна уу” гэж асуусан атлаа шүүгдэгч *******г хэдий хугацаанд тоглосон гэдгийг ч асуугаагүй. Мөрдөгч, прокурорын зүгээс хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаагүйн дээр, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэж байна. *******гийн худал хэлж, зохиомол байдал бий болгож хүнээс мөнгө авч буй үйлдлийг зөвтгөх гэсэнгүй. Гэвч өмчлөх эрхийн эсрэг үйлдэгдэж буй олон төрлийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл нь цахим мөрийтэй тоглоомын донтолт бөгөөд цахим мөрийтэй тоглоом нь сүүлийн жилүүдэд маш хурдацтай өсөж буй сэтгэцийн эмгэгийн нэг төрөл болоод байна. Сэтгэцийн эмгэгийн хэмжээнд хүрсэн эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой, гэмт хэрэг гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоох зайлшгүй шаардлагатай ажиллагааг бүрэн дүүрэн хийж, түүнтэй холбоотой баримт нотолгоог хэрэгт хавсаргах нь хэргийг үнэн зөв, эргэлзээгүй, шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагад шууд нөлөөлөх нөхцөл байдал үүснэ хэмээн үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго хэдий ч тухайн төрлийн гэмт хэргийн гаралт шалтгаан нөхцөлийг зөв тогтоож, түүнд тохирсон хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан хууль ёсны байх зарчимд нийцэх юм. Хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн дүүрэн тогтоосноор шүүхээс түүнд оногдуулах ял шийтгэл нь хорихоос өөр төрлийн болон түүнд өөрийн зан үйлээ засах үүрэг хүлээлгэх, хохирол төлбөр, хор уршиг арилгах арга хэмжээ авах үүрэг ногдуулах арга хэмжээ хэрэглэх боломжтой юм. Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөх чадвар, мэдлэггүй бөгөөд энэ талаар прокурорын байгууллага, анхан шатны шүүхээс өмгөөлөгч авч эрхээ хамгаалах талаар эрхийг нь тодорхой тайлбарлаж өгөөгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч авснаар хэргийн нөхцөл байдал, нотолбол зохих байдал шаардлагатай баримтад мэдээллийг бүрдүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой талаар бүрэн ойлгоогүй нь түүний хэрэг шийдвэрлэлтэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж, дахин мэтгэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Ж.Болдбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч нь шүүгдэгчийг хохирол төлбөр төлөөгүй байж олон өмгөөлөгч авч, өмгөөллийн хөлсөнд их мөнгө зарцуулж байна гэсэн буруу ойлголт авах вий гэсэндээ тайлбар хийе. Миний хувьд *******гийн төрөл садангийн хүн бөгөөд шийтгэх тогтоол гарч хоригдсоных нь дараа асуудлыг мэдээд, түүнд эрх зүйн туслалцаа үзүүлэхээр хэрэгт өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагч нь анх шүүх хуралдаанд санал гаргахдаа *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хамгийн гол зорилгуудын нэг нь хохирогчийн зөрчигдсөн эрх сэргэх буюу хохирогчийн эрх ашиг сэргэх явдал бөгөөд ******* хоригдсоноор хохирогчийн хорих ял хэрхэн барагдах вэ. Шүүгдэгч нь тогтсон ажилтай тул цаашид цалин хөлсөөрөө хохирол барагдуулах, дахин мөрийтэй тоглоом тоглохгүй байх санаа зорилготой гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн. *******д улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулбал хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулахад илүү үр дүнтэй, бодитой байна. Иймд түүнд оногдуулсан хорих ялыг торгуулийн ялаар больж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас *******г хохирлын тал төлбөрийг барагдуулсан гэж байна. Би *******г 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр цагдаад өгсөн. Надад өөрийнх нь гэж итгүүлж барьцаа болгож өгсөн хөрөнгийг жинхэнэ эзэмшигч нь авч явсан үед би энэ бол зээлийн харилцаа биш, бидний хооронд ямар ч итгэлцэл байхгүй, залилуулсан гэдгээ ухаарч өнгөрсөнд болсон бүх процессыг цагдаагийн байгууллагад мэдүүлж, *******д өөрт нь цагдаад өгсөн гэдгээ мэдэгдсэн. ******* 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр надтай уулзахыг санал болгож уулзахад “Надад 15 сая төгрөг байна, би өөрт чинь өгнө, өгөхдөө цагдаад өгсөн гомдол, мэдээллээ буцаавал өгнө” гэж хэлсэн. Энэ үед би мөрдөгч Ган-Очир руу залгаж “******* над дээр ирээд өргөдлөө буцаавал 15 сая төгрөг өгнө гэнэ, би өргөдлөө буцаая” гэж хэлээд дуудлагыг салгасан даруйдаа болохгүй зүйл гэдгийг мэдээд, хууль сахиулах байгууллага тоглоом биш учраас өргөдлөө буцаахгүй гэдгээ мессежээр мэдэгдэж байсан. Надад явуулсан мессеж маань байгаа. Тиймээс анхнаасаа зээлийн харилцаа байгаагүй. ******* анхан шатны шүүх хуралдаанаас хойш надтай нэг ч удаа холбогдоогүй, хохирол барагдуулах талаар ярилцаагүй. Хүү төлсөн гэж өмгөөлөгч нь хэлж байгаа боловч дансны орсон, гарсан бүх гүйлгээнд би нэг ч хүү тооцолгүйгээр үндсэн төлбөрөө нэхэмжилж байгаа. Эхний 1, 2 удаагийн харилцаанд би хүү тооцсон. Энэ нь дансны хуулганы нэмэгдэх, хасагдах зарчмаар бодож үндсэн мөнгөнөөсөө хасуулж, ямар ч хүүгүйгээр үндсэн нэхэмжлэлээ тогтоолгосон. 15.200.000 төгрөгийн хохирол төлбөр төлөх дутуу байгаа бөгөөд уг мөнгөө авах хүсэлттэй байна. ******* өмнө нь залилах гэмт хэрэгт холбогдож, шүүхээр ял шийтгүүлсэн байсан бөгөөд шүүх тухайн үед түүнд хатуу шийдвэр гаргасан бол би хохирохгүй байсан. Хэдийгээр шүүгдэгч нь ухаарсан гэсэн зүйл ярьж байгаа ч шүүхийн алх сонсоод хоёр сарын дараа дахин хууран мэхлэх үйлдэл хийж байгаа хүн гараад дахин ямар хэрэг хийхийг хэлж мэдэхгүй байна. Надтай холбогдож хохирол барагдуулах талаар огт ярилцаагүй. Би гомдолтой байгаа тул хохирлоо барагдуулж авмаар байна. Мөн тохирох арга хэмжээгээ авхуулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор М.Сүхчулуун тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийг мөрийтэй тоглоомд донтож, сэтгэцийн өөрчлөлтэй, магадгүй хэрэг хариуцах чадваргүй байх гэсэн зүйл ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******гийн хувьд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй зайлшгүй сэтгэцийн шинжээч томилж дүгнэлт гаргах нөхцөл байдал үүсээгүй. Энэ нь хэрэгт авагдсан *******гийн гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг бүхий нотлох баримтаас тодорхой харагдана. Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас сэтгэцийн байдалд эргэлзээ төрүүлэхүйц нотлох баримтыг гаргаж ирүүлээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол таалагдах, эс таалагдах нөхцөл байдал, шүүгдэгчийн сэтгэцийг зөвхөн өмгөөлөгчийн үнэлэмжээр үнэлж дүгнэх боломжгүй. Бид энэ талаар үндэслэл бүхий нотлох баримт гаргаж ирсэн тохиолдолд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэх, донтолттой эсэх талаар мэргэжлийн эрх бүхий байгууллагын дүгнэлт гаргах эсэхийг шийдвэрлэнэ. Давж заалдах гомдолтой хамт шүүгдэгчийн сэтгэцийг шалгуулах нотлох баримтыг ирүүлээгүй тул өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Мөн шүүгдэгчийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн шинжгүй гэж байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч нь хохирогчид бусдын эд хөрөнгийг өөрийн эд хөрөнгө мэтээр итгүүлж, хохирогчид барьцаанд тавьсан. Ингэхдээ өөртөө санхүүгийн ашиг олох зорилгоор хохирогчоос удаа дараагийн үйлдлээр 40 гаруй сая төгрөгийг зээлж бэлэн мөнгөөр авсан. Энэ явцдаа хохирогчид тодорхой хэмжээний мөнгийг буцааж төлсөн. Буцаж өгөхдөө “Нэмж зээл аваад, өмнө авсан зээлтэйгээ бүгдийг нь нийтэд нь нэгмөсөн хаах боломжтой, би ийм санхүүгийн боломжтой,  энэ мөнгийг хүүд нь өгөөд нэмж зээл авъя” гэх мэтээр хүүд өгсөн мөнгөө зээл нэрээр буцааж авсан. Хохирогчийн хувьд зээлийн барьцаанд тавьсан тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******гийн эд хөрөнгө гэсэн бат итгэлтэй байсан учраас нэмэлт шаардлагагүйгээр мөнгө нэмж зээлсэн. Зээлээ төлж чадахгүй байдалд хүрвэл тээврийн хэрэгслийг нь өөрийн нэр дээр шилжүүлж, худалдан авах боломжтой мэтээр тооцоолж байсан зэрэг үйл баримт хэргээс тодорхой харагдана. Гэтэл тухайн тээврийн хэрэгслийг яагаад өөрийн юм шиг итгүүлсэн талаар шалгаж үзэхэд ******* нь анхны шударга эзэмшигчээс өөрөөр нь зээл авхуулж, зээлийг нь би хаая гэж эргэлзээтэй зээлийн харилцаа үүсгэж, *******гийн үгэнд итгэж, авсан зээлээ өөрөө төлөөд явж байгаа. Тиймээс барьцаанд тавьсан тээврийн хэрэгслээ очиж авсан байдаг. Үүнд ямар ч маргаан гараагүй. Хэрэв өмгөөлөгч А.Энхгэрэлийн ярьж байгаа шиг хохирогч, шүүгдэгч хоёрын хооронд үүссэн харилцаа зээлийн харилцаа байсан бол ******* энэ асуудлаар гомдлоо гаргаж, зээлийн харилцаанд барьцаанд тавьсан хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд авч явсан гэж шалгуулах ёстой байсан. Гэтэл шүүгдэгчээс тийм гомдол огт гаргаагүй. Учир нь, ******* тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч биш, захиран зарцуулах эрх байхгүй бөгөөд худалдаж аваагүй байсан. Хохирогчийн мөнгө зээлсэн үйлдлийг өмгөөлөгч хууль бус үйлдэл гэж байна. Хэрэв хууль бус бол шүүгдэгч талаас гомдол гаргаж, хуулиар хориглосон үйл ажиллагаа гэж үзэж шалгуулах байсан. Хохирогчийг хүү авлаа гэж буруутгасан. Гэтэл хохирогч хүү аваагүй, шүүгдэгчид залилуулснаа мэдээд үндсэн төлбөрөө авахаар нэхэмжилсэн байдаг. Анхнаасаа шүүгдэгч өөрөө хохирогч дээр очиж уулзаж тээврийн хэрэгслийг үзүүлж, мөнгө зээлсэн. Тиймээс хэрэгт баримтаар тогтоогдсон зүйлд хохирогчийг мөнгө хүүлж, их хэмжээний ашиг олсон, хохирогчийн мөнгөн хэлбэрээр зээл гаргасан нь хууль бус гэж тайлбарлаж болохгүй юм. Нөгөө талаар хохирогчийн зээлийн барьцаанд авсан тээврийн хэрэгсэл нь гуравдагч этгээдийн өмчлөл, эзэмшлийнх байсан бөгөөд хэрэг бүртгэлтийн шатанд авсан. Хэрэв зээлийн барьцаанд тавьсан тээврийн хэрэгсэл *******гийн эд зүйл байсан бол гомдлоо гаргаж шалгуулах байсан. *******гийн эзэмшил, өмчлөлд байсан тээврийн хэрэгслийг нөгөө тал нь булааж аваад, шүүгдэгч хохирсон мэтээр тайлбар хийж байгаа нь үндэслэлгүй. Улсын яллагчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчид торгох ялыг санал болгосон. Гэхдээ миний хувьд эрүүгийн хариуцлага, ял шийтгэлийн талаар улсын яллагчийн саналаа тавих эрхтэй. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, түүнийг арилгасан байдал зэрэг бүхий л нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээгээр ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан, шүүгдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдалтай ял шийтгэл тохирсон гэж үзсэн учир улсын яллагчаас эсэргүүцэл бичээгүй. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хохирол бүрэн төлөгдөөгүй байдал, удаа дараагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг залилсан гэх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарч, хэрэг шүүхээр шийдэгдмэгц дараагийн хохирогчийн эд хөрөнгийг залилан авсан нөхцөл байдал зэрэгт тохирсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******аас бэлэн мөнгө авах зорилгоор *******ийн өмчлөлийн Ц.Туул-Эрдэнийн нэр дээр бүртгэгдсэн “Мэрседес бэнз си лэй-180” загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг үзүүлж, “би энэ тээврийн хэрэгслийг худалдаж авсан юм, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, мөнгө зээлээд данс руу оруулж гаргана, маргааш буцааж хүүтэй өгнө”, гадаадад байдаг ахтайгаа хамтарч гацуур мод оруулж ирж зарна, дансанд мөнгө байгаа гэдгээ харуулчхаад буцааж өгнө” гэх мэтээр хуурамч утга агуулгатай мэдээлэл өгч, *******ийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хохирогч *******ын барьцаанд өгч 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл “Голомт” банк дахь *******ын эзэмшлийн дугаарын дансаар 44,800,000 төгрөгийг шилжүүлэн авч, 15,800,000 төгрөгийг буцаан өгч 29,000,000 төгрөгийг эргүүлэн өгөлгүйгээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч *******ын “...Би гэрээсээ гарч очиход ганцаараа улсын дугаартай Benz CLA 180 маркийн саарал өнгөтэй тээврийн хэрэгсэлтэй ирээд машинаа авчихсан, банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй байгаа, яаралтай мөнгөний хэрэг гараад байна, данс руугаа оруулаад гаргана, одоо өгчихвөл маргааш хүүтэй нь буцаагаад өгье барьцаанд нь энэ автомашинаа үлдээнэ гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 10,000,000 төгрөгийг ...өөрийн Хаан банкны ******* тоот данснаас ******* гэх хүний Голомт банкны тоот данс руу шилжүүлж өгсөн. Надад автомашинаа үлдээгээд явсан. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай ажил дээр ирээд мөнгө хэрэгтэй байна, чамаас авсан мөнгө маань дутчихлаа, нэмээд өгчих юм бол маргааш хүүтэй нь буцаагаад өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа 8,000,000 төгрөгийг ...шилжүүлж өгсөн. Дахин над руу ******* холбогдоод 5,000,000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь би мөн адил тухайн данс руу нь шилжүүлж өгсөн. Ингээд нийт 23,000,000 төгрөгийг *******д өгсөн. Тэгтэл 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буцаагаад 10,600,000 төгрөгийг, 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 5,200,000 төгрөгийг өгсөн. Ингээд надад 8,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй үлдсэн. Тэр өдрөө надаас ******* ахтайгаа цуг урдаас гацуур оруулж ирж зарах гэж байгаа, ах маань гадаадад байдаг, цагийн зөрүүтэй болохоор ахдаа дансандаа мөнгө байгаа гэдгээ харуулчхаад ахаасаа мөнгө авчхаад буцаагаад өгье гэж хэлэхээр нь би урьд өмнө мөнгө зээлээд буцаагаад өгөөд байсан болохоор нь мөн машинаа барьцаалчихсан юм чинь гэж бодоод 4 удаагийн үйлдлээр буюу 5,000,000 төгрөгөөр 3 удаа, 800,000 төгрөгөөр нэг удаа нийт 15,800,000 төгрөгийг дээрх данс руу шилжүүлж өгсөн. 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр над руу ******* холбогдоод надад нэмээд 6,000,000 төгрөг өгчих юм бол чамаас зээлж авсан бүх мөнгөө гаргаж өгөх боломжтой болоод байна, би чамд дурлаж дурлаж худалдаж авсан машинаа барьцаанд үлдээсэн, хаяна гэж байхгүй, заавал авна гэж хэлэхээр нь би бас л итгээд 6,000,000 төгрөгийг гэртээ байхдаа дээрх данс руу шилжүүлж өгсөн. Нийт 29,800,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Түүнээс маргааш, нөгөөдөр, ирэх 7 хоногт гэж хэлсээр байгаад өдийг хүрсэн. ...Машиныг унаад уулзвар дээр зогсож байтал улаан өнгийн BMW маркийн тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй хүн хажууд зогсож байгаад цонхоо онгойлгоод над руу дохиод уулзах хэрэгтэй байна гэхээр нь гайхаад дугуй засвар явж байна, дагаад яваарай гэж хэлээд Энхтайваны гүүрний доод талд байрлах дугуй засвар дээр очиж зогссон чинь ардаас нөгөө үл таних залуу ирээд бид хоёр уулзсан. Тэр залуу нь *******д энэ машиныг зарсан, мөнгөө авч чадахгүй машинаа алдсан байсан юм, би яг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр өргөдөл өгөх гэж байсан чинь чи унаад явж байна гэж хэлэхээр нь би *******д мөнгө зээлж энэ машиныг барьцаанд авсан юм гэж хэлсэн. Улмаар би бичиг баримтыг нь үзсэн чинь тухайн тээврийн хэрэгсэл нь ******* гэх хүний эзэмшил дээр байсан боловч ******* нь тухайн ******* гэх залуугийн нэр дээр итгэмжлэл хийж өгсөн байсан. ...Энэ талаар *******гөөс асуусан чинь харин тэгсэн юм, ажил бүтнэ гэж бодсон чинь бүтсэнгүй, наадах чинь хүний машин юм чинь хүнд нь өг гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх 10-11/,

гэрч *******ийн “...Би улсын дугаартай Benz CLA 180 маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны зун гэж санаж байна хамаатны ах *******эс худалдаж авсан. Тэгтэл 2023 оны 09 дүгээр сард найз охин Эрдэнэтуултай хамт байж байхдаа түүний танил эгч ******* нь хамт уулзсан. Тэр үед ******* “эгч нь нөхрөөсөө салж байгаа, удлаа гэхэд 2 сарын дотор тооцоо, мөнгөө дуусгаад машиныг чинь өөрийнхөө нэр дээр шилжүүлж авчихна, чи машинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалаад эгчдээ өгчих, банк бус санхүүгийн байгууллагаас тал мөнгөө гаргаад авчих, үлдэгдэл 2 сарын дотор үлдэгдэл мөнгө болон банк бусын төлбөрөө төлөөд дуусгачихна гэж надад санал тавьсан. Би тэр үед дансны хуулгыг нь харахад дансандаа 4 орчим сая төгрөгтэй, 2 сарын гүйлгээг харахад хангалттай мөнгөө өгчхөж чадахаар харагдсан, мөн би 2-3 ярилцаад тээврийн хэрэгслээ өгөхөөр болсон. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэт Капитал банк бус санхүүгийн байгууллага дээр очоод тээврийн хэрэгслээ 27,000,000 төгрөгөөр барьцаалж 27,000,000 төгрөгийг би өөрөө авсан. Үлдэгдэл 20,000,000 төгрөгийг ******* нь 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар болж миний тээврийн хэрэгслийг авч явсан. Тэгээд машин авснаас хойш 1 сарын дараа бол 4-5 сая төгрөг төлсөн. Тэрнээс хойш алга болсон бөгөөд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нотариатаар гэрээ хийж 7 хоногт 5 сая төгрөгийг үлдэгдэл 20 сая төгрөгөөр барагдуулна гэж гэрээ хийсэн. Одоо болтол банк бус санхүүгийн байгууллагад төлбөрөө төлөөгүй, би өөрөө төлөөд явж байгаа. ...” /хх 21/ гэсэн мэдүүлгүүд,

2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хохирогч *******ын бичгээр гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл /хх 4/,

хохирогч *******ын эзэмшлийн “Хаан” банк дахь ******* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6-7/,

зээлийн гэрээний хуулбарууд /хх 24-25, 28-32/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч ******* “...Хохирлоо бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж байгаа. Гэм буруутай үйлдлээ ухаарч ойлгож байна. Хорихоос өөр төрлийн ялаар шийтгэж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл “...Мөрдөгч, прокурорын зүгээс хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шалгаагүйн дээр, анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болохуйц дээрх нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. ...Урт хугацаанд үргэлжилж буй цахим мөрийтэй тоглоомд донтох сэтгэцийн эмгэгтэй эсэх, энэ нь сэтгэцийн өвчний хэмжээнд хүрсэн эсэхийг шинжээчийн дүгнэлтээр тогтоогоогүй. ....Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөх чадвар, мэдлэггүй бөгөөд энэ талаар прокурорын байгууллага, анхан шатны шүүхээс өмгөөлөгч авч эрхээ хамгаалах талаар эрхийг нь тодорхой тайлбарлаж өгөөгүй. ...” гэсэн, өмгөөлөгч Ж.Болдбаатар “...Ял хөнгөрүүлэн хорихоос өөр төрлийн ял болгон өөрчилж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Шүүх шинжилгээний тухай хуулийн 39.1.6, 39.1.7-д заасан”, 1.2 дахь заалтад “прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь яллагдагчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал хэрэг хариуцах чадвартай эсэхийг тогтоолгох.” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Сэтгэцийн шинжилгээг дараах тохиолдолд хийнэ:”, мөн хэсгийн 39.1.1 дэх заалтад “эрүүгийн хэргийн гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж тус тус заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас шүүгдэгчийн сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл байвал сэтгэцийн шинжилгээг хийхээр хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******гийн хувьд цахим мөрийтэй тоглоомд донтох сэтгэцийн эмгэгтэй холбоотой баримт болон энэ гэмт хэргийг үйлдэхэд сэтгэцийн эрүүл мэндэд эргэлзэх үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй тохиолдлуудыг хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт өмгөөлөгчгүй явуулж болохгүй үндэслэл тогтоогдоогүйгээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч өмгөөлөгчөө өөрөө сонгоно.” гэж, мөн хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэж заасан.

Шүүгдэгч *******г 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 2406008820429 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байх бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр түүнд эрх, үүргийг танилцуулж гарыг үсгийг зуруулсан, анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргасан, шүүх хуралдаанд түүний эрх үүргийг тайлбарлан өгч, өмгөөлөгчтэй оролцох эсэхийг тодруулахад өмгөөлөгчгүй оролцох талаар хэлж өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Энхгэрэлийн гаргасан “...өмгөөлөгч авах эрхийн талаар тайлбарлаж өгөөгүй” гэсэн гомдол үгүйсгэгдэж байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна анхан шатны шүүхээс түүнд сонгон оногдуулсан хорих ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” заасан шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.     

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх бөгөөд үүнийг өөрчлөх үндэслэл бүхий нөхцөл байдал давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт бий болоогүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл, Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч *******гийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШЦТ/438 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл, Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                               М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА