| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0689/З |
| Дугаар | 128/ШШ2025/0760 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2025/0760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ганбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Э.Т******* нэхэмжлэлтэй, С******* дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Э.Т*******
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б овогт Б Н, РД://
Хариуцагч: С******* дүүргийн Засаг дарга
Хариуцагчийн өмгөөлөгч: Г овогтой Б /1998 оны 02 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, Иргэний бүртгэлийн дугаар: , ШТЭҮД:/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С******* дүүргийн Засаг даргын Хууль зүйн хэлтсийн Эрх зүйн маргаан шийдвэрлэлт хариуцсан мэргэжилтэн М овогтой Л
Нэхэмжлэлийн шаардлага: С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Э.Т*******г хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бөртэ-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
1.1.Э.Т******* нь 6 дугаар хорооны Засаг даргаар хоёр удаа сонгогдож, ажлын үр дүнгийн гэрээний биелэлтээр 90 хувиас дээш үнэлгээ авч, цалингийн 60 хувийн урамшуулал хүртсэн, мэргэшсэн төрийн албан хаагч.
1.2.Гэтэл С******* дүүргийн Засаг дарга 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ******* дугаар захирамжаар 9 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй гэх үндэслэлээр огцруулсан, энэ баримтын ихэнх нь бүх нийтийн амралтын өдөр, зарим нь цэрэг татлагын ажилд оролцсон өдөр байсан тул үндэслэлгүй.
1.3.Сонсох ажиллагааны мэдэгдэл ажлын цаг дуусахад өгөгдөж, маргааш өглөө шууд огцруулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 13-аас 28 дугаар зүйлд заасан эрхийг зөрчсөн. Энэ захирамжийн улмаас нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын төлөлт тасалдаж, орлого алдагдан амьдралын баталгаа зөрчигдсөн.
1.4.Захирамж хууль хэрэглээний алдаатай, сонсох ажиллагаа хийгдээгүй тул хүчингүй болгуулах шаардлагатай. Сонсох ажиллагааны мэдэгдэл ажлын цаг дуусахаас 35 минутын өмнө ирсэн, нотлох баримт бүрдүүлэх боломж олгогдоогүй.
1.5.Маргааш өглөө тайлбар өгөхөөр очиход албан хаагчид байгаагүй, харин захирамж аль хэдийн гарсан байсан. Хорооны Засаг даргыг огцруулах эрх дүүргийн Засаг даргад хуульд олгогдоогүй, зөвхөн тодорхой хуульд заасан үндэслэлээр (гэмт хэрэг үйлдсэн, дээд шатны даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэх мэт) огцруулж болно.
1.6.Иймд сонсох ажиллагаа хийгдээгүй, хууль зөрчиж огцруулсан нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, нийгмийн даатгал, цалин, эрүүл мэндийн даатгалд хохирол учруулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хоёр.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
2.2.Э.Т******* нь 2025 оны эхний хагас жилд Төрийн албаны тухай хуулийн 37.1.16-д заасан ажлын цагийг үр бүтээлтэй ашиглах үүргийг ноцтой зөрчсөн. ERP системийн бүртгэлээр 9 хоног ажил тасалсан, 1720 минут хоцорсон, 99 минут ажлын цаг дуусахаас өмнө явсан нь тогтоогдсон. Энэ нь мөн Ёс зүйн тухай хуулийн 7.1.8-д заасан байгууллагын соёл, дэг журмыг сахих үүргийг зөрчсөн.
2.3.Дээрх зөрчлүүдийг няцаах нотлох баримт нэхэмжлэгч гаргаж чадаагүй.
2.4.Нэхэмжлэгч бүх нийтийн амралтын өдөр байсан гэж тайлбарласан ч 2025 оны 01 дүгээр сарын 23, 02 дугаар сарын 11, 04 дүгээр сарын 18-ны өдрүүдэд хаана, юу хийснээ баримтаар нотлоогүй. Цаг бүртгэлийн систем ажиллаагүй гэх тайлбар баримтаар батлагдаагүй, гомдол гаргасан баримт ч байхгүй.
2.5.Байгууллагын дотоод журмын дагуу чөлөө аваагүй, зөвшөөрөлгүйгээр ажлын байраа орхисон, сургалт, мэдээллийн цагт бүрэн хамрагдаагүй бол ажил тасалсанд, мөн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 өдөр тасалсан бол зөрчилд тооцдог.
2.6.Э.Т******* эдгээрийг зөрчсөн нь бүртгэлээр тогтоогдсон, хагас жилийн ажлын үр дүнгийн тайлангаар ирцийн оноо хасагдаж, өөрөө хүлээн зөвшөөрсөн.
2.7.Сонсох ажиллагааны мэдэгдэл, ERP системийн чатаар хүргэгдсэн, хугацаа сунгах хүсэлт гаргаагүй тул сонсох ажиллагаа зөрчигдсөн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.
2.8.Хэрэв гэрч асуусан бол дээд шатны Засаг даргын үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн нь илүү тодорхой болох байсан.
2.9.Дүүргийн Засаг дарга 2025 оны ******* дугаар захирамжаар Э.Т*******г хорооны Засаг даргын албан тушаалаас нь огцруулсан нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2, 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасанд нийцсэн.
2.10.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2.Нэхэмжлэгч Э.Т*******гээс С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Э.Т*******г хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулах тухай ******* дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.Нэхэмжлэгчээс ажлын үр дүнгийн гэрээний биелэлт 90-ээс дээш хувьтай дүгнэгдэж байсан, шийдвэр гаргахдаа тайлбар, санал гаргах боломж олгоогүй гэж, хариуцагчаас цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, хоцордог, ажил тарахаас өмнө явдаг, ажил тасалсан, үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж тус тус тайлбарлан маргасан.
4.С******* дүүргийн Засаг дарга тус дүүргийн 6 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хорооны Засаг даргаар томилуулах-аар уламжилсны дагуу 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/49 дүгээр захирамжаар хорооны Засаг даргад нэр дэвшиж, олонхын санал авсан Энхбаатарын Т*******г 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс тус хорооны Засаг даргаар томилжээ.
5.Хорооны Засаг даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д бүх шатны Засаг дарга болон ... ; гэж заасан төрийн улс төрийн албан тушаал бөгөөд түүний эрх зүйн байдлыг мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө гэж тодорхойлсон.
6.Тодруулбал, хорооны Засаг дарга буюу улс төрийн албан тушаалтны эрх, үүрэг, томилгоо, чөлөөлөлт, хариуцлагыг тусгайлсан хуулиар зохицуулаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.
7.С******* дүүргийн Засаг дарга 2025 оны эхний хагас жилийн албан хаагчдын ирцийн бүртгэлийн тайлангаар ажлын 9 хоногийн цагийн бүртгэлээ бүртгүүлээгүй, 1720 минут хоцорсон, 99 минутын өмнө явсан, хүндэтгэн үзэх шалтгаангүй, удирдах ажилтанд мэдэгдээгүй ажил тасалсан, ажлын цаг ашиглалт хангалтгүй ажиллаж хууль, тогтоомжоор хүлээлгэсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 25 минутад 2025/032025 дугаар Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл-ийг үйлдэн хүргүүлж, улмаар 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар Э.Т*******г 6 дугаар хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулжээ.
8.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасан.
9.Хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарлавал, захиргааны байгууллага, албан тушаалтан нь шийдвэр гаргахдаа тухайн ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхдээ шийдвэрийг зөвхөн таамаг дүгнэлт дээр бус, бодит баримт, нөхцөл байдалд тулгуурлан гаргах ёстой.
10.Нөгөө талаас бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд захиргааны байгууллага шаардлагатай ажиллагаа хийх, тухайлбал, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, цугларсан баримтуудыг үнэн зөв, хамааралтай эсэх зэргийг үнэлж, дүгнэсний эцэст шийдвэр гаргах учиртай.
11.Хариуцагчаас ирүүлсэн С******* дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга Э.Т******* 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг дуустал хугацааны Ирсэн, явсан цагийн бүртгэл-д Э.Т******* нь 2025 оны 01 дүгээр сарын 01, 23, 2025 оны 02 дугаар сарын 11, 2025 оны 03 дугаар сарын 03, 04, 05, 2025 оны 04 дүгээр сарын 18, 24, 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд ажил тасалснаар бүртгэгдсэн, хариуцагч уг зөрчлийг маргаан бүхий захиргааны акт гаргах нэг үндэслэлээ болгожээ.
12.Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д Шинэ жил: 1 дүгээр сарын 1 гэж зааснаар жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдөр улс орны хэмжээнд нийтээр амрахаар хуульчилсан,
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай 109 дүгээр тогтоолоор Монгол үндэстний уламжлал баяр Цагаан сар болохтой холбогдуулж, 2025 оны 03 дугаар сарын 03, 04, 05-ны өдрийн Даваа, Мягмар, Лхагва гарагт ажилтан, албан хаагчдыг амраахаар шийдвэрлэсэн.
13.Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг дээрх өдрүүдэд ажил тасалсан гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй.
14.Хэрэгт авагдсан С******* дүүргийн ахмадын хороо болон Улаан загалмай хорооны 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн албан бичгүүд, гэрч Н.Б******* мэдүүлэг, С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Цэрэг татлагын ажлыг зохион байгуулах тухай А/35, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн Цэргийн албаны ээлжит татлагыг зохион байгуулах тухай А/177 дугаар тушаалууд, Э.Т*******д 2025 оны 02 дугаар сард 22 цаг, 05 дугаар сард 26 цаг илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс олгосон цалингийн карт зэрэг баримтуудаар нэхэмжлэгч Э.Т******* С******* дүүргийн ахмадын хорооноос зохион байгуулсан Өв соёлоо түгээн дэлгэрүүлье арга хэмжээнд 2025 оны 02 дугаар сарын 11, Улаан загалмай хорооны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, анхны тусламжийн нөлөөллийн ажлын хөтөлбөр-т 2025 оны 04 дүгээр сарын 18, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Муур, нохой устгах ажиллагаанд 2025 оны 04 дүгээр сарын 24, С******* дүүргийн цэрэг татлагын ажиллах бүрэлдэхүүнд 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрүүдэд тус тус ажилласан болох нь тогтоогдож байна.
15.Дээрх баримтуудаас үзвэл нэхэмжлэгч тухайн өдрүүдэд албан үүргээ гүйцэтгэсэн нь нотлогдож байх тул энэ талаар хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
16.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж, 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэж тус тус зааснаас үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны акт гаргахын өмнө тухайн шийдвэрээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд өөрийн байр суурь, тайлбар, санал гаргах боломжийг олгох үүрэгтэй байна.
17.Энэ нь сонсох эрх-ийг хангаж, эрх ашигт нөлөөлж болзошгүй шийдвэрийн талаар урьдчилан мэдэж, байр сууриа илэрхийлэх боломж олгох бөгөөд сонсох ажиллагаа явуулах хугацаа нь оролцогчид санал, тайлбараа гаргах боломжийг хангахуйц байх ёстой.
18.Хариуцагч албан тушаалтан нэхэмжлэгчид 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр маргаан бүхий захиргааны акт гаргасан нь хэлбэрийн шаардлага хангах боловч нэхэмжлэгчид тайлбар гаргаж өгөх боломжит хугацааг олгоогүй байх тул уг ажиллагааг хуульд заасны дагуу явуулсан гэж үзэхгүй, хууль бус байна.
19.Дээд шатны Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5-д энэ хуулийн 65.1.3-т заасан үндэслэлээр гэж зааснаар доод шатны Засаг даргыг огцруулахаар, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон Ерөнхий сайд, дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаврыг хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд үзсэн бол хариуцлага тооцохоор тус тус зохицуулсан.
20.Эдгээр зохицуулалтаас харвал Засаг дарга дээд удирдлагын даалгаврыг биелүүлэх үүрэгтэй, хэрэв энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж дээд шатны Засаг дарга үзвэл энэ нь түүнийг огцруулах хууль ёсны үндэслэл болно.
21.Үүнээс гадна Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.2-т хууль тогтоомж удаа дараа, эсхүл ноцтой зөрчсөн бол дээд шатны Засаг дарга доод шатны Засаг даргыг огцруулахаар заасан.
22.Хууль тогтоомж удаа дараа зөрчих гэдэг нь тухайн Засаг дарга хууль, тогтоол, журам, шийдвэрийг байнга, давтан зөрчиж байгаа нөхцөлд хамаарах бөгөөд давтамжтай зөрчил нь тухайн удирдлагын үйл ажиллагаа тогтмол хууль бус байгааг илэрхийлэх бол ноцтой зөрчил гэдэг нь нэг удаагийн үйлдэл байсан ч хуулийн маш хүнд зөрчил гаргасан байхыг ойлгох бөгөөд энэ давтамж шаардахгүй, нэг удаагийн үйлдэл ч огцруулах үндэслэл болдог.
23.Хариуцагч С******* дүүргийн Засаг дарга нэхэмжлэгч Э.Т*******тэй байгуулсан хамтран ажиллах гэрээний биелэлтийг 2020 онд 93 (А), 2021 онд 94 (А), 2022 онд 94, 2024 онд 94, 2025 оны эхний хагас жилийн биелэлтийг 79 оноогоор тус тус үнэлжээ.
24.Үүнээс үзвэл нэхэмжлэгч Э.Т******* хариуцагч албан тушаалаас хүлээлгэж өгсөн ямар ажил, даалгаврыг дутуу хийсэн, чанарын шаардлага хангаагүй, эсхүл хугацаанд нь амжилттай биелүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй, энэ талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгчийг хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.
25.Эдгээрээс дүгнэвэл, хариуцагчийн маргаан бүхий захиргааны акт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасныг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгож шийдвэрлэлээ.
26.Энэ тохиолдолд шүүх Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх-ийг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
27.Нэхэмжлэгч хоцорсон, ажил тарах цагаас өмнө явсан зөрчил гаргасан болох нь Ирсэн, явсан цагийн бүртгэл-ээр тогтоогдсон, энэ нь хорооны Засаг даргын албан тушаалаас огцруулахуйц хэмжээний зөрчил биш гэж шүүх дүгнэсэн болно.
28.Иймд эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.5, 65 дугаар зүйлийн 65.1.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.4, 11 дүгээр зүйлийн 11.1.9, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Т******* С******* дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шаардлагыг бүхэлд нь хангаж, С******* дүүргийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг С******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР