| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00040/Э |
| Дугаар | 00047 |
| Огноо | 2018-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 00047
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ж.Ад холбогдох 1832000000054 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төмөр замын зам барилгын инженер мэргэжилтэй, УБТЗ-ын 1 дүгээр ангид Урсгал засвар хариуцсан инженер ажилтай, * тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Сартуул овогт Жанчивсэмбийн А.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Ж.А нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 31 дүгээр байрны №1-04 тоотод С.Утэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.А мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Зүүнхараад ажлаар ирээд ажил тарсаны дараа хуучин ажлынхаа хүмүүстэй цуг караоке, бааранд орчихоод орой 23 цагийн үед амрахаар явсан. Тэгтэл найз Дэ манай ээжийн амьдарч байсан одоо эгчийнх байгаа байранд орж хоноё гэсэн. Тэгээд Дэ болон түүний эхнэр Су, Уянгын хамт байранд нь очиход У хэвтэж байсан. Тэгээд Дэ Уг босоод ир гэж дуудаад хамт сууж архи уусан. Тэгтэл Дэ, У хоёр хоорондоо маргалдахаар нь би дундуур нь орж боль гэж хэлсэн. Гэтэл У чамд ямар хамаатай юм, ахын дүү зүгээр байгаарай гэхээр нь би... чи хэзээ миний ах болсон юм гэхэд бариад авсан. Тэгээд намайг цохихоор нь би зөрүүлээд цохиод авсан. Болчимгүй зүйл хийсэндээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч С.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2018 оны 03 дугаар сарын 22-ны орой гэртээ байж байсан чинь манай эхнэрийн дүү Дэ эхнэр Суаа, найз А бас нэг эмэгтэйн хамт орж ирсэн. Би Дэгээс юу хийж яваа юм гэсэн чинь танайд хононо гэсэн тэгээд би гудас авч өгөөд унтах гэсэн чинь Дэ намайг хувцасаа өмсөөд босчих гэсэн намайг босоод ирсэн чинь тэд нар 0.75 граммын нэг шил архи, нэг том савтай пиво гаргаж ирээд бид нар хамт уусан. Тэгээд уугаад сууж байтал миний хажууд сууж байсан А намайг өдөөд янз бүрийн юм яриад байсан. Тэр үед би ахын дүү зүгээр бай яагаад байгаа юм гэсэн чинь А өөдөөс чи бид хоёрын ах гэж юу байдаг юм гэж маргасан. Тэгээд барьцалдаж байгаад А миний баруун нүд рүү гараараа нэг удаа цохиод авсан. Би нүүрээ дараад тонгойгоод хөлийг нь тэврээд авсан чинь миний дээрээс хэд хэдэн удаа цохисон ба яг юугаар цохиж авсаныг мэдэхгүй байна. Тухайн үед би босож ирээд чи яаж байнаа гэсэн чинь Дэ над руу чи миний гэрээс зайл гэж хөөсөн гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-р хуудас/
Гэрч Т.Дэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Эгчийнд ороход Дэлгэрбаяр эгчийн нөхөр У халамцуу байдалтай байж байсан. Тэгээд А, У бид нар авч очсон архийг уугаад сууж байхад А, У хоёр хоорондоо "чи ах, би ах” гээд маргалдаад яах ийхийн зуургүй барилцаж аваад мөргөлцсөн үү, эсвэл цохилцсон уу, эхнэр бид хоёр салгаад авахад Угийн баруун нүд нь хөхрөөд хавдчихсан, Аий 2 нүднийх нь гол хавьд хавдчихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-р хуудас/
Гэрч Б.Су мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … бид дөрөв том савтай пиво 1 ширхэг 750 граммын архи 1 шилийг аваад Дэлгэрбаяр эгчийнх рүү явсан. Тэгээд түлхүүрээр нь хаалгыг нь онгойлгож ороход бааранд тааралдсан У гэр дотроо байж байсан. Уянга согтоод байхаар нь хойд талын өрөө рүү нь оруулж унтуулсан. Тэгээд А, Дэ, У бид 4 авч очсон архийг уух гээд сууж байх үед А, У хоёр хоорондоо “чи ах, би ах” гээд хоорондоо маргалдаад яах ийхийн зуургүй барилцаж аваад цохилцоод эхлэхээр нь Дэ бид хоёр салгахад Аий 2 нүднийх нь голд хавдчихсан, Угийн баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/
2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №59 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...
1. С.Угийн биед баруун нүдний дээд доод зовхи, нүдний алимны салст, цээжинд цус хуралт, баруун гарын тохой, баруун хөлийн шилбэнд зулгаралт, хуйх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 14 дүгээр хуудас/
Яаралтай тусламж үйлчилгээний хуудас, хохирогчийн зодуулсан үеийн гэрэл зураг /ХХ-ийн 14-16-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 26 дугаар хуудас/, Шүүгдэгч Ж.Аий ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /29 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ж.А нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 31 дүгээр байрны №1-04 тоотод С.Утэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Угийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-р хуудас/, Гэрч Т.Дэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-р хуудас/, Гэрч Б.Суын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11 дүгээр хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №59 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, Яаралтай тусламж үйлчилгээний хуудас, хохирогчийн зодуулсан үеийн гэрэл зураг /ХХ-ийн 14-16-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Ж.Аийг хохирогч С.Угийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.А нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 31 дүгээр байрны №1-04 тоотод С.Утэй маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж, улмаар С.Угийн биед баруун нүдний дээд доод зовхи, нүдний алимны салст, цээжинд цус хуралт, баруун гарын тохой, баруун хөлийн шилбэнд зулгаралт, хуйх, баруун нүдний дээд зовхинд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Сартуул овогт Жанчивсэмбийн Аийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аийг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Аий торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Ж.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.