Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2024/ДШМ/770

 

                                               *******д холбогдох

                                             эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч М.Алдар, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Түмэнжаргал,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Чинбат,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/566 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн *******д холбогдох 2308025810202 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

овгийн ийн *******, 1977 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр аймгийн суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физикч мэргэжилтэй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дугаар гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /РД:*******/,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо Тоосгоны 20 дугаар гудамж 07 тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар төмөр сэнжтэй аягаар түүний тогойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “тархины зүүн дух, зулай, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан тоорх цусан хураа, тархины эдийн тархмал няцрал, аалзан халсан доорх тархмал цус харвалт, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, баруун хөлийн тавхайн ар хэсэгт зулгаралт гэмтэл” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: *******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар нийт 7,144,500 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, 0.75 литрийн “Хараа” нэртэй архины шил, цагаан өнгөтэй, шинжтэй төмөр аяга зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би эрүүгийн хэргийн гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болно. Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн нэхэмжилсэн 844,500 төгрөгийг төлж барагдуулсан байхад сэтгэцэд учирсан хор уршгийг бүрэн арилгаагүй гэж үзэж эрх зүйн байдлыг дордуулж ял оногдуулсанд гомдол гаргаж байна. ...Учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаад давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Цаашид найзтайгаа улам дотно харилцаатай байж, урьдын харилцаагаа үргэлжлүүлж явахаа амлаж байна. Би ялаа эдэлж гараад нийгэмдээ хор учруулахгүй, иргэний үүргээ биелүүлэн ажиллаж, амьдрах бүрэн бололцоотой гэж үзэж байна. Иймд хувийн байдлыг минь дээрдүүлж анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Чинбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргах зүйл байхгүй, харин эрүүгийн хариуцлага оногдуулсан хэсэгт гомдол гаргасан. Анхан шатны шүүх прокурорын санал болгосон 4 жилийн хорих ялыг хүлээн авч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялыг оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Б.******* нь шүүхийн шатанд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдааныг 1 үе шаттай явуулж, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хэр хэмжээгээр гарахыг тооцож мэдэхгүй байсан тул уг хохирлыг барагдуулж чадаагүй. Анхан шатны шүүхээс тогтоосон хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 7.144.000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө төлж барагдуулж холбогдох баримтаа гаргаж өгсөн. Эндээс үзэхэд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, гэмт хэргийн хор уршгийг арилгасан, хохирогчийн зүгээс шүүгдэгчтэй найзын холбоогоо үргэлжлүүлж, аль болох хөнгөрүүлэх нөхцөл байдлаас хандаасай гэсэн хүсэлтийг илэрхийлж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан оногдуулах ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд, Монгол Улсдаа ховор тохиолдох цөмийн физикийн мэргэжил эзэмшиж Монгол Улсын сургуулийг төгссөн, гадаад, дотоодод төгссөн сургуулиудын диплом, ажилласан туршлага, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд, авч байсан цалин хөлсний тодорхойлолт, хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагын захирлын “Аль болох богино хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү, гараад ирэхээр нь ажилдаа авна, тоног төхөөрөмжийг нарийн хариуцдаг туршлага, мэдлэгтэй хүн ховор байна” гэсэн хүсэлт зэрэг нотлох баримтуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. Түүнчлэн, өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн бөгөөд уг ялыг бүрэн биелүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон. Тиймээс өмнөх ял шийтгэлийг эдэлж дууссан учир эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор Д.Түмэнжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарсан. Мөн эмнэлгийн  магадлал комиссын дүгнэлтээр шүүгдэгч *******ы үйлдлийн улмаас хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувь гэж тогтоогдсон бөгөөд энэ нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хүчинтэй. Шүүгдэгчийн шүүхийн шатанд хохирогчийн баримтаар нэхэмжилсэн 844.400 төгрөгийг төлж барагдуулсныг шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн. Анхан шатны шүүх *******ы үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдалд нь тохирсон ял шийтгэлийг оногдуулсан тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** дугаар гудамж *** тоотод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******той тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар төмөр сэнжтэй аягаар түүний тогойн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч *******ийн “...өмнө нь нэг гудамжинд байдаг байсан танил ******* гэх залуу ганцаараа манайд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, дээр нь 1 шил 0.75 литрийн “Хараа” нэртэй архи авч ирээд, гэрт бид хоёр байсан ба бид хоёр тухайн архийг хувааж уугаад нэлээн согтоцгоосон. Юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна. Нэг мэдэхэд л ******* миний дээр гарчихсан хуучин Оросын том цагаан шинжтэй төмөр аягаар миний толгой руу цохиж байсан. Ухаан алдаад дараа нь юу болсноо мэдэхгүй байна. ...” /1хх 29-30/,

гэрч *******ийн “...шөнө 00 цаг 37 минутад би гэртээ унтаж байхад 89403010 гэх дугаар залгаад *******ийн найз ******* байна ах чинь хүнд зодуулаад гэмтэл очсон, очоорой гэж хэлээд би ирж сахиж байна. ...” /1хх 32/,

гэрч *******ийн “...21 цагийн үед ажлаасаа буугаад харих замаараа танил *******ийн гэр Ханын материалаар оръё гэж бодоод ажил хийх юм уу гэж асуухаар гэрт нь ороход ******* бас нэг үл таних залуу хоёр, хоёр талын орон дээр хэвтэж байсан ба *******ийг зодуулсан байдалтай нүүр, ам нь хөх няц болчихсон, нэлээн цус гарсан байдалтай байхаар нь гэрээс нь гараад гудамжинд байдаг нийтийн байртай дэлгүүр орж утсаар нь дуудлага мэдээлэл өгсөн ба удалгүй түргэн тусламж, цагдаагийн байгууллагын хүмүүс ирээд зодсон хамт байсан залууг цагдаа нар авч яваад би түргэн тусламжтай *******ийг аваад явсан. Гэмтэл дээр очоод эмчилгээ хийлгээд ******* гэх залууд хэлээд ах, дүү нарт нь хэлээрэй гэж хэлсэн. ...Намайг ороход ******* үл таних залуугийн хамт байсан ******* зодуулсан байдалтай, ам, хамар, толгой, чихнээс нь цус гарсан байдалтай орон дээр хэвтэж байсан. Нөгөө залуу нь унтаж байсан. Би дуудаж сэрээгээд асуух гэсэн боловч юм хэлэхгүй байсан. ...” /1хх 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

Цагдаагийн байгууллагад гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл /1хх 13/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-16, 17-18/,

шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...*******ийн биед тархины зүүн дух, зулай, чамархай, дагз хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн тархмал няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, нүүрэнд цус хуралт, баруун хөлийн тавхайн ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” гэсэн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10578 дугаартай дүгнэлт /1хх 40-42/,

шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн 0.75 литрийн “Хараа” нэртэй архины шил, цагаан өнгийн төмөр аяга дээр хүний цус илэрсэн, бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. 0.75 литрийн “Хараа” нэртэй архины шил болон цагаан өнгийн төмөр аяга дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц байна. ...” гэсэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4213 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 59-62/,

шүүхийн шинжилгээний ерөнхий газрын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн “...Хохирогч *******ийн *******ийн сэтгэцэд 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. *******ийн *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийн өөрчлөлт болон цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь үндсэн оношны эмчилгээ, эдгэрэлт, хувь хүний сэтгэл зүйн онцлог цаашдын сэтгэцийн тусламж үйлчилгээ авах эсэхээс хамаарна. Хохирогч нь цаашид сэтгэл зүйн зөвлөгөө тусламжийн үйлчилгээнд хамрагдах шаардлагатай байна. ...” гэсэн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 294 дугаартай дүгнэлт /1хх 68-70/,

хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг тогтоосон акт “...******* ердийн өвчний жагсаалтын 1-10-3 хз: заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сараар тогтоож шийдвэрлэсэн...” /1хх 171/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу анхан шатны шүүх тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэн гэж үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

Шүүгдэгч ******* “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, түүний өмгөөлөгч Х.Чинбат “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах буюу 1 жил болгон хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Шүүгдэгч *******ы өмгөөлөгч Х.Чинбатаас давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч *******аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511.1 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар нийт 7,144,500 төгрөгийг гаргуулж хохирогч *******т олгохоор шийдвэрлэснийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 7,144,000 төгрөг нөхөн төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт гаргаж өгсөн бөгөөд хохирогч *******оос “...шийтгэх тогтоолд дурдсаны дагуу шүүгдэгч *******ы зүгээс 7,144,500 төгрөгийг төлсөн ба өнөөдрийн байдлаар өөр гарсан зардалгүй, хохирол төлбөр барагдсан, шүүх хуралдаанд миний бие болон өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааныг явуулж өгнө үү. Бид хоёрын зүгээс найз нөхдийн холбоотой, ял шийтгэл хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй” гэх хүсэлтийг ирүүлжээ.

Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял оногдуулсаныг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлсөн, хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан тухайн зүйл, заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил болгон өөрчлөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Чинбат нарын гаргасан давж заалдах гомдлоос “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн хэсгийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч *******ы шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 2024/ШЦТ/566 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 4 (дөрөв) жилийн хугацаатай хорих ял оногдуулсугай…” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 2 (хоёр) жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч *******аас хохирогч *******т 7,144,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 49 /дөчин ес/ хоног цагдан хоригдсоныг  ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                 М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                                 С.БОЛОРТУЯА