| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Амармэнд |
| Хэргийн индекс | 191/2025/01804/И |
| Дугаар | 191/ШШ2025/02335 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 191/ШШ2025/02335
2025 03 20 191/ШШ2025/02335
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .....дүүрэг, ..... хороо, ..... гудамж, ..... байр .....тоот хаягт оршин суух, Э /РД:......../-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э миний бие 1986 оны 09-р сарын 01-ний өдрөөс Улаанбаатар зочид буудалд зочны хаалгачаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн ч Улаанбаатар зочид буудалд ажилласан байсан талаар баримтыг шүүлгэж үзэхэд зөвхөн цалин авч байсан баримт олдож ажилд орсон гарсан тушаал огт гарч ирэхгүй байна. Одоо тэтгэвэрт гарах болсон тул 1986-1988 онуудад ажиллаж байсан жилүүдээ тооцуулах хүсэлтэй байна. Иймд намайг 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар зочид буудалд зочны хаалгачаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хавтаст хэрэгт дараах баримтууд нотлох баримтаар авагджээ. Үүнд:
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70,200 төгрөгийн баримт, үндэсний төв архивын тодорхойлолт, архивын газрын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, 021515 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 0145 дугаар нотариатын гэрчилсэн үйлдэл, 2025.02.19-ний өдрийн тодорхойлолт, 064432 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, урьдчилгаа тавьж олгох хүснэгт, сард олговол зохих цалин, диплом, талархал, фото зураг, баярын бичиг, фото зураг, урилга, мэндчилгээ зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүх хуралдаанаар, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох
баримтууд зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
3. Хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Э нь Улаанбаатар зочид буудалд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зочны хаалгачаар ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлд ажилласан жил тогтоолгох хүсэлтийн хугацааг ташаа бичсэн талаар хуралдаанд тайлбарлаж, 1986 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсныг тогтоолгох шаардлагыг гаргажээ.
5. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасан.
6. Э нь 1982 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс Улаанбаатар зочид буудалд хаалгачаар ажиллаж байгаад 1983 онд цэргийн албанд татагдах болсонтой холбоотойгоор үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн, улмаар 1983-1986 онд цэргийн алба хааж, дүүргэсний дараа Улаанбаатар зочид буудлын хаалгагчаар 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс томилогдон ажилласан болох нь Улаанбаатар зочид буудлын даргын 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаар тушаал бичигдсэн, 1982.06.15-ны өдөр Улаанбаатар зочид буудлаас Э ад олгосон №232490 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбараар тогтоогджээ.
6.1. Э ын хөдөлмөрийн дэвтэрт 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон талаар бичигдсэн байх боловч 1986 оны 09 дүгээр сард цалин хөлс авч байсан нь баримтаар нотлогдсон, Улаанбаатар зочид буудалд зочны хаалгачаар 1986 оны 09 дүгээр сараас 1988 оны 9 дүгээр сард тасралтгүй ажиллаж байсан болох нь 1986 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны Урьдчилгаа тавьж олгох хүснэгт гэсэн Улаанбаатар зочид буудалд ажиллагсдад цалин, хөлс олгосон бүртгэл, 1987 оны 01 дүгээр сараас мөн оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны Цалингийн хүснэгт, 1988 оны 01 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны Цалин, хөлсний хүснэгт зэрэг баримтаар нотлогджээ.
6.2. Улаанбаатар зочид буудлын Хүний нөөц гэсэн дардастай 1986 оны 09 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуусталх хугацааны Цалингийн хүснэгт-эд Намсрайжавын Эрдэнэбат нь сар бүр тогтмол цалин, хөлс авч байсан талаарх бүртгэл тусгагдсан байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
6.3. Нэхэмжлэгч Э ын №232490 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт 1992 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс Э ыг өөрийнх нь хүсэлтээр зочны хаалгачийн ажлаас чөлөөлсөн талаар тусгагдсан байх боловч, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар Улаанбаатар зочид буудалд зочны хаалгачаар 1986 оны 08 дугаар сарын 28-ны өдөр ажилд орсон, 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс оюутан болсонтой холбоотойгоор 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл бодитоор ажилласан, харин үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн хугацааг хөдөлмөрийн дэвтэрт ташаа бичигдсэн талаар тайлбарласан, улмаар цалингийн хүснэгтэд тусгагдсан хугацаа нь түүний ажиллаж байсан гэх хугацаатай нийцэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлага болон хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.
7. Нотлох баримтын хувьд, 1982.06.15-ны өдөр Улаанбаатар зочид буудлаас Э ад олгосон №232490 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1986 оны 109 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны Цалин, хөлс олгож байсан хүснэгт, мөн Э тай Улаанбаатар зочид буудалд хамт ажиллаж байсан гэрч Ү.Эрдэнэ-Оюун, Ц.Янжинлхам нарын тодорхойлолт, түүний Хөдөлмөрийн дэвтрийн бичилт, Э ын диплом, Баярын бичиг, фото зургууд зэргээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тогтоогджээ.
8. Иймд Э ын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримт зэргийг харьцуулан дүгнэж, Улаанбаатар зочид буудалд ажиллаж байсан болох нь нотлогдсон гэж үзэв.
9. Нэхэмжлэгч Э нь Улаанбаатар зочид буудалд 1986 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зочны хаалгачаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь заалтыг баримтлан Э /РД:......../ нь Улаанбаатар зочид буудалд 1986 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд зочны хаалгачаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Э ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД