Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 00046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 Н.Дүүрэнжаргал

              Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Суаа

              Хохирогч                                             Ж.А

                         Шүүгдэгч                                          С.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн С.Уд холбогдох 1832000000036 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * удаагийн ял шийтгэлтэй,

        1. 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №137 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 5 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хуулиар суллагдсан.

         2. 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №181 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан.

        3. 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн №129 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 03 жил 04 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/  Дөрвөнүүд овогт Сандагийн У.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

С.У нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 31 дүгээр байрны №1-04 тоотод Ж.Аийг өөрийг нь зодлоо гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.У мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 22-23-ныг шилжих шөнө Төмөр замын 3-1-4 тоотод гэртээ унтаж байсан. Тэгээд хаалга дуугараад хүн ороод ирэхээр нь хэн бэ гэхэд Дэ, эхнэр, бас нэг танихгүй хүүхэн, А нар орж ирсэн. Тэгээд юу хийж явж байгаа юм бэ гэхэд энд хононо гэсэн тэгээд би хүүхдийн өрөөнөөс гудас аваад том өрөөнд оруулж тавьчихаад буцаад унтах гэтэл Дэ хувцасаа өмсөөд босоод ир гэсэн. Тэгээд би нимгэн хувцас өмсчихөөд хөнжлөөрөө биеэ ороогоод  газар суусан. Тэр хэд нэг шил архи, нэг пивотой ирсэн. Тэрийг нь задалж тойруулж уугаад янз янзын юм яриад суусан. Тэгээд би Атэй маргаад ахын дүү зүгээр бай гэхэд чи бид хоёр яаж ах дүү байдаг юм, чацуу шахуу юм байж гэсэн. Тэгэхээр нь би яахаараа хоёулаа чацуу байдаг юм, би чамаас өчнөөн ах гээд хоёулаа маргалдаад сууж байхад А миний баруун нүд лүү цохисон. Тэгээд би цохиулчихаад тэврээд авах шиг болсон. Тэгэхэд түс түс гээд цохиод байх шиг байсан. Тэгээд нэг хойшилсон чинь Дэ миний урдуур ороод чи зайл, манайхаас зайл гээд байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ би энд чинь тог ус, түрээсийн мөнгийг нь би төлж байна. Та нар өөрсдөө зайл гэхэд Дэ  намайг тонил, зайл, тэр чигээрээ зайл гээд хөөгөөд байсан. Тэгэхээр нь би ядаж өөрийнхөө хувцас хунараа аваад явъя гэхэд чиний юм гэж юу байдаг юм, гар зайл гээд намайг түрж гаргаад хаалгаа хаасан. Тэгээд гадаа гараад явж байгаад төмөр замын тэнд хэсэг сууж байгаад ингэж хөөгдөн барин айлд байж яадаг юм, эхнэрээ иртэл явъя гэж бодсон. Тухайн үед манай эхнэр 1 сарын хугацаатай Улаанбаатарт хичээлтэй байсан. Би өөрөө хөрөө рам дээр ажилладаг байсан болохоор хүүхдээ айлд үлдээсэн ерөнхийдөө ганцаараа байж байсан. Тэгээд буцаж гэртээ очиж өөрийнхөө хувцас хунараа аваад эхнэрээ иртэл дүүгийндээ байж байя гээд  очтол гэрийн хаалга онгойлгож өгөхгүй байсан. Тэгэхээр нь ручикнээс нь барьж байгаад угзарсан чинь ручик нь хугарчихсан. Тэгээд халаасандаа гараа хийтэл гэрийн түлхүүр байсан. Тэгээд түлхүүрээрээ хаалгаа онгойлгоод жижиг өрөөнд байдаг хувцасны шүүгээнээс хувцасаа авахаар ортол А нэг хүүхэнтэй хүүхдийн маань орон дээр нүцгэн хэвтэж байсан. Тэгээд А зайлаач гэхэд нь би өөдөөс нь очоод нүүр лүү нь хоёр удаа цохисон. Тэгээд би гараад явсан. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.А мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажлын шугамаар Зүүнхараад ирээд ажлын цаг тарсаны дараа 19 цагийн үед хуучин хамт ажиллаж байсан найзууд болох Дэ, Су, Уя, Га, Мө, Ня, Эн нарын хамтаар Старс караокед орж 2 цаг дуулсан. Тэндээс гараад Га, Мө, Ня, Эн нар гэрлүүгээ явсан. Тэгээд Дэ, Су, Уя бид дөрөв JN ресторанд хоол идэхээр орж, дээшээ бааранд нь орж бүжиглэсэн. Тэгээд тэнд Зүүнхараад ажилтай Алтантулгатай бас таарсан. Тэгээд бид тавуулаа нэг шил 0,75 граммын архи уучихаад дахиад нэг 0,75 граммын архиа ууж бараагүй учир тэндээ үлдээж гарсан. Су бид хоёр өглөө 7 цагт воганаар зам шалгаж явах байсан болохоор амрахаар явсан. Тэгээд бид нар албаны амрах байрны хажууд Дэгийн ээж байж байсан эгчийх нь байранд орж амрахаар болсон. Бааранд байхад  Дэ нилээн уурласан ирсэн. Яасан гэхэд манай эгчийн найз залуу өөр хүнтэй явж байхаар нь уур хүрээд гэсэн тиймэрхүү юм яриад байсан. Тэр үедээ ч анзаараагүй. Тэгээд баарнаас гараад дэлгүүр орчихоод Дэгийн эгчийх нь байранд очоод түлхүүрээр онгойлгоод ортол У унтаж байсан. Дэ Уг босгож цуг суучих гэсэн. Тэгээд сууж байхад Дэ, У хоёр бааранд байсан хүүхнээс болж маргалдаад байсан. Тэгээд У юм яриулахгүй сөргөлдөөд байсан. Тэгээд намайг бас ахын дүү зүгээр байгаараа гэхээр нь чи бид хоёр ах дүү барилцсан билүү гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би Угийн нүүр лүү цохисон, У ч миний нүүр лүү цохисон. Тэгтэл Дэ, Су хоёр бид хоёрыг салгаад намайг цаад жижиг өрөөнд оруулаад хаалгын хаагаад гаргаагүй. Тэгээд Уг гаргачихлаа гээд намайг наад буйдан дээрээ унтчих гээд ор засаж өгсөн. Би Уятай хамт тэнд унтсан. Шөнө дээр нэг хүн байх шиг болоод манараад явчихсан. Яг юу болсныг мэдээгүй. Өглөө сэрэхэд нүд ерөөсөө нээгддэггүй. Найзууд сандраад утсаа шүүрч аваад камераа асаагаад үзэхэд хоёр нүд хавдаж, хамар амнаас баахан цус гарч ор дэрийг бохирдуулсан тийм байдалтай сэрсэн гэв.

Хохирогч Ж.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны шилжих шөнө намайг унтаж байхад шөнийн 01 цагийн орчим хэн нэгэн намайг цохиж, би цохиулсандаа болоод манараад ухаан балартсан тэр чигтээ унтаад өглөө сэрэхэд миний нүд нээгдэхгүй байсан ба толинд арай гэж харсан чинь миний нүүр битүү хавдчихсан байсан. Би яагаад ийм болчихвоо гэж найз Дэгээс асуухад мэдэхгүй байсан. Тэгээд эмнэлэг явж үзүүлсэн. Намайг Дэгийн төрсөн эгч Туулын нөхөр зодсон гэж дараа нь хэлсэн. Энэ асуудал Дэгийн ээжийн гэрт болсон гэх мэдүүлэг /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/

Гэрч Б.Су мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Бид дөрөв том савтай пиво 1 ширхэг, 750 грамын архи 1 шилийг аваад Дэлгэрбаяр эгчийнх рүү явсан. Тэгээд түлхүүрээр нь хаалгыг нь онгойлгож ороход бааранд тааралдсан У гэр дотороо байж байсан. Уя согтоод байхаар нь хойд талын өрөө  рүү нь оруулж унтуулсан. Тэгээд А, Дэ, У бид 4, авч очсон архийг уух гээд сууж байх үед А, У хоёр хоорондоо "чи ах, би ах” гээд хоорондоо маргалдаад яах ийхийн зуургүй барилцаж аваад цохилцоод эхлэхээр нь Дэ бид хоёр салгахад Аий 2 нүднийх нь голд хавдчихсан, Угийн баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Би Аийг жижиг өрөө рүү оруулж хаалгыг нь хаагаад гаргаагүй, хаалгыг нь дарчихсан. Харин Уг манай нөхөр Дэ хориглоод байсан. У нь наад залуу чинь намайг яахаараа цохидог юм бэ алнадаа гэх мэт үг хэлээд дайраад байсан. Манай нөхөр Дэ түүнийг гаргаж явуулсан. Үүний дараа би хаалгыг нь дотроос нь түгжээд унтаж амарсан. Нөхөр бид хоёр том өрөөнд унтсан байсан бөгөөд өглөө 07 цагийн үед утасны сэрүүлэг дуугарахаар нь нөхөр бид хоёр сэрээд, манай нөхөр Аийг сэрээхээр юу вэ, яачихсан юм бэ, наад нүүр ам чинь гэж Аөөс чангаар асуухаар нь очиж харахад Аий нүүр нь аймар битүү хавдчихсан, орны толгой нь цус болчихсон, хамар амны нь орчимд бага зэргийн цус наалдаад хатчихсан байсан. А өөрөө миний нүүр яагаад ийм болчихсон юм бэ, цагдаа дуудаарай гэж хэлсэн. Би гайхаад Уг орж ирээд Аийг зодчихсон юм болов уу гэж таамаглаад хаалгыг очиж үзэхэд түгжээ нь эвдэрчихсэн байсан. Хаалгыг гаднаас хөшиж орж ирсэн бололтой байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/

Гэрч Т.Дэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Тэгээд эгчийнд ороход У халамцуу байдалтай байж байсан. Тэгээд А, У бид нар авч очсон архийг уугаад сууж байхад А, У хоёр хоорондоо чи ах, би ах, гээд маргаад яах ийхийн зуургүй барилцаж аваад мөргөлцсөн үү, эсвэл цохилцсон уу эхнэр бид хоёр салгаад авахад Угийн баруун нүд нь хөхрөөд хавдчихсан байсан. Аийг жижиг өрөө рүү оруулж хаалгыг нь хаагаад гаргаагүй. Харин би Уг гэрээс нь гаргаад хаалгыг дотроос нь түгжсэн. У гарахдаа наад залуу чинь яахаараа намайг цохидог юм бэ, шөнө орж ирээд ална даа гэж занаж байгаад гараад явсан. Ингээд би эхнэрийнхээ хамт том өрөөнд унтаж амарсан. Бид нарын аль аль нь шөнө нам унтсан байна лээ. Өглөө 7 цагийн үед сэрүүлэгний дуунаар сэрээд би Аийг сэрээхээр жижиг өрөө рүү орж Аийг дуудахад нүүр, нүд нь битүү хавдчихсан, орны гудас нь цус болчихсон байсан. Би дотроо Угээс өөр хэн орж ирээд түүнийг ийм болгохов гэж бодоод хаалгыг нь харахад онгорхой, очоод үзсэн чинь гадна талаас нь хөшөөд онгойлгосон байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/

Гэрч Б.Уя мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Старс караокены газарт 19 цагийн үед орж 2 цаг орчим хугацаанд дуулж , энэ үедээ 750 граммын 4-5 шил архи, пиво зэргийг хувааж ууцгаасан. Тэгээд тухайн газраас гараад Ня, Мө, Га нар явцгаасан бөгөөд                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дэ ах болон түүний эхнэр Су, А бид 4 "Жи-Эн” баарны хажуугийн хоолны газарт орж хоол идэцгээсэн. Тэгээд дараа нь 22 цагийн үед бид 4 “Жи-эн" баар луу орж 750 граммын 2 шил архийг хувааж уунгаа бүжиглэж байгаад баар хаах үед буюу 00 цагийн үед тухайн газраас гарсан. Би баарнаас гараад салхинд цохиулаад согтоод цаашид юу болсныг мэдэхгүй байна. Харин өнөөдөр өглөө Дэ ах, Су эгч хоёр "энэ Аий нүүр, нүд нь яачихсан юм бэ, аймар болчихсон байна ш дээ” гэж уулга алдах үеэр буюу 07 цагийн үед сэрэхэд Аий 2 нүд нь битүү хавдчихсан, нүүр ам, буйдан орны дэвсгэр, дэр зэрэг нь нил цус болчихсон байсан. Би ийм л зүйлийг мэдэж байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/

2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн №386 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд: ...

1. Ж.Аий биед баруун нүдний ухархайн дотор хананы самалдагын хөндий рүү цөмөрсөн хугарал, 2 нүдний алимны доргилт, баруун зүүн нүдний зовхи хавиар зүүн чихний ар хэсгийн цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи хамар хацар, дух хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг буюу олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/

         Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /ХХ-ийн 18-р хуудас/

         Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 33 дугаар хуудас/, Шүүгдэгч С.Угийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /32 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбарууд /38-43 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч С.У нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 31 дүгээр байрны №1-04 тоотод Ж.Аийг өөрийг нь зодлоо гэх шалтгааны улмаас зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ж.Аий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 6-8 дугаар хуудас/, Гэрч Б.Суын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 11-12 дугаар хуудас/, Гэрч Т.Дэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 13-14 дүгээр хуудас/, Гэрч Б.Уянгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-р хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн №386 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Толгойн тодосгогч бодисгүй компьютерт томографийн шинжилгээ /ХХ-ийн 18-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч С.Уг хохирогч Ж.Аий биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч С.У нь 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 23-ны шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг 31 дүгээр байрны №1-04 тоотод Ж.Аийг өөрийг нь зодлоо гэх шалтгааны улмаас зодож, Ж.Аий биед баруун нүдний ухархайн дотор хананы самалдагын хөндий рүү цөмөрсөн хугарал, 2 нүдний алимны доргилт, баруун зүүн нүдний зовхи хавиар зүүн чихний ар хэсгийн цус хуралт, хүзүүнд зулгаралт, баруун, зүүн нүдний зовхи хамар хацар, дух хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч С.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дөрвөнүүд овогт Сандагын Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан С.Уг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. С.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарах болон гарсан зардал, хор уршгийг арилгуулахаар тухай бүрт нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.