| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2021/04766/И |
| Дугаар | 210/МА2022/00110 |
| Огноо | 2022-01-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 210/МА2022/00110
М.Б-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/03613 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.М-ад холбогдох, М Т З ХХК-ийн 245 ширхэг хувьцааг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтаншагай, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.а. Нэхэмжлэлийн шаардлага: М Т З ХХК-ийн 245 ширхэг хувьцааг буцаан гаргуулах.
1.б. Нэхэмжлэлийн үндэслэл: М.Б-э нь Б.Ундрахбаяртай тохиролцож барилгын ажилд хамтран ажиллах, хөрөнгө оруулалт авах нөхцөлтэйгөөр өөрийн 100 хувь эзэмшдэг М Т З ХХК-ийн 49 хувь болох 245 ширхэг хувьцааг 60,000,000 төгрөгөөр үнэлэн түүний дүү Э.М-ад 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр тус тус шилжүүлсэн. Гэрээ байгуулж, хувьцааг Э.М-ад шилжүүлснээс хойш хамтран ажиллахаар тохиролцсон Сайншанд-Баруун урт чиглэлийн төмөр замын барилгын ажилд Б.Ундрахбаяр хамтран ажиллахгүй гэсэн ба Э.М- нь гэрээнд заасан хувьцааны үнийг огт төлөөгүй.
2.а. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.
2.б. Хариуцагчийн татгалзлын үндэслэл: 2020 оны 08 дугаар сард М Т З ХХК-ийн захирал М.Б-этэй танилцаж, түүний компанид ажил олж өгөх, хариуд нь тус компанийн хувьцаа эзэмшигч болохоор тохиролцсон. Тухайн үед танил Б.Ундрахбаяртай М.Б-ийг танилцуулж түүний хамаарал бүхий “Тэргүүн чансаа” ХХК-ийн хэрэгжүүлж буй 960 хүүхдийн сургуулийн барилгын гадна зам талбайн тохижилтын 251,862,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдсан нэгдсэн эмнэлгийн барилгын гадна зам талбайн тохижилтын 247,090,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил, “Эм Эс Пи Ди” ХХК-ийн хэрэгжүүлж буй Вайт Хилл (White Hill) төслийн гадна зам талбайн тохижилтын 160,015,000 төгрөгийн үнийн дүнтэй ажил зэргийг олж өгсөн бөгөөд үүний хариуд М Т З ХХК-ийн 245 ширхэг 49 хувийн хувьцааг эзэмшихээр тохиролцож хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулан 49 хувийн хувьцааг хууль ёсоор эзэмших болсон. М Т З ХХК нь гэрээт ажлаа чанаргүй, дутуу гүйцэтгэсэн, гэрээний үүргээ биелүүлээгүй тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн талаар сүүлд мэдсэн. Хариуцагчаас өгсөн гэрээт ажлуудтай холбоотой шүүхэд маргаан үүсээд байгаа учраас М.Б-э нь хариуцагчид холбогдуулан хувьцаа буцаан авах талаар нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Ямар ч үндэслэлгүйгээр М Т З ХХК-ийн 49 хувийн хувьцааг эзэмших боломжгүй бөгөөд тухайн үед ярьж тохиролцсон аман гэрээний үндсэн дээр 49 хувийн хувьцааг хуулийн дагуу эзэмшсэн.
4.а. Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Хариуцагч Э.М- нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр М Т З ХХК-ийн захирал М.Б-этэй хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулах болсон үндэслэл нь миний бие М Т З ХХК-д өндөр үнийн дүнтэй ажлын гэрээ олж өгөх түүний хариуд тус компанийн 49 хувийн энгийн хувьцааг эзэмшихээр тохиролцсон. Ийнхүү тохиролцсоны дагуу “Тэргүүн чансаа” ХХК-ийн захирал Б.Ундрахбаяртай М.Б-ийг зуучилж нийт 658,967,000 төгрөгийн үнийн дүн бүхий гурван гэрээт ажил олж өгснөөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргээ миний бие бүрэн биелүүлсэн. М.Б-этэй байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд хувьцааг 60,000,000 төгрөгөөр үнэлсэн боловч төлбөрийг мөнгөн хэлбэрээр төлөх биш ажил үйлчилгээ олж өгснөөр төлбөр төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй.
4.б. Анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
ХЯНАВАЛ:
а. М Т З ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч М.Б-э нь 49 хувь буюу 245 ширхэг хувьцааг нийт 60,000,000 төгрөгөөр Э.М-ад худалдах, улмаар компанийн хувьцаа эзэмшигчийн шинэчилсэн бүртгэлийг хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр талууд харилцан тохиролцсон үйл баримт;
б. Дээрх тохиролцооны дагуу талууд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр М Т З ХХК-ийн шинэчилсэн дүрэмд Э.М- нь компанийн 49 хувийн буюу 245 ширхэг хувьцааны эзэмшигч болох тухай өөрчлөлтийг оруулж, улсын бүртгэлийн гэрчилгээнд холбогдох тэмдэглэгээг хийлгэсэн үйл баримт тус тус тогтоогдож байна.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.
Хариуцагч Э.М- нь өөрийн татгалзлыг баримтаар нотолж чадаагүй буюу талууд хувьцааны үнийг гэрээт ажил олж өгөх замаар төлөхөөр харилцан тохиролцсон гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, улмаар гэрээний үнэ 60,000,000 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар худалдагч М.Б-э нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн өгсөн 245 ширхэг хувьцааг худалдан авагч Э.М-аас буцаан шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэгч талын шаардах эрхийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэх бөгөөд “...шүүх хэрэглэх ёсгүй хууль хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар М Т З ХХК-ийн 245 ширхэг хувьцааг нэхэмжлэгч М.Б-ийн нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Э.М-ад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхдэлгэрэхийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.НЯМБАЗАР