Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00061

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   П.Нямсүрэн

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

                         Шүүгдэгч                                         Ө.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Ө.Сд холбогдох 1832000000043 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр Төв аймгийн Зуун мод суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, * оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Өлзийбаярын С.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Ө.С нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 3 дугаар байрны №10 тоотод 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 07 цагийн үед Д.Чг хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.С мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 08 цагийн үед Чгийн гэрээс өөрийн төрсөн дүү болох Батзоригын юмыг авахаар дүү Мө, хүргэн Нарантулга нарыг дагуулан очсон. Тэгээд би Чд “чи нэрээ арай ч дээ хоёр баз хоорондоо унтлаа, өөр хүн олдоогүй юм уу” гээд уурласан чинь Ч миний өөдөөс хэрэлдээд манай дүүгийн өгсөн юмыг авах гэтэл тэр зүйлийг надад өгөхгүй гээд надтай зууралдаж харилцан зодолдсон. Миний буруу. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Д.Ч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр орой гурван хүүхдээ аваад А.Гантулга ахынд очиж хонохоор яваад тэднийд очоод хоол идээд унтаж амрах гээд байж байтал шөнийн 00 цагийн үед Баттулга шал согтуу орж ирээд миний унтаж байсан газрын ойролцоо унтсан юм. Тэгээд удаагүй байж байтал Ө.С гаднаас бас согтуу орж ирсэн юм. Тэгээд Ө.С нь гаднаас орж ирсэнээ намайг нөхөр Баттулгатай хардаад зодоод нөхөртэйгөө хэрэлдээд тэгтэл айлын эзэн болох А.Гантулга ах, Ө.С, Баттулга хоёрыг дагуулаад гарч явсны дараа удалгүй А.Гантулга, Баттулга хоёр орж ирээд би зөрөөд гурван хүүхдээ хувцаслаад тэр айлын эгч Сарааг хүүхдийх нь хамт дагуулаад түрээсэлдэг байрандаа ирсэн юм. Тэгээд унтаж байтал өглөө 07 цагиин үед хаалга тогшоод эмэгтэй хүн дуугараад байхаар нь онгойлгож өгтөл Ө.С, Ө.Мө, Нарантулга гурав орж ирсэн. С манай гэрт гаднаас орж ирэхдээ 1 метр орчим урттай бүдүүн хар хаймар барьж орж ирээд миний зүүн гар мөр орчим нэлээн хэдэн удаа ороолгож зодсон юм. Миний толгой, зүүн мөр гарын хэсэг мөн баруун гарын хэсэг рүү ороолгож зодсон юм. Би Мө зодсон гэж шаралхсандаа хэлсэн юм. Ер нь Мө нь намайг баахан харааж зүхэж байгаад миний цүнх, Notebookыг эвдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 30-33-р хуудас/

Гэрч В.Нарантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 08 цагийн орчим манай хадам эгч С, манай эхнэр Мө бид гурав Чгийн гэрт нь орж хадам дүү болох Чгийн нөхөр Батзоригын 2 хүүхдийг авах гэж ороод манай хадам эгч С Чд хандан чи миний дүүтэй суучихаад манай нөхөртэй яваад байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн чинь Ч бас өөдөөс нь хэрэлдээд байсан. Нарантуяа Чг хоёр удаа гараараа цохисон юм. Тэгтэл Ч өөдөөс нь өшиглөөд харилцан зодолдоод байсан гэх мэдүүлэг /ХХ-н 33-33-р хуудас/

       2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №55 дугаартай Шинжээчийн дүгнэлт: ...

       1. Д.Чгийн биед зүүн гарын бугалга, шуу, цээж, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 15-р хуудас/

         Гэрч Ө.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тус өдрийн өглөө 07 цагийн үед манай эгч Ө.С, манай нөхөр Нарантулга бид гурав Чгийн гэрт очиход Ч гурван хүүхдийнхээ хамт босчихсон байсан юм. Тэгээд бид орон дээр нь суугаад Чд чи одоо ямар бузартай юм хийгээд яваад байгаа юм бэ ичихгүй байна уу юу дутлаа гэж ингэж яваад байгаан гэж хэлсэн. Тэгтэл манай эгч С Чд чи одоо юу хийсэнээ хэлж чадахгүй ичгэвтэр шүү дээ чи юу гэж хэлэхийн, ичихгүй бол гурван хүүхэд чинь хэлнэ дээ гэхэд Ч манай эгчийн өөдөөс та одоо юу гээд байгаан тэр чинь угаасаа ноднингийн 8 сараас хойш над руу мессеж бичээд хайртай дуртай гээд байсан шүү дээ гэж хэлсэн. Тэгээд манай эгч С Чгийн зүүн гарын булчин руу гараараа нэг удаа цохисон юм. Тэгтэл Ч та одоо яагаад байгаан гэж хэлээд эгч Сг үсдээд авсан. Тэгээд манай эгч С, Ч хоёр зодолдоод нэг нэгэн рүүгээ цүнх сав шидэлцсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-30-р хуудас/

           Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 45 дугаар хуудас/, шүүгдэгч Ө.Сгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.С нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 3 дугаар байрны №10 тоотод 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 07 цагийн үед Д.Чг хувийн таарамжгүй харилцааны улмаас марган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

  Хохирогч Д.Чгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 30-33-р хуудас/, Гэрч В.Нарантулгын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-н 33-33-р хуудас/,  2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн №55 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 15-р хуудас/, Гэрч Ө.Мөгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 28-30-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Ө.Сг хохирогч Д.Чгийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Ө.С нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн 3 дугаар байрны №10 тоотод 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 07 цагийн үед Д.Чтай маргалдан улмаар Д.Чгийн биед зүүн гарын бугалга, шуу, цээж, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зүүн гарын алганы ар хэсэгт зулгаралт, хуйханд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Өлзийбаярын Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Сг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Ө.Сг торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Ө.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ.