Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/789

 

                                           Г.*******т холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

шүүгдэгч Г.*******,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/604 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлоор Г.*******т холбогдох 2308032202214 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

овгийн гийн *******, 1977 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *** ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байр, *** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/,

Шүүгдэгч Г.******* нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дуудлагын цагдаагийн албан тушаалд ажиллаж байхдаа 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр *******оос “эрэн сурвалжилсан болон замын зардлын мөнгийг төлөх шаардлагатай” гэж хуурч, төөрөгдөлд оруулж банкны …тоот өөрийн дансаар 450,000 төгрөгийг шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.*******ыг албан тушаалын байдлаа ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Г.*******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 1 (нэг) жил, 6 (зургаа) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогч ******* давж заалдах гомдолдоо “...******* миний бие Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч дэслэгч Г.*******, а/д ******* нарт байцаагдаж байхдаа хохирлын мөнгө болох 36.300.000 төгрөгийн яаралтай барагдуул гэхэд 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тус цагдаагийн хэлтсийн 7 номерын өрөөнд хохирлоо барагдуулах гэхэд Г.******* нь надад “Би төрийн албан хаагч, миний данс руу чи мөнгө шилжүүлж болохгүй. Тийм болохоор манай эхнэрийн данс руу шилжүүл” гэхээр нь өөрийн нэрийн данс болох ******* гэх данснаас Г.*******ын эхнэрийн данс руу 12.300.000 төгрөг шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 24.000.000 төгрөгийн дүнг бэлнээр барагдуулж Г.*******, ******* нарт өгсөн. ******* би хохирогч нартай холбоо барьж хохирлоо төлсөн гэдгээ хэлэх гэхэд “Чи хэлэхгүй, хэлж холбоо барих юм бол хохирогч нарт нөлөөлсөн гэж үзэж цагдан хорино” гээд яриулаагүй. Мөнгө өгсөн болон хүлээн авсан үйл явдал ийм байдаг. Тус хохирлын мөнгө төлөгдөөгүйн улмаас ******* би хохирол төлбөртэй гэж үзэгдэж, эрх зүйн байдал маань дордож, хорих ялаар шийтгүүлсэн. Тус хохирлын мөнгийг ******* би дахин төлөх чадваргүй болохоор Г.*******аас нэхэмжлэхэд надтай болон ар гэртэй холбоо барьдаггүй болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйлчлэлээр Г.******* нь залилан мэхлэх буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйлчлэлээр буруутгагдаж шалгагдсан байдаг. Г.******* нь шалгагдаж байх хугацаанд өөрийнхөө буруутай үйлдлийг үгүйсгэж, хохирол мөнгө буцаан олгох болон хийсэн хэрэгтээ гэмшсэн байдал огт байдаггүй. Г.******* нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруугаа хүлээж, хохирлоо төлөхөө илэрхийлж 5.000.000 төгрөг шилжүүлсэн гэж үзэж 10.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэгдсэн. Г.******* нь хуулийн байгууллагад олон жил ажиллаж байж өөрийн эрх, үүрэг, албан тушаалаа ашиглан хүний эрх болон нөхцөл байдлыг хүндрүүлж төрийн албан хаагчид байж болохгүй үйлдэл гаргаж байцаалтын шат болон шүүхийн шатанд хүнлэг чанар гаргаж уучлалт гуйхгүй байгаад их гомдолтой байна. ******* би шүүх хуралдаанд үзүүлэх нотлох баримт сиди бичлэгийг Г.*******ын хамаарал бүхий тус цагдаагийн хэлтсийн Батбаяр болон удаа дараа санаатайгаар саатуулж байсан *******т зодуулж алдан байдаг. Энэ талаар холбогдох албан байгууллагад хандсан боловч Г.*******т холбогдох хэрэг гэж авч үзэж миний гаргасан гомдлыг авч хэлэлцэхгүй байгаа. Иймд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байгаа болно. ...” гэжээ.

Шүүгдэгч Г.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч ор үндэсгүй намайг гүтгэж байна. Би 36,300,000 төгрөг огт аваагүй тул гомдолтой байна. Мөн манай эхнэрийн данс руу мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй. ...” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэгт анх авагдсан хохирогчийн гомдол болон анхнаасаа өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь 450,000 төгрөгийг хохирогчийг эрэн сурвалжлахад зарцуулсан мөнгө тул эргүүлж өг гэж байн, байн шаардаад байсан би өгөх ёстой юм байна гэж бодоод өгчихсөн гэдэг. Хохирлын мөнгийг авсан гэж байгаа нь үндэслэлгүй. Учир нь Г.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлдэг мөрдөгч биш, зөвхөн тухайн хүнийг эрж хайх, олж авчрах зэрэг эрэн сурвалжлах ажлыг хийж гүйцэтгэдэг. Хохирлын мөнгөтэй ямар ч холбоотой байх боломжгүй. Тийм учраас хохирогчоос гаргасан гомдол үндэслэлгүй. Мэдээж шалгуулах нь хохирогчийн эрхийн асуудал боловч энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Хамааралтай гэж үзвэл залилах гэмт хэргээр зүйлчлэх боломжгүй, завшсан төрлийн хэрэг болж хувираад байх тул энэ асуудлаа тусад нь шалгуулах нь зүйтэй. Хэрэв ийм зүйл байсан бол анхнаасаа ярьж мэдүүлэх байсан. Энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Харин 450,000 төгрөгийн асуудал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад, шүүгдэгч Г.******* нь Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дуудлагын цагдаагийн албан тушаалд ажиллаж байхдаа 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр *******оос “эрэн сурвалжилсан болон замын зардлын мөнгийг төлөх шаардлагатай” гэж хуурч, төөрөгдөлд оруулж Хаан банкны ******* тоот өөрийн дансаар 450,000 төгрөгийг шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч *******ийн: “...Орхон аймагт тээврийн хэрэгсэлтэй явж байхад аймгийн Замын цагдаагийн газраас 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр зогсоож, саатуулсан. Ингээд мөрдөгч ******* 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр цагдаа Г.*******ын хамт Улаанбаатар хотоос ирж намайг хотод авчирсан. Тухайн үед бид гурав Орхон аймгаас Улаанбаатар хүртэл галт тэргээр явсан. Мөрдөгч *******, цагдаа Г.******* нар өөрсдийнхөө, би өөрийнхөө зардлыг гаргаж Улаанбаатар хотод ирсэн. ...намайг Орхон аймгаас очиж авчирсан цагдаа Г.*******тай 2-3 удаа таарсан. Г.******* нь “чамайг очиж авчирсан замын зардлын мөнгө, төгрөгөө өгөхгүй юм уу” гэж таарах болгондоо мөнгө нэхээд байсан. Тэгээд 2023 оны 03 дугаар сарын 08-ны өдөр над руу ******* дугаарын дансаа мессежээр явуулсан. Тэрнээс хойш таараад дахиад замын зардлын мөнгөө өгөхгүй юм уу гээд нэхээд байсан. ...Тэгэхээр нь би замын зардлын мөнгийг өгөх ёстой юм байна гэж ойлгоод 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 450,000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед замын зардлын мөнгийг би гаргах ёстой юм байна гэж ойлгож байсан. Сүүлд манай өмгөөлөгч цагдаа замын зардлын мөнгө авах ёсгүй гэж хэлсэн. ...Намайг залилж авсан 450,000 төгрөгийг цагдаа Г.*******аас нэхэмжилж байна...” /1хх 95-96/,

гэрч *******ий: “...******* гэгчийг 2023 оны 1 дүгээр сард цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах санд зарласан. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 08-ны 23 цагийн үед ажлаа хийж байхад аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн цагдаа ******* *******ийг олсон талаар утсаар мэдэгдсэн. ...Маргааш нь өглөө цагдаагийн ахлагч *******ын хамт нийтийн тээврээр явсан. Өмнөх өдөр нь би хөдөө орон нутагт ажиллах төлөвлөгөө боловсруулсан байсан. Орхон аймагт очиход Мөнх-Эрдэнэ бид хоёрыг тосож аваад цагдаагийн газар дээр аваачиж *******ийг хүлээлгэж өгсөн. Бид хоёр *******ийг авчхаад вагоны билетээ аваад 20 цагийн үед Орхон аймгаас хөдлөөд маргааш өглөө нь Улаанбаатар хотод ирсэн. ...Миний санаж байгаагаар *******ид холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлэх үед буюу прокурорын шатанд оргон зайлсан. Тэгэхээр нь би ******* ахлагчид ******* дахиад алга болсон талаар дуулгасан. Тэрнээс та *******ийг олоод өгчих гэж хэлж байгаагүй. Миний бие *******оос мөнгө авсан асуудал байхгүй. Би тухайн мөнгөнөөс аваагүй...” /1хх 104-105, 107-108/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан “...цагдаагийн ахлах ахлагч *******т гомдол гаргаж байна. Уг албан хаагчийн буруутай үйлдлээс би таслан сэргийлэх арга хэмжээ авхуулж эрх зүйн байдал болон эрүүл мэндээр ноцтой хохирч байна...” гэх өргөдөл /1хх 3/, 

эд зүйлд үзлэг хийсэн “*******ийн ...банк дахь ******* дугаартай дансны хуулганд үзлэг хийхэд түүний дээрх данснаас 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Г.*******ын ...банк дахь ******* дугаартай дансанд “Эрдэнэт ******* 94576734” гүйлгээний утгатай 450,000 төгрөг шилжүүлсэн байна” гэх тэмдэглэл /86-89/,

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын “...мөрдөгч, цагдаагийн дэслэгч *******, цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Г.******* нар цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах “Асап” сангийн ...дугаартай гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээдээр эрэн сурвалжлагдаж байсан *******ийг Орхон аймгаас Улаанбаатар хотод хүргэх томилолтын зардал аваагүй, нэхэмжлэх баримт бүрдүүлж өгөөгүй болно” гэх албан бичиг /1хх 160/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-4/,

прокурорын 2023.06.13-ны өдрийн “Мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” тогтоолын хуулбар /1хх 12-13/,

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/238 дугаар “Цагдаагийн ахлах ахлагч Г.*******ыг ажлаас чөлөөлж, томилох тухай” гэх тушаал /1хх 148/,

Г.*******ын ажил байдлын тодорхойлолт /1хх 163-164/,

албан тушаалын тодорхойлолт /1хх 165-168/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.*******ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигчийн эд хөрөнгийг авсан буюу залилах гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус заажээ.

Шүүх, шүүгдэгч Г.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал, хохирол нөхөн төлөгдсөн зэргийг харгалзан үзэж, тухайн зүйл, хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүйгээс гадна, Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгод оногдуулсан ялын хэмжээ нийцсэн, гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хохирогч ******* “...*** хэлтсийн мөрдөн байцагч *** *******, мөн ахлах дэслэгч ******* нарт байцаагдаж байхдаа хохирлын мөнгө болох 36,300,000 төгрөгийг яаралтай барагдуул гээд өөрийн данснаас *******ын эхнэрийн данс руу 12,300,000 төгрөг шилжүүлсэн. Үлдэгдэл 24,000,000 төгрөгийг бэлнээр барагдуулж ******* болон ******* нарт өгсөн. ...тус хохирлын мөнгө төлөгдөөгүйн улмаас би хохирол төлбөртэй гэж эрх зүйн байдал дордож хорих ялаар шийтгүүлсэн. ...хохирлын мөнгийг *******аас нэхэмжлэхэд надтай болон ар гэртээ холбоо барьдаггүй. ...шүүх хуралд үзүүлэх нотлох баримт СД бичлэгийг *******ын хамаарал бүхий тус цагдаагийн хэлтсийн Батбаяр болон удаа дараа санаатайгаар саатуулж байсан. *******т зодуулан алдсан байдаг. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч *******ийн гомдолд дурдсан шүүгдэгч Г.*******, гэрч ******* нарт хохирлын мөнгө болох 36,300,000 төгрөг өгсөн, шүүх хуралд үзүүлэх нотлох баримтыг цагдаа нарт зодуулж алдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.*******т холбогдох эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Иймд, хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Харин хохирогч ******* нь “...хохирлын 36,300,000 төгрөгийг мөрдөгч нарт өгсөн..., шүүх хуралд үзүүлэх нотлох баримт сиди бичлэгийг *******ын хамаарал бүхий тус цагдаагийн хэлтсийн Батбаяр болон удаа дараа санаатайгаар саатуулж байсан *******т зодуулж алдсан...” гэх гомдлоо зохих байгууллагад нь гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/604 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч *******ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА