2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/03057

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 04 10 191/ШШ2025/03057

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... хаягт оршин суух, С  /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ......... тоот хаягт байрлах, Ц /РД:......./-д холбогдох,

 

Орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 78,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б , хариуцагч П , хариуцагчийн өмгөөлөгч Э , гэрч Н , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П тай С танил бөгөөд , түүний гэр бүлийн хүн Маралмаа 1 жил гаруй хугацаанд 3 хүүхдийг нь гэрт нь харж өгч байсан сайн танилууд болно.Энэ хугацаанд П өөрийн танилаараа дамжуулан мкв -ийн үнэ хямд боловч хэрэгцээ шаардлага хангасан Баянгол дүүрэг 24 дүгээр хороонд байрлалтай Коёо таун хотхонд орон сууц захиалга өгөх боломжтой байна гэсэн. С ын гэр бүлийн тухайд төвийн бүсэд орон сууцны хэрэгцээтэй, тав тухтай амьдрах шаардлага байсан бөгөөд Баянгол дүүргийн Коёо таун шиг барилга барьж буй барилгын компаниудтай тухайн үедээ зохих урьдчилгааг төлөн Орон сууц захиалгын гэрээ байгуулах шалгуурыг хангаж чадахгүй байсан учраас П д өөрсдийн боломжоороо хэлсэн мөнгийг өөрийн ХААН банкны харилцах дансаар шилжүүлэн өгсөн. Үүнд: 2021 оны 06 дугаар сарын 21 ны өдөр 18,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг,11,000,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 30 ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 11,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ээжийн данснаас 12,000,000 төгрөг, нийт 78,000,000 төгрөгийг iphone 12 pro max zahialga утгаар шилжүүлсэн. Учир нь П төрийн өмчит сургуульд ажилтай тул орон сууцны захиалга гэж шилжүүлэх боломжгүй гэсэн.

 

Гэтэл П нь С ын шилжүүлсэн мөнгийг орон сууцны захиалгад өөрийн танилдаа шилжүүлээгүйгээс С амьдрах орон сууцны захиалга хийж чадаагүй, шилжүүлсэн мөнгөө нэхэхээр төлнөө гэхээс цаашгүй болсон тул хариуцагч П аас 78,000,000 төгрөг гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд хандаж байна. Иймд П аас 78,000,000 төгрөг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С нь хариуцагч П д холбогдуулан, орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 78,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид дараах нөхцөлүүдээр харилцан тохирч 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээг байгуулжээ. Үүнд: Нэхэмжлэгч С нь нэхэмжлэлийн шаардлага болох 78,000,000 төгрөгийн 17,900,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 60,100,000 төгрөгийг хариуцагч П нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор 40,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор 20,100,000 төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулсан байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С нь хариуцагч П д холбогдуулан, 78,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 17,900,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, үлдэх 60,100,000 төгрөгөөс 40,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор, 20,100,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцагч П тус тус төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 458,450 төгрөгийг хариуцагч П аас гаргуулж, нэхэмжлэгч С ад олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс илүү төлсөн 2,050 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.АМАРМЭНД