Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 321

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Д.Оюунгэрэл,

  шүүгдэгч Н.Э/өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн И овгийн Н.Э  холбогдох эрүүгийн 181100280325 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И овгийн Н.Э 1989 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 7 дугаар баг Дэнж, Баруун дэнж 8 дугаар гудамжны 07 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Дарь-Эхийн 1-25 тоотод байрлах Нийтийн байрны 8 тоотод түр оршин суух,

Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн .. дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгээр хэрэгсэхгүй болгосон,

Булган аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 4 cap хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2011 оны 9 дүгэр сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Ховд аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 115 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдөр ялаас эдлээгүй үлдсэн 237 цагийн албадан ажил хийлгэх ялыг 30 хоног баривчлах ялаар сольж, 2012 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 capын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эдлээгүй үлдсэн 00 жил 10 cap 28 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Их монгол овогт Нарантуяагийн Эрдэнэбилэг нь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 2-25 тоотод байрлах Нийтийн байрны 7 тоотод иргэн Б.Баянсанг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Энь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Баянсан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр би Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 2-25 тоотод байрлах Нийтийн байрны 07 тоот өрөөнд амьдардаг хуурай ах Ганзулын гэрт ирсэн юм. Ганзул ах бид хоёр 0.5 литрийн Хараа архи хуваагаад уугаад сууж байхад нийтийн байрны галч залуу өөрийн дүү болох залуугийн хамт орж ирээд гитар хөглөдөг хүн байна уу гэж асуухаар нь гитар хөглөдөг хүн байхгүй ээ гэж хэлэхэд галчийн дүү Эрдэнэбилэг гэх залуу чи яагаад далчигнаад байгаа пизда вэ гэж хэлэхээр нь чамтай яриад байх зүйл байхгүй чи өрөөнөөс гар гэж хэлэхэд ах Алтан-Эрдэнэ намайг барьж авахад Эрдэнэбилэг гитараа бариад өрөөнөөс гарч яваад буцаж өрөөнд орж ирэхдээ миний араас аягаар толгой руу цохисон. Тэгээд Ганзул ах бид хоёрыг салгах гээд боль гэж хэлж байхад Эрдэнэбилэг зурагтын хажуугийн тавиур дээр байсан ус буцалгагчийг аваад миний толгой руу дахиж цохьчихоод өрөөнөөс гарч явсан.. би энэ хоёр залууд гар хүрч цохиогүй... надад гомдол санал байхгүй, харин томографт харуулсан 80.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэжээ /хх-24-25/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №507 дугаар дүгнэлтэд: 

“1. Б.Баянсангийн биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-33/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-43, 46-65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, хохирогч Б.Баянсанд хохирлын 90.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт /хх-38/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Энь 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Согоотын 2-25 тоотод байрлах Нийтийн байрны 7 тоотод иргэн Б.Баянсанг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Баянсангийн “өрөөнд орж ирэхдээ миний араас аягаар толгой руу цохисон. Тэгээд Ганзул ах бид хоёрыг салгах гээд боль гэж хэлж байхад Эрдэнэбилэг зурагтын хажуугийн тавиур дээр байсан ус буцалгагчийг аваад миний толгой руу дахиж цохьчихоод өрөөнөөс гарч явсан” гэх мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №507 дугаар дүгнэлт, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-15/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Н.Эрдэнэбилэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгч Н.Эрдэнэбилэгт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Хохирогч Б.Баянсан нь “...надад гомдол санал байхгүй, харин томографт харуулсан 80.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Н.Энь хохирогч Б.Баянсанд нийт 90.000 төгрөг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Н.Эрдэнэбилэгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Н.Энь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч И овгийн Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Энь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Н.Энь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН