Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/790

 

                                                       *******өд холбогдох

                                                        эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Чингүүн /томилолтоор/,

хохирогч *******, түүний өмгөөлөгч М.Төмөрцэцэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор *******өд холбогдох 2206051681258 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

******* овгийн *******ын *******, 1998 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ******* аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эгч, 3 дүүгийн хамт ******* аймгийн ******* сум, *** дүгээр баг, *** дугаар байр, *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:*******/,

Сум дундын 22 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 57
дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Сум дундын 7 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 110
дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэж, 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг буюу 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 3 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаас өршөөн хэлтрүүлсэн,

******* аймгийн ******* Сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2018/ШЦТ/51 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн 3 жил 5 сар 6 хоногийн хорих ялаар тогтоож, 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 1 жил 3 сар 20 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө сулласан.

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* аймаг сум Шар ус 1 багийн нутаг дэвсгэрт хохирогч ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах шөнийн цэнгээний газрын ойролцоо саадан дотор хохирогч эс гар утсаа өгч бай, хүнтэй яриадахъя гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 1,255,600 төгрөгийн хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах CU сүлжээ дэлгүүрийн орчим хохирогч *******тай шалтгаангүйгээр маргалдаж хутгаар баруун гарын орчимд зүсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн”, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, “хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялуудыг  нэмж нэгтгэн эдлэх ялыг 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 5 сар 6 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялд энэ тогтоолоор тогтоосон 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 11 сар 20 хоногийн хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, *******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэн давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10 дахь талд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Гэтэл миний үйлчлүүлэгч учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох хохирогч Э.Энх-Эрдэнийн гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч *******ид мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжилсэн 8,062,471 төгрөг, шүүх хуралдааны явцад нэхэмжилсэн бензиний төлбөр 176,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан хохирогч ******* нь шүүх хуралдаанд өөрт учирсан хохирол төлбөрөө бүрэн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа мэдүүлсэн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэсэн хөнгөрүүлэн үзэх үндэслэл тогтоогдож байхад шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Мөн анхан шатны шүүхээс хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэлд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд хугацаатай хорих ялаар шийтгүүлсэн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүнийг засрал хүмүүжил олоогүй хувийн байдал, хүндэвтэр гэмтэл учруулахдаа хутга хэрэглэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял оногдуулах талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийсэнгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хутга хэрэглэн гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн тухайд хүндрүүлэн авч үзэх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж ял шийтгэлийг хүндрүүлэн оногдуулсан гэж үзэж байна. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч *******ийн хувийн байдлын тухайд төрсөн эгч гийн хамтаар эцэг, эхээс хоёулаа, бага наснаасаа эцэг, эхээ алдаж, хамаатнуудынхаа гарыг дамжин өсөж том болсон. ******* нь үндэсний бөхөөр хичээллэж 2023 оны 7 сард сумын начин цол хүртсэн, өөрөө бөхийн бэлтгэл хичээллэхээс гадна “***” фитнес клубт, багш дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Иймд шүүгдэгч *******ийн хувийн байдал, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа болон хохирогч *******ид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэн багасгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч *******ийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******өд хууль зүйн үндэслэлтэй ял оногдуулсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. ...” гэв.

Прокурор Ц.Чингүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар гомдолдоо дурдсан байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус харгалзан үздэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2  дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан. Шийтгэх тогтоолын 9 дэх талд авагдсанаар “Шүүгдэгч *******өд урьд хугацаатай хорих ял шийтгүүлсэн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн, түүний засрал хүмүүжлийг олоогүй хувийн байдал, хүндэвтэр гэмтэл учруулахдаа хутга хэрэглэсэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж ял оногдууллаа” гэжээ. Хутга хэрэглэсэн нөхцөл байдал нь тал бүрээс нь харгалзаж үзсэн гэдэгт хамаарна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4, 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бол эрүүгийн хариуцлагыг хүндрүүлнэ, бусад нөхцөл байдалд хүндрүүлэхгүй гэсэн агуулгыг дурдаж байна. Гэтэл дээрх тохиолдолд шүүх үүнийг хүндрүүлэх нөхцөл байдал гэж авч үзээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу хамгийн багаар ял оногдуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 3 төрлийн ялын санкцитай байхад 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь ялын төрөл хэмжээний дотор байна. ******* аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 34 дүгээр захирамжаар 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон. Гэтэл 1 жил 3 сар 20 хоногийн дотор 3 гэмт хэрэг үйлдсэн нь засрал хүмүүжил олсон байдал эсэхийг анхаарах хэрэгтэй. 2 дугаар хавтаст хэргийн 247-250 дахь талд хянан магадлангийн захирамж, нийгмийн ажилтны тодорхойлолт болон прокурорын “Сургалт хүмүүжлийн ажилд идэвхтэй хамрагдсан, засрал хүмүүжлээ харуулсан, суллагдан гарахад хүлээн авах орчин бүрдсэн” гэсэн санал зэрэг нөхцөл байдлыг харгалзан хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон байхад шүүгдэгч нь 3 гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн хувийн байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн нөхцөл байдал, бусад байдалд хамаарна. Шүүхээс боломж олгож байхад 1 жил 3 сар 20 хоногийн өмнө суллаж боломж олгож байхад уг боломжийг ашиглаагүй, зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* нь *******тай бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* аймаг сум ***  багийн нутаг дэвсгэрт хохирогч ийг зодож эрүүл мэндэд нь дагзны хуйх, зүүн шанаа, чих, нуруу, баруун сарвуу, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч ийн “... эгчийн байшингийн цонхыг нэг хүн аймар нүдээд байсан. Босоод харсан чинь гээд нөгөө залуу байшингийн цонхыг нь хагалаад цонхоор нь орж ирээд намайг эгчтэй хамт унтаж байдаг хэн вэ гээд намайг цохиод авсан. Тэр үед тэгээд л өнгөрсөн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа ******* гэх залуу над руу утсаар залгаж дуудаад намайг голын эрэг дээр аваачиж , ******* хоёр зодсон. Намайг зодох болсон шалтгаан нь намайг эгчтэй хардсан учраас зодсон гэж бодож байна. ...” /2хх 28-29/ гэсэн мэдүүлэг,

хохирогч ийн зодуулсан үеийн гэрэл зураг /2 хх 31-32/,

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...ийн биед дагзны хуйх, зүүн шанаа, чих, нуруу, баруун сарвуу, зүүн бугалга, хэвлий, зүүн гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. ...” гэсэн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 11497 дугаартай дүгнэлт /2хх 20-21/,

шинжээч ийн “...зүүн бугалга, хэвлийн цус хуралт гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Бусад гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өшиглөх, тэлээгээр цохих, гараар цохих нь мохоо зүйлд орно. ...” /2хх 44-45/ зэрэг нотлох баримтуудаар,

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах шөнийн цэнгээний газрын ойролцоо саадан дотор хохирогч эс гар утсаа өгч бай, хүнтэй яриадахъя гэж зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 1,255,600 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Т.Энх-Эрдэнийн “...******* намайг гар утсаа өгч бай нэг хүн рүү залгачихъя гэж хэлэхээр нь би нүдэн дээр нь өөрийн гар утасны кодоо гаргатал миний нүүр хэсэгт цохиж унагаагаад миний гарт байсан утсыг авсан. Тэгтэл хажуугаас нь *******ийн дүү гэх эрэгтэй та одоо болиоч дээ дандаа найзуудынхаа юмыг авч байх юм, утсыг нь өг гэж хэлэхэд ******* явъя гэж хэлээд тэр хоёр зугтаагаад яваад өгсөн. ...” /1хх 11/,

иргэний нэхэмжлэгч ын “... лан ломбардад сууж байтал 22 цаг 40 минутын орчимд гаднаас хар савхи, дотуураа саарал хувцастай 30 орчим насны эрэгтэй орж ирэн цагаан өнгийн Samsung galaxy A53 загварын гар утас үзүүлсэн. ...******* гэх хүний нэр дээр бүртгэн 400,000 төгрөгийн зээлийг 10 хоногт 8% хүү бодохоор тооцож гэрээ хийн гарын үсэг зуруулан мөнгийг нь Хаан банкны данс руу шилжүүлж өгсөн. ...” /1хх 15-16/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн шинжээчийн “...Samsung А53 маркийн гар утас 1,255,600 төгрөг” гэсэн дүгнэлт /1хх 62-63/,

“ лан ХХК” барьцаат зээлийн гэрээ /1хх 66/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 67-68/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1хх 72/ зэрэг нотлох баримтуудаар,

2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Си сүлжээ дэлгүүрийн орчим хохирогч *******тай шалтгаангүйгээр маргалдаж улмаар хутгаар баруун гарын орчимд зүсэж, биед нь баруун бугалгын хатгагдсан шарх, богтосны мэдрэлийн бүрэн бус тасрал, бугалга, шуу, сарвууны ар хэсгийн өнгөц ба гүний мэдрэхүйн бууралт бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч *******ийн “...2023 оны 03 дугаар сарын 05-нд найз нартай уулзаад гадаа 10 дугаар хорооллын автобусны буудлын хойд талын дэлгүүрийн гадна зам дээр зогсож байхдаа 25-26 насны 175 орчим өндөр махлаг бие дээрээ шивээстэй богино хар куртик өмссөн залуу бид нар дээр ирээд намайг нааш ир гэж хэлсэн. Энэ үед манай найз намайг хойш татсан ба энэ үед нөгөө залуу гартаа хутга бариад эргүүлээд байсан. Би гадуураа өмссөн байсан яка тайлаад савсан ба энэ үед манай найз нар салгаж араас нь яваад нартай үлдээд шууд гэмтэлд ирсэн. Миний баруун мөрний мэдрэл тасарсан байна гэсэн. ...” /1хх 105-107/,

гэрч Д.ын “..., жанцан нартай хамт юм яриад зогсож байхад үл таних эрэгтэй хүн бид нараас шууд г заагаад чи нааш ир гэсэн. Энэ үед нөгөө залуугийн өөдөөс нь очих гэхээр нь би хойш татаад авах гэтэл гадуур хувцсаа тайлаад цамцтайгаа өөдөөс нь явсан чинь тэр залуу гарт нь 2-3 удаа хутгаар хатгаад зугтаад гүйсэн. ...” /1хх 109-110/,

гэрч Г.жанцангийн “...*******, хоёр зууралдах шиг болсон. наадах чинь намайг хутгалчихлаа бариад ав гэж орилсон. ******* эрүүлдэг хутга халааснаасаа гаргаж ирээд ийн баруун гарын булчин тус газар 3 удаа хутгалсан байсан. ...” /1хх 111-112/ гэсэн мэдүүлгүүд,

шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн футболконд 13мм, хар өнгийн малгайтай цамцанд 13мм, 10мм, 9мм, 27мм, бор өнгийн цамцанд 13мм, 13х9х10мм, 12мм, 26мм хэмжээтэй гэмтлүүд үүссэн байна. Хувцаснуудад үүссэн дээрх гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлтүүд байна. ...” /1хх 128-132/,

шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...*******ийн биед баруун бугалгын хатгагдсан шарх, богтосны мэдрэлийн бүрэн бус тасрал, бугалга, шуу, сарвууны ар хэсгийн өнгөц ба гүний мэдрэхүйн бууралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ...” /1хх 215-218/ гэсэн дүгнэлтүүд,

өвчний түүхүүд /1хх 221-243/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч *******ийг бусадтай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч *******ийг *******тай бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******* аймгийн сум *** дүгэр баг нутаг дэвсгэрт хохирогч ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хохирогч Т.Энх-Эрдэнтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа түүнийг гар утсаа өгч бай, хүнтэй яриадахъя гэж худал хэлэн Samsung galaxy A 53 загварын гар утсыг авч улмаар “ лан ХХК” барьцаалан зээлдүүлэх газарт 400,000 төгрөгөөр барьцаанд тавьсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хохирогч *******тай шалтгаангүйгээр маргалдаж хутгаар баруун гарын булчинд зүсэж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

Түүнчлэн, анхан шатны шүүх шүүгдэгч *******өд ял шийтгэл оногдуулахдаа түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэрэг нөхцөл байдалд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялд 8 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 11 сар 20 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх бөгөөд анхан шатны шүүхээс шүүгдэгч *******өд оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байхаас гадна холбогдсон зүйл, хэсэгт заасан ялаас хамгийн хөнгөн төрлийн ялыг сонгон оногдуулсан гэж үзэхээр байна. 

Иймд, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан ял хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 59 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/376 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ю.Нямсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн цагдан хоригдсон 59 /тавин ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                              Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                             С.БОЛОРТУЯА