| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2018/00050/Э |
| Дугаар | 00050 |
| Огноо | 2018-04-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 26 өдөр
Дугаар 00050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Э.Энхбат
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Т.Бд холбогдох 1832000000051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, * тоотод оршин суух хаягтай, урьд өмнө 4 удаа ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Боржигон овогт Төмөрхуягийн Б.
Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даваат Хүдэр" нэртэй хүнсний дэлгүүрийн орчим С.Дийн баруун даланд нь цаасны хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: ... Би гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Прокурорын шатанд мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй. Миний буруу. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч С.Д мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Т.Бы машин дотор архи уусан ба тэгээд юу болсоныг санахгүй байна. Маргааш нь үүрээр сэрсэн чинь Т.Б бид хоёр машин дотор унтаж байсан. Гэтэл миний нуруу хөндүүрлээд байхаар нь Т.Баар харуулсан чинь хутгалсан байна гэхээр нь чи хутгалсан юм уу? гэхэд мэдэхгүй байна, санахгүй байна гэж хэлсэн. Т.Б бид хоёр л байсан. Өөр намайг хэн хутгалах вэ дээ. Би Т.Быг гэж бодож байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 9-10-р тал/
Гэрч Б.Эн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн орчим Б, Д нар согтуу орж ирээд надаас архи гуйгаад байхаар нь архи авч өгөхөд хоёулаа хувааж уусан. Д ах ирэхдээ хувцас нь цус болсон байсан ба надад хувцасаа тайлж үзүүлсэн. Өөрөө ярихдаа би хүнд хутгалуулсан гээд байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р тал/
2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн №65 дугаартай Шинжээчийн дүгнэлтэнд:
1. С.Дийн биед баруун даланд шарх, баруун гарын дунд хуруунд зулгаралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Баруун даланд шарх гэмтэл нь хурц ир, үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 19-р тал/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5-р багт оршин суудаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /ХХ-н 36 дугаар хуудас/, Шүүгдэгч Т.Бы ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /28-29 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даваат Хүдэр" нэртэй хүнсний дэлгүүрийн орчим С.Дийн баруун даланд нь цаасны хутгаар хатгаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Дийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 9-10-р тал/, Гэрч Б.Энгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16-р тал/, 2018 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн №65 дугаартай Шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 19-р тал/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Т.Бг хохирогч С.Дийн биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Т.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Даваат Хүдэр" нэртэй хүнсний дэлгүүрийн орчим С.Дийн баруун даланд нь цаасны хутгаар хатгаж, С.Дийн биед баруун даланд шарх, баруун гарын дунд хуруунд зулгаралт, духанд цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, CD-1 ширхэгийг хэрэгт хадгалах, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаад:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Төмөрхуягийн Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бг 450 нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Т.Бы торгох ялыг 06 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй, ажлын хэсэг нь 7 см урттай нийт урт нь 21.5 см урттай 1 ширхэг цаасны хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг CD-г уг хэрэгт хэргийн хугацаа дуустал хадгалахаар зохих баримт үйлдэж хавсаргахыг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.