Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

 

Г.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

прокурор Б.Жамъяндорж,

шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Т.Хүдэр

нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.

 

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дугаар сарын -ны өдрийн .. дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х-ийн давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.Б-д холбогдох ....... дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

2. Монгол Улсын иргэн, 19 онд ........аймгийн ... суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ......аймгийн ...... сумын .....дүгээр баг.........тоотод оршин суух, урьд Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар,

Тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын *******-ны өдрийн 139 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ялаар,

Тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ....овогт ..................Г.Б

3. Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон,  хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргүүдэд холбогджээ.

            4. Хяналтын прокурор Г.Бат-Оргил нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   5. Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:  Шүүгдэгч .............“Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэг, “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 8 (найм) сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан  8 (найм) сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Г.Б-д шүүхийн шатанд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч Г.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч .............. нар нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “гэрийн унь, бор өнгийн модон иштэй хутга, бор шаргал өнгийн үс” зэргийг устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримтыг шийдвэрлэх комисс”-т даалгаж,  хохирогч Х........ нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х давж заалдах гомдолдоо: Г.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаараа ямар нэгэн маргаан гаргаагүй, гэр бүлийн хамаарал бүхий эхнэр ............... нар нь гомдолгүй гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүхээс Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж өмгөөлөгч болон шүүгдэгч Г.Б-ийн зүгээс үзэж байна. Г.Б нь нэг цаг хугацаанд, нэг удаагийн тохиолдлоор гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан, хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэргүүдийг үйлдсэн байна. Эдгээр гэмт хэргүүд нь зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй байдаг. Энэ хэрэгт холбогдсоноос хойш өөртөө дүгнэлт хийж байгаа, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэрэг байдлуудыг онцгойлон харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолд заасан хорих ялыг хөнгөрүүлэн зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү гэжээ.

7. Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Т.Х нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

8. Хяналтын прокурор Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

9. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч ...... давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч ....холбогдох эрүүгийн хэргийг  гомдлоор  хязгаарлахгүйгээр  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа,  анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн үйл баримт болон гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн, нотолбол зохих асуудлыг хангалттай шалган тодруулж, оролцогчийн эрхийг зөрчин хууль бусаар хязгаарлаагүй байх тул  прокуророос шүүхэд шилжүүлсэн  яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

11. Шүүгдэгч ........ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 5 удаагийн үйлдлээр буюу 2023 оны 06 дугаар сарын 01-ээс 02-нд шилжих шөнө .....аймгийн ........сумын ....... дүгээр баг “.......” гэх газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ..... “хамт пиво уусангүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр лүү цохих, өгзөг, гуя, нуруу хэсэгт өшиглөх, гэрийн униар нуруу хэсэгт цохих зэргээр зодсон,

- 2023 оны 11 дүгээр сарын 06-нд болон мөн сарын дундуур,  12 дугаар сарын эхээр болон 20-дын үеэр ........тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ....үл ялих зүйлээр шалтаглан байнга зодсон, 

- 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэрийнхээ хашааны гадна гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр ..... үл ялих зүйлээр шалтаглан хутгаар үсийг нь огтлох, хүзүү хэсгийг хутгаар зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хүзүүний баруун хэсэг, шилэн хүзүүнд зүсэгдсэн шарх, баруун өгзгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

  -  2024 оны 01 дүгээр сарын 26-ны шөнийн 03 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дуудлага мэдээллийн дагуу гэрт нь очсон ........ нарыг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулан “Цагдаагийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.” гэж заасны дагуу тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, гэрийн униар .... толгойд нь 2 удаа, ............ыг зүүн гарын тохой 2 удаа цохих зэргээр биед нь халдаж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Үүнд:

Хохирогч ....... /1хх-31-36, 170-180/, хохирогч ...... /1хх-13-22х/, хохирогч .......... /1хх-23-30х/, гэрч ....... /1хх-41-46х/, гэрч .... /хх-185-188х/, гэрч ........../1хх-181-184х/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /1хх-88-92х/, аюулын зэргийн үнэлгээ “өндөр” гарсан тэмдэглэл/1хх-133-135х/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-11-12, 136-140х/,  аймгийн ............ дугаартай “Алба хаагчдыг шилжүүлэн томилох тухай” тушаалын хуулбар, мөн оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/154 дугаартай “Олон нийтийн цагдаагаар томилох тухай” тушаалын хуулбар /1хх-9-10х/, Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 74 дугаар,  мөн сарын 13,14-ний өдрийн 62, 67 дугаартай дүгнэлт /1хх-195-196,53-54,61-62х/ зэрэг болно.

12. Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зан авир, харилцаа өөрчлөгдөн догшин ширүүн болж,   огцом уурлан “хүнээр хүргүүлж ирлээ, намайг удаан ирж авлаа, хамт пиво уусангүй” гэх мэтийн үл ялих зүйлээр шалтаглан эхнэрээ байнга зодон хөнгөн хохирол учруулах,  үсийг нь хутгаар огтлох, шилэн хүзүүг нь зүсэх,  хүүхдээ цамцнаас нь өргөж байгаад  ор луу шидэх, хүүхдүүдээ айлгах, энэ үйлдлийг таслан зогсоох гэсэн албаны болон бусад хүмүүсийг алгадах, шанаадах, униар цохих зэргээр хүний эрүүл мэндэд дур зоргоороо халдахаас гадна эхнэр, хүүхдийнхээ сул дорой байдлыг ашиглан хяналт тогтоож, эрхшээлдээ байлган өөрийн ашиг сонирхлоо бусдаас дээгүүр тавьж хүчээр тулган шийдвэрлүүлэх хүсэл эрмэлзэл бий болсноор өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэний улмаас хохирол, хор уршигт зориуд хүргэн  гэм буруугийн санаатай хэлбэрээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгджээ.

13. Эрүүгийн хуульд заасан “байнга” гэдэг  ойлголтод  эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлдог бөгөөд тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаагийн үйлдэл орох ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн тайлбарт дурдсанаар  хууль сахиулагчид “цагдаа” хамаарна. 

14. Прокуророос шүүгдэгч .........ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр ......байнга зодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус  эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

15. Анхан шатны шүүхээс шүүгдэгч ....... эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал,  учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан  эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор буюу мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын хорих ялаар, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хорих ялаар тус тус шийтгэж,  энэ хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан шүүгдэгч ......... оногдуулсан 4 сарын зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг,  хорих ялын нэг хоногоор тооцон 4 сарын хорих ялыг, бусад хэсгээр оногдуулсан хорих ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоож,  уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч ..... “хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгөх” –ийг хүссэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болтол буюу 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс мөн оны  07 дугаар сарын 26-ыг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          Нэг. Шүүгдэгчийн өмгөөлөгч .......ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20 оны  дугаар сарын -ны өдрийн ...дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

          Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ......цагдан хоригдсон нийт 71 (далан нэг) хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

           Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          О.БААТАРСҮХ

                                ШҮҮГЧИД                          С.ОЮУНТУНГАЛАГ

                                                                                  Г.УРТНАСАН