| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0364/Э |
| Дугаар | 533 |
| Огноо | 2019-10-23 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 533
И.Т, Э.Э нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 531 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаар магадлалтай, И.Т, Э.Э нарт холбогдох 1808056900026 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, А овогт И-ын Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэгт,
2.Монгол Улсын иргэн, 2001 онд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Т овогт Э-ын Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх И.Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, Э.Э-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар И.Т-г 1 жил 6 сар хорих ял, Э.Э-ийг 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Э-эд оногдуулсан 1 жил хорих ялыг хоёр дахин багасган, нийт эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, И.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, Э.Э-эд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Э.Э-эд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2.2, 3.3-д зааснаар Э.Э-эд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Э-ийн өмгөөлөгч Б.Дашдорж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүхээс арван найман насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасан хэдий ч шүүх хурлын энэ заалтыг хэрэглэх болсон үндэслэл, яагаад тухайн насанд хүрээгүй этгээдийг нас, бие эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогоор насанд хүрээгүй хүүхэдтэй адилтган үзэх болсон талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл бүхий дүгнэлтээ шүүхийн шийдвэрт тодорхой туслах хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйд нийцнэ. Өөрөөр хэлбэл энгийн ухамсрын түвшинд тухайн хүний нас хэдий 21 хүрсэн боловч бусад нөхцөл байдал бие сэтгэхүйн түшин, хүмүүжлийн ухамсар зэргээс шалтгаалан Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд зааснаар түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзнэ” гэсэн ойлгомжгүй, дүгнэлтийг хийж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ” гэжээ. Гэтэл анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ бүхий л талаас нь харж өөрийн дотоод итгэлээр асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэсэн. Э.Э нь 18 насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон Баянгол дүүргийн 28 дугаар дүнд сургуульд сурдаг талаар хавтаст хэрэгт хувийн байдлыг нь тогтоосон баримтууд хангалттай байсаар байхад уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Э.Э, И.Т нарын үйлдсэн гэмт хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүхээс оногдуулсан ял шийтгэл тэдний гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан гомдлыг үндэслэн И.Т, Э.Э нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч И.Т, Э.Э нар нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,
шүүгдэгч И.Т 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гялгар уутны хамт 60 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр иргэн Э.З-д өгсөн,
шүүгдэгч И.Т 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 12-ны едрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол 32 дугаар байрны 301 тоотод орших өөрийн гэртээ 261.58 грамм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн И.Т-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, Э.Э-ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э нь насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүний хорих ялыг хоёр дахин багасгаж, оногдуулсан болон хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй талаар зөв дүгнэлт хийсэн боловч шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх үед насанд хүрсэн байхад хорих ялыг насанд хүрээгүй хүний сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах зэрэг өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болжээ.
Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлэх үедээ өсвөр насны буюу арван дөрвөн насанд хүрсэн боловч арван найман насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг тусгасан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байгаад шүүхээр шийтгүүлэх үедээ арван найман насанд хүрсэн боловч хорин нэгэн насанд хүрээгүй этгээдэд шаардлагатай тохиолдолд энэ журмыг хэрэглэж болно. Харин гэмт хэрэг үйлдэх үедээ өсвөр насны байсан боловч шүүхээр шийтгүүлэх үед арван найман насанд хүрсэн хүнд энэ бүлгийн зөвхөн 8.4, 8.5 дугаар зүйлүүдэд зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялыг хоёр дахин багасган эдлүүлэх зохицуулалтыг хэрэглэнэ.
Шүүгдэгч Э.Э-ийн хувьд гэмт хэрэг үйлдэхдээ насанд хүрээгүй байсан боловч хэргийг шүүхээр хянан хэлэлцэх үед насанд хүрсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан зөвхөн ялыг хоёр дахин багасгахаас бусад зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх насанд хүрсэн Э.Э-эд хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх, шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах тухай насанд хүрээгүй хүнд хамаарах зохицуулалтуудыг хэрэглэж улмаар хуулиар хориглосон зан үйлд дахин хязгаарлалт тогтоох зэргээр хууль хэрэглээний алдаа гаргасан талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн боловч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах байдлаар алдааг засахын оронд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль хэрэглээний хувьд оновчтой шийдвэр болж чадаагүй байна.
Шүүгдэгч Э.Э нь хэрэг шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх үед насанд хүрсэн байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн агуулга, зорилгод нийцнэ гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Харин шүүгдэгч И.Т нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн, хадгалсан зэрэг хэд, хэдэн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Э-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэхдээ мөн хуулийн 3.3 дахь хэсэгт заасан мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь үндэслэлгүй тул хүчингүй болгох нь зүйтэй байна.
Учир нь Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан үйлдлийг давхар албадлагын арга хэмжээгээр хориглох шаардлагагүй юм.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдоржийн “магадлалыг хүчингүй болгох” тухай гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 531 дүгээр шийтгэх тогтоолд:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Э-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Баянгол дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай”,
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зохих хугацаанд биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай” гэсэн нэмэлт өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан” хэсгийг болон тогтоолын 2, 3, 4, 6, 7 дахь заалтуудын шүүгдэгч Э.Э-эд холбогдох хорих ял оногдуулсан, хорих ялыг хоёр дахин багасгасан, ял эдлэх дэглэм тогтоосон, тогтоол биелүүлэхийг хойшлуулсан, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай заалт, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 637 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН