Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 286

 

 “МИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

ОА-ийн ТХ-ийн ТУБ

 Ж.Б, Г.Г нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                     Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                       Д.Мөнхтуяа

                                       Ч.Тунгалаг

                                       П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:              Л.Атарцэцэг

Нарийн бичгийн дарга: Ч.Уранбилэг

Нэхэмжлэлийн шаардлага: “...ОА-ийн ТХ-ийн ТУБ Ж.Б, Г.Г нарын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204201738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0330 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Уянга,

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрээр: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “МИ” ХХК-ийн ОА-ийн ТХ-ийн ТУБ нарын 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204201738 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0330 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1,” гэснийг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3,” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “МИ” ХХК-ийн захирал Д.Нансалмаагийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэгч “МИ” ХХК-ийн захирал Д.Нансалмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0330 дугаар магадлал нь захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” байх тул хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Татварын улсын байцаагч нараас “МИ” ХХК-ийн 190 764 000 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасны дагуу 19 076 400 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийг бүхэлд нь зөрчсөн. Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд “зөрчилд тооцох, үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тухайн үед мөрдөгдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэх ёстой.

5. Гэтэл тухайн үед мөрдөгдөж байсан Татварын Ерөнхий хуульд татвар нөхөн ногдуулахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдах буюу дахин тоолох талаар ямар нэг хуулийн зүйл заалт байхгүй атал 2010 онд гарсан зөрчилд 2012 онд дүгнэлт бичигдсэнээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж үзсэн байгаа нь “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” байна.

6. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байна.

8. Орхон аймгийн татварын хэлтсийн улсын байцаагчдаас “МИ” ХХК-ийн 2010 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хийсэн шалгалтаар тус компани нь 2010 онд нэмэгдсэн өртгийн албан татварын худалдан авалтад оруулан хассан 190,764,000.00 төгрөгийн зөрчил гаргасныг илрүүлж татварын улсын байцаагчдын 2012 оны 200019 тоот дүгнэлт үйлдсэн, “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 705 дугаар тогтоолоор уг дүгнэлтийг хүчингүй болгосон, энэ үйл баримттай нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй, харин “...2010 оны тайланг 2011 оны 1 сарын дотор гаргаж, ногдох төлбөрөө төлсөн байх ёстой..., 2011 оны 01 сараас эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно..., Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2-т зааснаас үзвэл хөөн хэлэлцэх хугацаа 2016 оны 11 дүгээр сард дууссан...” гэж энэ хуулийн 11 дүгээр зүйлийг үндэслэж, хариуцагч нь “...дүгнэлтийг хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй... нөхөн татвар төлүүлэхээр шийдвэрлэсэн, ...хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй... өмнө нь акт гаргадаг байсан одоо Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгэлийн хуудас бичиж байгаа...” хэмээн хөөн хэлэлцэх хугацааны тухайд хэргийн оролцогчид тус тус тайлбарлан маргажээ.

9. Татварын Ерөнхий хуулийн /2008 оны/ 11 дүгээр зүйлийн 11.1-д “Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх...”, 11.2-т “Татвар, алданги, торгуулийн өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй” хэмээн татвар нөхөн ногдуулах болон татварын өрийг төлөх хөөн хэлэлцэх хугацааг тус тус өөр өөрөөр тооцохоор тусгайлсан зохицуулалттай байна.

10. Монгол Улсын Үндсэн хуулийн Арвандолдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т зааснаас үзвэл, татвар нь зайлшгүй төлөгдөх шинжтэй, татвар төлөгч нь хуулиар тодорхойлогдсон хувь хэмжээгээр татвар төлөх үүрэгтэй тул зохих журмын дагуу төлөөгүйн улмаас тогтоогдсон татварын өрийг төлөхөд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй байхаар хуульчилжээ.

11. Энэ маргааны тухайд “МИ” ХХК-ийн 2010 онд гаргасан зөрчлийг татварын улсын байцаагчид 2012 онд буюу дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор илрүүлэн эрүүгийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг шалгуулахаар дүгнэлт үйлдэн эрх бүхий этгээдэд шилжүүлсэн, Цагдаагийн байгууллагын шалгалтаар нэхэмжлэгчийн гэм буруутай болохыг тогтоосон, харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2015 оны 705 дугаар тогтоолоор холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

12. Иймээс Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Г.Гүндэгмаа, Ж.Бат-очир нарын үйлдсэн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 204201738 дугаар шийтгэлийн хуудсаар “МИ” ХХК-ийн 19,076,400.00 төгрөгийн өр буюу нөхөн татварыг төлүүлэхээр шийтгэл оногдуулсан нь Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т “...дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасантай нийцсэн, маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв болно. 

13. Харин давж заалдах шатны шүүх “...2010 онд гаргасан зөрчилд 2012 онд дүгнэлт бичигдсэнээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдана...” хэмээн маргааны үйл баримтад нийцээгүй дүгнэлт хийсэн нь буруу боловч энэ нь магадлалын шийдлийг бүхэлд нь өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

14. Хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн хяналтын гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаж, “...нөхөн татвар ногдуулахтай холбоотой хөөн хэлэлцэх хугацаа тасалдах буюу дахин тоолох талаар ямар нэг хуулийн зохицуулалт байхгүй, ...шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” гэх түүний хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2018/0330 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            М.БАТСУУРЬ

  ШҮҮГЧ                                                      Л.АТАРЦЭЦЭГ