Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Б.Г холбогдох эрүүгийн 1811001970202 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Д овгийн Б.Г, 1992 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Дэрэн сум 1 дүгээр баг Алаг-Өндөр цант-3 дугаар гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 6 дугаар гудамжны 93 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй Дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 6 дугаар гудамжинд согтуурсан үедээ Д.Төрболдтой маргалдсаны улмаас зүүн гуянд нь нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Д.Төрболд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 3-ны өдөр хөдөө орон нутаг руу ажиллахаар Хөвсгөл аймгийн Баянзүрх сумаас Улаанбаатар хотод ирсэн. Улаанбаатар хотод ирээд тодорхой амьдрах хаяг байхгүй байсан учир төрсөн дүү Монголхүүтэй уулзаж тэдний гэрт байсан. Монголхүүгийн амьдарч байсан нийтийн байрны хугацаа дуусаж дүүгийн таньдаг залуу гэх Ганзоригийн гэрт түр байр олтлоо байхаар бид хоёр 01 дүгээр сарын 6-ны өдөр очсон юм. Тэр өдөр бид гурав гурвуулаа уг нийтийн байранд хоносон бөгөөд маргааш орой Монголхүү би ажилдаа явлаа гээд гараад явсан. Ганзориг бид хоёр өрөөнд үлдэж байж байгаад ганц юм уух уу гээд хоорондоо тохирч бид хоёр хуваагаад 0.75 литрийн Хараа нэртэй архи нэг шилийг авсан. Архи авсны дараа бид хоёр нийтийн байрныхаа өрөөнд орж уусан. Уг архи дуусах дөхөж байхад Улаанбаатар хотод хамт ирсэн найз Баатарсүрэн рүү залгаж ажлынхаа талаар хэдэн зүйл асуухад ойлголцохгүй байсан учир чи хүрээд ирэх юм уу гэж асуухад тэгье гэхээр нь Ганзоригоор гэрээ заалгасан. Баатарсүрэн ирлээ гэж 20 цагийн үед хэлэхээр нь Ганзориг бид хоёр гарч тосч аваад гэр рүү орсон бөгөөд тэр үед архи дуусахад Ганзориг бид гурав дэлгүүр орж 0.75 литрийн 1 шил архи, 2.5 литрийн 2 савтай пиво аваад нийтийн байр руугаа орсон. Нийтийн байранд ороод авсан архиа гурвуулаа хуваагаад ууж эхэлсэн. Ингээд ууж байхад яг юунаас болж маргалдсан талаар бол сайн санахгүй байгаа юм. Ганзориг Баатарсүрэн хоёр маргалдаад байхаар нь би дундуур нь орж чи миний найзыг тэгэхгүй пизда минь энэ тэр гээд Ганзоригт хэлж байсан. Бид нар муудалцсанаас хойш удалгүй Баатарсүрэн явахаар болж гараад явсан. Тэр үед Баатарсүрэнг тосохоор Мөнхтулга гээд манай найз ирж авсан. Баатарсүрэн явсны дараа Ганзориг бид хоёр үлдээд хоорондоо юм яриагүй сууж байгаад би муудах шинжтэй байна гэж хэлэхэд Ганзориг уурлаад ч байгаа юм уу доошоо хараад дуугарахгүй л сууж байсан. Би тамхи авангаа нойлын өрөө орчихоод ирье гээд гараад явсан. Гадаа ил нооль нь байдаг юм байна лээ тэгэхээр нь ноольд орж хүндэрчхээд гараад ирсэн чинь урдаас Ганзориг хүрч ирээд мөргөлдөх шиг болсон. Надтай мөргөлдөх шиг болсноо шууд нооль орсноо удалгүй шууд өрөөрүүгээ орчихсон. Би тэр үед намайг хутгалсан гэдгийг мэдээгүй байсан чинь зүүн талын хөлөөр халуун оргиод байхаар нь харсан чинь цус зүүн талын талын гуя хэсэг урд талдаа нойтон цус болчихсон байхаар нь намайг сая хутгалчихлаадаа гэж бодоод эргээд нийтийн байр руу ороод хаалгыг нь онгойлгосон чинь Ганзориг өрөөндөө доошоо хараад сууж байсан. Тэгэхээр нь чи намайг хутгалчихлаа гэхэд дуугарахгүй сууж байснаа дүүтэй чинь ярина шүү гэхээр нь энэ эвгүй байна гээд шууд хаалга хаагаад буцаад гараад явсан. Би гараад хүнсний дэлгүүр орох гэсэн чинь хаалттай байхаар нь баруун талын хүнсний дэлгүүр ороход нэг эрэгтэй хүүхэд байхаар нь ахдаа цагдаа дуудаад өгөөч гээд цагдаа дуудуулсан юм. ... Цагдаа ирээд хаана юу болсон гэхээр нь тухайн үед дүү намайг байхгүй үед хүрээд ирвэл яах юм бол гээд айгаад цагдаа нарт эхлээд машинтай хүмүүс ирсэн гэж хэлсэн. Ингээд байж байхад дүү Монголхүү ирэхээр нь цагдаа нарт намайг Ганзориг хутгалсан юм аа гэж үнэнээр нь хэлсэн. Тухайн үед эхэндээ дүү намайг байхгүй үед ирэх юм бол яаж ч магадгүй гэж айгаад тэгж хэлсэн юм. ... Ганзориг намайг хутгалж уг гэмтлийг учруулсан. ...Гэрт нь байх үед цагаан иштэй нэг жижиг хутга байсан. Тэр хутгаар хутгалсан байх гэж бодож байна. Цагдаа ирсэн хутгануудыг нь үзэхэд тэр хутга алга болчихсон байсан. Яг намайг хутгалахад би ямар хутга байсныг нь харж чадаагүй юм. Би эмчилгээ, хагалгаа хийлгэсэн зардал болох 500.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Ор хоногийн мөнгө тушаасан 76.194 төгрөгийн баримт л байна. Хагалгааны мөнгө болох 400.000 төгрөгийг эмчид бэлнээр нь өгсөн юм...” гэжээ /хх-14-16/.

   Гэрч М.Булганчимэг мэдүүлэхдээ: “...2018 оны 1 дүгээр сарын 7-ны орой 22 цагийн үед Монголхүү надруу яриад манай өрөөнд хамт байдаг Ганзориг гээд залууд ах хутгалуулсан байна, эмнэлэг дээр явж байна гэхээр нь би Улаанбаатар хот руу маргааш нь шууд ирсэн юм. Төрболд эмнэлэгт 8 хоног хэвтсэн бөгөөд гуяны цус алдсан судаснуудыг холбох мэс засал хийлгүүлсэн...” гэжээ /хх-17/.

   Мөрдөн байцаагчийн тэмдэглэлд “...Сэжигтэй этгээдүүдийн явсан гэх зүгт хандсан Буянт хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 22 цаг 41 минутад хохирогч доголсон байдалтай ганцаараа ертөнцийн зүгээр урагш алхаад явж байсан ба буцаад 22 цаг 48 минутад ганцаараа доголсон байдалтай алхаад ирж байгаа бичлэг байсан. Саарал өнгийн приус загварын машин явж байгаа бичлэг байхгүй байсан. Уг нийтийн байрны жорлонгийн хогийн саванд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон 00 цаас байсан. ...хохирогчтой дэслэгч О.Баярсайханы хамт дахин уулзахад байрны эзэн Ганзориг манай найзтай архи ууж байхдаа муудалцсан ба би дундуур нь орж салгасан юм. Тэгээд манай найз найзыгаа дуудаад яваад өгсөн. Тэгээд бид 2 үлдэхэд чи муу найзтайгаа нийлж намайг зодох гэлээ гэх мэтээр надруу агсарч эхэлсэн. Тэгэхээр нь би 00 орчихоод ирье гэж хэлээд гарсан ба 00 орчихоод гарч ирэхэд Ганзориг миний өөдөөс алхаж ирээд үгийн зөрүүгүй миний гуяруу цохих шиг болсон. Тэгээд гуяруу халуу дүүгээд эхлэхээр нь би хутгалуулснаа мэдсэн...” гэжээ /хх-11/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1080 дугаар  дүгнэлтэд: 

“1. Д.Төрболдын биед зүүн гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.”  гэжээ /хх-24/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34-36/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч С Б.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй Дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 6 дугаар гудамжиндсогтуурсан үедээ Д.Төрболдтой маргалдсаны улмаас зүүн гуянд нь нэг удаа хутгалж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Төрболдын “...урдаас Ганзориг хүрч ирээд мөргөлдөх шиг болсон. Надтай мөргөлдөх шиг болсноо шууд нооль орсноо удалгүй шууд өрөөрүүгээ орчихсон. Би тэр үед намайг хутгалсан гэдгийг мэдээгүй байсан чинь зүүн талын хөлөөр халуун оргиод байхаар нь харсан чинь цус зүүн талын талын гуя хэсэг урд талдаа нойтон цус болчихсон байхаар нь намайг сая хутгалчихлаадаа гэж бодоод эргээд нийтийн байр руу ороод хаалгыг нь онгойлгосон чинь Ганзориг өрөөндөө доошоо хараад сууж байсан....” гэх мэдүүлэг, гэрч М.Булганчимэгийн “...Монголхүү надруу яриад манай өрөөнд хамт байдаг Ганзориг гээд залууд ах хутгалуулсан байна. Эмнэлэг дээр явж байна гэхээр нь би Улаанбаатар хот руу маргааш нь шууд ирсэн юм...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1080 дугаар дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Гт ял шийтгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав. 

Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Д.Төрболд нь эмчилгээний зардалд 76.194 төгрөгийн баримт, шүүх эмнэлэгт үзүүлснийг 8000 төгрөгийн баримт тус тус ирүүлсэн бөгөөд нийт 500.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч баримтаар тогтоогдсон 202.466 төгрөгийг гаргуулан олгож, үлдэх 297.534 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Гоос нийт 202.466 төгрөг гаргуулан хохирогч Д.Төрболдод олгож, түүний нэхэмжлэлээс зарим хэсгийг буюу 202.466 төгрөг ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН