| Шүүх | Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгэдоржийн Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 2330002520003 |
| Дугаар | 2024/ДШМ/12 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Жамъяндорж |
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ДШМ/12
2024 07 26 2024/ДШМ/12
******* холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэйгээр хуралдааны “А” танхимд нээлттэй хийв. Шүүх хуралдаанд:
прокурор Б.Жамъяндорж,
шүүгдэгч *******,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа (цахимаар),
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч *******ын давж заалдах гомдлоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн түүнд холбогдох эрүүгийн 2330002520003 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, 1981 онд Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, хүүхдийн хамт Түмэнцогт сумын 4 дүгээр баг “Баянцогт”-ын 12-07 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Т*******
2.Шүүгдэгч ******* 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр баг дахь, “Баянцогт”-ын 12-07 тоот дахь гэрт нь хохирогч *******ийн үлдээсэн “Samsung Galaxy A52” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 669,330 төгрөгийн хохирол санаатай учруулсан, “бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
3.Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндорж нь шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
4.Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Ундрахыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч *******т учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч ******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хохирогч *******ийн гар утсыг аваагүй талаар удаа дараа үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэтэл ******* гэгч нь намайг санаатайгаар гүтгэж, энэ хэрэгт холбогдуулсан. Мөрдөгч нь хэт нэг талыг барьж, нарийвчилж шалгаж тогтоолгүйгээр намайг гар утас хулгайлсан гэж нотлох баримтгүйгээр, хилсээр хэрэг тулгасанд гомдолтой байна. Намайг *******д замын унаагаар Шинэцэцэгийн гар утсыг хүргүүлсэн гэж байгаа боловч ямар машинаар, хэн гэдэг хүнээр хүргүүлснийг шалгаж тогтоогоогүй. Би гэмт хэрэг үйлдээгүй тул давж заалдах шатны шүүхээс үнэн зөвийг тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гэм буруугүйд тооцож, цагаатгаж өгнө үү гэжээ.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Зулаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь анхнаасаа гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй. ******* гэх хүнтэй урьд нь хувийн харилцаатай байсан. *******д ямар замын унаагаар, хэнээр гар утсыг явуулсан нь тогтоогддоггүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. ******* нь *******ынд гар утсаа орхисон гэсэн нотлох баримт байхгүй байгаа. ******* нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь эргэлзээтэй байгаа. Б.******* нь ******* надад утас явуулсан гэсэн атлаа ямар хүнээр, ямар замын унаагаар явуулснаа нотолж чаддаггүй. Иймд шүүгдэгчид ашигтайгаар, шийдвэрлэж өгнө үү гэв.
7.Хяналтын прокурор Б.Жамъяндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хэрэгт цугларсан баримтуудаар шүүгдэгч ******* нь тухайн гар утсыг хулгайлж, гэрч ******* рүү замын унаанд дайж явуулсан нь нотлогдсон. Гэрч ******* гар утас авчирч өгсөн хүний нэр, утсыг санадаггүй. Тухайн үед өөрөө гар утасгүй байсан болохоор хүний утсаар ярьж, замын хүнээс утсыг авсан байдаг. ******* тухайн утас алга болох үед Сүхбаатар аймагт очиж байгаагүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгч ******* нь худал зүйлийг удаа дараа ярьдаг. Түүний ярьсан зүйлүүд худал гэдэг нь гэрч нарын болон өөрийнх нь мэдүүлгүүд, анхан шатны шүүх хуралдаан дээр асуусан асуултад хариулснаас харагддаг. Жишээ нь: Анхан шатны шүүх хуралдаан дээр ******* нь Баасансүрэнг Бат-Эрдэнийн хамт манай гэрийн дээврийг янзалж байсан гэж ярьдаг. Баасансүрэн, ******* нар үүнийг эрс үгүйсгэсэн. Гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хохирогч гар утсаа *******ын гэрт үлдээсэн нь тогтоогддог. Гэрч ******* нь “намайг утасгүй болсон гэхээр ******* тухайн утсыг замын унаанд дайж, над руу явуулсан” гэж мэдүүлдэг. Дээрх баримтуудаар ******* нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн 144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8.Шүүгдэгч *******ын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр энэхүү эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
9.Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах зэргээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
10.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 4 дүгээр багийн “Баянцогт”-ын 12-07 тоот дахь гэрт нь хохирогч *******ийн орхиод гарсан 357265992608784 имэй кодтой, “Samsung Galaxy A52” загварын гар утсыг эзэнд нь буцааж өгөлгүй, тухайн үед Улаанбаатар хотод байсан өөрийн хамтран амьдрагч асан А.******* рүү замын унаанд дайж явуулсан үйл баримт тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцжээ. Үүнд:
10.1. Яллагдагч *******ын “2023 оны 3 дугаар сарын эхээр би тухайн өдөр гэртээ хүүгийнхээ хамт хоёулаа байж байхад гаднаас ******* хүүхдийнхээ хамт орж ирсэн.” гэх (хх 101-102, 130-131 дүгээр хуудас),
10.2.Хохирогч *******ийн “Миний бие 2023 оны 3 сарын 07-ны өдрийн 18 цагийн үед сумын төвд байдаг гэр лүүгээ охинтойгоо ирсэн. Бид хоёр манай хашаанд байдаг Ядамсүрэнгийн гэрээр орсон. Би гэртээ очоод өөрийн гар утсаа хайхад байхгүй байсан. Би *******ынд орохдоо утастайгаа орсон. Манай охин Маргад-Эрдэнэ тэднийд утсаар ярьж байсан. Би алдсан утсаа сумын хэсгийн төлөөлөгчөөс хүлээж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх (хх 15-24, 201-202),
10.3.Гэрч ******* “Миний бие 2023 оны 3 сарын 07-ны өдрийн 18 цагийн үед ээжтэйгээ манай хашаанд байдаг *******ын гэрээр орж уулзаад, хөдөө гэр лүүгээ харьсан. Ээж “Samsung А52” маркийн гар утсаа хайхад байхгүй байсан. Бид хашаанд байдаг айлынхнаас гар утсаа сураглахад мэдэхгүй гэж хэлсэн. *******, түүний хүү Хүсэлжаргал нар байсан гаднаас өөр хүн байхгүй байсан. Би Ундрахынд байхдаа хүн рүү ярьж байсан.” гэх (хх 27-28),
10.4.Гэрч ******* “Би *******тай 2022 оны 4 дүгээр сард Түмэнцогт суманд шатахуун түгээх станц барьж байхдаа танилцсан. Тэр үеэс уулзаж, учирч эхлээд нэг гэрт орох тухай ч ярилцаж байсан. Бид хоёр хамтран амьдраад нэг сар болоод салсан. ******* 2023 оны 3 сард над руу “Сүхбаатар аймгаас замын унаанд гар утас өгөөд явуулсан аваарай” гэж хэлээд явуулсан. Надад өгсөн утас нь хуучин, “Samsung А52” загварын гар утас байсан. Надад тэр үедээ “миний олсон гар утас байгаа юм” гэсэн. Тухайн гар утсыг би 2023 оны 7 дугаар сар хүртэл хэрэглэж байгаад Наранбаяр гэдэг найздаа 200,000 төгрөгөөр зарсан.” гэх (хх 31-35, 192-193),
10.5.Гэрч “Би 2023 оны 07 дугаар сарын эхээр хамт ажилладаг А.******* гэх найзаасаа “Samsung А52” маркийн хар хөх өнгийн гар утсыг 200,000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх (хх 38-39),
10.6.Гэрч “Манай компани Түмэнцогт суманд шатахуун түгээх станц барьж байхад, Ундрах тогооч хийдэг байсан. Манай найз А.*******: “Ундрах над руу нэг утас явуулж байгаа” гэж ярьж байсан.” гэх (хх 46-47),
10.7. “Unitel” ХХК-иас цагдаагийн байгууллагад ирүүлсэн “357265992608784 имэй кодтой гар утсанд “89052803” дугаарын сим хийж, А.******* ашигласан байна.” гэх лавлагаа, орсон, гарсан дуудлага, мессежний жагсаалт (хх 56-72),
10.8. Мөрдөгч гэрч А.*******эс “Samsung galaxy А52” загварын гар утсыг 2023 оны 12 сарын 19-ний өдөр хүлээн авсан тэмдэглэл (хх 9),
10.9. Мөрдөгчөөс хохирогч *******т “Samsung galaxy А52” загварын гар утсыг 2023 оны 12 сарын 19-ний өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх 10)
10.10.“Болор Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн ““Samsung galaxy А52” маркийн гар утас 669,330 төгрөгийн үнэлгээтэй” гэх дүгнэлт (хх 78-86) зэргээр нотлогдож байна.
11. Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2023 оны 3 сарын 07-ны орой хажуу айлын Шинэцэцэг, охин Маргад-Эрдэнийн хамт манайхаар ороод гарсан. Тухайн үед манайд *******, хүү Хүсэлжаргал нар байсан. ******* нь манайд Улаанбаатараас ирээд 2 хоносон юм. ******* 2023 оны 03 дугаар сарын 05-нд ирээд, 07-ны орой Улаанбаатар хот руу замын унаанд суугаад явсан. Би *******д гар утас өгч явуулаагүй. Тэр өөрөө манайд байхдаа гар утсыг авч явсан байна. Би хулгай хийгээгүй.” гэх мэдүүлэг (хх 42-43) болон,
мөн тэрээр анхан шатны шүүх хуралдаанд “Шинэцэцэг манайд утсаа тавьж амжихааргүй үүднээс хүүхдээ аваад явсан. ******* гадаа хашаанд гагнуур хийж байсан. Ажлаасаа чөлөө аваад ирсэн байсан. Цуг ажиллаж байсан Баасансүрэн гэдэг хүнтэй хамт Түмэнцогт суманд колонкийн дээвэр янзална гээд 95-97 дугаартай, жиптэй ирсэн. Тэгээд манайхаар ирээд чиний байшингийн дээврийг янзлаад өгье гэсэн.” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж, гэрч А.******* нь 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Түмэнцогт суманд байгаагүй, Улаанбаатар хотод байсан нь хөдөлбөргүйгээр тогтоогдсон тул ******* эзэмшиж, ашиглаж байсан гар утсыг шүүгдэгч ******* замын унаагаар түүнд хүргүүлсэн гэх гэрч А.*******, Н.Дэлгэрбаяр нарын мэдүүлгийг үнэн гэсэн дүгнэлтийг хийлээ. Тодруулбал:
11.1. Хохирогч *******ийн “Ядамсүрэн гуайн охин Ундрах, түүний хүүхэд Хүсэлжаргал нар байсан. Гаднаас өөр хүн байхгүй байсан. А.******* гэх залуу хашаанд болон гэрт байгаагүй.” гэх (хх 15-24, 201-202),
11.2. Гэрч ******* “******* түүний хүүхэд Хүсэлжаргал нар байсан гаднаас өөр хүн байхгүй байсан.” гэх (хх 27-28),
11.3.Гэрч “Миний төрсөн өдөр 3 сарын 05-ны өдөр болдог. Манай найз А.******* Сайншандаас 2023 оны 3 сарын 05-ны орой 20 цагийн үед замын унаагаар ирэхээр нь би тосоод “Жавхлант төв”-д биллиард тоглож, аавынх нь дүүгийнд хамт хоносон. ******* “Чингис сосо” сургуульд ээлжийн ажилтай тул маргааш нь ажилдаа явсан.” гэх (хх 46-47),
11.4.Гэрч С.Баасансүрэнгийн “2022 оны 6-10 дугаар сарын хооронд Түмэнцогт сумын төвд “Дарь” шатахуун түгээх станцын барилгын ажлыг манай компани хийж гүйцэтгэсэн. Тухайн үед А.******* манайд гагнуурчнаар, ******* нь тогоочоор ажиллаж байсан. Би компанийн захирал болохоос, байшингийн дээвэр засаж өгөх хүн биш. Манай компани 2023 онд Түмэнцогт суманд гүйцэтгэсэн ажил байхгүй. Надад 95-97 улсын дугаартай жийп автомашин байхгүй. А.******* 2023 оны 6, 7 сарын үед ажлаасаа гарсан. Ундрах худал мэдүүлсэн байна.” гэх (хх 188-190),
11.5.Гэрч ******* “2022 оны 10 дугаар сараас хойш нэг ч удаа Түмэнцогт сум руу яваагүй. Ундрах худал ярьж байна. Тэр мөнгөлөг саарал өнгийн, приус-20 маркийн, Дорнод аймгийн машинаар утас явуулсан. Намайг утсыг авахаар очиход нэг жаахан хүүхэдтэй, залуу хос байсан. Тухайн жолоочийн утасны болон тээврийн хэрэгслийн дугаарыг санахгүй байна. Би эгчийнхээ утсаар *******тай холбогдож, гар утасгүй байгаа талаараа хэлсэн чинь “надад нэг утас байгаа, би унаанд өгөөд явуулъя” гэсэн юм.” гэх (хх 31-35, 192-193),
11.6.Гэрч Л.Чинзоригийн “ “Дарь” колонкийг үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш гүйцэтгэгч компанийн ажилчид ирж засвар үйлчилгээ хийж байгаагүй” гэх (хх 196-197),
11.7. “Их засаг” олон улсын их сургуулийн “Чингис Соосэ” цогцолбор сургуулийн захирлын 2024 оны А/79 дугаартай албан бичигт дурдсан “А.******* нь 2023 оны 3 сарын 06-ны өглөөний 09.00 цагаас 3 сарын 07-ны өглөөний 09.00 цаг хүртэл ээлжийн ажилтай байсан ба ажлын шаардлагаар 18.00 цаг хүртэл ажилласан нь үнэн болно.” гэх тодорхойлолт, цаг бүртгэлийн баримт (хх 114-121, 175-183) зэргээс үзэхэд шүүгдэгч удаа дараа худал мэдүүлэг өгч байсан нь нотлогдож байна.
12.Хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч У.Хүсэлжаргалын “Би ээжийн талаар мэдүүлэх өгөхгүй” гэх (хх 50-51) мэдүүлэг, *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, давхар нотолж байгаа болно. (хх 50-51, 104-110)
13.Шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл, хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс гэмт хэрэг үйлдэж, төгссөнд тооцдог. Шүүгдэгч ******* нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.
14. Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу, тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулжээ.
15. Шийтгэх тогтоолын “тодорхойлох хэсэг”-ийн 1.1-д “Шүүгдэгч *******ыг ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.” гэж бичсэн боловч “тодорхойлох хэсэг”-ийн 2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, ямар хэмжээний хохирол учирсан зэрэг хэргийн үйл баримтын талаар хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон эсэхийг тодорхой дүгнэж бичээгүй, хэт товч дүгнэлт хийсэн, “тодорхойлох хэсэг”-ийн 5.1-д хохирогч *******ийн нэрийг “Б.Шүрэнцэцэг” гэж буруу бичсэн алдааг гаргасан байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 1761.1 дүгээр зүйл нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагчид шийдвэр гүйцэтгэгчээс хяналт тавих харилцааг зохицуулсан тул шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн 4.3.2-т энэ зүйлийг бичсэнийг хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж дүгнэв. Гэхдээ шийтгэх тогтоолын бичилттэй холбоотой эдгээр алдаа нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй юм.
16.Шүүгдэгч *******ын “Миний бие хохирогч *******ийн гар утсыг аваагүй талаар удаа дараа, үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэтэл ******* нь намайг санаатайгаар гүтгэж, энэ хэрэгт холбогдуулсан. Мөрдөгч хэт нэг талыг барьж, нарийвчилж шалгаж тогтоолгүйгээр намайг гар утас хулгайлсан гэж, нотлох баримтгүйгээр хилсээр хэрэг тулгасанд гомдолтой байна. Би гэмт хэрэг үйлдээгүй тул давж заалдах шатны шүүхээс үнэн зөвийг тогтоож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэх давж заалдах гомдлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдож, тогтоогдохгүй, тэрээр гэмт үйлдсэн, гэм буруутай болох нь хөдөлбөргүйгээр тогтоогдож байх тул түүний гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалт, энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Шүүгдэгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 144 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Шүүгдэгч ******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэх үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ
Г.УРТНАСАН