| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунсүхийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 128/2025/0512/З |
| Дугаар | 128/ШШ2025/0857 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2025/0857
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.У*******, өмгөөлөгч Г.Н******* нарыг оролцуулан, Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч: Т******* ХХК /Д******* мийт ХХК/.
Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч.
Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
1.1.Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 2024 оны 10 дугаар сарын 24-нд Төрөл бүрийн шаваас, эмульс нийлүүлэх тендер зарлаж, 2024 оны 11 дүгээр сарын 18-нд нээж, тендерт оролцсон Гранд кумо химикал ХХК гомдол гаргасны дагуу Сангийн яам 2024 оны 12 дугаар сарын 26-нд гомдлыг хянасан.
1.2.Гомдолд Д******* мийт ХХК-ийн ирүүлсэн шаваасын шинжилгээний тайлангийн QR код дээрх огноо (2022 оны 09 дүгээр сарын 11) болон тендерт ирүүлсэн дээжийн огноо (2023 оны 07 дугаар сарын 25) хооронд зөрүү байгаа тул эх сурвалжаас нягтлах шаардлагатай гэж дурдсан.
1.3.Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас Т******* ХХК-тэй холбоотойгоор Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 56.5-д заасан нөхцөл үүссэн байж болзошгүй талаар мэдээлэл хүргүүлсэн. Үүний дагуу Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2025 оны 02 дугаар сарын 19-нд удирдамж гаргаж, улсын байцаагч шалгалт эхлүүлсэн. 2025 оны 02 дугаар сарын 24-нд нэхэмжлэгчид шалгалт эхэлснийг мэдэгдсэн.
1.4.Т******* ХХК-ийн ирүүлсэн барааны шинжилгээний тайлангийн QR код дээр 2022 оны мэдээлэл гарч ирсэн. Харин тендерт хавсаргасан баримтад 2023 оны огноотой байсан тул 2022 оны тайланг 2023 болгон өөрчилсөн гэж дүгнэсэн.
1.5.Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1 (хуурамч баримт бичиг)-ийн нөхцөлд хамааруулсан. Тендерийн баримт бичгийн ТШ317.5-д шинжилгээний тайлан ирүүлэх шаардлага байгаагүй.
1.6.Иймд шинжилгээний тайлан нь шаардлагагүй, хамааралгүй баримт бөгөөд түүнд тулгуурлан дүгнэлт гаргасан нь буруу.
1.7.Үйлдвэрлэгчийн баримт хүчин төгөлдөр байсан. БНХАУ-ын Х******* ХХК-аас Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, Бүтээгдэхүүний чанарын гэрчилгээ 2027 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хүчинтэй тамга бүхий баримт авсан.
1.8.QR код дээрх мэдээлэл 2022 он гэж гарах нь Гэрчилгээ олгогч байгууллагын мэдээллийн системийн асуудал. Үйлдвэрлэгчийн хэлснээр гэрчилгээг хүчингүйд тооцох үндэслэл биш. QR код анхны дээж өгсөн огноогоор үлдсэн байх магадлалтай.
1.9.Баримт бичигт өөрчлөлт оруулаагүй. Нэхэмжлэгч үйлдвэрлэгчээс ирсэн баримтыг ямар ч засваргүйгээр тендерт хавсаргасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.5.1-д заасан баримт бичгийг өөрчлөх үйлдэл хийгдээгүй. Үйлдвэрлэгч өөрөө 2022 оны баримт өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. QR кодын мэдээлэл өөрчлөгдөөгүй байж болно гэж тайлбарласан.
1.10.Хуурамч баримт биш байсан. Үйлдвэрлэгчийн баталгаагаар баримт жинхэнэ. Иймд хуулийн хуурамч баримт бичиг гэсэн ангилалд хамаарахгүй
1.11.Улсын байцаагч 2025 оны 04 дүгээр сарын 24-нд 17 дугаар дүгнэлт гаргаж, Т******* ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгүүлэх санал гаргасан. Нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 02-нд улсын ерөнхий байцаагчид гомдол гаргасан. 2025 оны 06 дугаар сарын 03-нд улсын ерөнхий байцаагч дүгнэлтийг хэвээр үлдээсэн.
1.12.Эдгээрээс дүгнэвэл, Тендерт шаардлагагүй баримтад үндэслэн буруу дүгнэлт гаргасан, ирүүлсэн баримт нь үйлдвэрлэгчийн жинхэнэ, хүчин төгөлдөр баримт бөгөөд баримтад ямар нэгэн засвар хийгдээгүй, QR кодын мэдээллийн зөрүү нь үйлдвэрлэгчийн системийн асуудал бөгөөд нэхэмжлэгчтэй холбоогүй.
1.13.Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д заасан хуурамч баримт бичиг-ийн нөхцөл үүсээгүй, Тендерт оролцох эрхийг хязгаарлах үндэслэл байхгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хоёр.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
2.1.Т******* ХХК нь тендерт 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр олгосон гэж өөрсдөө бичсэн шинжилгээний тайлан ирүүлсэн. Гэвч үйлдвэрлэгч Х******* ХХК-аас авсан тодруулгаар Дээж өгсөн огноо: 2022 оны 07 дугаар сарын 25, Шалгалтын огноо: 2022 оны 07 дугаар сарын 25, 2023 оны шинжилгээний тайлан нь 2023 оны 12 дугаар сарын 21-нд дүгнэгдсэн байдаг.
2.2.Тендерт ирүүлсэн тайлангийн QR кодыг шалгахад 2022 оны тайлангийн мэдээлэл гарч ирсэн. Иймээс компани 2022 оны тайлангийн огноог 2023 болгон засварлаж ирүүлсэн гэж дүгнэсэн.
2.3.ТШЗ 17.5-д оролцогч барааны техникийн үзүүлэлт нь шаардлагад нийцэж буйг нотлох баримт ирүүлэх ёстой гэж заасан. Эсхүл түүнтэй дүйцэх бараа санал болгосон бол техникийн тодорхойлолттой дүйцэхийг нотлох баримт шаардлагатай.
2.4.Хариуцагчийн тайлбарын дагуу нэхэмжлэгчийн гаргасан хамааралгүй баримтад тулгуурласан гэх гомдол нь үндэслэлгүй гэж үзсэн.
2.5.Сангийн яаманд 2025 оны 02 дугаар сарын 06-нд ирүүлсэн албан бичгийн дагуу хяналт шалгалт хийгдсэн шалгалтаар Тендерт хавсаргасан шинжилгээний тайлангийн огноо (2023 оны 09 дүгээр сарын 11), Үйлдвэрлэгчийн QR кодоор гарч буй огноо (2023 оны 12 дугаар сарын 16), Мөн QR кодоор харагдах мэдээлэл нь 2022 оны тайлан, эдгээр нь хоорондоо зөрүүтэй болох нь тогтоогдсон.
2.6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.1.4-д баримт бичигт худал буюу зөрүүтэй мэдээлэл ирүүлсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ. Ийм нөхцөл үүссэн гэж үзсэн тул улсын байцаагчийн дүгнэлт нь хуульд нийцсэн.
2.7.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэл үндэслэлгүй байна.
Гурав.Тогтоогдсон үйл баримтын тухайд:
3.1.Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас газраас зарласан Төрөл бүрийн шаваас, эмульс нийлүүлэгчийн сонгон шалгаруулах ******* дугаар тендерт оролцогч нараас гаргасан гомдлын дагуу Сангийн яам 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03/10688 дугаар албан бичгээр ... Д******* мийт ХХК /Т******* ХХК/-аас ирүүлсэн тендер ... техникийн тодорхойлолтын 3-т заасан Ханын хавтангийн чигжээс плитаны, 6-д заасан Шаваас НЦ-500-д заасан шаардлагыг нотлох баримт ирүүлээгүй байхад техникийн тодорхойлолтод нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, БНХАУ-ын Х******* ХХК-аас ирүүлсэн Z220725003, Z230302010, Z230718009 дугаар шинжилгээний тайлангийн мэдээллийг QR кодоор уншуулж шалгахад Z220725003 дугаар Дотоод заслын чимэглэлийн зориулалттай шаваас-д хийсэн шинжилгээний тайлан 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гарсан гэж тэмдэглэгдсэн байхад Д******* мийт ХХК-аас ирүүлсэн тендерт дээж өгсөн огноо 2023-07-25, шалгалтын огноо 2023-07-25 гэж зөрүүтэй байгаа асуудлыг холбогдох эх сурвалжаас нягтлан шалгах шаардлагатай гэж үзэн захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 10-нгы өдрийн СЭ-112-12/7838 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг захиалагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т мэдэгдсэн.
3.2.Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Хяналт шалгалт хийх тухай 02 дугаар удирдамжаар Т******* ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн эсэх талаар хяналт шалгалт явуулахаар шийдвэрлэсэн, Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч хугацааг 2025 он 03 дугаар сарын 26-ны өдрийн 10/2097 дугаар шийдвэрээр 30 хоногоор сунгасан байна.
3.3.Улмаар Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 17 дугаар дүгнэлтээр Т******* ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэнтэй холбогдуулан дээрх дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3.4.Сангийн сайдын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаар тушаалаар хавсралтаар Т******* ХХК-ийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэсэн, энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.
Дөрөв.Шүүхээс хийсэн дүгнэлтийн тухайд:
4.1.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Нэхэмжлэгчээс тендерт оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, баримт бичиг өөрчилсөн үйлдлүүдийн алийг нь ч гаргаагүй гэж, хариуцагчаас барааны QR кодыг шалгахад огноо зөрүүтэй байсан гэж тус тус тайлбарлан маргасан.
4.3.Д******* мийт ХХК /Т******* ХХК/ тендерийн бичиг баримтад хавсаргасан 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Тендер илгээх маягтад ... дор дурдсан нөхцөлийг баталж энэхүү тендерийг хүргүүлж байна. ... 1.Тендерийн баримт бичиг, түүнд заасан гэрээний нөхцөл (гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл, гэрээ баталгаажуулах маягт)-тэй танилцаж, бүрэн хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон. ... 3.Тендертэй холбоотой нотлох баримт, мэдээллийг холбогдох этгээдээс гаргуулах эрхийг захиалагчид олгож байна. ... 6.Хуулийн 7.1, 22.2, 56.5-д заасныг зөрчсөн болон тендер шалгаруулалтад үнэн зөв, зөрүүгүй орчуулга ирүүлэх үүргээ зөрчсөн тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх үндэслэл болохыг хүлээн зөвшөөрч байна. ... 7.Тендер санал болгосон бараа нь оюуны өмчийн зөрчилгүй, эрхийн болон биет байдлын доголдолгүй болохыг баталж байна гэх мэдэгдлийг захиалагч Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хүргүүлсэн байна.
4.4.Мөн өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 24/118 дугаар албан бичгийн 6-д Бид тендерийн баримт бичигтэй бүрэн танилцсан ба тендерийн баримт бичгийн 6 дугаар бүлэгт заасан гэрээний ерөнхий нөхцөл болон тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч байгаа-гаа мэдэгджээ.
4.5.Дээрх баримтуудаас харвал нэхэмжлэгч .Д******* мийт ХХК /******* ХХК/ уг тендер шалгаруулалтад оролцох хүсэл зоригоо илэрхийлсэн нь тодорхой байна.
4.6.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална гэж зааснаас харвал тендер шалгаруулалтад оролцогч нь тухайн харилцаанд хариуцлагатай байх зарчмыг баримтлах үүрэгтэй.
4.7.Т******* ХХК Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан дээрх тендер шалгаруулалтад оролцохдоо хүргүүлсэн Z220725003 дугаар Дотоод заслын чимэглэлийн зориулалттай шаваас барааны шинжилгээний тайлангийн огноо нь захиалагчид үйлдвэрлэгчээс ирүүлсэн 2022, 2023 оны шинжилгээний тайлангийн огнооноос зөрүүтэй болох нь хэрэгт авагдсан Х******* ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдсон.
4.8.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1-д худалдан авах ажиллагаанд оролцоход оролцогчийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангах талаар хуурамч баримт бичиг, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн, 56.6.1-д энэ хуулийн 56.5-д заасан тохиолдолд оролцогчийг тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх санал гаргах гэж заасан.
4.9.Хариуцагч албан тушаалтан Z220725003 дугаар шинжилгээний бичиг нь 2023 оны 09 дүгээр сарын 11, QR кодыг уншуулан шалгахад 2022 оны 09 дүгээр сарын 11, захиалагчид үйлдвэрлэгчээс ирүүлсэн 2022 оны тайлангийн барааны QR кодыг уншуулан шалгахад 2022 оны 09 дүгээр сарын 11 буюу ижил огноотой, Z220725003 дугаар барааны 2023 оны шинжилгээний тайлангийн QR кодыг уншуулахад 2023 оны 12 дугаар сарын 16-ны огноотой байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.
4.10.Тендерт оролцогч байгууллага нь тодорхой шаардлагуудыг хангах ёстой бөгөөд санхүүгийн чадавх, техникийн нөхцөл баримт бичгүүд нь хуурамч, худал, эсхүл бодит бус мэдээлэл бүхий баримт бичгийг ирүүлэхгүй байх шаардлагатай бөгөөд тендерт оролцогч өөрийн хүргүүлсэн тендерийн үнэн зөвийг захиалагчийн өмнө хариуцах[1] учиртай.
4.11.Нэхэмжлэгч хуулийн этгээд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан тендерт хүргүүлсэн баримт бичгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгаагүй, мэдээлэл зөрүүтэй болох нь тогтоогдсон энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлж, тендер шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалтад бүртгэх саналыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн маргаан бүхий захиргааны актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, энэ талаар нэхэмжлэгчийн тендерт оролцохдоо хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй, баримт бичиг өөрчлөөгүй гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
4.12.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.1, 56.6.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т******* ХХК-аас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР