Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 00055

 

Монгол улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   Б.Ариунсанаа

             Улсын яллагч                                 О.Баярсайхан

                         Шүүгдэгч                                         Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх О.Баярсайханаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ад холбогдох 1832000390046 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                           

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *тоотод оршин суух хаягтай, өмнө ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай,

 

Боржигон овгийн Болдын А РД:/*/.

 

  Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:

Шүүгдэгч Б.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Дэнжийн 20 тоотод 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нь согтуугаар эхнэр Д.Оийг хэрүүл маргаан хийлээ гэж бие махбодид халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А нь мэдүүлэхдээ: .... Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг маань үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох

 

 Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..... 2018 оны 03 дугаар сарын 08-09 шилжих шөнө 01 цагийн үед гэртээ ирсэн. Тэр үед манай гэрт манай 3 хүүхэд, нөхөр Б.А нар байсан. Би гаднаас орж ирэхдээ нөхрийн дүү Б.От, эхнэр М.Аз нарын хамт согтууруулах ундаа хэрэглэсэн орж ирсэн. Гэртээ орж ирээд би нөхөр Б.Аыг сэрээгээд бид нар цуг архи уухаар болж дүү Отыг дэлгүүр явуулж 0.5-ын Хараа архи 2 шилийг авчирсан байсан. Мөн гаднаас орж ирэхдээ Энхжаргал гэх дүүгээ дагуулаад ирсэн. Тухайн үед ба архи ууж байгаад нилээн муудсан байсан учир Б.Оттай хэрэлдэж маргалдаж байснаа санаж байна. Гэхдээ яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна. Дараа нь би согтоод байсан учир орон дээрээ очиж унтахаар явсан. Унтаж байсан чинь миний хоолойноос боосон. Нүдээ нээгээд харах гэсэн харанхуй байсан. Тэгсэн манай нөхөр Б.А нь чамайг алчий гэж орилоод миний нүүр хэсэг рүү цохиод байсан. Тэгээд би гуйж аргадаад унтуулсан. Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/

 

   Шинжээчийн дүгнэлт:............

           2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 50 дугаартай .....

           

            Д.Оийн биед үүдэн 1 шүд хугарсан, тархи доргилт, нүүр, хүзүү, зүүн тохой, 2 гарын алганы ар хэсэгт цус хуралт, нүүр, 2 нүд, эрүүнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.         

            5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/

 

          Шүүгдэгч Б.Аын иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 21 дүгээр хуудас/

          Шүүгдэгч Б.Аын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 29 дүгээр хуудас/

          Хохирогч Д.Оийн бид эвлэрч одоо хэвийн амьдарч байгаа, гомдол санал байхгүй гэх хүсэлт /ХХ-ийн 25 дугаар хуудас/

          Шүүгдэгч Б.А, хохирогч Д.О нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /ХХ-ийн 31 дүгээр хуудас/

          Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 32 дугаар хуудас/,

          Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч Х.Содмандахын хийсэн Аюулын зэргийн үнэлгээний маягт /ХХ-ийн 34-36 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.А нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Дэнжийн 20 тоотод 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нь согтуугаар эхнэр Д.Оийг хэрүүл маргаан хийлээ гэж бие махбодид халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгчийн шүүхийн мэдүүлэг болон хохирогч Д.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 8-9 дүгээр хуудас/, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт № 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 17 дугаар хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Б.Аыг согтуугаар эхнэр Д.Оийг хэрүүл маргаан хийлээ гэж бие махбодид халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Аыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар баг Дэнжийн 20 тоотод 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Д.Оийг хэрүүл маргаан хийлээ гэж бие махбодид халдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон шүүгдэгч прокурортой ял шийтгэлийн талаар тохиролцсон зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

 

Хохирогч Д.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон     

Тогтоох нь:

1.Шүүгдэгч Боржигон овгийн Болдын Амаржаргаыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Д.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг 500 нэгж буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт  зааснаар Б.Аыг торгох ялыг 03 сар хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

 

6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.РЕНЧЕНХОРОЛ.