Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2024/ДШМ/868

 

 

 

 

   2024            07              30                                        2024/ДШМ/868

 

                                               Ц.Б-д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Г.Бат-Оргил,

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/492 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ы  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2309019471774 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

 

Б-,

Багануур дүүргийн шүүхийн 1996 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багануур дүүргийн шүүхийн 1997 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн 69 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-д зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан;

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2023 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн *** тоотод амь хохирогч Д.Б-тай “өөрийн төрсөн дүү Ц.Л-ыг зодсон" гэх шалтгаанаар түүнийг зодож хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ц.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Б-ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13 /арван гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Ц.Б-ы цагдан хоригдсон 287 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр өөрийн төрсөн дүү Ц.Л-ын гэрт байж байхад дүү минь орилохор нь сэртэл талийгаач дүүгийн маань дээр гараад суучихсан цохиж байсан. Тэгээд би түүнтэй маргалдаж харилцан боогоод талийгаач өндөр болохоор намайг боогоод тавихгүй болохоор нь би “архи авч өгье” гээд гуйж тавиулаад талийгаач Л-тай яваад ир гэсэн. Тэр хойд талын орны буланд суугаад л үлдсэн… Бид хоёр архи авчирахаар гараад явж байхад дүү маань гэртээ хонохгүй айлд очиж хононо гэхээр нь би бас очоод яахав дээ гээд хот руу явсан. Би тухайн үед хэрэг болтлоо хүндэрч хүний амь насанд хүрнэ гэж огт бодоогүй. Ийм гэмт хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Би хөдөө орон нутагт ажил эрхэлж цалингаа аваад хотод ирэхээрээ дүү Л-ындаа ирж хоол хүнс, түлээ нүүрс авч өгөөд явдаг. Дүүдээ чадах чинээгээрээ туслаад явдаг. Намайг дүүгийндээ очих үед дүүгийн маань нүүр ам нь голдуу хөхөрсөн байдалтай, царай зүс гундуу байдаг байсан. Би тэдний гэр бүлийн дотоод асуудалд оролцдоггүй. “Ажил төрөл олж хий. Хүн шиг сайхан амьдар” гэж хэлдэг байсан. ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгч, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хурал болж гэм буруутайг хэлэлцэх үед миний төрсөн дүү болох Ц.Л- нь гэрчээр шүүхэд мэдүүлэг өгөхөөр орж ирсэн. Тухайн нь үед би төрсөн дүүгээ харахад хүн хэлэхийн аргагүй царай төрхтэй, үхэх гэж байгаа хүн шиг хамаг бие нь салгалаад, мэдүүлэг өгөхдөө бүх бие нь чичрээд байхаар нь би дүүгээ өмөөрөөөд прокурортой маргалдсан. Би маш их сэтгэлийн хөөрөлтэй, биеэ барьж үнэхээр дийлэлгүй зүй бус үг хэлсэндээ маш их харамсаж байна. Миний төрсөн дүүг шүүх хурал дээр гэрчээр орж ирэхээс өмнө шүүх хурал хэвийн тайван явагдаж байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч бүх бурууг өөр дээрээ авч гэмшиж байгаагаа хэлж тайлбарлаж, үгээ гүйцэд хэлж чадаагүй. Хохирогчийн ар гэрээс уучлалт гуйж чадаагүй, прокурортой харьцахдаа зүй бус авир гаргасандаа үнэхээр их харамсаж байна. Өдий 54 насандаа ийм гэмт хэрэгт холбогдож 13 жилийн ял авч, хүний алтан амийг бүрэлгэсэндээ маш их харамсаж байна. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 13 жилийн хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ... ” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-ы өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч Ц.Б- анхан шатны шүүх хуралд өмгөөлөгчгүй оролцсон байдаг. Ц.Б-ы хувьд үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрдөг, зүйлчлэл дээр маргадаггүй. Уг гэмт хэрэгт холбогдсон шалтгаан нь шүүгдэгчийн дүүг амь хохирогч зодож, цохисноос болж хэрүүл маргаан үүссэн. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 1996-1997 оноос хойш дахин гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хөдөө орон нутагт хамгаалалтын албанд ажилладаг, ганц бие хүн. Шүүгдэгч А.Б-ы хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, амь хохирогчийн ар гэрийнхнээс уучлалт гуйсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Б-ы хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт цугларсан болон анхан шатны шүүх хуралд хэлэлцэгдэж судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үйл баримтыг зөв тогтоож үндэслэлтэй дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг эргэлцээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгчид оногдуулсан хорих ял нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад оршино.

 

Өөрөөр хэлбэл, нотлогдвол зохих үйл баримтыг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг зөв зүйлчлэх, тухайн этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тодорхойлоход ач холбогдолтой байдаг.

 

Прокуророос Ц.Б-ыг 2023 оны 06 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн **** тоотод амь хохирогч Д.Б-тай “өөрийн төрсөн дүү Ц.Л-ыг зодсон” гэх шалтгаанаар маргалдаж, түүнийг зодож алсан хэмээн яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд “...хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэрэг учрал гарсан өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө амь хохирогч Д.Б-, шүүгдэгч Ц.Б-, гэрч Ц.Л- нар байсан, өөр хүн байгаагүй, шүүгдэгч нь өөрийн төрсөн дүүг өмөөрч амь хохирогч болон шүүгдэгч нарын хооронд маргаан тэмцэл болсныг гэрч, шүүгдэгч нарын хэн аль нь мэдүүлсэн, шүүгдэгч нь амь хохирогч Д.Б-ийг зодсон үйлдэл болон хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон. ...” гэж дүгнэн Ц.Б-ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулжээ..

 

Анхан шатны шүүх ийнхүү дүгнэж дээрх нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгохдоо гэрч Ц.Л-ын “... 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр гэртээ төрсөн ах Ц.Б-ы хамт хоносон...ах Ц.Б- цүнхнээсээ архи гаргаж ирээд ганцаараа уугаад байхаар нь би уурлаад “Бушуухан явж үз. Архи уусан байхыг чинь хармааргүй байна“ гэхэд ах “Би өөрөө мэдэж байна. Тэртээ тэргүй хэд хоногоос явчихна” гэж хэлээд ийшээ тийшээ утасдаад данс руугаа мөнгө хийлгээд гарч дэлгүүрээс архи аваад ганцаараа уугаад байсан. ...Орой 19 цагийн үед талийгаач Б- гаднаас тал шил архи барьчихсан орж ирээд хамаг хувцсаа тайлж шидээд надтай  бэлгийн ажил хийнэ гээд дайраад байсан. Манай ах Ц.Б- согтоод газар унтаж байсан. Талийгаач над руу шалдан нүцгэн дайраад ор луу түлхэхээр нь би болиоч гээд урдаас нь түлхсэн чинь талийгаач миний цээжин дээр өвдөглөөд үнсэх гээд дайраад байхаар нь арай чүү гэж тэмцэж босоод гараад гүйсэн. ...намайг гарахад талийгаач эхээс төрсөн биеэрээ байсан. Гэрээс гарч яваад Д, Б нарын гэрт очиж хоносон. ... Шөнө бараг унтаж чадаагүй, үүрээр унтаад өдөржингөө унтаж байгаад дөнгөж бүрэнхий болох гэж байхад гараад гэр рүүгээ ороход талийгаач пийшин, ор хоёрын хооронд хэвтэж байсан. Татсан чинь ямар ч хөдөлгөөнгүй болохоор нь сандарч гүйгээд Гомбынд орж түргэн дуудсан. ...Манай ах Б- гэрт байхдаа намайг заазуурдсан гэсэн шүүхийн бичгийг олж уншчихаад “Энэнд заазуурдуулаад байхдаа яадаг юм бэ” гэж хэлэхээр нь би “Танд ямар хамаатай юм бэ” гэж хэлсэн. Өмнө нь бас ирэхэд нь талийгаач намайг зодоод нүд ам хөхөрсөн байсан юм. Тэгээд занаад байсан юм шиг байна лээ. Ах намайг өмөөрч талийгаачийг зодоод үлдсэн. Манайхаар өөр хүн амьтан очдоггүй, энэ ахаас л гарцаагүй...” /1хх 155-156/,

гэрч Д.Б “... би он сар өдрөө санахгүй байна. Л- намайг скоч аваарай гэхэээр нь би маргааш нь тэдний гэрээр нь ороход хашаа болон амбаар, гэрийн хаалга нь онгорхой байхаар нь орсон чинь талийгаач гэрийн баруун талд баахан матрассан дээр дээгүүрээ хөнжил нөмөрсөн байдалтай нүүр нь ил гарсан хэвтэж байхаар нь би тасраад унтаж байна гэж бодоод очилгүй гараад явсан. Тэгээд тэр өдрөө Л-тай таараагүй. ...Маргааш нь Л-ыг үхсэн, нөхрийг нь үхсэн гээд хоёр өөр яриа гараад байсан болохоор би алинд нь ч итгээгүй. ... Би дараа нь Ц-д таарсан чинь “Ц.Б- муу алуурчин, барьж өгнө“ гээд хараагаад байхаар нь архи уусаар байгаад балай болчихож гэж бодсон. Тэгж хэлэхээр нь би ах нь өмөөрөөд зодсон юм байна гэж бодсон. ...” /1хх 136-137/,

шинжээч эмч Э.Баасанжавын “ ...талийгаачийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байсан бөгөөд дүгнэлт хэсгийн 11-рт тусгагдсан гэмтлүүд нь нас барсны дараа үүссэн гэмтэл байсан. Цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон ховч яс төвөнх мөгөөрсөн хугарал зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтлийг авсан даруйд үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй бөгөөд нас барна. Элэгний эдийн задрал хэвлийн хөндий дэх шингэн хуралдалт гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар мөн амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун 4-7, зүүн 5-10 дугаар хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 22.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дух, зүүн сарвууны гэмтэл нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн зүүн чих, шанаа, чамархай духны зүүн хэсгийг нэлэнхүйд нь хамарсан 19x15 см цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх төвөнх мөгөөрсний хугарал гэмтэл нь тухайн хэсэг газар урдаас арагш чиглэлд хүзүү хоолойг ямар нэгэн зүйлээр боох зэргээр үүсэх боломжтой. Мөн ховч ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн төвөнх мөгөөрсний хугарал гэмтэлтэй зэрэг үүссэн байх боломжтой. ...” /1хх 168-169/,

Ц.Б-ы яллагдагчаар өгсөн “...2023 оны 06 дугаар сарын 25-ны орой 22 цагийн үед хохирогч дүүтэй маань уулзахаар ирсэн. Тэгээд мөрөөрөө дүүтэй маань уулзаад аятайхан байж хэрүүл хийлгүй хоноод явчихгүй, дүүг маань зодоод байхаар нь би дүүгээ өмөөрч болиулах гэхэд намайг зодох гэж заамдаж авсан. Тэгээд миний хоолой боогдох үед уур маш их хүрч гэнэт цочролд орж  хохирогчийг ор луу түлхэж ноцолдож байгаагаа санадаг юм. Хохирогчийн буруутай үйлдлээс болж дүүгээ хамгаалах гээд хохирогчтой заамдалцаж ноцолдсоноос болоод хүний аминд хүрсэн. ...хохирогчийн хоолой, түнхний хэсгийн арьсан дээр үүссэн улайлт бол хохирогч бид хоёрыг ноцолдож байхад үүссэн байх гэж үзэж байна. ...Ноцолдож байхад Л- байгаагүй, түрүүлээд гараад явчихсан байсан...” /1хх 12/ гэсэн мэдүүлгүүд болон хэргийн газар болон орон байранд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 25-52, 53-57, 59-72/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 77-81/ зэрэг нотлох баримтуудын зөрүүтэй байдалд дүгнэлт хийгээгүй байна.

 

Тодруулбал, Ц.Л- 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр “...амь хохирогч уурлаад намайг багалзуурдаад архинаасаа 2-3 удаа цутгахаар нь арай гэж гарч зугтаад Б, Д нарын гэрт хамт хоносон. ...Маргааш нь гэрт орсон чинь зуух ор хоёрын голд амь хохирогч хэвтэж байсан. ...” /1хх 152/, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр гэрчээр “...25-ны өдөр Б- ах дэлгүүрээс архи авч уугаад байсан. ...19 цагт амь хохирогч орж ирээд над руу шалдан, нүцгэн дайраад ор луу түлхэхээр нь би болиоч гээд урдаас нь түлхсэн чинь миний цээжин дээр өвдөглөөд байхаар нь арай гэж тэмцэж босоод гараад гүйсэн. ...амь хохирогч миний үснээс зулгаагаад гэр лүү оруулсан. Би гэрлүү ороод арай гэж гутлаа өмсөөд зугтсан. ...” /1хх 155-156/, Д.Б гэрчээр   “...тэдний гэрээр нь ороход хашаа болон амбаар, гэрийн хаалга нь онгорхой байхаар нь орсон чинь талийгаач гэрийн баруун талд баахан матрассан дээр дээгүүрээ хөнжил нөмөрсөн байдалтай нүүр нь ил гарсан хэвтэж байхаар нь би тасраад унтаж байна гэж бодоод очилгүй гараад явсан. Тэгээд тэр өдрөө Л-тай таараагүй. ...Маргааш нь Л-ыг үхсэн, нөхрийг нь үхсэн гээд хоёр өөр яриа гараад байсан болохоор би алинд нь ч итгээгүй. ...” /1хх 136/ гэж, шинжээч эмч Баасанжав “...цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон ховч яс төвөнх мөгөөрсөн хугарал зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.9-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтлийг авсан даруйд үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй  нас барна. ...” /1хх 168-169/ гэж тус тус мэдүүлсэн байх ба хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтээс харахад амь хохирогч Д.Б- нь ногоон эрээн өнгийн даавуун куртик, толботой ноосон хар ногоон цамц, цагаан болон цэнхэр өнгийн судалтай даавуун футболк, доогуураа хар өнгийн өмд, хар бүс, цайвар оймстой, ор болон зуух хоёрын голд хэвтэж байсан /1хх 25-34/ талаар бэхжүүлэгдсэн байхад эдгээрээс аль нэгийг нь үнэлэхдээ нөгөөг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасантай нийцэхгүй байна.

 

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ, тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харилцан эсрэг, эсхүл нэгдмэл сонирхолтой байж болох гэрчийн мэдүүлгийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлж дүгнэсний эцэст хэргийн бодит байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгчийн үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийх учиртай. Ингэхдээ дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа нөгөөг нь ямар үндэслэлээр няцааж үгүйсгэснээ зааж, Эрүүгийн хуулийн хэм хэмжээ, үзэл баримтлалд нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглэсэн шүүхийн шийдвэрийг хууль ёсны үндэслэлтэй гэж үзнэ.

 

Түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтын /холбогдсон хэргийн агуулгыг/ талаар хэт ерөнхийлөн, тухайлбал “...Ц.Б- нь амь хохирогч Д.Б-тай “өөрийн төрсөн дүү Ц.Л-ыг зодсон” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож хүнийг алсан” гэж  гэмт хэрэг гарсан байдал, үйлдсэн шалтгаан, арга, сэдэлт, хэргийн талаарх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна.

Өөрөөр хэлбэл, яллах дүгнэлтэд, хэн, хэрхэн яаж, хэнд ямар хохирол учруулсныг тодорхой заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтын агуулгад нийцэх бөгөөд ингэснээр мөн хуулийн 1.7, 34.14, 35.8 дугаар зүйлд заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн бодит байдлыг тогтоох зарчим хангагдах учиртай.

 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1789 дүгээр дүгнэлтэд “...Талийгаач Д.Б-ийн цогцост ховч яс, төвөнх мөгөөрсний хугарал, зөөлөн эдийн цус хуралт, баруун 4, 5, 6, 7, зүүн 3, 5, 6, 7, 8, 9, 10 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, элэгний эдийн няцрал /хэвлийн хөндий дэх цус хуралдалт /500.0мл/ дух зүүн сарвууны шарх, дух, хүзүү, эрүү , цээж, баруун шанаа хацар, шуу, зүүн тохой, сарвуу хоёр шилбэнд зулгаралт, зүүн дулай, духны хуйх, баруун бамбай булчирхай, дух, эрүү, цээж, хэвлий, зүүн чих, шанаа чамархай, хацар, эгэм, ташаа, баруун шанаа, хацар, хөмсөг зовхи ташаа, өлмий гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Духны шарх гэмтэл нь мохоо болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Ховч яс, төвөнх мөгөөрсийн хугарлын үед үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. ...Талийгаач нь рефлексийн бүсийн гэмтлийн улмаас зүрх гэнэт зогсож, нас баржээ. Зүүн 3 дугаар хавирга болон эрүүнд 12.0x3.5 см, цээжний зүүн дээд хэсэг хүзүүний доод хэсгийг хамарсан 7.5x4.5 см, баруун эгмэнд 1.0x1.0, 0.3x0.2 см хэмжээтэй 7 ширхэг хүрэн шаргал өнгийн зулгаралт нь нас барсны дараа үүссэн гэмтэл. ...” байна гэж тодорхой тусгасан байхад прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтэд дээрх учирсан олон тооны гэмтэлийг хэн, хэрхэн яаж учруулсан талаар дүгнээгүйгээс гадна нас барсны дараа үүссэн “...эрүүний 12.0x3.5 см, цээжний зүүн дээд хэсэг хүзүүний доод хэсгийг хамарсан 7.5x4.5 см, баруун эгмэний 1.0x1.0, 0.3x0.2 см хэмжээтэй 7 ширхэг хүрэн шаргал өнгийн зулгаралт” бүхий гэмтлийн талаар огт шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

 

Үүнээс гадна гэрч Э.Б-ын “...Л-ыг хашаан дотор гэрийнх нь амбаарын урд үснээс нь зулгаачихсан байж байсан. Цамцыг нь дээш нь татаад хоолойг нь боогоод доош нь дараад байсан. ...Тэгээд босож ирэхээр нь дахиад барьж аваад зодоод байхад нь тэр хавиас нь болиоч гээд эрэгтэй хүн орилох шиг болсон. ...тарган биеэрхүү дунд зэргийн нуруутай эрэгтэй хүн зодож байсан. ...Малгайтай цамцтай бараан хувцастай хүн байсан” /1хх 128/, гэрч Д.А-ын “...2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Л- эгч ганцаараа гудамжнаас уруудаад ирсэн ба нүүр амаа маажуулсан байсан бөгөөд ахдаа зодуулчихлаа гээд явж байсан. ...” /1хх 117/ гэх мэдүүлгүүд,

 “...Ц.Л-ын биед элэгний зүүн дэлбэнгийн 2, 3-р сегментийн урагдал язрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /700 мл/, баруун 6, 7, 8, 9-р хавирга, зүүн 4 ,5, 6, 7, 8, 9-р хавирганы далд хугарал, цээжний хөндийд шингэн хуралдалт, баруун шуунд шарх, 2 нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, цээж, нуруу, бугалга, шуу, гуя, шилбэнд цус хуралт, чамархай, хамар, хацар, уруул, шанаа, эрүү, хүзүү, цээж, нуруу, мөр, бугалга, тохой, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун шууны шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх элэгний зүүн дэлбэнгийн 2, 3-р сегментийн урагдал язрал, хэвлийн хөндийд цус хуралдалт /700 мл/, 2 нүдний зовхи, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Харин бусад гэмтлүүд нь тухайн үзүүлсэн өдрөөс 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. ...” болохыг тогтоосон Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 8368 дугаар дүгнэлт /1хх 188-190/, сэжигтнийг баривчлах үед Ц.Б-ы биед үзлэг хийхэд “...169 см өндөр, 85-90 кг орчим жинтэй,... цэнхэр өнгийн футболк, тод цэнхэр өнгийн жинсэн цамц, саарал өнгийн даавуун хос оймс, хар ногоон өнгийн ноосон юүдэнтэй цамцтай, хар хөх өнгийн зузаан дотортой ажлын өмдтэй...” байсан талаарх тэмдэглэл /2хх 85/ авагджээ.

 

Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлэгт дурдсан дээрх асуудлын талаар тодруулаагүй, ямар нэг мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн хорих ялыг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/492 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.АРИУНХИШИГ

 

ШҮҮГЧ                                                                        Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН