Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ДШМ/65

 

 

*******-******* холбогдох эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор

Шүүгдэгч *******-*******ын өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******-*******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч *******-******* холбогдох 2218000000239 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

-Монгол Улсын иргэн,  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

-Шүүгдэгч *******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн, Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын замын эсрэг талд иргэн маргалдан улмаар нүүрэн тус газар цохих, тогой дээр нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, зүүн дух, чамархай, баруун духны хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцрал, тархины хаван, гавлын ясанд 2 хэсэгт цооллого хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай усруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******-*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

-Шүүгдэгч ******* овогт -*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож.

 -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******ыг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж.

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э. -******* оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******ын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

-Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

 -Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

 -Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

 -Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******-******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******-*******ын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн Тодорхойлох хэсгийн 3. Эрүүгийн хариуцлага хэсэгт *******-******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан тухай дурдаж энэ байдлаас дүгнэлт хийн эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийг хэрэглэх боломжгүй гэж үзсэн бөгөөд хүндрүүлэн үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Шударга ёсны зарчмыг зөрчиж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд оргон зайлсан тухай заалт байдаггүй бөгөөд 6 дугаар зүйлийн 3-д шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно гэж заасан байдаг.

Манай үйлчлүүлэгч *******-******* нь амьдралын туршлагагүй , аливаа үйл явдлын мөн чанарт хандах чадвар мөхөс, өөрийн хийж буй гэмт үйлдлийн нийгмийн хор уршгийг бүрэн дүүрэн ойлгохгүй, эцэг эхгүй, орох оронгүй харж зөвлөх хүнгүй өссөн байдлууд нөлөөлснөөс гэмт хэрэгт холбогдсон. Үүнээс гадна манай улсын эдийн засгийн хүндрэл, бэрхшээл, ядуурал, соёл, боловсрол, хүмүүжлийн ажлын дутагдал маш их нөлөөлж байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр 13 дээш тоо мэдэхгүй, бичиг үсэг мэдэхгүй, зааж өгсөн ажил хийхдээ маш сайн, итгэл даадаг, хүнд худлаа яриад байдаггүй хүн юм. Манай үйлчлүүлэгч *******-******* 6 жилийн хорих ялыг оногдуулсан нь эрүүгийн хариуцлагын хувьд хүндэдсэн гэж үзэж байна. Хэдийгээр хууль мэдэхгүй нь хариуцлагаас мултрах нөхцөл болохгүй ч өнгөрсөн 2 жилийн хугацаанд оргон зайлсан гэж үзэж байгаа хугацаанд айлд мал маллаж байсан ба ямар нэг хэрэгт холбогдоогүй байдаг. Түүнийг анх шүүх хуралд ирэхгүй алга болоход малыг нь маллаж байсан ас / нь би хариуцаж дуудсан цагт нь авчирч байна гэж авч явсан, эрүүгийн хариуцлагын талаар *******-******* тайлбарлан өгөхөд би сайн ойлголоо бас ахад хэлж өгөөрэй гэхэд өмгөөлөгч би түүнд тайлбарлаж өгсөн/ асуухад намайг байхгүйд яваад өгсөн хаана байгааг нь мэдэхгүй байсан. *******- ******* нь хэзээ хаана очиж хэргээ шийдүүлэх талаар зөвлөгөө авах боломжгүй байсан байна. *******-******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирогчийн зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй байгаа болон залуу хүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тайлбартаа:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд 2022 онд өөрчлөлт орж хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн гэж нэмж оруулсан байсан. Шүүгдэгч *******-*******ыг оргон зайлсан, хэрэг мөрдөх мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэж үзэж хүндрүүлж ял оногдуулсныг эс зөвшөөрч гомдол гаргасан. Яагаад гэвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд хүндрүүлэх нөхцөл байдал байдал нөлөөлж оргон зайлсныг хүндрүүлэх нөхцөл байдал гэж заагаагүй. Хууль мэдэхгүй гэдгээр эрүүгийн хариуцлагаас зайлсхийх боломжгүй боловч энэ хүн 13 хүртэл тоолж мэднэ, өөр юу ч мэдэхгүй. Айлд мал маллаж амьдарч байсан. Багаасаа эцэг эхгүй, өнчин, орон гэргүй, тэнэмэл байдлаар амьдардаг. Хавтас хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэгт зааж өгсөн ажлыг маш сайн хийдэг. Итгэл даадаг, хүнд худлаа хэлдэггүй гэж дүгнэсэн байгаа нь энэ хүүхдийн хувийн байдлыг харуулсан. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Шүүхээс ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулсан. ******* өмгөөлөгчийн гаргаж байгаа гомдол 6.7-г хэрэглэхдээ хуульд заасан үндэслэлийг  хүндрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй байхад шүүх дүгнэлтдээ тусгасан гэж гомдол гаргаж байгаа. Шүүхээр ял оногдуулахдаа хүндрүүлж авч үзсэн зүйл байхгүй. 6.7-г хэрэглэх боломжгүй. Энэ хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж тайлбарласан болохоос биш ял оногдуулахдаа энэ нөхцөл байдлыг нь хүндрүүлж үзээгүй. Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирол, түүний хувийн байдал зэргийг харгалзаж ял оногдуулсан учраас хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ял оногдуулсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал шүүхэд үүрэг болгосон заалт биш хэрэглэж болно гэсэн заалт байгаа учраас шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн. Үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байгаа гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан журмаар гаргасан гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

- Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн, Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын замын эсрэг талд иргэн маргалдан улмаар нүүрэн тус газар цохих, тогой дээр нь хөлөөрөө дэвсэх зэргээр зодож түүний эрүүл мэндэд гавал тархины битүү гэмтэл, зүүн дух, чамархай, баруун духны хэсгийн хатуу хальсны доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцрал, тархины хаван, гавлын ясанд 2 хэсэгт цооллого хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч *******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн, Дархан сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах шатахуун түгээх станцын замын эсрэг талд иргэн маргалдан улмаар нүүрэн тус газар цохих, тогой дээр нь хөлөөрөө дэвсэх зэргээр бие эрх чөлөөнд нь халдсаны улмаас хүнд гэмтэл санаатай учруулсан нь тогтоогдсон гэж үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Хохирогч “...2022 оны 04 сарын 23-ны өдөр 64 дүгээр брак байрны 07 тоотод *******-*******, үл таних гэх эмэгтэй нартай архи, шар айраг ууж байхад ирээд бид 4 үргэлжлүүлээд архи, шар айраг уусан. Гэтэл *******-******* нь тэр эмэгтэй бид хоёрыг ална гээд орилоод байсан. Би яагаад орилоод байгаа талаар асуухад чамд ямар хамаатай юм, нэг удаа шоронд орсон юм чинь дахиад ороход яадаг юм гээд орилоод байсан. Энэ үед *******- *******ыг унтчих гэхэд явлаа гэж уурлаж байгаад явсан. Тэгээд гадагшаа гарчхаад дуудаад орилоод байхаар нь би гараад очиход, Толгойт руу явдаг нэг урсгалтай зам дээр яг хэдэн цагт гэдгийг мэдэхгүй байна ямар ч байсан гэгээ тасарч харанхуй болсон байхад *******-******* нөгөө гэх эмэгтэйтэй хамт байж байсан. Ингэхдээ *******-******* нь “гичий, янхан, банзал” гээд байсан. Тэгэхээр нь би “яах гэж ингэдэг юм бэ” гэхэд “чамд ямар хамаатай юм” гээд миний нүүр лүү цохиод, хавирч унагаагаад толгой дээр дэвсэж өшиглөсөн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна.

Тэр үед миний толгой өвдөөд, мөн зодоон болоход согтуу байсан болохоор болсон асуудлыг сайн санахгүй байсан юм. Одоо бодоход брак байрнаас гараад Хүнсний уулзвараас доош уруудахад байдаг Шатахуун түгээх станцын замын эсрэг талд *******-******* намайг зодсон юм. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна ямар ч байсан намайг ухаан ороход хажууд хүн байгаагүй. Тэгээд би буцаад 64 дүгээр брак байр луу явсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг” / хх 8-10,12-13 тал/,

Гэрч “...*******-*******, бид 3 дахиж архи авъя гээд 24 цагийн дэлгүүр орохоор манай гэрээс гараад Хүнсний уулзварын хажуугийн шатахуун түгээх станцын эсрэг талаар явж байхад *******-******* д хандаж “хамт Сэлэнгэ аймгийн Дулаахан тосгон руу явчхаад ирье” гэхэд “би согтуу байгаа болохоор намайг галт тэргэнд суулгахгүй шүү дээ, би явахгүй” гэж хэлсэн. Тэгтэл *******-******* д уурлаад “та нар ийм болсон юм уу? намайг ганцаараа яв гэж байгаа юм уу” гэж хэлээд нүүр лүү 2- 3 удаа цохиод үүрч аваад газарт унагаад толгой дээр нь хөлөөрөө дэвссэн. Тэгэхээр нь би *******-******* зодуулж магадгүй гээд Хүнсний уулзвараас доошоо брак байруудын дундуур ороод зугтаасан гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг, / хх 30-31 тал/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны “... биед гавал тархины битүү гэмтэл, зүүн дух, чамархай, баруун духны хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины хүнд зэргийн няцрал, тархины хаван, гавлын ясанд 2 хэсэгт цооллого хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, хамар ясны хугарал, нүүрэнд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл болно, биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөхийг одоогоор тогтоохгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 40-41 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар шүүгдэгч *******-******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдын бие эрх чөлөөнд халдаж хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж бүрэн тогтоогдсон байна.

Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн Дархан-Уул аймаг дахь Салбар зөвлөлийн ахлах өмгөөлөгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... *******-******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирогчийн зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй байгаа болон залуу хүний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянах явцад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх байдал тогтоогдоогүй ба хэргийг мөрдөн шалгахад болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчлүүд байхгүй байхаас гадна шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх хэргийн үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүдэгч *******-******* анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж ойлгож байгаа байдал, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй гэсэн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг багасгаж 4 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан Шударга ёсны зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл:

Шүүдэгчийн гэм буруутай үйлдэлд оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял нь гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээд тохирно гэж үзэж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

    1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 268 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтыг:

“2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******ыг 06 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт -*******ыг 4 жил 6 сарын /дөрвөн жил зургаан сар/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй гэж,

“3. “6 жилийн ” гэсний “4 жил 6 сарын ” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч *******-*******ын өмгөөлөгч *******гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-*******ын цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ

          ШҮҮГЧИД                                                   З.ТӨМӨРХҮҮ

                                                                                       Б.МАНЛАЙБААТАР