| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00044/Э |
| Дугаар | 00054 |
| Огноо | 2018-05-02 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Н.Дүүрэнжаргал |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 00054
Монгол улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Н.Дүүрэнжаргал
Шүүгдэгч Б.Э
Шүүгдэгч Б.Т
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Дүүрэнжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Э, Б.Т нарт холбогдох 1832000000011 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 01 сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, менежир мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхлэх, * тоотод оршин суух хаягтай, өмнө ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овогт Болоожийн Э РД:/*/
Монгол Улсын иргэн, 1981 оны 03 сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул, уурхайн ашиглалтын технологийн инженер мэргэжилтэй, Даваат хүдэр ХХК-ний захирал ажилтай, * тоотод оршин суух хаягтай, өмнө ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овогт Буянтогтохын Т РД:/*/
Яллах дүгнэлтэнд дурьдсанаар:
Шүүгдэгч Б.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгонд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Даваат Хүдэр” ХХК-аас 227 ширхэг буюу 34м3 нойтон шинэс мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч №703959 дугаартай галт тэрэгээр тээвэрлэсэн,
Шүүгдэгч Б.Т нь “Даваат хүдэр” ХХК-ний зохих зөвшөөрөлтэй бэлтгэсэн мод, модон материалаас 2018 оны 01 сарын 10-ны өдөр 227 ширхэг буюу 34м3 мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э нь мэдүүлэхдээ: .... 2018.01.10-ны өдөр Түнхэл титэм компаниас воган ачсан. Уг нь материалуудаа ихэнхийн зөөгөөд дуусгасан байсан боловч хөрөө эвдрээд 3, 4 машин мод зүсэгдээгүй үлдсэн байсан. Мөн воган тавигдах 2 өдрийн хугацаа дуусахгаад байсан. Тэгээд нэгэнтээ воган ачиж байгаа юм чинь дүүргэе гээд Даваат хүдэрт компаниас 194 ширхэг 20х20 палк, 33 ширхэг 15-ын палк, нийлээд 227 ширхэг палк худалдаж авсан. Тухайн үед Т хотруу ажлаар явсан гээд гэртээ байхгүй байсан. Тэгээд Ттой утсаар холбогдож мод худалдаж авахаар болоод мөнгөө шилжүүлсэн. Т надад гарал үүслийн гэрчилгээгээ наанаасаа авчихаарай гэхэд нь би болно гээд модоо воганд ачсан. Тэгээд маргааш нь Улаанбаатарт очсоны дараа Зүүнхараагаас мэдээлэл ирсэн гээд ачаатай воганаа лацдуулж шалгуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т нь мэдүүлэхдээ: .... 2018.01.10-ны өдөр Улаанбаатар хотод байхад Э надруу залгаад палк зарах уу, би воган ачуулах гэсэн ачаа дутчихлаа гэсэн. Надад тэр үед палк байсан болохоор зарна гээд үнээ тохиролцоод харин чи гарал үүслийн бичгээ бичүүлж аваарай гэсэн. Тэгээд би тооцоологч руугаа хэлж 227 ширхэг палкыг хүлээлгэж өгч, гарал үүслийн гэрчилгээгээ аваарай гэж хэлсэн. Гэвч Э гарал үүслийн гэрчилгээгээ авалгүйгээр вогандаа палкаа ачаад явсан байсан. Хэд хоногийн дараа Улаанбаатарт воган саатуулагдсан цагдаа, шүүх болоод явж байна гээд Э надруу ярисан. Ийм л асуудал болсон. Уг нь би гарал үүслийн бичгээ өгөх ёстой байсан гэвч Э арай ачих болоогүй 2, 3 хоногийн дараа ачина гэж ярьж байсан болохоор тэгээд өнгөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Иргэний нэхэмжпэгч Н.Цэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:..... Б.Э 2018 оны 01 сарын 10-ны өдөр Түнхэл тосгоноос Улаанбаатар хотруу нэр төрөл зөрүүтэй мод, модон материалыг Улаанбаатар хотруу галт тэргээр тээвэрлэсэн гэж сонссон..Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4 дэх хэсэгт заасан гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэн тээвэрлэсэн бол эд зүйл, эд зүйлээр олсон орлогыг хурааж торгох шийтгэлтэй байсныг 2015 оны 12 сарын 04- ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж уг зөрчлийг гэмт хэрэгт тооцон эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааж өгсөн байна. Уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй тул уг асуудлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэх мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас/
Гэрч С.Батсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...... 2018.01.05-ны өдөр Б.Э мод модон материал худалдаж авахаар болоод тус өдөр 60м3 хэмжээтэй хуурай хуш төрлийн дүнз, банз, түлээ худалдан авсан юм. Тэгээд 2018 оны 01 сарын 05-ны өдөр гарал үүслийн гэрчилгээгээ аваад хуурай хуш модон дүнз бэлтгэж эхэлсэн юм. Тэгээд Б.Э тэр хуурай хуш модоо галт тэрэгээр ачина гэж байсан нэг галт тэрэг ачаа ачих ёстой байсан юм, тэгээд талыг нь бэлтгээд төмөр зам дээр байрлуулчихаад үлдсэнээ бэлдэж байтал манай хөрөөний мотор шатсан тухайн үед би Улаанбаатар хотод байсан тэгээд дутуу материалаа өгч чадаагүй байж байсан чинь Б.Э модон материалаа ачсан гэж байсан тэгэхээр нь би яаж дүүргэсэн юм гэж асуугаагүй юм тэгсэн дараа нь сонсоход Улаанбаатар хотын төмөр замд лацдуулсан гэж сонссон. Манай компаниас хуурай хуш модон дүнз буюу палк 4 метрийн урттай 15x15 см хэмжээтэй 143 ширхэг, 20x15 см хэмжээтэй 38 ширхэг, 30x15 см хэмжээтэй 40 ширхэг, хуурай шинэс модон дүнз буюу палк 4 метрийн урттай 20x20 см хэмжээтэй 11 ширхэг, 25кг 708 шуудай түлээ, 11м3 зах банзыг Б.Эт худалдсан дахиад 3-4 машин мод зүсэж өгөх байсан чинь хөрөө эвдрээд чадаагүй тэгээд л ачаагаа дүүргэх гээд Б.Э нойтон мод ачсан юм шиг байна лээ....тиймээ би цэвэрлэгээний огтлолтын буюу хуурай модны 60 м3 хэмжээтэй гарал үүслийн гэрчилгээг байгаль орчны улсын байцаагч, ойн инженерээр хянуулж гаргуулсан уг гэрчилгээгээ Б.Эт өгсөн юм гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Гэрч Ч.Мө мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...... 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн №1641440 дугаартай гарал үүслийн гэрчилгээг ойн инженер Оюунбилэг олгосон байсныг хянаж гарын үсэг зурсан уг гарал үүслийн гэрчилгээ нь цэвэрлэгээний огтлолын зориулалтынх байсан. Уг гарал үүслийн гэрчилгээгээр хуурай мод модон материал тээвэрлэх, худалдах худалдан авах ёстой байсан. Уг гарал үүслийн гэрчилгээг ойн инженер Оюунбилэг олгодог юм харин уг гарал дээр бичүүлсэн хуурай нойтон гэдгийг нь би хянах ёстой юмаа. Би тухайн үед би өвчтэй байсан юм тэгээд албанаас миний оронд өөр хүн томилох ётсой байтал томилоогүй тэгээд уг гэрчилгээг над дээр Цэндээ гэх хүн ирж гарын үсэг зуруулсан би Зүүнхараад гэртээ байсан болохоор гарал зурж өгөх томилогдсон хүн байгаагүй тэгээд Түнхэлийн хөрөө рамныхан гарал үүслийн гэрчилгээгээ Цэндээд өгч явуулсан юм байна лээ би өөрийн биеэр хянаж чадаагүй ээ. Би тухайн үед өвчтэй байсан миний оронд хүн томилогдоогүй байсан болохоор би гарын үсэг зурсан юм ойн инженер Оюунбилэг гарал үүслийн гэрчилгээ олгохдоо бас хянах ётсой гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/,
Гэрч Г.Оюунбилэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...... “...Түнхэл-Итэм ХХК-ний бэлтгэсэн мод, модон материал буюу дүнз, банз, түлээ байсныг очиж өөрийн биеэр үзэхэд хуурай хуш төрлийн банз 11м3, том шуудайтай түлээ 700 ширхэг, байсныг шалгаад №1641440 дугаартай 60 м3 цэвэрлэгээний огтлолт буюу хуурай хуш мод, модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээ олгосон....Даваат Хүдэр ХХК өчигдөр буюу 2018 оны 01 сарын 23-ны өдөр л үндсэн ашиглалтын 2 м3 хэмжээтэй гарал үүслийн гэрчилгээ авсан өөр гарал үүслийн гэрчилгээ аваагүй ээ. ” гэх мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/
Гэрч Т.Ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...... 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 13-14 цагийн үед байхаа би ажил дээрээ байж байтал манай компаний захирал Б.Т миний утасруу залгаад Б.Э гэх эмэгтэй очино бэлтгэсэн 5 метрийн урттай шинэс /нойтон/ дүнзээс /палк/ 20x20 см-н хэмжээтэй 190 ширхэг, 15x15 см-н хэмжээтэй 30 ширхэгийг өгчих гэсэн тэгсэн удалгүй Б.Э удалгүй ирсэн тэгээд портер маркийн машинаар төмөр зам дээр байрлаж байсан галт тэрэглүү зөөсөн юм. Дарга Б.Т өгчих гэхээр нь би өөрсдөө гарал үүслийн гэрчилгээгээ авчихсан юм болов уу гэж бодсон тэгээд Б.Эээс гарал үүслийн гэрчилгээгээ авсан юм уу гэсэн чинь болсон болсон гэхээр нь би гарал үүслийн гэрчилгээтэй гэж бодсон 220 палк худалдсан. Би мэдэхгүй байна захирал Б.Т надруу утасдаад 20x20 см-н хэмжээтэй 190 ширхэг дүнз /палк/, 15x15 см-н хэмжээтэй 30 ширхэг дүнз /палк/ өгчихөөрэй гэхээр нь би Б.Эт тоолоод хүлээлгэж өгсөн ямар нэгэн орлого, зарлагын баримт бичээгүй өөрсдөө ярьчихсан юм болов уу гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/
Гэрч Ж.Во мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...... Би Ч.Мөийг 2018 оны 01 сард өвчтэй байсныг мэдээгүй ээ надад ямар нэгэн эмчийн магадлагаа үзүүлээгүй ээ, хэрэв өвчтэй байсан бол тухайн үед оронд ажиллах хүн болон зохион байгуулалтын арга хэмжээ авах байсан байхаа. Ойн ажилтан сумын иргэдийн хурлын баталсан хуваарь тухайн иргэний эсвэл аж ахуй нэгжийн төлбөр төлсний үндсэн дээр авсан мод бэлтгэх эрхийн бичгийг үндэслэж гарал үүслийн гэрчилгээ олгоно. №1641440 дугаартай гарал үүслийн гэрчилгээтэй танилцлаа тус гарал үүслийн гэрчилгээг 2018 оны 01 сарын 05-ны өдөр олгосон байна Ч.Мө 2018 оны 01 сарын 05-ны өдөр тээвэрлэх гэж байгаа мод модон материалыг шалгаж зөрчилгүй гэж тэмдэглэгээ хийж гарын үсэг зурсан байна. Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журамд зааснаар байгаль орчны хяналтын улсын байцаагч бэлтгэгдэн гарсан мод модон материалыг тээвэрлэхэд бэлэн болмогц өөрийн биеэр харж хэмжээ, нэр төрөл, тээврийн хэрэгслийн дугаар зэргийг хянаж зөрчилтэй эсэхийг шалгаж тэмдэглэгээ хийх ёстой өөрөөр хэлбэл мод модон материал ачигдаад хөдлөхөд бэлэн болмогц нүдээр үзэж шалгах ёстой. Ч.Мө өөрийн биеэр үзэлгүй урьдчилаад гарын үсэг зурж тэмдэглэгээ хийсэн юм болов уу.Тухайн үед Ч.Мө шалгасан бол нойтон, хуурай модыг ялгаж шалгаад газар асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан юм болов уу надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 99-100 дугаар хуудас/
Гэрч А.Бэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...... Ч.Мө гэх хүнийг танихгүй ээ Ч.Мө нь 2018 оны 01 сарын 02-ны өдрийн орой байхаа хоног хугацааг нь сайн санахгүй байна Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт ирж үзүүлсэн тус орой манай жижүүр эмч хөл нь гэмтсэн хүн ирлээ гэж хэлсэн түүний дагуу дуудагдаж ирсэн. Би Мандал сумын Нэгдсэн эмнэлэгт 2017 оны 10 сарын 12-ны өдөр гэмтлийн эмчээр томилогдон ирсэн болохоор Зүүнхараагийн хүмүүийг сайн таньж мэдэхгүй ээ. 2018 оны 01 сарын 02-ны өдрийн орой гэж санаад би эмнэлэг дээр дуудагдан очиход Ч.Мө гэх хүний баруун хөлийн шагай зөөлөн эдийн гэмтэлтэй байсан рентген зураг авахуулж, хөлийг нь гипсдэж өгсөн, тухайн үед Ч.Мөий эхнэр гэх эмэгтэй бас бус хүмүүс байсан яасан юм гэтэл хүн өшиглөсөн гэхдээ би гомдолгүй гэж байсан. Маргааш нь буюу 2018 оны 01 сарын 03-ны өдөр эмнэлгийн магадлагааг би 2018 оны 01 сарын 03-ны өдрөөс 2018 оны 01 сарын 10-ны өдөр хүртэл 7 хоногийн хугацаатай бичиж өгсөн дахиж ирж үзүүлсэн эсэхийг санахгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй миний ярьсан зүйл үнэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 104 дүгээр хуудас/
Гэрч П.Бт мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...... Би Болоож овогтой Э гэж хүнийг танина. Уг хүнийг мэддэг болоод олон жил болж байна.Бид 2 бизнесийн харилцаатай. Уг хүнээс би банз болон палк зэрэг моднууд л худалдаж авдаг юм. Б.Э нь 88022626 гэсэн утастай, гэр нь Улаанбаатар хотод 5-н шард байдаг, харин нөгөө гэр нь түнхэлд байдаг юм.Б.Э нь 2017 оны сүүлээр надад мод оруулж өгнө гэж хэлээд надаас 10.000.000 сая төгрөгийг данс болон бэлнээр авсан юм. Гэвч надад одоогийн байдлаар ямар ч мод оруулж ирж өгөөгүй байгаа юм. Гэхдээ надад оруулж өгөх гэж байсан модыг нь цагдаа нар хураачихсан. Учир нь тэр модон дунд нь нойтон мод байсан гээд шалгагдаж байгаа гэсэн. Энэ талаар бол надад мэдэж байгаа зүйл алга. Би Б.Этэй уулзаагүй, надад утсаар л хэлсэн. 'л "2 Б.Эийн явуулсан моднуудыг нь Улаанбаатар хот Төмөрын замын 44 нэртэй өртөөн дээр буулгаад хураачихсан байгаа гэсэн. Би тэр модыг нь очиж үзээгүй юм. Миний нэрийг 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгоноос №1641440 дугаартай мод, модон материал тээвэрлэх гарал үүслийн гэрчилгээний худалдан авагчийн нэрийн хэсэгг бичсэн байгаа гэдгийг Б.Эээс өөрөөс нь сонссон юм. Гэхдээ уг гэрчилгээг бол огт хараагүй. Тэр гэрчилгээг хаана явж байгааг мэдэхгүй байна. Би Б.Этэй хамтран ажиллаад 2-3 жил болж байна. Урьд нь 2-3 удаа автомашинаар бол мод худалдаж авч байсан. Тэр үед бол ямар нэгэн асуудал гарч байгаагүй. Б.Э нь Түнхэлийн байгаль орчны байцаагчаас л авдаг юм. Би энэ гэрчилгээг авахад бол байдаггүй юм. Харин энэ удаад бол би их хэмжээгээр вагоноор авсан анхны тохиолдол байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй гэх мэдүүлэг /ХХ-ийн 111-112 дугаар хуудас/
Шинжээчийн дүгнэлт: № 2018/01.............. 2018 оны 01 сарын 23-ны өдөр.
1.Б.Э гь № 1641440 дугаартай мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээн дээр бичигдсэн 0061312 дугаартай эрхийн бичиг цэвэрлэгээний огтлолтоор бэлтгэсэн хуурай мод /-ээр бэлтгэсэн, боловсруулсан, худалдсан модыг дээрх гарал үүслийн гэрчилгээгээр тээвэрлэх ёстой.
“Даваат хүдэр” ХХК-ний 0061301 дугаартай эрхийн бичгээр бэлтгэсэн, худалдсан нойтон шинэсэн 15*15см, 20*20см-ийн харьцаатай 4м урттай, 227ш 34м3 мод модон материалыг тээвэрлэж №1641440 дугаартай гарал үүслийн гэрчилгээгээр БОНХСайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 153 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 3.5 дах заалтын дагуу тэвээрлэж болохгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/
Битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд, зүйлийг хадгалах, хамгаалах, үүрэг хүлээлгэсэн хүнд хүлээлгэн өгөх тухай тэмдэглэл /Хх-н 13 дугаар хуудас/
Ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 21-24 дүгээр хуудас/
Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /Хх-н 26-27 дугаар хуудас/
“Түнхэл-Итэм” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ-н 41 дүгээр хуудас/
“Түнхэл-Итэм” ХХК-ний Ойн мэргэжлийн байгуулагын гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 42 дугаар хуудас/
“Даваат хүдэр” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ-н 45 дугаар хуудас/
“Даваат хүдэр” ХХК-ний Ойн мэргэжлийн байгуулагын гэрчилгээний хуулбар /ХХ-ийн 46-47 дугаар хуудас/
Мод бэлтгэх эрхийн бичгийн хуулбар /ХХ-ийн 49 дүгээр хуудас/
Мод тээвэрлэх хяналтын хуудсын хуулбар /ХХ-ийн 50-55 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Эийн иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 73 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Эийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 76 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 77 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 78 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Тын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 81 дүгээр хуудас/
Байгаль орчин, Ногоон хөгжлийн сайдын 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн № А-153 дугаар тушаалын хуулбар /ХХ-ийн 115 дугаар хуудас/
Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журмын хуулбар /ХХ-ийн 116-120 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 3/1777 дугаартай Байгаль хамгаалагч Н.Цэ нь хуурайшилтын үеийн постонд үүрэг гүйцэтгэж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна гэх албан бичиг зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгонд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Даваат Хүдэр” ХХК-аас 227 ширхэг буюу 34м3 нойтон шинэс мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч №703959 дугаартай галт тэрэгээр тээвэрлэсэн, шүүгдэгч Б.Т нь ”Даваат хүдэр” ХХК-ний зохих зөвшөөрөлтэй бэлтгэсэн мод, модон материалаас 2018 оны 01 сарын 10-ны өдөр 227 ширхэг буюу 34м3 мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч Н.Цэ мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 31 дүгээр хуудас/, гэрч С.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/, гэрч Ч.Мөгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 34 дүгээр хуудас/, гэрч Г.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 36 дугаар хуудас/, гэрч Т.Баыг мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 37 дугаар хуудас/, гэрч Ж.Воийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 99-100 дугаар хуудас/, гэрч А.Бэийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 104 дүгээр хуудас/, гэрч П.Бтийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 111-112 дугаар хуудас/, 2018 оны 01 сарын 23-ны өдрийн № 2018/01 дугаар шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/, болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Б.Эийг Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгонд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Даваат Хүдэр” ХХК-аас 227 ширхэг буюу 34м3 нойтон шинэс мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч №703959 дугаартай галт тэрэгээр тээвэрлэсэн, шүүгдэгч Б.Тыг “Даваат хүдэр” ХХК-ний зохих зөвшөөрөлтэй бэлтгэсэн мод, модон материалаас 2018 оны 01 сарын 10-ны өдөр 227 ширхэг буюу 34м3 мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан шүүгдэгч Б.Эийн хувьд гэм буруугийн асуудалд маргах зүйлгүй, шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү, учир нь гарал үүсэлийн бичгээ аваарай гэсэн, Б.Э авна гэж хэлээд аваагүй болсон гэж хэлснээс Б.Т нь араас нь тавих хяналт тавиагүй, Б.Эийн үгэнд орсон болохоос биш гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй гэж үзэж байна гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Тодруулбал шүүгдэгч Б.Тын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох гэрч Ч.Мөгийн мэдүүлэг, гэрч Г.Оюунбилэгийн мэдүүлэг / хх-36х/, гэрч Т.Баын ...дарга Б.Т өгчих гэхээр нь би өөрсдөө гарал үүслийн гэрчилгээгээ авчихсан юм болов уу гэж бодсон...гэх мэдүүлэг /хх-37х/, шинжээчийн №2018/01 дугаартай дүгнэлт /хх-57х/ зэргээр түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Э нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5 дугаар баг Түнхэл тосгонд 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Даваат Хүдэр” ХХК-аас 227 ширхэг буюу 34м3 нойтон шинэс мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдан авч №703959 дугаартай галт тэрэгээр тээвэрлэсэн, мөн шүүгдэгч Б.Т нь “Даваат хүдэр” ХХК-ний зохих зөвшөөрөлтэй бэлтгэсэн мод, модон материалаас 2018 оны 01 сарын 10-ны өдөр 227 ширхэг буюу 34м3 мод, модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан болох нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Э, Б.Т нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн шинс төрлийн 34 м3 гарал үүслийн гэрчилгээгүй 227 ширхэг нойтон модыг улсын орлогод оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний нэхэмжлэгч Н.Цэ нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хохирол төлбөргүй байхгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурьдаад.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5.1, 5.2, 5.3, 5.4, 8 дах хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3 дах хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Боржигон овогт Болоожийн Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гарал үүслийн гэрчилгээгүйгээр 227 ширхэг буюу 34 метр куб шинс модон материалыг худалдан авсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд, мөн шүүгдэгч Боржигон овогт Буянтогтохын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 227 ширхэг буюу 34 м3 шинс модон материалыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр худалдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр, шүүгдэгч Б.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450000 төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Б.Т нарт тус бүр оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Э, Б.Т нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тогтоолоор эд хөрөнгө битүүмжилсэн шинс төрлийн 34 м3 гарал үүслийн гэрчилгээгүй 227 ширхэг нойтон модыг улсын орлогод оруулсугай.
7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих хохирол төлбөргүй болохыг дурьдсугай
8.Шүүгдэгч Б.Э, Б.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Э, Б.Т нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ.