Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/791

 

 

                                           *******д холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2308022911463 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Лхамжав овгийн Батхуягийн *******, 1992 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 11 дүгээр хороо, Мандал 1 дүгээр гудамжны 11 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:ИБ92030812/, 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, 60 айлын 11 дүгээр гудамжинд иргэн *******ийг “автомашины түлхүүр авлаа” гэх шалтгаанаар түлхэж унаган, эрүүл мэндэд нь “баруун чамархайн тархины дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулахаар эдийн бус гэм хорыг болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шаардах эрхтэйг зааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 905,912 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо “...хохирогч шүүх хуралдаанд эмчилгээний төлбөрийг тодорхой баримтгүй ч нэхсэн бөгөөд түүний эмчилгээнд зориулж 1.000.000 төгрөгийг төлсөн. Мөн миний эхнэр ы баруун хөлийн түнхний үед гэмтэл үүсэж хөл дээрээ явж алхаж чадахгүй болсон бөгөөд 2-6 насны бага насны хоёр хүүхдийн хамт амьдарч байгаа, би анх удаа хохирогчийн буруутай үйл ажиллагааны улмаас хэрэгт холбогдсон, тэр даруйдаа хохирогчид эмнэлгийн анхны тусламж үзүүлж Гэмтлийн эмнэлгээр үзүүлж хэвтүүлэн томографын шинжилгээ өгүүлэн төлбөрийг нь өгсөн, урьд өмнө нь би ямар нэг гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн амьдралын минь хүнд байдлыг харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял шийтгэлээр хөнгөрүүлж сольж өгнө үү. Би цаашид хохирогчид санаа тавьж анхаарах болно. ...” гэжээ.

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ******* нь гэм буруугийн талаар огт маргадаггүй, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хохирогчид эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ үзүүлж, эмнэлэгт КТГ шинжилгээ хийлгэн бүхий л эмчилгээний зардлыг төлж барагдуулж байсан. Ар гэрийн нөхцөл байдал нь хүнд, эхнэр нь түнхний үений өвчлөлөөс болж хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группэд байдаг, 2-9 насны хоёр хүүхэдтэй тул хөдөлмөр эрхлэх боломжгүй байдалтай байдаг. Иймд миний үйлчлүүлэгчийн гэм буруугаа хүлээж байгааг харгалзан үзэж хорихоос төрлийн ял шийтгэлээр сольж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******гийн үйлдсэн хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид учирсан хохиролд 300,000 төгрөг төлөгдөж, хохирол дутуу төлөгдсөн нөхцөл байдал байсан ч шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээрх хохирлыг нөхөн төлсөн.  Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх зорилготой. Иймд анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт шүүгдэгчийн үйлдэл, үйлдсэн хэргийн нөхцөл байдалд тохирсон. Эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр тохирсон байх Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцсэн. Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, үндэслэлтэй гэж дүгнэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар ажил эрхэлдэггүй байсан нь түүний биеийн байцаалтад тодорхой тусгагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд 10,000-40,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах санкцитай. Шүүх болон улсын яллагчаас шүүгдэгчийн эрхэлсэн тодорхой ажилгүй байдлыг харгалзан үзэж шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэх боломжгүй гэж дүгнээд хорих ял оногдуулсан...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******гийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 14-өөс 15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо, *** айлын *** дүгээр гудамжинд хохирогч *******ийг “автомашины түлхүүр авлаа” гэх шалтгаанаар түлхэж унаган, эрүүл мэндэд нь “баруун чамархайн тархины дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч *******ийн “...2023 оны 07 дугаар сарын 15-ны шөнө 01 цагийн орчимд гэрээсээ бие засах гээд гарсан. Хашааны гадаа эмэгтэй хүн орилоод байхаар нь очсон чинь эхнэр нь нөхрөө согтуу машин бариулахгүй гээд орилоод байсан. Би машиных нь түлхүүрийг булаагаад авсан. Тэгсэн чинь намайг араас тэвэрч аваад газар хамт унасан. Тухайн явдлаас хойш юу болсон талаар санахгүй байна. ...Өглөө сэрсэн чинь зүүн чихнээс цус гараад, зүүн гараа өргөж болохгүй байхаар нь нөгөө залуутай хамт гэмтэл орж үзүүлсэн. Маргалдсан асуудал болоогүй, түлхүүрийг нь л булаасан...” /хх 9/,

гэрч *******ийн “...Манай нөхөр ******* 2023 оны 07 дугаар cарын 15-ны 01 цагийн үед гэрээсээ бие засах гээд гарсан. Удалгүй хаалга тогшихоор нь манай хүү ******* хаалга онгойлгосон чинь энэ аав чинь мөн үү гэсэн. Гарч харсан чинь манай эсрэг талд нүүж ирсэн эрэгтэй, эмэгтэй 2 хүн манай нөхрийг түшээд зогсож байсан. Танай нөхөр газар унасан байна гэхээр нь гэртээ авч орсон. Манай охин ******* хажууд байдаг ах ийн гэрт орж асуутал түүний 7 настай охин Мөнхжин “согтуу эрэгтэй хүн машинаа барьж явах гээд эхнэртэйгээ маргалдаад, Дээгий ах түлхүүрийг нь булааж авахад нөхөр нь зодсон” гэж хэлсэн байсан. ...” /хх 14-15/,

гэрч *******ы “...2023 оны 07 дугаар сарын 14-ний орой ...нөхөр *******г ирэхээр нь гэртээ харъя гэж уурлаж хэрэлдээд, охиноо аваад хашаанаас гараад зогсож байтал нэг танихгүй эрэгтэй хүний гар орж ирээд манай машины түлхүүрийг сугалж аваад цаашаа яваад өгсөн. ******* тэр эрэгтэй араас хүүе гэж дуудтал тоохгүй цааш явсан. Удалгүй манай нөхөр түлхүүрээ аваад ороод ирсэн. Би араас нь буугаад хартал ******* гэх хажуу хашааны хүүгийн аав нь байсан. Тэр айлын хүмүүс хэл амаар доромжлоод байхаар нь ******* “зодоогүй, түлхүүрээ авах гэж байгаад унагаачихлаа гэсэн...” /хх 18-20/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хэргийн материалаар хийсэн 811 дугаартай: “...*******ийн биед гавлын зулай, зүүн чамархай яс, чамархайн пирамид хэлбэрийн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн цусархаг няцрал, тархины хажуугийн ховил, дух, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, зүүн хэнгэрэг хальсны цоорол, хуйх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Зүүн чихний хэнгэрэг хальсны цоорол болон бусад гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Гавлын зулай, зүүн чамархай яс, чамархайн пирамид хэлбэрийн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнд тархины эдийн цусархаг няцрал, тархины хажуугийн ховил, дух, чамархайн дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн хэнгэрэг хальсны цоорол, хуйх, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 38-41/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9008 дугаартай: “....*******ийн биед баруун чамархайн тархины дэлбэнд няцрал, зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн эгэм ясны зөрөөтэй хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 27-29/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч *******г ямар гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч *******гийн машиныхаа түлхүүрийг авах үйлдэл хийхдээ хохирогчид хүч хэрэглэж, *******ийг тэвэрч газарт унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч ******* “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх билээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж байгаа эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор байхын зэрэгцээ оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Шүүхээс *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт заасан 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой эрх болно.

Түүнчлэн, хэргийн хохирогч ******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...Гомдолтой байна. Сэтгэл санааны хохиролтой. 2.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэж мэдүүлснээс үзэхэд хохирогчид учирсан хохирол, хор уршиг арилгаагүй, эрүүл мэндэд учирсан хохирол нөхөн сэргээгдээгүй нөхцөл байдал тогтоогдов.

Иймд, анхан шатны шүүхээс сонгон оногдуулсан хорих ял нь шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр, хэмжээ, гэм буруу, хувийн байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх  дүгнэлээ.     

Дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн “хорихоос өөр төрлийн ял оногдуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч *******гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 49 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 601 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 49 /дөчин ес/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                               Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                               С.БОЛОРТУЯА