2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05149

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06 191/ШШ2025/05149

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ......................., өөрийн байранд байрлах, Т ХК /РД:000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д овогт С.У /РД:00000000/, О овогт Т.С /РД:00000000/ нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Т ХК нь С.У, Т.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,413,416.14 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд С.У, Т.С нарын хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй нь .......... дүүргийн ............... дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. С.У нь 2023.11.15-ны өдөр Т-тай №MN000000000000000 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан зээл авахдаа ............................... тоот хаягт, Т.С нь ............................... тоот хаягт тус тус оршин суудаг байсан. Гэтэл шүүхээс тухайн хаягт оршин суудаггүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 191/ШЗ2025/18852 дугаартай шүүгчийн захирамж гарч, Т ХК нь нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.

Иймд С.У, Т.С нарыг эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.14-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2-3 х/,

 

-Улсын бүртгэлийн 00000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-2025.03.18-ны өдрийн 25-132 дугаартай Э.Б-ад олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-2025.02.11-ний өдрийн 01/765 дугаартай Г.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/,

-2023.11.15-ны өдрийн MN000000000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 7-8 х/,

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 9 х/,

-2023.11.15-ны өдрийн MN000000000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээний хавсралт 2 /хх-ийн 10 х/,

-Харилцах дансны харилцагчийн хуулга /хх-ийн 11-12 х/,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.29-ний өдрийн 191/ШЗ2025/18852 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 13 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 14-15 х/,

-Хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 16 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.У, Т.С нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул тэдгээрийг эрэн сурвалжлуулахаар Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2023.11.15-ны өдрийн MN000000000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.У-ийн оршин суух хаягийг ............................... тоот, Т.С-ын оршин суух хаягийг ............................... тоот гэж тус тус тодорхойлсны дагуу Т ХК нь зээлийн гэрээний үүрэгт 18,413,416.14 төгрөг гаргуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандсан байна.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.29-ний өдрийн 191/ШЗ2025/18852 дугаартай шүүгчийн захирамжаар С.У, Т.С нар нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 13 х/,

 

С.У, Т.С нар нь Т ХК-тай 2023.11.15-ны өдөр MN000000000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан 20,000,000 төгрөгийн зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Т ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7-9 х/,

 

С.У, Т.С нар нь 2023.11.15-ны өдрийн MN000000000000000 дугаартай Барьцаат зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.29-ний өдрийн 191/ШЗ2025/18852 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Т ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Т ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.У, Т.С нарын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тэдгээрийн сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д овогт С.У /РД:00000000/, О овогт Т.С /РД:00000000/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.У, Т.С нарыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг тэдгээрийн сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА