| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/04525/И |
| Дугаар | 191/ШШ2025/05150 |
| Огноо | 2025-06-06 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 191/ШШ2025/05150
2025 06 06 191/ШШ2025/05150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .................... тоот хаягт оршин суух, О овогт Ү.Д /РД:00000000/-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт А.Х /РД:00000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Ү.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...2021.08.30-ны өдөр иргэн А.Х нь ................. байр түрээсэлж амьдардаг байсан. А.Х нь хүүхдээ Нийслэлийн ........... дугаар сургуульд ............ ангид оруулах гэсэн юм та хаяган дээрээ түр шилжүүлж өгөөч би сургуульд нь оруулчхаад 10-11 дүгээр сард таны хаяг дээрээс нэрээ хасуулъя гэж хэлсэн тул зөвшөөрсөн. Үүнээс хойш одоог хүртэл нэрээ шилжүүлээгүй. Удаа дараа шаардсан боловч утсаа авахгүй, мессеж бичээд хариу өгдөггүй. Мөн ээж болон нөхөрт нь хэлсэн боловч хариу өгөөгүй. А.Х нь Г банкнаас зээл аваад төлөхгүй Г-наас хүнээ олж өг гэж 2, 3 удаа гэрт ирээд 5, 6 удаа утсаар бас ярьсан.
А.Х-гийн төрсөн ээж, аав, нөхөр, хадам аав, ээж нь байдаг. 3 хүүхэд нь Нийслэлийн ...........-р сургуульд сурдаг. Миний хаяган дээр оршин суугчаар бүртгэлтэй байгаа тул олж бүртгэлээсээ хасуулах хүсэлтэй байна.
Иймд А.Х-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.12-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4 х/,
-2025.05.12-ны өдрийн 313 тоот ............ дүүргийн ......... хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 5 х/,
-Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 6 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Х-гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Ү.Д шүүхэд хүсэлт гаргажээ.
А.Х нь ............................. тоот, хаягт оршин суудаггүй атлаа тухайн хаягт бүртгүүлсэн, уг бүртгэлтэй холбоотой нэхэмжлэл гаргах Ү.Д-ын шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 6 х/,
Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Х-г ............................. тоотод амьдарч байгаа эсэхийг тодруулахаар .......... дүүргийн ......... дугаар хорооны Засаг даргад хандсан байна.
.......... дүүргийн ......... дугаар хорооны Засаг дарга нь 2025.05.12-ны өдрийн 313 дугаартай албан бичгээр ...А.Х /РД:000000/ нь тухайн хаягтаа бүртгэлтэй боловч амьдардаггүй... гэж тодорхойлжээ. /хх-ийн 5 х/
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1.7, Статистикийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д тус тус зааснаар тухайн баг, хорооны засаг дарга нь хүн ам, өрхийн бүртгэл хөтлөх, түүний шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу бүртгэх, мэдээлэх чиг үүрэгтэй тул хэрэгт авагдсан .......... дүүргийн ......... дугаар хорооны Засаг даргын 2025.05.12-ны өдрийн 313 тоот А.Х /РД:0000000/ нь тухайн хаяганд бүртгэлтэй боловч амьдардаггүй гэсэн тодорхойлолтыг шүүхийн өмнө хууль ёсны баримт гэж үзнэ. /хх-ийн 5 х/,
Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2025.05.22-ны өдрийн 191/ШЗ2025/22615 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн оршин суух болон үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягийн лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Х-гийн оршин суух хаягийг лавлагааг ирүүлсэн байна.
Энэхүү лавлагаагаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох Б овогт А.Х /РД:00000000/-гийн оршин сууж байсан ............................. тоот хаяг өөрчлөгдөөгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах хуульд заасан үндэслэл бүрдсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Ү.Д-ын хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Х-гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлтийг хангаж, шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт А.Х /РД:00000000/-г эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.Х-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА