Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00177

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02887 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.О-ын хариуцагч “УДСэ” ТӨХК-д холбогдох, ажилгүй байсан хугацааны олговор 14,062,221 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Цэрмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаартай шийдвэрээр Ж.О-ыг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,667,084 төгрөгийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийг хариуцагч байгууллагын зүгээс эс зөвшөөрч гомдол гаргаснаар Улсын дээд шатны шүүх 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Ингээд хариуцагч байгууллага нь Ж.О-ыг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр ажилд томилсон.

              Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажлын 229 хоногийн (9-р сар 17, 10-р сар 22, 11-р сар 21, 12-р сар 23, 01-р сар 21, 02-р сар 20, 03-р сар, 23, 04-р сар 22, 05-р сар 21, 06-р сар 22, 7-р сар 17) цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 1 өдрийн 61,409 төгрөгөөр тооцож, НХХСайдын 2005.05.05-ний өдрийн 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тогтоох журмын 7 дугаар зүйлийн А-д зааснаар 1 сарын дундаж 1,320,304 төгрөг, нийт 14,062,661 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

  1. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга: Компанийн тухай хууль болон дүрмээр ажиллагсдын цалингийн жишиг, тарифт цалинг Төлөөлөн Удирдах зөвлөл тогтоодог ба 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ТУЗ-ийн шийдвэрээр шинэчлэн тогтоосон. Энэхүү тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар Дулааны шугам сүлжээний 3 дугаар зэргийн засварын ажилтны тарифт цалин нэг цагийн 5,509.04 төгрөг байна. Мөн Ж.О- нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/00719 дугаар тогтоолоор 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны цалинд 4,667,084 төгрөгийг авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14,062,661 төгрөгийг хариуцагч “УДСэ” ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.О-ад олгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “УДСэ” ТӨХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,263 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагч “УДСэ” ТӨХК-иас 228,263 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

         а. Нэхэмжлэгч Ж.О- нь түүнийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/85 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 231-т заасны дагуу 2 сарын хугацаатай дамжуулах сүлжээний шугам хоолойн слесариар томилсон тушаалтай маргаагүй байхад шүүх үндсэн ажилтантай адилтгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу. 

 

  1. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

          Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

          1. Нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч “УДСэ” ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор 14,062,661 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг /хх 1-2, 17/ хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 16/

 

          Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/02510 дугаар Шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 113 дугаартай Магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/00719 дугаар Тогтоол /хх 6-10, 27-30, 32-34/, “УДСэ” ТӨХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/141 дугаар тушаал /хх 39/ зэргийг харьцуулан үнэлбэл, Ж.О-ыг ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөр тодорхойлж, уг хугацааны олговрыг нэхэмжлэгчид хариуцагчаас олгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Энэхүү шийдвэрийн дагуу хариуцагч байгууллага нь Ж.О-ыг 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн ажилд томилсон үйл баримт тогтоогдсон байна.

          2. Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон нэхэмжлэгчийн 1 өдрийн цалинг 61,409 төгрөгөөр тооцож, түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны олговрыг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Гэвч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг тогтоохдоо Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасан бүх нийтээр амрах өдрийг хасч тооцоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай.

 

          Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа тодорхойлсон “ажилгүй байсан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааны ажлын 229 хоног” гэх хугацаанд дээрх хуульд заасан нийтээр амрах 16 өдөр байх тул Ж.О- нь ажилгүй байсан 213 хоногийн хугацааны олговор /213 х 61,409 төгрөг/ нийт 13,080,117 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байх тул 14,062,661 төгрөгийн шаардлагаас 982,544 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Харин хариуцагч талаас “анхан шатны шүүх түр тушаалаар ажиллаж байгаад халагдсан ажилтныг үндсэн ажилтантай адилтгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Учир нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгчийн 1 өдрийн цалинг 61,409 төгрөг гэж тогтоосон байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг дүнгийн талаар шүүх дахин дүгнэлт хийх шаардлагагүй юм.

         

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, үүнтэй холбогдуулан хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулан, хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2021/02887 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,080,117 төгрөгийг хариуцагч “УДСэ” ТӨХК-аас гаргуулан нэхэмжлэгч Ж.О-ад олгож, үлдэх 982,544 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “УДСэ” ТӨХК-д даалгасугай.” гэж өөрчлөн найруулж,

         Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...“УДСэ” ТӨХК-иас 228,263 төгрөгийг гаргуулан...” гэснийг “...“УДСэ” ТӨХК-аас 223,350 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

 

                                         ШҮҮГЧИД                            Э.ЗОЛЗАЯА

 

 

                                                                                       Д.НЯМБАЗАР