| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0218/Э |
| Дугаар | 230 |
| Огноо | 2018-03-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Еркебулан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн;
улсын яллагч: Х.Еркебулан;
шүүгдэгч: С.Мягмарсүрэн (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Сэр-Одын Мягмарсүрэнд холбогдох эрүүгийн 1809005670142 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 79 дүгээр байрны 88 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ЙЮ88050314 регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, Торгууд овогт Сэр-Одын Мягмарсүрэн.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч С.Мягмарсүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Голден караоке” үйлчилгээний газарт хохирогч Э.Очирбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “миний найз охинтой хэрүүл хийсэн” гэх шалтгаанаар маргалдан, улмаар нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж, түүний эрүүл мэндэд тархи доргилт, зулайн хуйх, баруун нүдний дээд, доод, зовхи, баруун хацар, уруул, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, 2 шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Очирбат /хх-ийн 5/, гэрч Б.Мөнхжаргал /хх-ийн 6/, Г.Алтанцэцэг /хх-ийн 9/, Н.Ариунцэцэг /хх-ийн 10/, Н.Бямбадонид /хх-ийн 11/, Г.Бумбаасамбуу /хх-ийн 12/ нарын мэдүүлэг, С.Мягмарсүрэнгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8, 20-21/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1450 тоот дүгнэлт /хх-ийн 15/, С.Мягмарсүрэнгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 24-30/, хохирлын баримтууд /хх-ийн 33-40/, хохирол төлсөн баримт /хх-ийн 47/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Мягмарсүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Голден караоке” үйлчилгээний газарт хохирогч Э.Очирбат нь “Б.Мөнхжаргалыг Төв аймаг руу авч явна” гэж хэлснээс үүдэж хоорондоо маргалдаж улмаар Э.Очирбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Э.Очирбатын /хх-ийн 4-5/: “...Өнөөдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн үед найзтайгаа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороололд нэрийг нь мэдэхгүй караокед орсон. Тэгээд караокед ороод 2 шил архи уусан. Ууж сууж байгаад өөрийнхөө найзуудын талаар ярьсан чинь Мөнхжаргалын найз нь “чи хаанахын хэн гэнээ” гээд шууд намайг барьж аваад цохиж, нүдэж эхэлсэн. Би зугтаагаад тэр өрөөнөөс гарахад караокений шатан дээр дахиж намайг барьж авч зодсон. Тэгээд өрөөндөө орсон. Би тейкэн дээр очоод цагдаа дуудсан ба буцаж тэр өрөөнд ороод намайг зодсон хүнд хандаж “чи намайг ийм болтол зодчихлоо” гэж хэлэхэд тэр залуу надад 20.000 өгөөд “чи таксидаад явчих, цагдаа сэргийлэх гээд яах юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би тэр мөнгийг нь аваад эгчийнхрүүгээ “Драгон” руу таксидаж очоод эгчийгээ дагуулаад цагдаагийн газарт ирсэн. Тухайн үед ярианы сэдвээс болоод л шууд намайг цохиж зодсон. Миний нүүр рүү олон удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Мөнхжаргалын /хх-иийн 6/: “... Би Э.Очирбатыг дуудаж “Рояал” караокед Мягмарсүрэн, Очирбат, түүний эмэгтэй найзын хамт орж дуу дуулж, нэг шил архи уусан. Би “00”-ын өрөө ороод буцаад өрөөндөө орж иртэл Э.Очирбаттай цуг ирсэн эмэгтэй Мягмарсүрэнгийн нүүр рүү нь цохиод байхаар нь би тэр хүүхнийг болиулаад Э.Очирбатыг “наад хүүхнээ явуул” гэж хэлээд явуулсан. Тэгээд бид гурав дахин нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Би нэлээн муудсан байсан. Тухайн үед Э.Очирбат буйдан дээр суучихсан Мягмарсүрэн өөдөөс нь босоод зогссон байсан. Тэгээд хоорондоо барилцаад Мягмарсүрэн, Очирбатыг нүүр рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
С.Мягмарсүрэнгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 7-8, 20-21/: “... Бид 3 дахин 1 шил архи уугаад сууж байтал Очирбат “Мөнхжаргалыг би Төв аймаг руу авч явна” гэж хэлсэн. Мөнхжаргал өмнө нь надад хэлэхдээ “Очирбат намайг Төв аймаг авч явна гэж хэлэх байх, намайг битгий явуулаарай, цуг явбал өчнөөн өдөр архи уугаад явна” гэж хэлсэн үгийг нь санаад “Мөнхжаргал Төв аймаг явахгүй, би хамт сууж байгаад унаанд суулгаж өгөөд явуулна” гэж хэлсэн. Очирбат Мөнхжаргалаас “чи хэнтэй нь явах юм бэ” гэхэд Мөнхжаргал “Төв аймаг явахгүй” гэж хэлсэн. Очирбат надруу “чи Мөнхжаргалын юу юм бэ. Би бол багын найз нь байна” гэж маргаан эхэлсэн. Мөнхжаргалыг “00”-ын өрөө орох хооронд Очирбат миний хажууд ирж суугаад цамцны захаар миний хоолойг бооход миний амьсгаа давчдаад Очирбатын гарыг нь хажуу тийш болгож байгаад нэг удаа нүүрэн тус газар нь гараараа цохисон. Бид хоёр ноцолдоод газар унасан. Би түрүүлж босоод хартал Очирбатын хамарнаас цус гарчихсан “чамайг цагдаад өгнө” гээд орилоод байхаар нь би “ямар сүртэй залуу вэ, адилхан цохилцоод цагдаа сэргийлэх гээд яах юм бэ” гээд Очирбатыг түлхтэл надтай зууралдаж бид хоёр хамт шатны уруу унасан. Очирбат босож ирэхдээ дух нь хавдсан байсан. Тэгээд Очирбат “явлаа” гээд гарахаар нь би араас нь гарч таксины 20.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлгээр,
С.Мягмарсүрэнгийн буруутай үйлдлийн улмаас Э.Очирбатын биед “тархи доргилт, зулайн хуйх, баруун нүдний дээд, доод, зовхи, баруун хацар, уруул, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, 2 шүдний сулрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1450 дугаартай дүгнэлт /хх-ийн 15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчтой маргалдаж улмаар түүнийг зодсоноо өөрөө хүлээсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Э.Очирбат нь “Б.Мөнхжаргалыг Төв аймаг руу авч явна” гэж хэлснээс үүдэж хоорондоо маргалдаж улмаар Э.Очирбатыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан С.Мягмарсүрэнгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч С.Мягмарсүрэнгийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
С.Мягмарсүрэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Э.Очирбатад 780.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх С.Мягмарсүрэнгийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Торгууд овогт Сэр-Одын Мягмарсүрэнг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэнг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэн торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Мягмарсүрэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ