Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 308/ШШ2025/00497

 

 

 

 

 

2025 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 308/ШШ2025/00497

Дорноговь аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Д аймаг, С сум, * дугаар баг, Шы ** дугаар байрны ** тоотод оршин суух, Д овогт Згийн Т,

Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, Шы ** дугаар байрны ** тоотод оршин суух, Ш овогт Бын Б,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: З.Т /цахимаар/,

Хариуцагч: Б.Б /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Т нь Б.Бд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай бага охин Г маань сонсголын асуудалтай. Хоёр чих нь сонсголын асуудалтай. Нэг чих нь 70 хувьтай, нэг нь 60 хувьтай сонсдог. Өвлийн цагт ханиад томуу хүрчихээрээ байнга чих нь өвддөг. 2025 оны 01 дүгээр сард нэг чихэндээ хагалгаанд ороод одоо 88 хувийн сонсголтой болчихсон байгаа. Одоо зүүн чих нь хагалгаанд орохоор товлочихсон байсан. Гэвч санхүүжилт байхгүй, эмнэлэг маань зогсчихсон. 08 дугаар сарын 09-ийг хүртэл эмнэлгээс хариу хүлээгээд байж байна. Тэгээд цахимаар шүүх хуралдаанд орох болсон.

Би Б.Бтэй гэрлэлт цуцлуулах хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан байгаа. Бид хоёр 2007 оноос гэр бүл болсон. 2011 онд анхны охин маань гараад Б.Б ерөнхийдөө 2 нас хүртэл охинтойгоо байж байгаад гадагшаагаа Солонгос улс руу ажиллахаар хөдөлмөрийн гэрээтэй явсан. Тэр хооронд ерөнхийдөө би ганцаараа хүүхдээ асарч байсан гэсэн үг. Буцаад 2014 онд Б.Б ирээд бид хоёрын 2 дахь хүү буюу Аыг би тээсэн. Аыг гарахад Б.Б бол байгаагүй. Солонгост байсан мөн адил би ганцаараа тээгээд хүүхдээ гаргаад давхар ажлаа хийгээд явж байсан. Б.Б болохоор Солонгост бас ажлаа хийгээд явж байсан. 2017 онд би Солонгос улс руу 2 хүүхэдтэйгээ Б.Б рүү хамт амьдрах гээд очсон. Тэгээд аягүй их маргалдаан гаргадаг байсан. Тэгж байгаад би буцаад эргээд ирсэн. Манай бага охин маань хэвлийд байсан. Би мөн адил бас ганцаараа төрөөд ажлаа давхар хийгээд явж байсан. Ерөнхийдөө бол бид хоёр ингээд 2007 оноос хойш гэр бүл бололцсон гэж байгаа болов ч ерөөсөө яг хамтдаа амьдарч байсан хугацаа маань ингээд 14 жилийн хугацаа байхаар болов ч 4 жил л хамтдаа байсан. Бусад жил нь дандаа гадаадад, Монголд гээд тусдаа амьдарчихсан.

Б.Б 2020 онд Монголд ирээд хамт буцаад амьдрах болсон боловч бид хоёр байнгын зөрчилдөөнтэй, хэрүүл маргаантай, ерөнхийдөө гэр бүлийн таагүй орчин аягүй их үүсэж эхэлсэн. Хүүхдүүдийн хүмүүжлээс эхлээд аягүй хэцүү болж эхэлсэн. Гэр бүл цуцлуулъя гэдэг шийдвэрийг би 2020 онд гаргасан байсан. 2020 онд шүүхэд хүсэлт өгч байсан. Өмнө нь эвлэрүүлэн зуучлахаас хоёулаа өөр саналтай байгаад буцсан. 2024 оны 12 дугаар сарын 27-нд шүүхэд нэхэмжлэл өгсөн болов ч 3 сард хариу мэдэгдсэн. Гэр бүл цуцлуулах хүсэлтэй байна. Энэ хүнд буруу өгөх гээд байгаа юм биш. Зүгээр л гэр бүл цуцлуулах хүсэлтэй байна. Угаасаа бид 2 ингээд аймаар олон жил тусдаа амьдарчихсан буцаад нийлэх ямар ч боломжгүй болчихсон учраас одоо ч гэсэн тусдаа байгаа. Би энэ хүний аав байх эрхийг хэзээ ч хязгаарлах эрх байхгүй. Хүүхдүүдтэйгээ уулздагаараа уулзана. Гэр бүл саллаа гээд хүүхдийг аав ээжтэйгээ байх, уулзах эдгээр зүйл нь хэвэндээ байна л гэж хэлье.

Сая Монголд ирэхэд нь хүртэл чи Д аймагтаа ажилла. Ажил олоод өгье. Энэдээ тогтмол бай гэж хэлэхээр би хөдөө амьдарч чадахгүй, хэцүү гэдэг. Тэгвэл ростероор ажиллаад хотод Солонгост сурсан ажлаа давхар хийгээд яв гэж хэлсэн. Амралтаараа ирэхлээрээ өөрөө гэртээ тогтож чаддаггүй, хүүхдүүдтэйгээ харилцаанд орохлоор стресстээд хэцүү байгаад байдаг юм шиг санагдаад байдаг. Тусдаа олон жил ганцаараа байчихсан болохоор хүүхдүүдийнхээ байгаа байдалд нь жоохон стресстдэг байж магадгүй л юм шиг байгаа юм. Миний хувьд буцаад эвлэрч амьдрах ямар ч эргэх бодол байхгүй гэв.

Хариуцагч Б.Б хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Надад хэлэх зүйл алга. Энэ хүн шийдсэн байгаа учраас хэлсэн болгоныг өөр дээрээ аваад явъя гэж бодож байна. Би 2017 оны 6 дугаар сард Монголд ирсэн. Гэртээ байх гэхээр энэ чинь л болохгүй байна, мөнгө төгрөг, цалин чинь ч хүрэхгүй байна. Ийш тийшээ яв, ажил хий гэхээр нь би яваад өгдөг юм. Макт 14/14 хоногоор ростерт ажилладаг байхад ирчихээд би эргээд л хот явчихдаг байсан. Гэртээ байх гэхээр л наад цалин чинь хүрэхгүй байна. Мөнгө чинь хаанаа ч хүрэхгүй байна. Яв, зээлээ төл гээд дандаа мөнгөний хэрүүл гардаг.

Бас гадуурх харилцааны өчнөөн асуудлаас болсон. Дан ганц эрэгтэйчүүд нь буруу аваад л өнгөрдөг хорвоо болчихсон юм байна. Түмэн батална даа, би нээрээ ийм юм болно гэж төсөөлж явсангүй. Би 2017 онд ирээд л тэрнээс хойш УлаанБ хотод байсан. Гэр бүлээс гадуур харилцаа, өчнөөн олон хүмүүстэй уулздаг харилцааг юу гэж ойлгох юм. Очихоор намайг хөөдөг биз дээ чи, гэртээ оруулдаггүй биз дээ.

Эцсийн эцэст би буруутан болоод л үлддэг. Д даяар л ярьдаг байсан. Би өчнөөн уучилсан. Би зөндөө гомдолтой, гомдол тээж байгаа. Тэрийг одоо яриад яах вэ. Хүүхдийнхээ мөнгийг төлөөд, өр зээл юм хумаа би бүгдийг нь төлөөд явдгаараа явъя гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа, А өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичиг, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Д аймгийн С сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн тодорхойлолтууд, Эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2021/ЗШ/** дугаартай Д аймаг дахь сум дундын Эийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэр, яаралтай тусламжийн хуудас, Б ф ББСБ ХХК-ийн зээлийн гэрээ, банкны зарлагын баримтын хуулбар, үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээ, Хаан банкны зээлийн гэрээ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас хариу тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Б.Гэгээ, Б.Ад, Б.М нараас хүүхдийн санал асуусан байна. Мөн гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авч Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хэргийг шилжүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Хариуцагчтай цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг тогтоолгоно гэж,

3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч З.Т, Б.Б нар 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэр бүл болсныг иргэний гэрлэсний бүртгэлийн *** дугаарт бүртгүүлсэн, Тэдний хамтын амьдралын хугацаанд 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр охин Б.М, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.А, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.Г нар төрсөн. Хүүхдүүд сургуульд суралцаж, эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, сургуулийн тодорхойлолтуудаар тогтоогдож байна.

6.Гэрлэгчид зан харилцааны байдлын улмаас таарамжгүй байдал, шүүхээс өмнө шатанд эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримталж цуцлах нь зүйтэй байна.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр охин Б.Мишээл, 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү Б.Ананд, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.Гэгээ нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.

8.Эцэг, эх насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул охин Б.М, хүү Б.А, охин Б.Г нарт Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар тэтгэлэг тогтоож эцэг Б.Бгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Тт, 200,422 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар Д овогт Згийн Т, Ш овогт Бын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин Б.М, хүү Б.А, охин Б.Г нарыг эх З.Тын асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Б.М, хүү Б.А, охин Б.Г нарыг 11 нас хүртэл амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Б.Бгээр тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэрлэгчид нь хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд бие биедээ саад учруулахгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Тын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч З.Тт, 200,422 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ