| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвсүрэнгийн Ариунзул |
| Хэргийн индекс | 308/2025/00440/И |
| Дугаар | 308/ШШ2025/00498 |
| Огноо | 2025-08-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 308/ШШ2025/00498
| 2025 оны 08 сарын 08 өдөр | Дугаар 308/ШШ2025/00498 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, * дугаар хороо, Сын талбай-*, С Т, * дугаар давхарт оршин байрлах Т ББСБ ХХК,
Хариуцагч: Д аймаг, С сум, * дугаар баг, М, ** тоотод оршин суух Х овогт Чын Жд холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 353,330.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Ч.Жд шүүх хуралдааны товыг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гибрид шуудан ашиглан хүргүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Т ББСБ ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ч овогтой Жтай харилцан тохиролцож 1026428 дугаартай Т кредит үйлчилгээний гэрээ байгуулсан. Т кредит үйлчилгээний гэрээ нь хэрэглэгчийн өр орлогын харьцааг И-Монголиа системээс авч, өр орлогын харьцаанд үндэслэн цахим зээл олгодог. Тухайн хэрэглэгч буюу хариуцагч Жтай уг гэрээг өр орлогын харьцааг нь үндэслэн нийт 185,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн. Ж нь уг зээлийн эрхээр бүтээгдэхүүн, үйлчилгээ авч сар болгоны 15-ны өдөр, сарын 4 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байсан тул дээрх гэрээг цуцалж, Ч.Жаас зээлийн төлбөрт 353,330.22 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байсан. Би программаас харахад 185,000 төгрөгийн эрх үүссэн байна. Зээлийн эрх үүссэний дагуу 185,000 төгрөгийг хариуцагчийн Цахим мөнгөний хэтэвч рүү шилжүүлсэн. Цахим мөнгөний хэтэвч гэдэг нь хэрэглэгчийн данс буюу эзэмшдэг данс руу шилжүүлэхгүйгээр апплейкшний хэтэвчинд мөнгө байршуулдаг үйлчилгээ байгаа. Хэдэн төгрөгийг хэдэн хувийн хүүтэй авсан талаарх баримт одоогоор надад байхгүй байна. Т кредит Үйлчилгээний гэрээний 3.1-т сарын 4 хувийн хүү байна, ашиглалтаас хамаарч зээлийн хүү буурна гэж заасан байгаа гэв.
Нэхэмжлэгчээс: Зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Т кредит үйлчилгээний гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК хариуцагч Ч.Жд холбогдуулан 353,330.22 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3.Нэхэмжлэгч Т ББСБ ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Т ББСБ ХХК нь 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Ч.Жтай харилцан тохиролцож 1026428 дугаартай Т кредит үйлчилгээний гэрээ байгуулсан.
а.Зээлдэгч Ч.Жд 185,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн. Ч.Ж нь уг зээлийн эрхээр бүтээгдэхүүн, үйлчилгээ авч сар болгоны 15-ны өдөр, сарын 4 хувийн хүүтэй эргүүлэн төлөхөөр гэрээ байгуулсан. Хариуцагчид зээлийн гэрээний үүргийг зөрчигдсөн үеэс эхлэн тогтмол шаардаж, сануулсан боловч үр дүн гарахгүй байсан тул дээрх гэрээг цуцалж, Ч.Жаас зээлийн төлбөрт 353,330.22 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
а.Т ББСБ ХХК нь хариуцагч Ч.Жд 200,000 төгрөгийн зээлийн эрх үүссэний дагуу 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 1026428 дугаартай Т кредит үйлчилгээний гэрээ байгуулж зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохиролцсон байна.
Банк, Эрх бүхий хулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Зээлийн ашигласан хугацаа нь зээлдүүлэгчээс зээлдэгчид гэрээнд тохиролцсон хэлбэрээр зээл олгосноор эхэлж, зээлдэгч зээлдүүлэгчид буцаан төлснөөр дуусгавар болно., 19.3 дахь хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, зээлийн хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно. гэж хуульчилсан байна.
Гэвч нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Жтай 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1026428 дугаартай Т кредит үйлчилгээний гэрээг цахимаар байгуулахдаа аппликейшнээр дамжуулан аппликейшнд байрлах хариуцагчийн цахим хэтэвчинд зээлийг байршуулсан гэх боловч хэдэн төгрөгийг, хэдэн хувийн хүүтэй, ямар дансанд байршуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Учир нь хэрэгт авагдсан зээл буцаан төлсөн төлөлтийн хүснэгтэд 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 13,453.30 төгрөг, хүү 1,592.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.53 нийт 15, 059.11 төгрөг,
2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 18,819.97 төгрөг, хүү 5,960.28 төгрөг нийт 24,780.25 төгрөг,
2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 169,379.73 төгрөг, хүү 742.49 төгрөг нийт 170,122.22 төгрөг,
2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 18,732.30 төгрөг, хүү 2,956.11 төгрөг нэмэгдүүлсэн хүү 87.22 төгрөг нийт 21,775.63 төгрөгийн зээлийг буцаан төлсөн байна.
Гэвч хариуцагч Ч.Жд хэдэн төгрөгийн зээлийг, хэдэн хувийн хүүтэй олгосноос үндсэн зээлийн үлдэгдэл 168,590.70 төгрөг, хүү 152,338.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 32,401.27 төгрөг нийт 353,330.22 төгрөг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэхээр заасан бөгөөд зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, Эрх бүхий хулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3-т зааснаар Т ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Жд холбогдох 353,330.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.АРИУНЗУЛ