Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00193

 

 

 

 

 

 

 

 

 

“Т Т З” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                                                         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/03141 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Т Т З” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Б К” ХХК-д холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 119,628,000 төгрөг, алданги 42,650,000 төгрөг, нийт 162,278,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.Мөнхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: 2018, 2019, 2020 оны худалдах, худалдан авах гэрээгээр “Б К” ХХК-д бетон зуурмагийн нэмэлт бодис, бэхжүүлэгч зэрэг нийт 119,628,000 төгрөгийн бараа нийлүүлсэн. Үүнийг тооцоо нийлсэн акт, санхүүгийн тайлан зэргээр талууд хүлээн зөвшөөрдөг. Мөнгөний ханш, бараа материалын зөрүүнээс болоод алдагдал хүлээж байгаа учраас үндсэн төлбөр 119,628,000 төгрөг, алданги 42,650,000 төгрөг, нийт 162,278,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.  

 

  1. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Төлбөрийг 100 хувь барагдуулна, гэхдээ хуваарь гаргаад, алдангиа тодорхой хэмжээгээр багасгаж өгөхийг хүсч байна. Цагдаагийн ерөнхий газрын баригдаж байгаа барилгаас бартер хийгээд 5 жил болсон ч байр нь ашиглалтад орохгүй байгаа. Энэ нөхцөл байдлаас үүдэн төлбөр тооцоог барагдуулж чадахгүй байгаадаа хүлцэл өчиж байна. Гэхдээ харилцан тохирч цаашдын ажилдаа гаргалгаа гаргах хүсэлтэй байна.

 

  1. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б К ХХК-иас худалдах худалдан авах гэрээний үүрэг нийт 157 278 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Т З ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 969 340 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 944 340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон.

 

  1. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн 26,355,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

          а. Хариуцагчийн зүгээс тооцоо нийлсэн актаар хүлээн зөвшөөрсөн төлбөрийн хэмжээн дээр маргаагүй бөгөөд гагцхүү алдангийн хэмжээ хэт их байна. Дэлхий нийтийг хамраад буй Ковид-19 цар тахлын улмаас олон удаагийн бүх нийтийн хорио цээр тогтоогдсон, үүний улмаас аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа доголдож, бизнесийн ашиг орлого муудаж байгаа нь маргашгүй үнэн. Дээрх Ковид-19 цар тахал нь нийтэд илэрхий буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд хамаарна.

          б. Талуудын хооронд байгуулсан гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгч талд төлбөрийн 70 хувийг бартерын зүйл оролцуулж өгөхөөр тохиролцсоны дагуу олон төрлийн автомашин санал болгосон боловч хүлээн аваагүй.

          в. Мөнгөн хэлбэрээр төлөхөд татгалзах зүйлгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, хариуцагч талаар төлүүлэхээр шийдвэрлэсэн 37,650,000 төгрөгийн алдангийн 70 хувь болох 26,355,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

          5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.

          а. Нэхэмжлэгч 2018 оны алдангийг нэхэмжлээгүй, 2020 оны алдангийг шүүх хассан, 2019 оны 37,500,000 төгрөгийг хасуулмааргүй байна. Бэлэн мөнгө авах ёстой байсан ч хариуцагч талын нөхцөл байдлыг харж үзээд 70 хувьд нь орон сууц авч болно гэж хэлсэн. Хариуцагч 2021 онд төлбөрөө төлөхгүй атлаа үйлдвэрээ өргөтгөсөн тул санхүүгийн хувьд чадвартай болох нь харагдаж байна. Иймд ковид-19 цар тахлаас өмнөх үеийн алдангийг хасуулна гэж байгаа нь үндэслэлгүй.

 

ХЯНАВАЛ:

 

          Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Нэхэмжлэгч “Т Т З” ХХК нь хариуцагч “Б К” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөр 119,628,000 төгрөг, алданги 42,650,000 төгрөг, нийт 162,278,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зарим хэсгийг нь зөвшөөрч, үлдэх хэсгийг нь “алдангийн хэмжээг бууруулах, төлбөрийг хуваарь гаргаж хэсэгчлэн төлөх” үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх1, 67 /

 

  1. Хэрэгт авагдсан талуудын хооронд 2018 оны 03 сарын 29-ний өдөр, 2019 оны 03 сарын 01-ний өдөр тус тус байгуулагдсан “Бараа нийлүүлэх гэрээ” /хх 49-55/, 2018 он, 2019 оны “Тооцооны үлдэгдлийн баталгаа”-нууд /хх13, 15/, 2019 оны 06 сарын 05, мөн оны 11 сарын 22, 2020 оны 08 сарын 25-ны өдөр тус тус үйлдсэн “Тооцоо нийлсэн акт” /хх14, 16-17/ гэсэн баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан үнэлбэл, хариуцагч нь нэхэмжлэгчээс 2018-2020 оны хооронд худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 119,628,000 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.

         

          Харин хариуцагч гэрээ болон тооцоо нийлсэн баримтаар тохирсон хугацаандаа төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас тооцогдсон алдангийг хариуцагчийн зүгээс Ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа хэд хэдэн удаа зогссонтой холбогдуулан бууруулах үндэслэлтэй эсэх талаар маргасан байна.

 

          Талууд бичгээр байгуулсан “Бараа нийлүүлэх гэрээ”-ний 7.2-т худалдан авагч тал гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцон төлөх тухай харилцан тохиролцсон нөхцөл нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

 

          Нэхэмжлэгч 2018 оны алдангийг шаардаагүй, шүүх 2021 онд тооцсон алдангид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул 2019 оны гэрээний дагуу алданги тооцож 37,650,000 төгрөг гаргуулсан нь үндэслэлтэй, алданги бууруулах талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

  1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад талуудын “хариуцагчаас нэхэмжлэгчид 7,000,000 төгрөг төлсөн” гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай.

 

          Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргаж, шүүх хуралдаан тодорхой хугацаагаар хойшилсон үед хариуцагч нь нэхэмжлэгчид 7,000,000 төгрөг төлсөн талаар тайлбар гаргасан байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх хуралдааны явцад тодруулахад талууд хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагч “Б К” ХХК-аас худалдах, худалдан авах гэрээний үүргийн үндсэн төлбөр 119,628,000 төгрөгөөс 7,000,000 төгрөгийг хасч, 112,628,000 төгрөгийг анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн алданги 37,650,000 төгрөг, нийт 150,278,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Т Т З” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 12,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

         

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 29-ний өдрийн 102/ШШ2021/03141 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...157 278 000...” гэснийг “...150,278,000...” гэж, “...5 000 000...” гэснийг “...12,000,000...” гэж өөрчлөн,

              Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...944 340...” гэснийг “...909,340...” гэж тус тус өөрчлөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 289,725 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ                                                 

 

                           ШҮҮГЧИД                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР