| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 149/2018/00049/Э |
| Дугаар | 00059 |
| Огноо | 2018-05-11 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Э.Энхбат |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 00059
Монгол улсын нэрийн өмнөөс:
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга Б.Ариунсанаа
Улсын яллагч Э.Энхбат
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Э.Энхбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Д.Дд холбогдох 1832000610061 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдрах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай групт байдаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5-р баг, Төвийн 1-26 тоотод оршин суух хаягтай, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн хэрэг хариуцах чадвартай,
Боржигон овгийн Довчиннамжилийн Д. РД7МР72052137/
Шүүгдэгч Д.Д нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” кафений гадаа 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим иргэн н.Цэцэгтогтоогийн дуудлагаар очсон Түнхэл 5-р багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Хийг “согтууруулах ундаа хэргэлсэн бол зөв зохистой байх хэрэгтэй, одоо гэртээ очиж амар” гэж хууль ёсны шаардлага тавихад нь эсэргүүцэж, “энэ юу вэ? чи муу юу юм, чамайг байтугай чамаас цаадахыг зодож явсан, одоо наадахыг чинь нүдчихье, пизда, гөлөг” зэрэг үг хэллэг хэлж хүч хэрэглэхээр заналхийлж, хоолойг нь боох, заамдаж барих зэргээр хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ: .... Согтуугаар ийм үйлдэл хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна .... гэх мэдүүлэг болон талуудын шинжлэн судалсан нотлох баримт болох
Хохирогч Л.Х мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:...... Намайг 2018 оны 04 сарын 08-ны өдрөөс 09- нд шилжих шөнө Түнхэл 5-р багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад 00 цаг өнгөрч байхад “Оргил" кафены эзэн Цэцэгтогоо гэх эмэгтэй утсаар дэслэгч Х.Соын утас руу “манай кафед согтуу хүмүүс хэрүүл маргаан хийгээд аяга таваг хагалаад байна” гэх дуудлага өгсөний дагуу бид хоёрыг очиход уг кафены гадаа үүдэнд Цэцэгтогоо хэдэн залуучуудтай маргалдаж байсан ба хэсгийн төлөөлөгч Х.Со кафены эзэн Цэцэгтогоотой уулзаж болсон явдлын талаар тодруулахаар кафе руу орсон. Энэ үед гадаа Д, Ба нарын 7 согтуу залуу надтай хамт үлдсэн. Д, Ба нар кафе руу орох гээд дайраад байхаар нь би хориглоод “та нар ингэж болохгүй ээ, согтууруулах ундаа хэргэлсэн бол зөв зохистой байх хэрэггэй, одоо харьж амар” гэхэд Д “чи муу хэн бэ” гээд над руу дайраад ер нь л цохьчих гээд намайг заамдаж авахаар нь би гарнаас нь барьж аваад та харьж амар, одоо тайвшир гэж шаардлага тавьсан...Д нь миний араас хоолойгоор гараа оруулж наймаг боож арагш татсан...Тухайн үед Д намайг "энэ юу вэ? чи муу юу юм, чамайг байтугай чамаас цаадахыг зодож явсан, одоо наадахыг чинь нүдчихье" гээд намайг пизда, гөлөгөөр дуудаад хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшлаад байсан. Тэгээд Баыг дундуур нь салгах үед Дамийням миний араас хойлоогоор гараа оруулж ирээд боосон...Надад ямар нэгэн гэмтэл учраагүй ээ. Гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /ХХ-ийн 10-13 дугаар хуудас/
Гэрч Х.Со мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....….2018 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 23 цаг өнгөрч байхад миний утас руу “Оргил" кафений эзэн Цэцэгтогоо залгаад “манайд согтуу хүмүүс хэрүүл маргаан хийгээд байна” гэхээр нь цагдаа Л.Хийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаад шууд машинтайгаа очсон. “Оргил” кафе дээр очоод цагдаа Л.Х машинд сууж үлдэж би кафе руу орсон ба намайг буцаад гараад иртэл гадаа үүдэнд цагдаа Л.Х, Дтай заамдалцсан байдалтай зогсож байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/
Гэрч А.Ба мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....… Д ах бид хоёр уг кафены эзэн Цэцэгтогоо эгчтэй үл ойлголцолоос болж ам мурийж маргасан. Тэгсэн чинь Цэцэгтогоо эгч цагдаа дуудсан юм байлгүй удалгүй цагдаа ирсэн. Д ах түрүүлээд кафенаас гарахаар нь би араас нь гартал гадаа үүдэнд Д ах Х цагдаатай заамдалцсан байдалтай барилцаад зогсож байсан. Тэгэхээр нь би тэр хоёрын дундуур нь ороод гар муутай ахыг минь яах нь вэ гээд хоёр гараараа хоёр тийш түлхэж салгасан гэх мэдүүлэг
/ХХ-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч Б.Пү мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ....… Ба, Д хоёр баарнаас гарч ирээд Д ах цагдаа Х руу согтуу агсарч дайраад дуу нь чангараад байсан. Тэгэхээр нь Нарантөгс бид хоёр гүйж очоод “цагдаа байна ш дээ, болиоч, маргааш учраа олооч, наадах чинь ажилаа хийж яваа хүн ш дээ” гэж хэлээд салгах гэхэд дийлдэхгүй байсан гэх мэдүүлэг
/ХХ-ийн 17-18 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Дын ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 32 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-н 33 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Дын иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 35 дугаар хуудас/
Хохирогч Л.Хийн гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй гэх бичгээр гаргасан тодорхойлолт /ХХ-ийн 41-42 дугаар хуудас/
Шүүгдэгч Д.Дын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэх хүсэлт болон түүний өмгөөлөлгч авах шаардлага байхгүй шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно гэж бичгээр гаргасан хүсэлт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Д нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” кафений гадаа 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим иргэн н.Цэцэгтогтоогийн дуудлагаар очсон Түнхэл 5-р багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Хийг “согтууруулах ундаа хэргэлсэн бол зөв зохистой байх хэрэгтэй, одоо гэртээ очиж амар” гэж хууль ёсны шаардлага тавихад нь эсэргүүцэж, “энэ юу вэ? чи муу юу юм, чамайг байтугай чамаас цаадахыг зодож явсан, одоо наадахыг чинь нүдчихье, пизда, гөлөг” зэрэг үг хэллэг хэлж хүч хэрэглэхээр заналхийлж, хоолойг нь боох, заамдаж барих зэргээр хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн шүүхийн мэдүүлэг болон хохирогч Л.Хийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 10-13 дугаар хуудас/, гэрч Х.Соын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, гэрч А.Баын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 15-16 дугаар хуудас/, гэрч Б.Пүийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 19-20 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Дыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэйн холбогдуулж хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүйцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Д.Д нь согтуугаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” кафений гадаа 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 00 цагийн орчим Түнхэл 5-р багийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Л.Хийг “согтууруулах ундаа хэргэлсэн бол зөв зохистой байх хэрэгтэй, одоо гэртээ очиж амар” гэж хууль ёсны шаардлага тавихад нь эсэргүүцэж, “энэ юу вэ? чи муу юу юм, чамайг байтугай чамаас цаадахыг зодож явсан, одоо наадахыг чинь нүдчихье, пизда, гөлөг” зэрэг үг хэллэг хэлж хүч хэрэглэхээр заналхийлж, хоолойг нь боох, заамдаж барих зэргээр хүч хэрэглэсэн нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон шүүгдэгч прокурортой ял шийтгэлийн талаар тохиролцсон зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.
Хохирогч Л.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
Тогтоох нь:
1.Шүүгдэгч Довчиннамжилын Дыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Дыг 2700 нэгж буюу 2700000 /Хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Д.Дыг торгох ялыг 01 жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
8.Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ