Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/833

 

                                                     *******т холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Б.Одонтуяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******,

иргэний хариуцагч “******* *******” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/653 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч иргэний хариуцагч “******* *******” ХК-ийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн *******т холбогдох эрүүгийн 2403001120202 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овгийн гийн , 1986 оны 03 дугаар сарын 30-ны өдөр аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “******* ” ХК-нд гэрээт борлуулагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр, *** хороолол, *** дүгээр байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:/,

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 06 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, “******* ” төвийн баруун талд Kia bongo маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******г мөргөж, амь насанд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...*******ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 10,000,000 төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас болон иргэний хариуцагч “******* ” ХК-аас тус бүр 51,727,289 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 103,454,579 төгрөг олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******* болон иргэний хариуцагч “******* ” ХК-иас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэж, шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Иргэний хариуцагч “******* ” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд манай компанийн зүгээс овогт тай 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ******* ******* улсын дугаартай бонго маркийн автомашиныг 3 жилийн хугацаатайгаар, хүүгүйгээр, худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд ******* нь энэхүү гэрээний үүргээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн төлж дуусгаж өмчлөх эрх шилжсэн гэж үзсэн тул иргэний хариуцагчаар оролцох үндэслэлгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Гэвч шүүхээс уг зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгчийн жолоодож явсан kia bongo маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь “******* ” ХК байсан учир Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юм эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй тул иргэний хариуцагчийн төлөөлөгчийн мэдүүлэг тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн “******* ” ХК, ******* нараас тус бүр 51,727,289 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******т 103,454,579 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. ******* нь манай үндсэн ажилтан бус хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилладаг, мөн түүний зам тээврийн ослын гэмт хэрэг гарах үед жолоодож явсан автомашин нь түүний эзэмшлийн автомашин бөгөөд хэрэв манай компанийн үндсэн ажилтан, үндсэн тээврийн хэрэгслийг жолоодож байхдаа зам тээврийн осол гаргасан тохиолдолд бид дээрх хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрч, хүний алтан амь эрсэдсэн энэ асуудалд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хариуцлага хүлээх байсан. Харин одоо гомдол гаргаж буй энэхүү хэрэг нь гэрээний эрх зүйн харилцаа болон өмчлөгч, эзэмшигчтэй холбоотой асуудал бөгөөд шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн осол гарах үед тухайн тээврийн хэрэгсэл “******* ” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй байсанд л анхаарал хандуулж шууд дүгнэлт хийсэн ба *******тай хийсэн худалдах, худалдан авах гэрээ болон бусад иргэний хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй. Хэдий бичиг баримт дээр “******* ” ХК-ийг эзэмшигч гэж үзэж байгаа ч шүүх өмчлөх болон эзэмших эрх хэнд хадгалагдаж байгаа, хэзээнээс өмчлөх эрх хэнд үүссэн вэ, хаана шилжсэн вэ гэдэг дээр ач холбогдол өгөөгүй. Иргэний хуулийн 89-р зүйлийн 89.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор авах замаар эзэмшил үүснэ”, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл хавтас хэргийн 182 болон 183 дугаар хуудаст нийт 10 удаагийн гүйлгээ /суутгал/ хийж хамгийн сүүлд 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр гүйлгээ хийснээр худалдсан автомашины төлбөрийг шүүгдэгч ******* бүрэн барагдуулж дууссан нь нотлогддог. Иймд *******ын эзэмшил дээрх хугацаанаас эхлэн үүсэж шударга эзэмшигч болсон гэж үзэхээр байна. Шүүгдэгч *******тай хийсэн гэрээний 3.3-т “Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, сэлбэг хэрэгсэл, засвар үйлчилгээг” өөрөө хариуцахаар тохиролцсон. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу харилцан тохиролцож байгуулсан байдаг. Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111. Дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн зохих журмын дагуу тавьсан шаардлагаар түүний эзэмшилд тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” 111.2 дараах тохиолдолд эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэн 11.2.1 өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр 111.2.2 өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд тухайн эд хөрөнгө байгаа бол өмчлөх эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулснаар 111.2.3 эд хөрөнгө нь гуравдагч этгээдийн эзэмшилд байвал өмчлөгч шаардах эрхээ өмчлөх эрх олж авч байгаа этгээдэд шилжүүлсэн гэрээ байгуулснаар гэж тус тус заасан. Үүнээс үзвэл ******* нь манай компанид тус тээврийн хэрэгслийн төлбөрийг төлж дуусгасан үеэс буюу 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн өмчлөх эрх нь хуулийн дагуу үүссэн бөгөөд өөрийн эзэмшилдээ бүрэн байлгаж байсан нь дээрх хуулийн 111.2 дахь хэсгийг хангаж байна. Мөн иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжинэ” гэж заасан бөгөөд *******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 1.8-д Худалдан авагч гэрээний үүргээ биелүүлэх хүртэл дээрх автомашины худалдагчийн өмчлөлд байна, 4.3 худалдан авагч төлбөр тооцоог барагдуулсны дараа автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж тус тус тохиролцсон нь дээрх хуулийн 112.1 дэх хэсгийг мөн хангаж байгаагаас гадна *******ын яллагдагчаар 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн “...”******* *******” ХК-аас 2017-2020 оны хооронд түрээсэлж мөнгийг нь төлж дуусгаад өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй байсан юм. Ер нь бол миний машин байгаа юм...” гэх мэдүүлгээр хэний эзэмшилд байсан нь тогтоогдож байна. Өмчлөх эрх үүссэн тухайн цаг, мөчийг тодорхойлох нь эрх зүйн үр дагавар хаана, хэнд, хэзээ үүссэн гэдгийг тодорхойлж жинхэнэ өмчлөгч хэн вэ гэдгийг нотлох бодит нөхцөл бүрдэх бөгөөд энэ нь хэрэгт чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Мөн өмчлөх эрх нь өөрөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах зэрэг эрх зүйн хэм хэмжээний нийлбэр цогцыг агуулсан хууль зүйн ойлголт. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд “Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах” гэсэн зүйлийн зохицуулалт нь тээврийн хэрэгслийн өмчлөгчид хариуцлага хүлээлгэхэд чиглээгүй харин орчин тойрондоо аюул учруулах эрсдэл өндөртэй зүйл болох тээврийн хэрэгслийг өөрийн мэдэл, хараа хяналтдаа байлгах, түүний эрсдэлийг удирдах боломжтой этгээдэд хариуцлага хүлээлгэх зорилготой гэж ойлгож байгаа бөгөөд “******* *******” ХК нь өөрийн үндсэн хөрөнгөөс хасагдсан буюу худалдах, худалдан авах гэрээний дагуу бусдад шилжсэн тээврийн хэрэгсэлд хараа, хяналт тавих боломжгүй юм. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны “Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар” 4-р боть нот /62-р тал/-д тээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэж бус харин Иргэний хуулийн 111.1 дэх хэсэгт заасан хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь гэрчилгээнд нэр нь бичигдсэн цаг мөчөөс бус харин эзэмшлийг шилжүүлсэн мөчөөс шилждэг гэж тайлбарлажээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, холбогдох иргэний хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, эзэмшигч, өмчлөгчийг бүрэн тогтоогоогүй тул шийтгэх тогтоолын нэхэмжлэлийн хариуцагчтай холбоотой хэсгээс “******* *******” ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  ...” гэв.

Хохирогч хууль ёсны төлөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний зүгээс Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд шүүгдэгч *******тай холбоотой хэргийг шийдвэрлэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд маргах зүйл байхгүй. ...” гэв.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Энэ хэрэг шалгагдах явцад тээврийн эзэмшигч нь “******* *******” ХК байсан. Иймээс Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигчээр “******* *******” ХК-ийг иргэний хариуцагчаар татсан. Иргэний хариуцагч “******* *******” ХК-ийн төлөөлөгч ******* машиныг шүүгдэгч *******т шилжүүлсэн гэж байна. Шилжүүлсэн баримт байхгүй, уг машин нь “******* *******” ХК-ийн эзэмшлийн гэрчилгээтэй, “******* *******” ХК 2021 онд гэрээ дуусгавар болсон гэдэг. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн дагуу мөрдөн байцаалтын шатанд “******* *******” ХК-ийг  иргэний хариуцагчаар татсан. Үүнийг шүүх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн. Нөгөө талаас төлбөрөө төлөөд дууссан тохиолдолд манай эзэмшил биш гэж үздэг. Иймээс хуульд заасан үндэслэлийн дагуу иргэний хариуцагчаар татсан байна. *******т зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, зорчих хязгаарыг Улаанбаатар хот доторх хүрээгээр тогтоосон. ******* нь Улаанбаатар хотын хэмжээнд түгээлтийн ажил хийдэг. Түгээлтийн ажил хийснээрээ өөрөө жолоо барихгүйгээр өөр хүнээр машин бариулаад түгээгчийн ажил үүргээ гүйцэтгээд явснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх зардал баталгаагаар хангагдаж байгаа юм. Энэ тал дээр хууль ёсны төлөөлөгч шүүх хурал дээр санал хэлсэн, энэ бүгдийг шүүхээс харгалзан үзсэн байдаг. ...” гэв.

Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Иргэний хариуцагч “******* *******” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн гаргаж байгаа давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ иргэний хариуцагч “******* *******” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байна. 

Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад,

шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 06 цаг 30 минутын орчимд Баянзүрх дүүргийн *** дүгээр хороо, “******* ” төвийн баруун талд Kia bongo маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц луу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч *******г мөргөж, амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын “...Би зам тээврийн ослын талаар мэдэхгүй. Тухайн осол болсон гэх өдрийн 13 цагийн үед “замын цагдаагаас ярьж байна, ******* гэх хүнийг таних уу” гэж хэлээд “ирж уулзах шаардлагатай байна” гэхээр нь Замын цагдаа дээр очиж уулзаад мэдсэн. ...Би тухайн өдөр өглөө 04 цагийн үед гэртээ ороход ээж унтаж байсан. Тэгээд намайг унтаж байхад өглөө гараад явсан байсан би гарч явахыг нь мэдээгүй. Өглөө эмчилгээндээ явах гэж гарсан байх. ...Миний хувьд гомдолтой байна. ...” /хх 16/ гэсэн мэдүүлгүүд,

шүүх шинжилгээний газрын шинжээчийн “...Талийгаач *******гийн цогцост зүүн чамархай, зулай ясны цөмөрсөн хугарал, хугарлаар ирмэг зүүн чулуулаг яс, турк эмээл рүү, урд ирмэг суурийн урд хонхрыг дайрсан ухархайн дээд хана, тахиан залаа, бага далавч, турк эмээл, баруун суурийн дунд хонхор луу үргэлжилсэн шугаман хугарал, тархины хоёр чамархай, зулайн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хоёр чамархай, зулайн аалзан хальсан доорх цус харвалт, цээжний хоёр талын олон хавирганы хоёрлосон, гурвалсан гялтан хальс цоолсон зөрүүтэй хугарал, зүүн эгэм ясны зөрүүтэй далд хугарал, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт, хоёр уушгины эдийн няцрал, авчилт, голт, хоёр уушгины уг, үнхэлцэг, хальс, дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн урагдал, хоёр талын олон яс уулзах үеэрх салсан хугарал, баруун чамархайн хуйх, чихний дэлбэнгийн няцарсан шарх, зүүн дух, чамархайн хуйхны дотор гадаргуу, хоёр чамархайн булчингийн цус хуралт, хоёр нүдний дээд зовхи, баруун сарвууны долоовор хурууны цус хуралт, дух, зүүн хөмсөг, хацар, баруун бугалгад зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Д.Талийгаач нь дээрх гавал, тархи, цээж, хэвлий, аарцгийн хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. Цус, цөсөнд спиртийн агууламж илрээгүй. Нас барах үедээ согтолтгүй байжээ. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 08 цагт цогцост үзлэг хийх үед нас бараад 1-2 цаг орчим болсон байжээ. Нэгдүгээр бүлгийн харьяаллын цустай байна. ...” гэсэн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 847 дугаартай дүгнэлт /хх 32-33/,

тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 421 дугаартай “...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна. ...” гэсэн магадлагаа /хх 99-101/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тухай “...бичлэгийг цааш тоглуулахад явган зорчигч явган хүний гарц хэсгээр замын зорчих хэсэг рүү орж байгаа нь харагдах бөгөөд энэ үед хар өнгийн тээврийн хэрэгсэл явган хүний гарц хэсгээр буцаж эргэж байгаа нь харагдаж байна. ...явган зорчигчийг мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл ирж байгаа нь харагдаж байна, энэ үед явган зорчигч замын голд ирж байгаа нь харагдаж байна. ...тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг мөргөж байгаа нь харагдаж байна. ...тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг мөргөж унаган улмаар газарт явган зорчигч гулгаж хяналтын камерын харах өнцгөөс гарч байв...” гэсэн тэмдэглэл /хх 124-127/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 01, 04/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-09/, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 10/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-13/, авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх 91-97/, амь хохирогчийн нас барсны гэрчилгээ /хх 164/, шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх 130/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарч, зам хөндлөн гарч байсан явган зорчигч *******г мөргөж, түүний амь нас хохирсон хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, орон нутагт зорчих, оршин суух газраа өөрчлөхдөө эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авах үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3, 5,1 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.  

Иргэний хариуцагч “******* *******” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч ******* “...*******тай манай компани 3 жилийн хугацаатайгаар, хүүгүйгээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж энэхүү гэрээний үүргээ 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн төлж дуусгаж автомашины өмчлөх эрх шилжсэн. ...******* нь манай үндсэн ажилтан биш хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажилладаг. ...Иргэний хуулийн 111-р зүйлийн 111.2.1 дэх хэсэгт заасаар төлбөрийг төлж дуусгасан үеэс эхлэн өмчлөх эрх хуулийн дагуу *******т үүссэн бөгөөд өөрийн эзэмшилдээ бүрэн байлгаж байсан... ...Иймд анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу хэрэглэсэн, холбогдох иргэний хуулийн зүйл, заалтыг хэрэглээгүй, эзэмшигч, өмчлөгчийг бүрэн тогтоогоогүй тул иргэний хариуцагчтай холбоотой хэсгээс “******* *******” ХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуул  га бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”,

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.”,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заажээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч *******ын жолоодож явсан “Bongo Frontier” маркийн ******* ******* улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл нь “******* *******” ХК-ийн эзэмшилд байсан, мөн шүүгдэгч нь тус компанид хөлсөөр ажиллах гэрээний дагуу уг компанийн бараа бүтээгдэхүүнийг түгээн борлуулах ажил эрхэлдэг, ажил үүргээ гүйцэтгэх явцад гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул иргэний хариуцагч болон шүүгдэгчээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан гэм хорын хохирлыг хувь тэнцүүлэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд дүгнэлт хийж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардлаас төлөөгүй үлдсэн 4,454,579 төгрөг, гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 99,000,000 төгрөг, нийт 103,454,579 төгрөгийг шүүгдэгч болон иргэний хариуцагч байгууллагаас хувь тэнцүүлэн гаргаж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч ******* болон иргэний хариуцагч “******* *******” ХК-аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Нөгөө талаас, иргэний хариуцагч “******* *******” ХК нь шүүгдэгч ******* нарын хооронд 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний үүрэг болох төлбөр тооцоог ******* 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бүрэн төлж дуусгаснаар автомашины өмчлөх эрх түүнд шилжсэн учир иргэний хариуцагчаар татагдвал зохих этгээд биш гэж маргаж байх боловч уг гэрээний 4.3-д “худалдан авагч төлбөр тооцоог барагдуулсаны дараа автомашиныг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан үүргээ худалдагч тал “******* *******” ХК хэрэгжүүлээгүй буюу төлбөр төлсөн гэх цаг хугацаанаас хойш 3 жил өнгөрсөн байхад “Bongo Frontier” маркийн ******* ******* улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл нь тухайн компанийн нэр дээр бүртгэлтэй хэвээр ашиглагдаж байсан гэж үзэхээр байх тул энэхүү гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 653 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “******* *******” ХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/653 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч “******* *******” ХК-ийн хууль ёсны төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                        Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        С.БОЛОРТУЯА