| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/06970/И |
| Дугаар | 191/ШШ2025/05415 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/05415
| 2025 6 13 | 191/ШШ2025/05415 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин байрлах, Монголзам групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, байрлах, Барилга-инженерийн цэргийн удирдах газар УТҮГ,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд ******* регистрийн дугаартай, байрлах, Монголын төмөр зам ТӨХК-нд тус тус холбогдох
Гэрээний баталгааны төлбөрт 1,041,293,963 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа: Монгол Зам групп ХХК-нь Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар төрийн байгууллагатай 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №н/116 тоот дугаартай ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ", 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр №н/50 ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил / хоолойн / гүйцэтгэх гэрээ-г харилцан тохиролцож байгуулсан. Монгол зам групп ХХК-нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлд баригдах төмөр ******* доод бүтэц, Техникийн болон ажлын зураг, төсөл, даалгавар, нөхцлийн дагуу төмөр ******* шугамын доод бүтцийн бүрэлдэхүүн хэсэг, далан, хоолой зэрэг хиймэл байгууламжийг 22.217.301.641.49 / хорин хоёр тэрбум, хоёр зуун арван долоон сая гурван зуун нэг мянга, зургаан зуун дөчин нэг төгрөг, дөчин есөн төгрөг/ ажил гүйцэтгэхээр болсон.
2019 оны 12 дүгээр сарын 06-ны өдрөөс, 2020 оны 05 дугаар сарын 20-ний өдөр хүртэл ажлыг гүйцэтгэж дуусгахаар гэрээ байгуулсан. Монгол зам групп ХХК гэрээнд заагдсан ажлыг хугацаанд нь бүрэн хийж гүйцэтгэж дуусгаж акт үйлдэж, улсын комисс хүлээж авсан байдаг.
Монгол зам групп ХХК-нь төмөр ******* ажлын хөлсний нийт үнэ болох 22 217 301 641.49 төгрөгнөөс 20 987 058 259.49 төгрөгийн ажлын хөлсний төлбөрийг авсан. Гэрээний дагуу Далангын ажлын баталгаа 5 хувь болох 852 344 544 /намайн зуун тавин хоёр сая гурван зуун дөчин дөрвөн мянга таван зуун дөчин дөрвөн / төгрөг, Хоолойн ажлын баталгаа 5 хувь болох 377 898 838 / гурван зуун далан долоон сая найман зуун ерин найман мянга найман зуун гучин найман/ төгрөгүүдийг 2020 онд авах байсан боловч уг мөнгийг одоо хүртэл шийдэж өгөөгүй байна. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, барьцаа мөнгийг төлөхгүй биднийг хохироож байна.
Манай компанийн зүгээс Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар гэрээний 15.14, 16.20-т заасны дагуу Ажлын баталгаа 5 хувь болох нийт 1 230 243 382 төгрөгийг төлөхийг удаа дараа биечлэн уулзаж, албан журмаар хандсан боловч далангын болон хоолойн ажлын баталгааг буцааж төлөхгүй байна.
Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар-с Далангын болон Хоолойн ажлын баталгаа 5 хувь болох 1 230 243 382 / нэг тэрбум хоёр зуун гучин сая хоёр зуун дөчин гурван мянга гурван зуун наян хоёр /төгрөгийг буцаан өгөхгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжилж байна.
Иймд: Монгол Зам групп ХХК-нь Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар-аас Далангын болон Хоолойн ажлын баталгаа 5 хувь болох нийт 1 230 243 382 / нэг тэрбум хоёр зуун гучин сая хоёр зуун дөчин гурван мянга гурван зуун наян хоёр / төгрөгийг, ул улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэлийг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Барилга-инженерийн цэргийн удирдах газар УТҮГ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж байгаа "Монгол зам групп" ХХК-ийн нэхэмжлэлтэй Барилга-инженерийн цэргийн удирдах газар УТҮГ (хуучин нэршлээр Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар)-т холбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг хүргүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам", Засгийн газрын 2019 оны 135 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2019 оны 134 дүгээр тушаалыг тус тус удирдлага болгон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн Шинэ төмөр зам төслийн Ерөнхий захиалагчаар "Монголын төмөр зам ТӨХК, доод бүтцийн Ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний Жанжин штаб томилогдон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэх мэргэжлийн нэгж болох "Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар УТҮГ мэргэжил арга зүйгээр ханган бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсэн.
Доод бүтцийн ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн ажлын санхүүжилтийг төслийн ерөнхий захиалагч "Монголын төмөр зам ТӨХК болон Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын хооронд байгуулсан 2020 оны АГГ-н/1901-01 дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6 дахь заалтад ... Захиалагч гуравдагч этгээдтэй санхүүжилтийн гэрээ байгуулж, гүйцэтгэгчийн хүсэлтээр төлбөрийг олгоно., Гуравдагч этгээдийн ажлын гүйцэтгэлийг Инженер хянан, баталгаажуулж төлбөрийн хүсэлтийг Гүйцэтгэгч хянан, баталгаажуулж, зөвшөөрөл олгосныг тус тус үндэслэн Захиалагч гуравдагч этгээдэд төлбөрийг төлнө, Гуравдагч этгээдэд төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой гүйцэтгэгч болон гуравдагч этгээдэд учирсан аливаа хохирол, эцсийн хариуцлагыг Захиалагч хүлээнэ гэж, мөн төслийн доод бүтцийн ерөнхий гүйцэтгэгч Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар, туслан гүйцэтгэгч Монгол зам групп ХХК нарын хооронд байгуулсан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан №н/175, №н/205 дугаартай гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2. дахь хэсэгт заасан санхүүжилт түүнийг олгох асуудлыг гүйцэтгэгч нь энэхүү гэрээг үндэслэн Монголын төмөр зам ТӨХК-тай байгуулсан санхүүжилт олгох тухай гэрээгээр зохицуулна, 2.2 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн санхүүжилтийг Зэвсэгт хүчний ББДГ-ын санхүүгийн хэлтсээс ирүүлсэн төлбөрийн хүсэлт, ажлын гүйцэтгэл, нэхэмжлэхийг үндэслэн Монголын төмөр зам ТӨХК нь Санхүүжилт олгох гэрээ-ний үндсэн дээр шийдвэрлэнэ. Монголын төмөр зам ТӨХК-тай байгуулсан Санхүүжилт олгох гэрээ нь бие даасан шинжтэй байна гэж тус тус заасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Монголын төмөр зам ТӨХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ.
Хариуцагч Монголын төмөр зам ТӨХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: Монголзам групп ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Н/116 дугаартай Таван толгой-Зүүн баян чиглэлийн ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 31-ний өдөр Х/50 дугаартай Таван толгой-Зүүн баян чиглэлийн ******* ******* шугамын доод бүтцийн хоолойн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Н/116 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Н/363 дугаартай гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №116 дугаар Гэрээ дүгнэсэн акт, ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх 2020 оны Н/116 дугаартай гэрээнд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн Н/398 дугаартай гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээний төсөвт өртөг, 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр АГГ-Х/1901-01 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Н/175 дугаартай ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №Н/116 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Н/205 дугаартай ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил /хоолой/ гүйцэтгэх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр №Н/50 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, Барилга инженерийн цэргийн удирдах газрын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 26, 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 76 дугаартай албан бичиг, Зэвсэгт хүчний жанжин штаб-ын даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/556 дугаартай тушаал, Барилга инженерийн цэргийн удирдах газар УТҮГ-ын улсын бүртгэлийн гэрчилгээ, Монголзам групп ХХК-ийн Төрийн банк дахь дансны хуулга зэрэг баримтууд хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагч нарын урьд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Монголзам групп ХХК нь хариуцагч Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар УТҮГ, Монголын төмөр зам ТӨХК-нд тус тус холбогдуулан 1,230,243,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн шаардлагаа 188,949,468 төгрөгөөр багасгаж, 1,041,293,963 төгрөгийг гаргуулахаар шаардсныг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар УТҮГ-ын эрх, үүргийг Барилга-инженерийн цэргийн удирдах газар УТҮГ-т эрх залгамжлан шилжүүлсэн байна. /х.х-ийн 107-108 дахь талд/. Иймд хариуцагч Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар УТҮГ-ыг Барилга инженерийн цэргийн удирдах газар УТҮГ гэх нь зүйтэй.
1.1. Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
1.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №н/116 тоот дугаартай ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр №н/50 ******* ******* шугамын доод бүтцийн /хоолойн/ барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан бөгөөд уг гэрээний үүргийн талаар маргаагүй харин уг гэрээний ажлын баталгаа 5 хувийг 2020 онд буцаан төлөх үүргийг хариуцагч нар хүлээсэн боловч энэ үүргээ гүйцэтгэхгүй байх тул далангийн ажлын баталгаа 5 хувь болох 852,344,544 төгрөг, хоолойн ажлын баталгаа 5 хувь болох 377,898,838 төгрөгийн үлдэгдэл 188,949,468 төгрөг нийт 1,041,293,963 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
1.3. Хариуцагч Барилга-инженерийн цэргийн удирдах газар УТҮГ нь татгалзлын үндэслэлээ Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн санхүүжилтийг Зэвсэгт хүчний Бүтээн байгуулалтын дэмжлэгийн газрын санхүүгийн хэлтсээс ирүүлсэн төлбөрийн хүсэлт, ажлын гүйцэтгэл, нэхэмжлэхийг үндэслэн Монголын төмөр зам ТӨХК нь Санхүүжилт олгох гэрээ-ний үндсэн дээр шийдвэрлэнэ. Монголын төмөр зам ТӨХК-тай байгуулсан Санхүүжилт олгох гэрээ нь бие даасан шинжтэй байна гэж тус тус заасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Монголын төмөр зам ТӨХК-ийг хариуцана гэж хариуцагч Монголын төмөр зам ТӨХК татгалзлын үндэслэлээ ... Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж, 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж зааснаар баталгаат хугацаа дуусахаас өмнө батлаагааны төлбөрийг олгох үндэслэлгүйгээс гадна талуудын хооронд санхүүжилтийн гэрээ байгуулагаагүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.
2. Хэрэгт нэг талаас захиалагч Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар УТҮГ, ажил гүйцэтгэгч Монголзам групп ХХК нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Н/116 дугаартай Таван толгой-Зүүн баян чиглэлийн ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 31-ний өдөр Х/50 дугаартай Таван толгой-Зүүн баян чиглэлийн ******* ******* шугамын доод бүтцийн хоолойн барилгын ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан байна. /х.х-ийн 6-30 дахь талд/
Дээрх гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг агуулга зэрэг нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний агуулгад нийцэж байхаас гадна талууд гэрээ байгуулагдсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй тул Барилга-инженерийн цэргийн удирдах газар УТҮГ, Монголзам групп ХХК нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг харилцан үүссэн гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
2.а. Монголзам групп ХХК нь талуудын хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №н/116 тоот дугаартай гэрээний дагуу 17,046,890,857 төгрөгийн ажил үүргийг гүйцэтгэсэн, 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдөр №н/50 дугаартай гэрээний дагуу 7,557,976460 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн болох нь хэрэгт авагдсан 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №116 дугаар гэрээ дүгнэсэн акт, Монголзам групп ХХК-ийн Төрийн банк дахь дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байх ба талууд уг үйл баримттай маргаагүй. /х.х-ийн 28-30, 109 дэх талд/
Тодруулбал, талууд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 2019 оны Н/116 дугаартай ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн байх ба уг гэрээний 6-д гэрээний нийт дүнг 6,238,748,253 төгрөг, 10,808,142,604 төгрөг гэж баталгаажуулсан байх тул үүний 5 хувь 852,344,544 төгрөг, түүнчлэн хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэгчид баталгааны 50% доод бүтцийн хоолойн ажил гүйлгээний утгаар 189,779,429 төгрөгийг шилжүүлсэн байх тул үүний 5 хувь 377,898,838 төгрөг гэж тооцсон нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлтэй.
3. Монголын төмөр зам ТӨХК Зэвсэгт хүчний жанжин штаб нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр АГГ-Х/1901-01 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулагдаж, уг гэрээний 3.1.1-т туслан гүйцэтгэгч гэдэг нь гэрээнд туслан гүйцэтгэгч гэж заасан аливаа этгээд эсхүл ажлын нэг хэсгийг гүйцэтгэхээр гүйцэтгэгчтэй гэрээ байгуулсан хуулийн этгээд байна гэснийг туслан гүйцэтгэгч гэж гүйцэтгэгчийн үүргийн тодорхой хэсгийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж буй гуравдагч этгээдийг хэлнэ гэжээ. /х.х-ийн 46-50 дахь талд/
3.а. Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан дээрх гэрээ зэргээс үзэхэд Тавантолгой Зүүнбаян чиглэлийн төмөр ******* шугамын доод бүтэц далан хоолойг барих ажлын төслийн захиалагч нь Монголын төмөр зам ТӨХК, ерөнхий гүйцэтгэгч нь Зэвсэгт хүчний жанжин штаб байх бөгөөд хариуцагч Зэвсэгт хүчний жанжин штаб-ын харьяа Барилга-инженерийн цэргийн удирдах газар УТҮГ нь нэхэмжлэгч Монголзам групп ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байна.
Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд бусад этгээд /туслан гүйцэтгэгч/-ийг оролцуулж болно. Энэ тохиолдолд ажил гүйцэтгэгч нь захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болно гэж, 347.2 дахь хэсэгт хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэгч нь туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүнг захиалагчийн өмнө хариуцна гэж зохицуулсан.
3.б. Монголын төмөр зам ТӨХК, Зэвсэгт хүчний жанжин штаб нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр АГГ-Х/1901-01 дугаартай Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 3.1.6-д Гуравдагч этгээдийн ажлын гүйцэтгэлийг Инженер хянан баталгаажуулж, төлбөрийн хүсэлтийг Гүйцэтгэгч хянан баталгаажуулж, зөвшөөрөл олгосныг тус тус үндэслэн Захилагч гуравдагч этгээдэд төлбөрийг төлнө, Гуравдагч этгээдэд төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой гүйцэтгэгч болон гуравдагч этгээдэд учирсан аливаа хохирол эцсийн хариуцлагыг Захилагч хүлээнэ гэж тус тус тусгасан байна.
3.в. Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын дэмжлэгийн газар УТҮГ, Монголзам групп ХХК-ийн хооронд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Н/175 дугаартай ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр №Н/116 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1-д Ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан санхүүжилт түүнийг олгох асуудлыг гүйцэтгэгч нь энэхүү гэрээг үндэслэн Монголын төмөр зам ТӨХК-тай байгуулсан санхүүжилт олгох гэрээгээр зохицуулна гэж, 2.2-т Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн санхүүжилтийг Зэвсэгт хүчний ББДГ-ын санхүүгийн хэлтсээс ирүүлсэн төлбөрийн хүсэлт, ажлын гүйцэтгэл, нэхэмжлэхийг үндэслэн Монголын төмөр зам ТӨХК нь Санхүүжилт олгох гэрээ-ний үндсэн дээр шийдвэрлэнэ. Монголын төмөр зам ТӨХК-тай байгуулсан Санхүүжилт олгох гэрээ нь бие даасан шинжтэй байна гэж тохиролцсон байна. /х.х-ийн 51-52 дахь талд/
Мөн дээрх талуудын хооронд 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Н/205 дугаартай ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил /хоолой/ гүйцэтгэх 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр №Н/50 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 2.1-д Ажил гүйцэтгэх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан санхүүжилт түүнийг олгох асуудлыг гүйцэтгэгч нь энэхүү гэрээг үндэслэн Монголын төмөр зам ТӨХК-тай байгуулсан санхүүжилт олгох гэрээгээр зохицуулна гэж, 2.2-т Ажил гүйцэтгэх гэрээний 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэлийн санхүүжилтийг Зэвсэгт хүчний ББДГ-ын санхүүгийн хэлтсээс ирүүлсэн төлбөрийн хүсэлт, ажлын гүйцэтгэл, нэхэмжлэхийг үндэслэн Монголын төмөр зам ТӨХК нь Санхүүжилт олгох гэрээ-ний үндсэн дээр шийдвэрлэнэ. Монголын төмөр зам ТӨХК-тай байгуулсан Санхүүжилт олгох гэрээ нь бие даасан шинжтэй байна гэж тохиролцсон байна. /х.х-ийн 53-54 дэх талд/
3.г. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагч Монголын төмөр зам ТӨХК нь туслан гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн баталгааны төлбөрийг хариуцах үүрэгтэй байна.
4. Хариуцагч Монголын төмөр зам ТӨХК нь барилга байгууламжийн баталгаат хугацаа дуусахаас өмнө батлаагааны төлбөрийг олгох үндэслэлгүй гэж маргасан.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж, 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж заасан.
Хариуцагч нь ******* ******* шугамын доод бүтцийн барилгын ажил гүйцэтгэх гэрээний зүйлийг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан гэж нэхэмжлэлээс татгалзсан боловч үүнийгээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзэхээс гадна Барилга-инженерийн цэргийн удирдах газар УТҮГ-аас ерөнхий захиалагч Монголын төмөр зам ТӨХК-нд 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 2024 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр тус тус туслан гүйцэтгэгч нарын баталгааны суутгалыг төлөх талаар мэдэгдэж улмаар хариуцагч Монголын төмөр зам ТӨХК 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэгчид доод бүтцийн хоолойн ажлын баталгааны төлбөрийн 50 хувийг шилжүүлсэн байх тул хариуцагчийн татгалзалыг үндэслэлгүй гэж үзнэ. /х.х-ийн 55-56 дахь талд/
5. Иймд дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас 1,041,293,963 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголзам групп ХХК-нд олгож, хариуцагч Барилга-инженерийн цэргийн удирдах газар УТҮГ-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваариалсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас 1,041,293,963 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголзам групп ХХК-нд олгож, хариуцагч Барилга инженерийн цэргийн удирдах газар УТҮГ-т холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,309,167 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монголын төмөр зам ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 5,364,419 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монголзам групп ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ