2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/05155

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 06 191/ШШ2025/05155

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ....................., өөрийн байранд байрлах, Х ХК /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө овогт Л.Э /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Л.Э нь 2024.06.07-ны өдөр Х-тай 0000000000 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, 18 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Гэрээний хугацаанд үндсэн зээл 861,489 төгрөг, зээлийн хүү 271,232 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,019 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний хугацаа 2026.12.08-ны өдөр дуусах ёстой боловч сард төлөх гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан. Нэхэмжлэл гаргахаас өмнө 2025.05.06-ны өдрийн байдлаар 10,459,776 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Банк нэг талын санаачилгаар гэрээг цуцалж, төлбөрөө гаргуулахаар Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024.12.09-ний өдөр нэхэмжлэл гаргаж 4 сарын хугацаанд ажиллагаа хийгдсэн. Ингээд иргэний хэрэг үүсгээд хариуцагчид мэдэгдэх хуудас явуулахад Л.Э өөрөө гардаж авсан байдаг. Үүнээс хойш 01 дүгээр сарын 22, 29-ний өдрүүдэд мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хүрэлцэн ирээгүй. Бид нар анх нэхэмжлэл гаргахдаа ........................ тоот хаягаар нэхэмжлэл гаргаж байсан. Уг хаягаар нь удаа дараа мэдэгдэх хуудас явуулсан боловч хүрэлцэн ирээгүй. Ингээд 2025.02.16-ны өдөр хариуцагчийг албадан ирүүлэх захирамж гарч, цагдаагийн байгуулагад захирамжийн хувийг хүргүүлсэн. Цагдаагийн байгууллагаас 2025.04.09-ний өдөр очсон боловч гэртээ байдаггүй, гэр орондоо ирдэггүй, амьдардаггүй, албадан ирүүлэх боломжгүй байна гэсэн илтгэх хуудас ирүүлсэн байдаг. Мөн ........... дүүргийн Засаг даргын Л.Э уг хаягт бүртгэлтэй боловч оршин сууддаггүй гэсэн лавлагааг авсан байдаг. Тэгээд 2025.04.30-ны өдөр Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 193/ШЗ2025/01394 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан. Ийм учраас манайхаас эрэн сурвалжлах хүсэлт гаргасан. Бид нар Л.Э-ын оршин суух хаягийг нь тодорхойлж байж дараа дараагийн зээлийн төлбөрийг нэхэмжилмээр байна. Л.Э-ын хувьд шүүхийн явуулсан мэдэгдэх хуудсыг авчхаад дараа, дараагийн шүүхийн мэдэгдэх хуудсыг авдаггүй, үл хүндэтгэсэн байдал байнга гаргадаг.

Иймд Л.Э-ыг эрэн сурвалжилж өгнө үү... гэв.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.05.15-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3-4 х/,

-2025.05.09-ний өдрийн 2б/4660 дугаартай Д.Б-т олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-Улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,

-2024.03.27-ны өдрийн А-314 тоот Х банкны гүйцэтгэх захирлын тушаал /хх-ийн 7 х/,

-2024.06.07-ны өдрийн 0000000000 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 8-9 х/,

-Дансны хуулга /хх-ийн 10 х/,

-Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.30-ны өдрийн 193/ШЗ2025/01394 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 11-13 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Э-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Х ХК-ийн тусгай активын газрын захирал Д.Т шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2024.06.07-ны өдрийн 0000000000 дугаартай Зээлийн гэрээний дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Э нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул хүсэлт гаргагч нь зээлийн гэрээний үүрэгт 10,014,819 төгрөг гаргуулахаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ханджээ.

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.30-ны өдрийн 193/ШЗ2025/01394 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Л.Э-ыг ................... тоот хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 11-13 х/,

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Гэвч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Л.Э нь ................ тоот хаягтаа оршин суудаг болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025.05.27-ны өдрийн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Төрийн мэдээлэл солилцооны Хур системээс ирүүлсэн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тодруулах талаар өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ аваагүй. Мөн Л.Э нь ................. тоот хаягтаа оршин суудаг, уг хаягаар хүргүүлсэн Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг өөрөө хүлээн авсан байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө овогт Л.Э /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулах тухай Х ХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ө овогт Л.Э /РД:00000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн Х ХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА