Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
Хэргийн индекс | 185/2018/0221/Э |
Дугаар | 232 |
Огноо | 2018-04-02 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Д.Мөнхтогоо |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: О.Бадмаараг;
улсын яллагч: Д.Мөнхтогоо;
шүүгдэгч: Д.Баасандорж (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Дашлхагвагийн Баасандоржид холбогдох эрүүгийн 1809012350189 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Булган аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн 2 дугаар дамжаанд сурдаг, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 1 дүгээр баг, 2 дугаар хороо, 3 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 49 дүгээр байрны 1003 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, ГН98031097 регистерийн дугаартай, Тэрэм овогт Дашлхагвагийн Баасандорж.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Д.Баасандорж нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи Би” төвийн гадна насанд хүрээгүй хохирогч Г.Мөнхбилгүүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баасандорж мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өсвөр насны хохирогч Г.Мөнхбилгүүн /хх-ийн 5/, гэрч Г.Буянбат /хх-ийн 6/, Г.Бат-Эрдэнэ /хх-ийн 7/, У.Баттөр /хх-ийн 8/, Э.Баттулга /хх-ийн 9/, Г.Баасантөмөр /хх-ийн 11/ нарын мэдүүлэг, Д.Баасандоржийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10, 20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3527 дугаартай дүгнэлт /хх-ийн 14/, Д.Баасандоржийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-27/, хохирол төлсөн баримт /хх-ийн 44/, хохирогчийн хүсэлт /хх-ийн 50/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Баасандорж нь 2018 оны 03 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “Жи Би” төвийн гадна өсвөр насны хохирогч Г.Мөнхбилгүүнийг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Мөнхбилгүүний /хх-ийн 5/: “... Найзуудынхаа хамт Өргөө 2 кино театрын орчим цахим тоглоомын тэмцээнд орчихоод “Жи Би” төвийн орчим явж байтал үл таних хүн гүйж ирээд өмсөж явсан хувцсаа тайлаад шууд миний толгой руу цохисон. Миний толгой манараад доошоо суусан. “Бусдынхаа дугаарыг өг, та нар манай найзыг зодсон гээд байсан…” гэх мэдүүлгээр,
гэрч У.Баттөрийн /хх-ийн 8/: “... Караокенаас Буянбат түрүүлж гарсан. Бид 4 тооцоо хийгээд араас нь гартал Буянбат “хүнд зодуулчихлаа, хойшоо гүйгээд явсан” гэхээр нь Баасандорж түрүүлж гүйгээд бид 3 араас нь гүйсэн. Эхлээд Баасандорж нэг хүүхэд барьж аваад 2 удаа цохисон. Би очоод цээж хэсэг рүү нь 1 удаа цохисон...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Баттулгын /хх-ийн 9/: “... Баасандорж нэг хүүхдийг барьж байхад Баттөр хажуу талаас нь цээж хэсэг рүү нь цохих шиг харагдсан. Баасандорж Мөнхбилгүүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон..." гэх мэдүүлгээр,
Д.Баасандоржийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 10, 20/: “... 2018.03.11-ний шөнө 01 цагийн үед Буянбат, Баттулга, Баттөр, Бат-Эдэнэ бид нар Багшийн хөгжлийн төвийн ар талд нэг караокед орж сууж байгаад гарахад Буянбат түрүүлээд гарсан. Бид тооцоо хийгээд араас нь гарахад Буянбат “хүнд цохиулчихлаа” гэхээр нь очоод хартал шүд ам нь цус болчихсон, уруул нь сэтэрчихсэн байсан. Хэн цохисныг асуухад “хойшоо гүйгээд явсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар хойшоо гүйгээд очтол 5-6 хүн явж байхаар нь урд явсан нэг залуугийн хацар хэсэг рүү баруун гараараа цохисон...” гэх мэдүүлгээр,
Д.Баасандоржийн буруутай үйлдлийн улмаас Г.Мөнхбилгүүний биед “зүүн хацар, хамарт зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хацар, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 843 тоот дүгнэлт /хх-ийн 14/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогчийг зодсоноо өөрөө хүлээсэн, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болохыг шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Г.Мөнхбилгүүнийг “манай найзыг зодсон хүн мөн байна” хэмээн андуурч зодон түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Д.Баасандоржийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Д.Баасандоржийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Д.Баасандорж гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн нөхөн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Баасандоржид 450.000 төгрөгийг нөхөн төлсөн бөгөөд хохирогч “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх Д.Баасандоржийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан үзэж оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Тэрэм овогт Дашлхагвагийн Баасандоржийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баасандоржийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баасандоржид оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баасандорж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Баасандоржид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ