Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 2024/ДШМ/834

 

                                                       *******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.*******туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Наранчимэг,

хохирогч *******, түүний өмгөөлөгч Г.Цолмон,

шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Мандхай,

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/482 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн *******д холбогдох 2305013910419 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.*******туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

овгийн гийн , 1969 оны 12 дугаар сарын 26-ны өдөр аймгийн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, эх, эгч, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байр, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:/,

Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна талбайд хохирогч *******тай “олон машин авч ирж зогсоол дүүргэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, машиных нь толийг санаатайгаар хөлөөрөө өшиглөх үед уг толь хагарч, хагарсан шилний хэлтэрхий Х.*******ын нүд рүү орж, гэмтээн, түүний эрүүл мэндэд баруун нүдний эвэрлэг, салстын улайлт, шарх бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 96,470 төгрөг гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримт бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо “...Би 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны гадна талбайд хохирогч *******тай “олон машин авч ирж зогсоол дүүргэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний машиных нь толийг хөлөөрөө өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Харин түүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үйл явдал болсны дараа ******* надтай маргалдан ямар нэг нүд гэмтсэн талаар огт дурдаагүй. Харин шүүх эмнэлгийн дүгнэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 11-нд гаргасан байдаг. Иймд хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Мандхай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...******* нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байрны гадна талбайд хохирогч *******тай “олон машин авч ирж зогсоол дүргэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, түүний машиных нь толийг хөлөөрөө өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Харин түүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн үйл явдал болсны дараа ******* нь тай маргалдан ямар нэг нүд гэмтсэн талаар огт дурдаагүй. Харин шүүх эмнэлгийн дүгнэлтийг 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргаан байдаг бөгөөд 4715 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “баруун нүдний эвэрлэг салстын улайлт, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо” гэж дүгнэсэн байдаг. Харин шинжээчийн дүгнэлт гарахаас өмнө ямар эмнэлэгт хандан хагарсан шилний хэлтэрхийг авхуулсан талаар болон нотлох баримтаар шилний хэлтэрхий хэрэгт авагдаагүй. Хэрэгт авагдсан баримт шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримт буюу хохирогч шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн тодорхойлолтод ******* нь 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойш тус эмнэлэгт үзүүлж хяналтад байгаа нь үнэн болохыг үйлчлүүлэгчдийн нэгдсэн бүртгэлээр баталгаажуулж ерөнхий менежер ******* гарын үсэг зурж “******* *******” ХХК-ийн тамга дарагдсан байдаг. Энэ баримтыг шүүх хуралдаанаас өмнө гарган өгөх бүрэн бололцоотой хугацаа өнгөрсөн боловч шүүх хуралдаан дээр шинээр гарган өгсөн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь зөвхөн хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх гэдгийг ойлгож байна. Гэвч шүүх хуралдаан дээр хохирогчийн талаас гарган өгсөн баримт буюу “******* *******” эмнэлгийн тодорхойлолт, шүүх эмнэлгийн дүгнэлтэд шүүхийн зүгээс дүгнэлт хийлгүй, нэг талыг хэтэрхий баримтлан тогтоол гаргасан гэж үзэж байгаа болно. Хохирогч *******д учирсан хохирол, гэмтлийн зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэр хэмжээг мөрдөн байцаалтын явцад нотолно” гэсний дагуу бүрэн тогтоогдоогүй гэж дүгнэхээр байна. Мөрдөн байцаалтын үед машины толь нэхэмжлэн 450,000 төгрөг төлөгдсөн байдаг. Түүнчлэн *******аас 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цагийн үед харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасан “БГД-ийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ***-р байрны гадна талбайд манай байрны хүн миний машины толийг өшиглөж хугалаад намайг цохичихлоо гэсэн гомдол гаргасан. Энд нүд, шилний хэлтэрхийний талаар огт дурдагдаагүй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчилсан. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” заасан нотолбол зохих байдал тогтоогдоогүй. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг бүхэлд нь хянаж анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр “олон машин авч ирж зогсоол дүүргэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, шүүгдэгч ******* миний машины толийг хоёр удаа хөлөөрөө өшиглөсөн. Машины толь хагарч миний нүдэнд шил  орсон нь үнэн. Тухайн өдрөө  гэртээ нүдээ усаар угаасан боловч хатгаж өвдөөд байсан тул 1 дүгээр эмнэлэг рүү такси хөлсөлж яваад 12 цагийн үед очиж эмчээр цэвэрлэгээ хийлгэсэн. Маргааш өглөө нүд дахин өвдөөд байхаар нь “*******” нүдний эмнэлэгт очиж үзүүлсэн. Хорооны цагдаа мэдүүлэг авахад машины толины шил хагарахад нүд лүү шил ороод гэмтчихлээ миний нүд сайн юм харахгүй өвдөөд байна гэхэд эмнэлэг рүү яваад эртхэн цэвэрлүүлсэн нь дээр гэж цагдаагийн албан хаагчид зөвлөсөн. Шүүгдэгч ******* над руу залгаж ярихад та миний нүд гэмтээсэн гэхэд машины шил гэмтээснээ хүлээн зөвшөөрсөн. Нүд гэмтээсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй. ...” гэв.

Хохирогч *******ын өмгөөлөгч Г.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдэх үедээ давхар хүний эрүүл мэндэд хохирол учруулсан. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаах ажиллагааны шатанд олон хүсэлтийг гаргаж байсан боловч Баянгол дүүргийн прокурорын газраас хүлээж аваагүй, хохирлын хэмжээ, үнэлгээний асуудал дээр маргасан. Бусдын эд хөрөнгө устгах, гэмтээх зүйл анги дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс өмгөөлөгч, хохирогчийн зүгээс энэ асуудлыг орхих байр сууртай явсан. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр бусдын эд хөрөнгө устгах зүйл анги дээр үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Давж заалдах шатны шүүхээс зөвтгөн дүгнэж шүүгдэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор З.Наранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал  тогтоогдож шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч ******* хүч хэрэглэн халдан довтолж хүний биед хөнгөн гэмтэл учруулаагүй ч машины толь өшиглөж хаглах үед шилний хагархай хохирогчийн нүдэнд орж гэмтэл учруулсан нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан. Шүүгдэгч ******* нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж энэ үйлдлийг хийж болохгүй гэж мэдсээр байж хүсэж үйлдсэн, хор уршиг хөнгөн гэмтэл учруулсан гэж үзэж байна. Өмгөөлөгч болон шүүгдэгч *******ын зүгээс гэмт хэрэгт нүд гэмтээгүй гэх агуулгатай тайлбар гаргаж байна. Анх цагдаагийн байгууллага өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын үед хохирогч Ц.*******ын миний нүд гэмтсэн гэж удаа дараа мэдүүлгийг тууштай байдлаар өгсөн. Шүүгдэгч ******* нь анхан шатны шүүхийн шатанд хохирогчийн биед учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрдөггүй. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

Шүүгдэгч ******* 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна талбайд хохирогч *******тай “олон машин авч ирж зогсоол дүүргэлээ” гэх шалтгааны улмаас маргалдан, машиных нь толийг санаатайгаар хөлөөрөө өшиглөх үед уг толь хагарч, хагарсан шилний хэлтэрхий Х.*******ын нүд рүү орж, гэмтээн, түүний эрүүл мэндэд “баруун нүдний эвэрлэг, салтсын улайлт, шарх” бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч *******ын “... Миний машины толийг эхний удаа өшиглөхөд нь толь салбаганаад сонин болчихсон. Би та болиоч ээ яаж байгаа юм бэ гэж хэлэхэд яадаг юм чаддаг юм бол хохирлоо барагдуулж аваарай гээд дахиад толь руу өшиглөхөд нь миний машины толь хугарч эвдрээд нүд рүү толины шил орчихсон. Би нүдээ бариад доошоо тонгойгоод нүдэнд орсон шилээ гаргах гээд оролдож байхад надтай хамт явж байсан төрсөн эгч ******* цаанаас болиоч ээ хүний эд хөрөнгө, хүний биед халдаад яаж байгаа юм гэж хэлэхэд манай эгч рүү чамд ямар хамаатай юм ална шүү гэж хэлж байсан. ...” /хх 36-37, 40-41, 42-43/,

гэрч *******гийн “...байрны зогсоолын хаалт дээр зогсож байтал цаанаас нэг хар пальтотой ах гарч ирээд манай дүү *******ын машин руу дөхөж очоод цонхоор нь юм яриад байсан би цаана нь хол байсан болохоор юу ярьсныг мэдэхгүй байна. Гэнэт дүүгийн машины толь руу 3, 4 удаа хөлөөрөө өшиглөсөн. Дүү машин дотроосоо та яаж байгаа юм вэ гэж хэлсэн. ...******* муухай орилоод байхаар нь яваад очтол нүд рүү шил оруулчихлаа гээд орилоод нүдээ гараараа дарчихсан нүднээс нь нулимс асгараад байсан. Би нөгөө ахыг явуулахгүйн тулд араас нь хөөж очоод та яаж байгаа юм бэ, хүний нүд гэмтээчихлээ шүү дээ гэж хэлэхэд нөгөө эрэгтэй хохино чаддаг юм бол явж заргалдаад толио төлүүлж аваарай гэж хэлчхээд цаашаа яваад өгсөн. ...” /хх 54-55/ гэсэн мэдүүлгүүд,

2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн цагдаагийн албан хаагчийн “...дуудлага мэдээллийг шалгахад ******* гэгчийг машинаа зогсоолд байрлуулах гээд байж байхад зүс таних хүн ирээд хэрүүл өдөж хэл амаар доромжлоод жолооч талын толийг 2-3 удаа өшиглөж хугалсан. Толь хагарахдаа нүд рүү нь үйрмэг ороод тороод эвгүй байна гэв. ...” гэсэн илтгэх хуудас /хх 13/,

“Кости-Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Toyota Prius 30 автомашины толь 250,000 төгрөг, ажлын хөлс, угсрах 30,000 төгрөг, нийт 280,000 төгрөг...” гэсэн тайлан /хх 74-76/

шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...*******ын биед баруун нүдний эвэрлэг, салстын улайлт, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ...” 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 4715 дугаартай дүгнэлт /хх 60-61/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогч болон шүүгдэгч, тэдгээрийн сонгон авсан өмгөөлөгчдийн тайлбар, улсын яллагчийн дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудыг харьцуулан, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч ******* “...түүний машиных нь толийг хөлөөрөө өшиглөсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин түүний биед хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй. ...Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн, түүний өмгөөлөгч Б.Мандхай “...хохирогчид учирсан хохирол, гэмтлийн зэргийг бүрэн тогтоогоогүй. ...хэргийн нотолбол зохих байдал тогтоогдоогүй. ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн утга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.

Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэлт, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоох ёстой.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар ******* нь хохирогч *******ыг “олон машин зогсоолд оруулж тавилаа” гэх шалтгаанаар түүнтэй маргалдаж, улмаар хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгслийн жолооч талын шилийг санаатайгаар хөлөөрөө өшиглөх үед уг толь хагарч, хагарсан шилний хэлтэрхий хохирогч *******ын нүд рүү орж түүний баруун нүдэнд “баруун нүдний эвэрлэг, салстын улайлт, шарх” бүхий хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулаагүй, хохирогч нүд гэмтсэн гэж тэр үед хэлээгүй гэж давж заалдсан гомдлын үндэслэлээ гаргаж байх боловч энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлэг, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудас, шинжээчийн дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг харьцуулан дүгнэхэд шүүгдэгч ******* нь гэм буруугийн санаатай үйлдлээр хохирогч *******ын биед шинжээчийн 4715 дугаартай дүгнэлтэд дурдагдсан /хх 60-61/ баруун нүдний эвэрлэг, салстын улайлт, шарх бүхий гэмтлийг хүсэж учруулсан нөхцөл байдал тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн толийг хөлөөрөө өшиглөх үед толь хагарч бутрах, хагарсан толины хэсгүүд бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулах аюултай, бүрэн боломжтой гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн буюу *******тай маргалдах явцдаа санаатайгаар хөлөөрөө хэд хэд удаа хохирогчийн машины толийг өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн нүд рүү толины хэлтэрхий орж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Мөн шүүгдэгч *******ын хохирогч *******ын тээврийн хэрэгслийн толийг хагалсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгч, тухайн гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан, “Кости-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлангаар уг толь 280,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх тул уг гэмт хэргийн объектив талын шинжийг хангахгүй байгаа талаар болон түүний хагалсан тээврийн хэрэгслийн толины хохирлыг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй, ял шийтгэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон байна.  

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдэж, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ба хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.  

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/482 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Мандхай нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                       Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.БОЛОРТУЯА