| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Л.Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2024/07590/И |
| Дугаар | 191/ШШ2025/05414 |
| Огноо | 2025-06-13 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 191/ШШ2025/05414
| 2025 6 13 | 191/ШШ2025/05414 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Энхж дж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ******* регистрийн дугаартай, тоот хаягт оршин суух Ш******* овогт Б******* Д******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: байрлах, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв ТБАГУТҮГ /регистрийн дугаар *******/-нд холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох тухай 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13,914,080 төгрөг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн даргын 2024 оны 5 дугаар 31-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгож, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох тухай 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13,914,080 төгрөг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх;
Миний бие нь Нийслэлийн шүд, Эрүү нүүрний төвийн даргын 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдрийн Б/63 дугаар тушаалаар тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилогдсон ба 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Б/43 дугаартай тушаалаар хууль бусаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн. Ингээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаартай шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон ба 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/Ш32023/08058 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар гүйцэтгэх ажиллагаа хийгдэж 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Б/58 дугаар тушаалаар ажилд эгүүлэн томилсон боловч 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Б/60 дугаар тушаалаар дахин хууль бусаар хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн юм.
Үүний улмаас мөн шүүхэд хандаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаартай шийдвэрээр эгүүлэн томилогдож, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/MA2024/00062 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн болно.
Энэхүү шийдвэрийн дагуу Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 29-ний Б/91 дугаартай Б.Д******* ажилд эгүүлэн томилох тухай тушаалаар томилоод 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/94 дугаартай Б.Д******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар дахин хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн юм.
Гэтэл тус ажлаас чөлөөлөх тухай Б/94 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг /эрх бүхий байгууллага шаардсан/ баримтлан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Тодруулбал Б.Д******* ажлаас чөлөөлөх тушаалыг 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр гаргахдаа Авлигатай тэмцэх газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05/9107 тоот Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичгээр хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал буюу илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа нь тогтоогдсон тул 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллага шаардсан гэж үзэхгүй юм.
Түүнчлэн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн албан тоот гарснаас хойш буюу 7 хоногийн дараа ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан мөртлөө илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа нь тогтоогдсон тул гэж ажлаас чөлөөлөх тушаалд дурдсан нь хууль зөрчсөн төдийгүү шүүхийн шийдвэрийг биелүүлсэн дүр үзүүлж тушаал гаргах төдий болж хөдөлмөрийг харилцаа үүсгэж ажил хүлээлцэхгүй, нэхэмжлэгчийг ямар нэгэн аргаар ажиллуулахгүй байх хүсэл сонирхлын үүднээс удаа дараа хууль бусаар чөлөөлж ажилтанд төдийгүй төрийн байгууллагад ч давхар хохирол учруулсаар байна.
Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гардаж авсан болно.
Иймээс Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн даргын 2024 оны 5 дугаар 31-ний өдрийн Б/94 дүгээр тушаалыг хүчингүй болгож, эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох тухай 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/91 дугаартай Б.Д******* ажилд эгүүлэн томилох тухай тушаал, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/94 дугаартай Б.Д******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 05/9745 дугаартай албан бичиг, Б.Д******* бакалаврын диплом, Б.Д******* мэргэжлийн диплом, Б.Д******* магистрын зэргийн диплом, Б.Д******* мэргэшлийн зэргийн гэрчилгээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 он 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00062 дугаар магадлал, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 116 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдааны №34 дугаартай тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний Хөдөлмөрийн гэрээ, Ж дент ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн захиргаанд гаргасан Б.Д******* өргөдөл, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 142 дугаар албан бичиг, Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 326 дугаартай Прокурорын тогтоол, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 04/16933 дугаартай албан бичиг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00419 дугаар шийдвэр, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05/9107 тоот Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичиг, Баталгааны маягт, Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалын тодорхойлолт, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн даргын 2025 оны 01 дугаар сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай Б.Д******* ажлаас чөлөөлөх тухай тушаал, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн даргын 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн Б/169 дугаартай Б.Д******* ажилд эгүүлэн томилох тухай тушаал, Ж дент ХХК (РД:*******)-аас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахад бүрдүүлж хавсаргаж өгсөн баримт бичиг, жагсаалт, шинжээчийн дүгнэлт зэрэг холбогдох баримтууд хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Дэлгэрж нь хариуцагч Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв ТБАГУТҮГ-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгэх, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилох тухай 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн тушаал гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 13,914,080 төгрөг гаргуулах, түүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөөгүй.
1.1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэрээр Б.Д******* Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 15,827,266 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн ТБАГУТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Д******* олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 он 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00062 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 14-22 дахь талд/
2.б. Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Б/91 дугаартай Б.Д******* ажилд эгүүлэн томилох тухай тушаалаар ... Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 он 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00062 дугаар магадлалыг ... үндэслэн Б.Д******* Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга ын албан тушаалд эгүүлэн томилсон байна. /х.х-ийн 7 дахь талд/
2.в. Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн даргын 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/94 дугаартай Б.Д******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2, 7.2.4, 23 дугаар зүйлийн 23.5, 23.6, 23.7, Шүд, эрүү нүүрний төвийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1., Төвийн хөдөлмөрийн дотоод журмын 3.2.5 дахь заалтыг тус тус үндэслэн Тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Д******* Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00062 дугаар магадлалын дагуу 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж, Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилсон боловч Авлигатай тэмцэх газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05/9107 тоот Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичгээр хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал буюу илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа нь тогтоогдсон тул 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /х.х-ийн 8 дахь талд/
3. Ажил олгогчийн ажилтанг ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл нь ... Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т Эрх бүхий байгууллага шаардсан буюу Авлигатай тэмцэх газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05/9107 тоот Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичгээр хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал буюу илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа нь тогтоогдсон гэж үзжээ.
3.а. Авлигатай тэмцэх газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05/9107 тоот Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичигт ... Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн Б******* Д******* хамаарал бүхий этгээд болох нөхөр Г Г нь шүдний эмнэлгийн үйл ажиллагааны чиглэлтэй Ж дент ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй нь түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдал буюу илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байна гэжээ. /х.х-ийн 87 дахь талд/
3.б. Б.Дэлгэрж нь ******* дугаартай Ж дент ХХК-ийг Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа-ны чиглэлээр 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэн байгуулсан, 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар З.Э бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. /х.х-ийн 109-110, 148 дэх талд/
3.в. Нийслэлийн эрүүл мэндийн газраас Ж дент ХХК-нд 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Шүдний өвчний оношилгоо, эмчилгээ, нүүр амны согог, гажиг засал чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгожээ. /х.х-ийн 179 дахь талд/
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4-т Эрх бүхий байгууллага шаардсан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болно гэж заасан.
Эрх бүхий байгууллага шаардсан гэдэг нь хөдөлмөрийн гэрээний талууд бус харин эрх бүхий хөндлөнгийн этгээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох онцлог зохицуулалт юм.
Тайлбарлавал, эрх бүхий этгээд гэдгийг ажил олгогч байгууллагын тогтолцоо, үйл ажиллагаанд шууд хамааралтай этгээд байхаас гадна нийтийн эрх ашгийн үүднээс шаардлага тавих эрх хэмжээтэй этгээд байх ба уг этгээдийн шаардлагын зорилгын үндэслэл нь хүлээн зөвшөөрөгдөх, харьцангуй бие даасан шинжийг агуулсан тохиолдолд эрх бүхий байгууллага шаардсан үндэслэл нь дангаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болно.
4.а. Авлигын эсрэг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т Авлигатай тэмцэх газар нь авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, энэ хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага мөн гэж заасан.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүргийг зохицуулж, мөн зүйлийн 7.2.2-т хувийн ашиг сонирхлын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдлийг зохих журмын дагуу авах, бүртгэх, хянан шалгах үүрэгтэй гэж, 23 дугаар зүйлийн 23.6-д Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ гэж, 23.7-д Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон бол Авлигатай тэмцэх газар илт ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар энэ хуулийн 23.6-д заасан мэдэгдэлд тодорхой дурдана гэж тус тус зохицуулсан.
Авлигатай тэмцэх газар нь хуульд заасны дагуу нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн нь эрх бүхий байгууллага шаардсан гэдэгт хамаарахгүй.
Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05/9107 тоот Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан бичгийн үндэслэл нь ажилтныг албан тушаалаас чөлөөлөхийг шаардсан агуулгагүй тул энэ үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Д******* Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзэв.
5. Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... олговор олгох ... хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан.
5.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэрт Б.Д******* нэг сарын дундаж цалин хөлсийг 1,826,238 төгрөг гэж, нэг өдрийн цалинг 86,963 төгрөг гэж тогтоосон байх тул 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг тооцож 22,784,486 төгрөгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй. /х.х-ийн 14-18 дэх талд/
6. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч болон ажилтан нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй тул ажил олгогч нь Б.Д******* ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 22,784,486 төгрөгийг олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
7. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2023/04512 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2024/00062 дугаар магадлалаар нэхэмжлэгчийг Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилсон боловч хариуцагч 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр ажилд эгүүлэн томилох тушаал гаргасан байна.
7.а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан.
Иймд шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд эгүүлэн томилсон өдрийг хүртэл хугацааны 16 хоногоор тооцон ажилгүй байсан хугацааны олговорт 13,914,080 төгрөгийг гаргуулж, үүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байх тул хангаж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгч нь Б.Дэлгэрж нь ажил олгогчийн ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хөдөлмөрийн эрхийн маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхээр хандаж, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр тус ажиллагаа дуусгавар болсноор 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна. /х.х-ийн 24-26 дахь талд/
Үүнээс үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан тохиолдолд хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор гомдлын шаардлагыг шүүхэд гаргажээ.
9. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь гомдлоор үүсэх иргэний хэрэгт хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хувиарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Д******* Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 35,978,566 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв ТБАГУТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Б.Д******* олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дэлгэрж болон хариуцагч Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв ТБАГУТҮГ-ын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв ТБАГУТҮГ-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв ТБАГУТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 337,842 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ