Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/00195

 

 

Ч.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

                                                                                                                         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02259 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “ХХБ” ХХК-д холбогдох, хадгаламж барьцаалсан зээлийн хүүгийн төлбөрт илүү суутгасан 1,659,484.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бүжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн агуулга: 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ч.Н- нь “ХХБ” ХХК-д байршуулсан хадгаламжаа барьцаалж, 12,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн. Зээлийг цахимаар авсан бөгөөд тус өдөр “ХХБ” ХХК-аас зээлийн гэрээ, зээлийн хүү, төлб-өрийн хуваарь болон зээлийн мэдээллийн хүснэгтийг нэхэмжлэгчийн и-мэйл хаягт ирүүлсэн. Үүнд, зээлийн зарласан хүү 1 жилийн 6.0 хувь бөгөөд төлөх нийт дүн 12,721,972.60 төгрөг гэж байсан.

          Зээлийн эргэн төлөлтийн хугацаа дуусах үед дээрх байдлаар тусгагдсан төлбөрөөс гадна 1,659,484.93 төгрөгийг данснаас илүү суутгасан.

          Иймд “ХХБ” ХХК-аас зээлийн хүүд илүү авсан 1,659,484.93 төгрөгийг, тэмдэгтийн хураамж 41,502 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

 

  1. Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: “Худалдаа, хөгжлийн банк” ХХК-ийн Хадгаламж барьцаалсан зээлийн зааврын хавсралтын 1.1 дэх хэсэгт иргэдийн хадгаламж барьцаалсан зээлийн /төгрөгийн/ хүү, хадгаламжийн хүү +6,0 хувь байхаар заасан байдаг. Мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасны дагуу банк нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан Хадгаламж барьцаалсан зээлийн хүү, хадгаламжийн хүү +6,0 хувь байхаар нийтэд мэдээлсэн бөгөөд харилцагч Ч.Н-тэй “Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ” байгуулах үед системийн алдаа гарч зээлийн хүүгийн хэмжээ жилийн 6.0 хувь байхаар гэрээнд заасан нь илэрхий алдаа байсан. Иймд банкны зүгээс авбал зохих зээлийн хүүгийн зөрүүг тооцож авсан. Хадгаламж барьцаалсан зээлийн хүү, хадгаламжийн хүү +6,0 хувь байхаар нийтэд нэгэнт мэдээлсэн байсан бөгөөд хадгаламжийн хүүнээс бага хүүтэй зээл олгох боломжгүй гэдэг нь илэрхий юм.

          Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах санал гаргаж буй тал нь гэрээний гол нөхцөлийг бичгээр илэрхийлэхдээ буюу гэрээнд тусгахдаа илэрхий алдаа гаргасан тохиолдолд тухайн этгээд өөрийн гаргасан алдаагаа засах эрхтэй байна.

          Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

  1. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан ХХБ ХХК-иас 1,659,484.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Н-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,502 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХБ ХХК-иас 41,502 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Н-т олгосон.

 

  1. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.

          а. Банк хадгаламж барьцаалсан зээлийн хүүг 6.0 хувь байхаар буюу банкинд ашиггүй саналаар гэрээ байгуулахгүй нь илэрхий юм. Иймд системийн алдаа гарсан гэдгийг нотлох шаардлагагүй.

          б. Банк бус харин нэхэмжлэгч үндэслэлгүй хөрөнгөжсөн. Учир нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах санал гаргаж буй тал нь гэрээний гол нөхцөлийг бичгээр илэрхийлэхдээ буюу гэрээнд тусгахдаа илэрхий алдаа гаргасан тохиолдолд тухайн этгээд өөрийн гаргасан алдаагаа засах эрхтэй.

          в. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 10 сарын 20-ны өдрийн 42 тоот тушаалын хавсралтаар батлагдсан Банкны эрх зүйн баримт бичгийг бүртгэх журмын дагуу “ХХБ” ХХК-аас Монголбанкинд бүртгүүлсэн зааварт иргэдийн хадгаламж барьцаалсан зээлийн /төгрөгийн/ хүү “хадгаламжийн хүү + 6.0 хувь” байхаар заасан байдаг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу банк нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан хадгаламж барьцаалсан зээлийн хүү “хадгаламжийн хүү + 6.0 хувь” байхаар нийтэд мэдээлсэн бөгөөд Ч.Н-тэй гэрээ байгуулах үед системийн алдаа гарч зээлийн хүүгийн хэмжээ 6 хувь байхаар гэрээнд заасан нь илэрхий алдаа байсан тул банкны зүгээс авбал зохих зээлийн хүүгийн зөрүүг тооцож авсан болно.

 

          5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

          а. “ХХБ” ХХК-аас гаргасан хавсралтад нэхэмжлэгчийн эргэн төлөх төлбөр нь 12,721,000 төгрөг гэж тодорхой бичсэн байсан. Мөн гэрээний 8.3-т талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд заавал бичгээр үйлдэхээр заасан боловч энэ заалтыг зөрчиж нэмэлт гэрээ байгуулаагүй. “ ХХБ” ХХК нь системийн алдаа гаргаснаа 2020 оны 09 дүгээр сард мэдээд гэрээг өөрсдийн дураар өөрчилсөн.

 

ХЯНАВАЛ:

 

          Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

  1. Нэхэмжлэгч Ч.Н- нь хариуцагч “ХХБ” ХХК-д холбогдуулан хадгаламж барьцаалсан зээлийн хүүгийн төлбөрт илүү суутгасан 1,659,484.93 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 19/

 

  1. Зохигч 2019 оны 12 сарын 30-ны өдөр Ч.Ганцэцэг нь “ХХБ” ХХК-аас 12,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай зээлсэн үйл баримтын талаар маргаагүй. Харин тухайн зээлийн хүүгийн хэмжээ талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тусгагдсанаас өөр байсан эсэх нь маргааны зүйл болжээ.

 

  1. Анхан шатны шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн”, “хариуцагч нь нэхэмжлэгчид 12,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг 463029927 тоот түр дансанд олгосон, зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон зээл, түүний хүү буюу 12,721,972.60 төгрөгийг буцаан төлсөн, зээлийг буцаан төлөх үед зээлдүүлэгч гэрээгээр тохирсноос 1,659,484.93 төгрөгийг зээлдэгч Ч.Н-ийн данснаас суутгаж авсан үйл баримт тогтоогдсон” гэсэн дүгнэлтүүд нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийн хууль зүйн үндэслэлийг буруу тодорхойлсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах шаардлагатай.

 

          Тодруулбал, талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн байх тул тухайн гэрээний дагуу нэхэмжлэгчийн хүлээх үүргийг хариуцагч нэмэгдүүлэн тодорхойлж, данснаас нь илүү суутган авсан үндэслэл тогтоогдсон тул уг мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

 

  1. Харин хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

          Талуудын 2019 оны 12 сарын 30-ны өдөр байгуулсан 2019/463/03087 дугаартай “Хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ”-ний 4.1-т “зээлийн хүү 6 хувь, зээлийн хугацаа 366 хоног, нийт төлөх дүн 12,721,972.60 төгрөг” гэж зээлийн мөнгөн хөрөнгийн болон түүнд тооцогдох хүүгийн хэмжээ, хугацаа зэрэг гэрээний гол нөхцлүүдийг харилцан тохиролцож, тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах” мөн хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах” гэж тус тус заасан. Иймд тухайн гэрээнд тодорхой заасан үндсэн төлбөр 12,000,000 төгрөг, түүнд 366 хоногоор тооцсон хүүгийн төлбөрийг нийтэд нь 12,721,972.60 төгрөг гэж тусгасан байгааг уг гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үүрэг гэж үзэх тул хариуцагчийн “системийн алдааны улмаас гэрээнд хүүгийн хэмжээ 6 хувь гэж тусгагдсан, Монголбанкинд бүртгүүлсэн заавар болон банкны цахим хуудаст зааснаар хүүгийн хэмжээг тооцож төлбөрийг суутгасан” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Хариуцагчийн “илэрхий алдаа гаргасан тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар засах эрхээ хэрэгжүүлж, зээлийн хүүг өөрөөр тооцож, төлбөр суутгасан” гэх тайлбар, давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь илэрхий алдаа гарсан талаар зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид мэдэгдэж, энэ талаар нэмэлт өөрчлөлт буюу залруулга хийсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүйн гадна тухайн алдаа гаргасан хариуцлагыг банк өөрөө хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүгийн хэмжээ, хугацааг нэгэнт гэрээгээр тохиролцож, хүсэл зоригоо илэрхийлсэн тохиолдолд тухайн хүсэл зоригоос гадуур тохиролцоо буюу үүргийг нэхэмжлэгч хүлээх хууль зүйн үндэслэлгүй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 181/ШШ2021/02259 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь...” гэснийг “...451 дүгээр зүйлийн 451.1 дэх...” гэж өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,502 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ                                                 

 

                           ШҮҮГЧИД                                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

                                                                                                  Д.НЯМБАЗАР