Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ДШМ/845

 

                                                           *******өд холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч С.Болортуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Булганчимэг,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л.Намнансүрэн,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Очбадрах даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2309011511299 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Болортуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

******* овгийн *******гийн *******, 1981 оны 10 дугаар сарын 26-ний өдөр аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “***” *** хэлтсийн дарга ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй /РД:*******/.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож биед нь тархи доргилт, баруун нүдний зовхи, баруун гарын шуу, бугалганд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Б.*******ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэг. Анхан шатны шүүх гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийхдээ хөлөөрөө өшиглөх зэргээр зодож ...” гэх дүгнэлтийг хийсэн байх ба энэ дүгнэлтийг хийхдээ хохирогч *******ийн “ .. зүүн талын хөл хэсэг руу 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн...” гэх мэдүүлэгт үндэслэсэн байна. Гэтэл хавтаст хэргийн 24-25 хуудсанд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3998 дугаар шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд уг дүгнэлтэд “*******ийн хөл хэсэгт ямар нэгэн гэмтэл учирсан” талаар огт дүгнэлт байхгүй байхад анхан шатны шүүх тогтоогдоогүй гэмтлийн талаар илт үндэслэлгүй тайлбар дүгнэлт хийсэн байна. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хоёр. Анхан шатны шүүх гэм буруугийн талаарх дүгнэлтийг хийхдээ “…хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцов” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-ийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол” гэсэн агуулгаар хуульчилж, мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг:” гэж, 2.8 дахь заалтад “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж:" гэж хуульчилсан. Мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх”-ийн 1 дэх хэсэгт “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга ” гэж хуульчлан тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх дээрх хуулийн хүндрүүлэх шинжийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийн “байнга” гэсэн шинжийг тухайн тохиолдолд буруу тодорхойлж дүгнэлт хийсэн. Хэрэгт хохирогч ******* нь өнгөрсөн цаг хугацаан дээр удаа дараа зодож байсан тухай мэдүүлдэг боловч түүний тухайн мэдүүлгийг тогтоосон “Нэг ширхэг ч нотлох баримт байхгүй, энэ талаар хийгдсэн ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байхад” хуулийн тухайн шинжийн “байнга” гэх шинжийг зөв тайлбарлан хэрэглэж хууль зүйн бүрэн дүгнэлт өгч чадаагүй. Анхан шатны шүүх нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалт болон мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг тайлбарлах замаар дүгнэлт өгсөн нь алдаатай дүгнэлт хийхэд хүргэсэн. Эдгээр хуулийн зохицуулалт нь хууль зүйн хувьд хамаарал бүхий байдлыг хэрхэн ойлгох болон гэр бүлийн хүчирхийлэл гэх ойлголтыг хууль зүйн хувьд тодорхойлж өгсөн болохоос Эрүүгийн хуулийн хүндрүүлэх шинжид заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг дангаараа тодорхойлсон ойлголт биш юм. Хуулийн дээрх ойлголтыг барьж хүндрүүлэх шинжийг тодорхойлох биш Эрүүгийн хуульд заасан шинж байдлаар хүндрүүлэх шинжээр тодорхойлох байсан. Тиймээс анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй болсон. Түүнчлэн анхан шатны шүүхийн дүгнэлт болон хууль хэрэглээ нь бодит байдалд нийцээгүй.

Гурав. Анхан шатны шүүх гэм буруутай гэсэн дүгнэлтийг хийхдээ түүний үндэслэл болсон баримтаар хохирогч *******ийн удаа дараа өгсөн мэдүүлгийг үндэслэл болгосон ба хохирогч болон шүүгдэгчийн аль алины мэдүүлэгт тухайн үйл баримт болох үед “Ээж, Төмөр, дүү ******* байсан” гэж тодорхойлогдсон байхад эдгээр гэрч нараас хуулийн дагуу мэдүүлэг авах ажиллагааг журмын дагуу хийгээгүй.

Дээрх гэрч нараас мэдүүлэг авах ажиллагааг журмын дагуу хийгээгүй буюу гэрч нарыг цагдаагийн байгууллагад дуудан ирүүлээгүй, тэдний өөрийн мэдүүлгээр гэр бүлийн харилцаатай шалтгаанаар эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдлэх эсэхийг хуульд заасан журмын дагуу явуулаагүй. Өөрөөр хэлбэл, мөрдөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нар болох Төмөр, ******* нарыг дуудаж мэдүүлэг авах ажиллагааг хийгээгүй. Мөрдөгч нь гэрч нартай утсаар холбогдож очих боломжгүй байгаа, хөдөө байгаа талаар тэмдэглэл үйлдэх төдий байдлаар дутуу хийсэн. Эдгээр гэрч нарын мэдүүлэг чухал ач холбогдолтой байгааг мэдсээр байж мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан журмын дагуу бүрэн гүйцэт хийгээгүй. Мөн эдгээр гэрч нар нь гэр бүлийн гишүүн байх нь мэдүүлэг өгөхөөс зайлсхийх шалтгаан болохгүй, харин гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрхээ эдлэх нь мэдүүлэг өгөхөөс татгалзах үндэслэл болно гэдгийг зөв ялган гэрчээс асуух, мөрдөн шалгах ажиллагааг хуулиар тодорхойлсон журмын дагуу явуулаагүй. Түүнчлэн эдгээр гэрч нар нь “гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн эрхээ” хэрэгжүүлэхдээ хохирогч *******ийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн агуулгаар эрхээ хэрэгжүүлж байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүйгээр гэрч асуух ажиллагааг хийлгүй орхигдуулсан нөхцөл байдлыг үүсгэсэн. Хэрэв уг үндэслэлээр мэдүүлэг өгөхөөс татгалзсан бол агуулгын хувьд хохирогч *******д ашиггүй  мэдүүлэг өгөх ү  р дагавар яригдах бөгөөд энэ нь эцэстээ шүүгдэгчийг буруутгасан хохирогчийн мэдүүлэг үгүйсгэгдэх нөхцөл байдал, үр дагавар үүсэхээр байна. Иймд энэ талаарх мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийх шаардлагатай байгаа болно.

Дөрөв. Анхан шатны шүүх гэм буруугийн дүгнэлтийг хийхдээ: “Мөн шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэрэг гарсан буюу 2023 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө “Гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр *******ийн бие махбодид халдсан үйл баримтын талаар маргаагүй болно” гэсэн үндэслэлгүй тайлбарыг хийсэн байна.

Гэтэл шүүгдэгч ******* нь хохирогчийн биед халдаж цохиж, зодсон зүйл байхгүй, харин татах, чангаах, түлхэх зэргээр ноцолдсон үйл баримт болсон талаар мэдүүлсэн болохоос анхан шатны шүүхийн тайлбарлаад байгаатай адилаар “*******ийн бие махбодид халдсан үйл баримтын талаар маргасан” зүйл байхгүй юм. Анхан шатны шүүхийн энэ талаарх тайлбар нь шүүгдэгчийн тайлбар, мэдүүлгийг хэт гуйвуулан тайлбарлах замаар дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Энэ нь шүүгдэгч ямар өнцгөөр хэрхэн тайлбарласан болохын ялгаа заагийг тодорхой гаргаж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйтэй холбоотой байна. Тиймээс дээрх шүүхийн тайлбар, дүгнэлт нь үндэслэлгүй болсон байна.

Тав. Анхан шатны шүүх гэмтлийн цаг хугацаа, түүнийг тодорхойлсон мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан цаг хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой журмыг зөрчсөн.

Энэ талаар анхан шатны шүүх “... хохирогчийн гаргасан гэмт хэргийн талаарх гомдолд дурдсан цаг хугацаагаар мөрдөгч шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн байх ба шинжээч эмчийн зүгээс мөрдөгчийн тогтоолд дурдсан 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байгаа талаар дүгнэлтдээ дурджээ. Тиймээс шинжээчийн дүгнэлтэд дурдсан цаг хугацаа нь гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанаас зөрүүтэй, хэзээ үүссэн гэмтлийг тогтоолгох гэж байгаа нь тодорхойгүй гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль зөрчсөн дүгнэлт болсон. Учир нь, хохирогчийн мэдүүлэг болон бусад баримтаар тухайн “Шалгаж буй үйл баримт нь 2023 оны 03 дугаар сарын 17-д болсон”, харин анхан шатны шүүхийн дурдаад байгаа мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтэд “ 2023 оны 03 дугаар сарын 16-нд дууссан” гэдэг нь тодорхойлогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, шалгагдаж буй үйлдлээс өмнөх өдөр үүссэн болохыг шинжээчийн дүгнэлт тодорхойлсон байхад шүүгдэгчийг уг дүгнэлтээр яллаж байгаа нь өөрөө үндэслэлгүй бөгөөд хууль бусаар ял шийтгэл оногдуулсан болохыг тодорхой гэрчилж байна. Түүнчлэн хохирогч нь өөрийн мэдүүлгээрээ 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр цэргийн баяр тэмдэглэхээр гэрээсээ гарсан, ажлын хүмүүстэйгээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг тодорхой илэрхийлж, энэ нөхцөл байдал тогтоогддог. 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үүссэн байх боломжтой гэх дүгнэлтийг түүний дараагийн өдөрт хүчээр хамаатуулан ял, шийтгэл оногдуулж байгаа нь хууль бус шүүхийн шийдвэр болсон байгааг маш тодорхой харуулж байна. Шинжээчийг шүүхийн шатанд оролцуулж энэ талаар асуусан боловч шинжээч нь өөрийн гаргасан тодорхой дүгнэлтийг бүрэн үгүйсгэж, 17-ны өдөр ч үүссэн байх боломжтой гэх үндэслэлгүй мэдүүлэг өгсөн. Энэ өдөр хохирогч ажлынхантайгаа цэргийн баяр тэмдэглэж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дутуу гаргасан бол хуульд заасан үндэслэл журмын дагуу дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бүрэн тодорхойлж, түүний дараа хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг хуулийн дагуу шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл дээрх байдлаар нотлох баримтыг байгаагаар нь үнэлээгүй буюу өөрийн үзэмжээр цаг хугацааг хамаатуулан тайлбарлаж дүгнэлт хийснээс хууль бус шүүхийн шийдвэр гарсан. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ... ” гэв.

Шүүгдэгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн асуудлын талаар тайлбарласан. Гомдол гаргаснаас хойш 1 сарын дараа надад мэдэгдсэн. Хэрэв мөрдөгч хуульд заасан үүргийнхээ дагуу яллах болон цагаатгах нотлох баримтыг нягтлан шалгаж, бүрдүүлсэн бол өнөөдөр би энд зогсохгүй байх байсан. Манай байрны орц, цахилгаан шат болон тухайн зочид буудал, автомашины зогсоол зэрэг бүх газарт хяналтын камер байсан. Эдгээр газруудын хяналтын камерын бичлэгийг шалгуулахаар мөрдөгчид удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд 2023 оны 6 дугаар сард энэ ажиллагааг хийсэн. Гэтэл тухайн үйл явдал нь 2023 оны 3 дугаар сард болсон. Энэ хооронд дээрх газруудын хяналтын камерын бичлэгүүд бүгд хадгалах хугацаа дуусаж, устсан. Тухайн өдөр явсан газрын байршлуудын хяналтын камерын бичлэгийг мөрдөгч шалгаж үзсэн бол эрүүгийн гэмт хэрэг үүсэхгүй байх байсан. Энэ асуудлыг би мөрдөгч, прокурорт маш олон удаа хэлж гуйсан. Хэргийг ганцхан хохирогчийн мэдүүлэгт үндэслэж, шийдвэрлэсэн. Мөн дахин шинжээч томилуулахаар хүсэлт гаргаж, хохирогчийн толгой байнга өвддөг талаар нотлох эмнэлгийн картыг хүртэл авчирч өгсөн. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Би торгуулийн төлбөрийг төлж чадахгүй болохоор давж заалдах гомдол гаргаагүй. Харин үйлдээгүй гэмт хэргийнхээ төлөө хэлмэгдсэн учраас давж заалдах гомдол гаргасан. Би амиа хорлох гэж байсан хүний үйлдлийг таслан зогсоосон үйлдлийнхээ төлөө өнөөдөр энд зогсож байгаадаа харамсаж байна. Маргаан үүсгэсэн үйлдлээ би анхнаасаа хүлээн зөвшөөрсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү. ...” гэв.

Прокурор Э.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн өмгөөлөгч “Миний үйлчлүүлэгч хохирогчийг өшиглөж гэмтэл учруулаагүй. Гэтэл шийтгэх тогтоолд өшиглөсөн” гэж бичсэн гэж гомдолдоо дурдсан байна. Шийтгэх тогтоолд хохирогчид учруулсан гэмтлийг шүүгдэгч цохиж, өшиглөх хэлбэрээр буюу түүнийг зодож учруулсан болохыг тодруулах зорилгоор бичсэн. Мөн шүүх хуулийг тайлбарлаж, хэрэглэдэг учраас шийтгэх тогтоолд Гэр бүлийн тухай хуульд хамаарах бүхий этгээд мөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийсэн. Мөн хохирогчийн 4 удаагийн мэдүүлгээр шүүгдэгч ******* нь хохирогчийг зодож байсан болох нь тогтоогдсон. Энэ асуудал дээр хэн, хэн нь маргадаггүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжид хамааруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн хохирогчийн ээж, дүү нараас гэрчийн мэдүүлэг аваагүй гэж байна. Гэтэл хохирогч *******, шүүгдэгч ******* нартай хамаарал бүхий хохирогчийн ээж, дүү нараас гэр бүлийнхээ гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөх эсэх талаар тодруулахад “гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэж илэрхийлсэн учраас эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Шүүгдэгч ******* нь хохирогчийн биед халдсан үйлдлээ хүлээн зөвшөөрдөг боловч тухайн гэмтлүүдийг хохирогчтой ноцолдож байх явцад үүссэн гэдэг. Гэтэл шинжээч эмч “Хохирогчид учирсан гэмтэл нь цохих болон цохигдох явцад үүссэн байна. Мөн тархи доргилтын үндсэн шалтгаанууд нь ийм байна” гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж, мэдүүлсэн. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч гэмт хэрэг гарсан цаг хугацааны асуудлаар маргадаг. Энэ гэмт хэрэг нь 2023 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө буюу 03-04 цагийн үед үйлдэгдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогддог. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байгаа тул дахин шинжээч томилж өгнө үү” гэдэг боловч шинжээчийн дүгнэлтийг ямар байдлаар эргэлзээтэй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч оролцохдоо гаргасан дүгнэлтээ маш тодорхой тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд нийцсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгээс гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 16-17-нд шилжсэн шөнө 4 цагийн үед Сүхбаатар дүүргийн *** дугаар хороо, *** дүгээр байрны *** тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр *******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч *******ийн “...гэртээ шөнийн 03 цагийн орчимд орсон. Тэгсэн нөхөр хаалга нээж өгөөд шууд нүүр хэсэгт 4-5 удаа гараараа цохисон. Куртикнээс чирч гал тогооны өрөө лүү оруулаад шалан дээр унагааж зүүн талын хөл хэсэг рүү 3-4 удаа хөлөөрөө өшиглөсөн. ...2012 онд зодуулаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулж байсан. ...2022 оны 03 дугаар сараас эхлэн 6 сарын давтамжтай хардаж, сэрдэж, цохиж, зоддог. Тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. 2018 оны 08 бил үү, 09 сард миний хөлийг хугалж байсан. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлж байсан. 2022 оны 03 дугаар сард нөхөр Турк улс руу 10 хоног аяллаар явж ирээд надаас өвчин авлаа гээд бас зодсон. Тухайн үед цагдаагийн байгууллага болон эмнэлгийн байгууллагад хандаж байгаагүй. ...Би нөхөртөө зодуулаад босож ирээд уйлаад гадагш гарч гэрийнхээ үүдэнд нь сууж байхад манай нөхөр *******, дүү *******ын хамтаар гаднаас орж ирээд намайг явъя гэж хэлэхээр нь би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэлгүй дагаж гараад гэр лүүгээ орох гэсэн боловч дахиад зодуулчих юм шиг санагдаад байрныхаа урдуур алхаж ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй алхаад замын хойд талд байх 16 дугаар сургуулийг чиглэж алхаад 16 дугаар сургуулийн урд талд ирэхэд манай нөхөр ******* намайг таксинд суулгаад гэр лүү авч яваад бид 2 гэртээ орсон. Гэрээс гараад байрны гадна орчинд байх хугацаанд ямар нэгэн байдлаар манай нөхөр ******* бид хоёр хоорондоо маргалдсан, зодолдсон, намайг гэр лүү оруулах гэж татаж зулгааж газарт унагаасан асуудал огт байхгүй. ...” /1хх 9-10, 11-12, 14/ гэсэн мэдүүлэг,

шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...*******ийн биед тархи доргилт, баруун нүдний доод зовхи, баруун гарын шуу, бугалганд цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн цохих, цохигдох, унах үйлчлэлээр 2023.03.16-ны өдөр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 3998 дугаартай дүгнэлт /1хх 24-25/,

шинжээч *******ийн “...Чирэх, зулгаах үед тархи доргилт, баруун нүдний зовхины цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл учрах боломжгүй. Харин баруун гарын шуу бугалганы цус хуралт үүсэх боломжтой. Тархи доргилт, баруун нүдний доод зовхи гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. *******ийн биед учирсан тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин бусад гэмтлүүд болох баруун нүдний доод зовхи, баруун гарын шуу, бугалганд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...Тухайн гэмтэл нь 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. ...Тархи доргилт нь ямар нэг зүйлийн үйлчлэлээр л үүснэ. ...” /1хх 30-31, 1хх 145-146/ гэсэн мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 44-45, 46-48/ болон хохирогч *******ийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан “...2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шөнийн 04 цаг орчим нөхөртөө зодуулсан. Гэмтлийн зэрэг тодорхойлуулах хүсэлтэй байна...” гэсэн өргөдөл /1хх 5/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 4/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэн “...шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, ...шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо хуулийн хүндрүүлэх шинжийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн шинж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийн “байнга” гэсэн шинжийг тухайн тохиолдолд буруу тодорхойлж дүгнэлт хийсэн. ...Тухайн хэрэг болох үед хамт байсан хохирогчийн төрсөн эх Төмөр, дүү ******* нараас мэдүүлэг аваагүй. ...Шүүх хуралдаанд гэм бурууд маргаж оролцсон байхад шүүх дүгнэлт хийхдээ “гэр бүлийн харилцаатай хүн болох эхнэр *******ийн бие махбодод халдсан үйл баримтын талаар маргаагүй” гэж үндэслэлгүй тайлбар хийсэн. ...Шүүх гэмтлийн цаг хугацаа, түүнийг тодорхойлсон мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан цаг хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нотлох баримтыг үнэлэхтэй холбоотой журам зөрчсөн. ...Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, дутуу гарсан байхад дахин шинжээч томилж эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бүрэн тодорхойлоогүй. ...Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******, хохирогч ******* нар 2009 онд гэрлэлтээ батлуулсан, Гэр бүлийн тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр буюу нэг бүлийн гишүүд байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болох нь тогтоогдож байна.

Мөн, хэрэгт үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогчоос хууль сануулж авсан удаа дараагийн мэдүүлгээр шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд удаа дараа халдан зодож байсан нөхцөл байдал нотлогджээ.

Иймд, анхан шатны шүүхээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгохоор хуульчилсан хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд хууль ёсны зарчмыг хуульчилж өгсөн бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасанд анхан шатны шүүхийн дүгнэлт нийцсэн байна. Иймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.  

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж буруу дүгнэсэн гэж гомдолд дурдсан байх боловч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд шийдвэрийг хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх санал, дүгнэлт гаргаж байсан байх тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, шүүгдэгч *******ийг өөрийн эхнэр *******ийг урьд өмнө нь зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар тогтоосон баримт хэрэгт авагдаагүй гэсэн нь хохирогчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэмт хэргийн зайлшгүй тоон үзүүлэлт болох “байнга” хэмээх шинжийг хангахгүй талаарх гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэнд нийцэхгүй байна.

Хэргийн баримтаар гэмт хэрэг хэзээ, хаана, хэрхэн үйлдэгдсэн болохыг тогтоосон, шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч дүгнэлтийнхээ хууль зүйн үндэслэлийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдааны явцад “...тухайн гэмтэл нь 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байсан...” гэж дэлгэрэнгүй тайлбарласан байх тул хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг буруутган дүгнэх, шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөх зөрчил гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Иймд, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/513 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                         С.БОЛОРТУЯА