Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2025/0896

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ганбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бөртэ-Үжин, нэхэмжлэгч Б.Г /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б /цахимаар/, хариуцагч Боловсролын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, Боловсролын яамны улсын ахлах байцаагч А.М, Д.Ө, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, өмгөөлөгч Л.О нарыг оролцуулан, Б.Гын нэхэмжлэлтэй, Боловсролын ерөнхий газрын дарга, Боловсролын яамны улсын ахлах байцаагч нарт тус тус холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.Г.

Хариуцагч: Боловсролын ерөнхий газрын дарга, Боловсролын яамны улсын ахлах байцаагч нар.

Нэхэмжлэлийн шаардлага: Боловсролын яамны улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-00-006/01 дүгээр дүгнэлт, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б.Г******* сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/168 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч Ж.Б бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

1.1.Миний бие Б.Г нь Боловсролын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс зохион байгуулсан сул ажлын байрны нээлттэй сонгон шалгаруулалтад тэнцэж, ******* аймаг дахь Политехникийн коллежийн захирлаар 2024 оны 12 дугаар сарын 02-нд Боловсролын ерөнхий газрын даргын Б/168 дугаар тушаалаар томилогдон 8 дахь сардаа ажиллаж байна.

1.2.2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 цагт эхэлсэн сонсох ажиллагаагаар Боловсролын яамны салбарын хяналтын улсын ахлах байцаагч А.М Д.Ө нарын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан 03-00-006/01 дүгээр дүгнэлт болон хариуцлага тооцох тухай Боловсролын яамны төрийн нарийн Бичгийн даргын албан бичгийг анх сонсгож танилцуулсан.

1.3.Намайг уг албан тушаалд томилсон эрх бүхий байгууллага болох Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/168 дугаар тушаалаар надад албан тушаалын цалинг гурван сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг улсын байцаагчийн дүгнэлт, хариуцлага тооцох тухай Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийн хамт 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр цахимаар, 07 сарын 05-нд цаасан хэлбэрээр шуудангаар хүлээн авсан.

1.4.Боловсролын яамны салбарын хяналтын улсын ахлах байцаагч А.М, Д.Ө нар нь 03-00-006/01 дүгээр дүгнэлтийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гаргасан боловч сургалтын байгууллагын удирдлага болох надад танилцуулж, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тайлбар хийх, гомдол гаргах эрхийг эдлүүлэхгүйгээр шууд ажил олгогч байгууллагад шилжүүлсэн.

1.5.Боловсролын яамны улсын байцаагч нар нь хяналт шалгалт хийх удирдамжийг танилцуулалгүйгээр 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагаас шөнийн 01 цаг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийсэн.

1.6.Уг хяналт шалгалтын удирдамж нь сургуулийн үйл ажиллагаа, хууль дүрмийн хэрэгжилтэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, арга зүйн зөвлөмж өгөхөд зорилго, үндэслэл нь чиглэгдэх ёстой байсан боловч төлөвлөгөөт хяналт шалгалтын удирдамжийн зорилго, үндэслэлийг баримтлан хяналтын хуудасны үнэлгээг шууд авч ашиглан дүгнэлт гаргасан байна.

1.7.Хяналтын хуудасны байгууллагын удирдлага, зохион байгуулалт буюу надтай холбоотой хэсэг дэх асуултын 9 дүгээрт статистик тоо мэдээг хугацаанд нь үнэн зөв гаргадаггүй гээд шаардлага хангаагүй буюу 10 гэсэн үнэлгээг тавьжээ. Гэтэл манай сургууль нь статистик хариуцсан ажилтантай бөгөөд шаардлагатай тоон мэдээллийг цаг хугацаанд нь өгдөг.

1.8.Хяналтын хуудасны байгууллагын удирдлага, зохион байгуулалт буюу надтай холбоотой хэсэг дэх асуултын 11 дүгээрт багшийг мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах нь тааруу гээд шаардлага дутуу хангагдсан буюу 5 гэсэн үнэлгээг тавьжээ. Гэтэл манай сургууль нь багшийн хөгжлийг дэмжих материаллаг дэмжлэгийг багшийн хөгжлийн төвдөө үзүүлэхийн зэрэгцээ багш ажилтнуудын цахим ур чадварыг нь сайжруулахын тулд Багш флатформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр гэрээ хийн хамтран ажиллаж байгаа мөн 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 41 багш, ажилтныг сургалтад хамруулсан байдаг.

1.9.Ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллаагүй гэж дүгнэсэн нь илт худал дүгнэлт бөгөөд намайг төрийн албан хаагчийн ёс зүйн хууль, дүрэм, хэм хэмжээг зөрчсөн талаар Боловсролын ерөнхий газар болон Боловсролын яамны ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байхад улсын ахлах байцаагч өөрийн үзэмжээр ёс зүй хэрэгжүүлж ажиллаагүй, ёс зүй зөрчсөн гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй.

1.10.Багш, ажилтан 33 хүнд албан бичиг өгсөн гэж илт гуйвуулан худал дүгнэлт бичсэн байх бөгөөд архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль болон архив, албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын албан бичгээр харилцах талаар зохицуулсан зохицуулалтад байгууллагын дотоод үйл ажиллагаанд албан бичиг хэрэглэх зохицуулалтыг тусгасан бөгөөд энэ дагуу хууль ёсны шаардлагыг удаа дараа биелүүлэхгүй байгаа тодорхой албан тушаалтнуудад бичгээр албан шаардлагыг хүргүүлж ажилласан нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул улсын байцаагчийн энэ дүгнэлт үндэслэлгүй юм.

1.11.Сонгон шалгаруулалтын журам зөрчсөн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Уг дүгнэлтэд дурдагдсан Д.Б нь сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр оноог авсан, мөн ажлын хэсгээс сонгон шалгаруулсан иргэнийг автомашины засварчин мэргэжлийн багшийн ажлын байранд авч ажиллуулсан боловч түүнийг ажилд томилогдсон тушаал гарсны дараа гэмт хэрэгт холбогдож байсан талаарх мэдээллийг хүний нөөц, гадаад харилцаа хариуцсан ажилтан Р.А*******аас 2025 оны 05 дугаар сарын 12-ны үед надад бичгээр ирүүлж мэдэгдсэн байдаг.

1.12.Боловсролын яамны салбарын хяналтын улсын байцаагчид нь ерөнхийлсөн дүгнэлтдээ улсын байцаагчийн хяналт шалгалтын чиг үүрэг болон удирдлага болгосон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамждаа тусгасан хяналт шалгалтын арга хэлбэр, чиглэлийн заалтаар бус намайг томилдог эрх бүхий байгууллага болох Боловсролын ерөнхий газрын даргын үнэлгээ дүгнэлт өгдөг албан тушаалын тодорхойлолтын албан тушаалд тавигдах тусгай шаардлага хэсгийн ур чадварын шалгууруудыг ханган ажиллаагүй гэж нотлох баримтгүйгээр дүгнэсэн.

1.13.Иймд Боловсролын яамны салбарын хяналтын улсын байцаагч нарын гаргасан ******* аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Г нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй тухай гэсэн нотлох баримтад үндэслээгүй, зарим талаар үнэнийг гуйвуулсан, хэт нэг талыг барьсан, хууль бус дүгнэлтийг болон уг хууль бус дүгнэлтийг үндэслэн гаргасан Боловсролын ерөнхий газрын даргын Б.Г******* сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/168 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож өгнө үү. гэжээ.

Хоёр.Хариуцагч Боловсролын яамны улсын ахлах байцаагч А.М, Д.Ө нараас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд явцад гаргасан хариу тайлбартаа:

2.1.Боловсролын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны 03-00/19 дүгээр удирдамж, Улсын Их Хурлын дарга болон Боловсролын яаманд ирсэн гомдлууд, 2025 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын 03-00/02 удирдамж. Эдгээрийн дагуу 2025 оны 06 дугаар сарын 03-нд ******* аймаг дахь Политехник коллежид хяналт шалгалт хийсэн.

2.2.Анхны удирдамжид заасан байцаагч Г.Н******* хувийн шалтгаанаар оролцож чадаагүй. Хяналт шалгалт хийх нийтлэг журам-ын 11.4-т үндэслэн Д.Ө ахлах байцаагчийг татан оролцуулсан. Аймгийн боловсролын газрын байцаагч Д.Должинсүрэн төлөвлөгөөт шалгалтын талаар 5 дугаар сард мэдэгдсэн, урьдчилан сэргийлэх шалгалтын тухай 2025 оны 06 дугаар сарын 03-ны өглөө мэдэгдсэн. Хяналт шалгалтыг аймгийн байцаагчтай хамтран зохион байгуулсан.

2.3.Шалгалтыг 09:0016:00 цагт Хөгжим бүжгийн коллежид шалгалт хийж дуусаад, 16:00 цагаас Политехник коллежид шалгалт эхэлсэн. Захирал болон удирдлагад шалгалтын зорилго, үндэслэл, шалгах хүрээг танилцуулсан. Захирлын зөвшөөрлөөр шалгалтын хугацаа сунжирч үргэлжилсэн. Баримт бичиг, сургалтын орчин, дотуур байр, ажилтнуудтай уулзалт зэрэг бүх чиглэлээр шалгалт хийсэн.

2.4.Коллежийн 03/6.1-3 Сургалтын байгууллагын үйл ажиллагаа: 43 хувь (дунд эрсдэл), 03/6.1-6 Дотуур байрны үйл ажиллагаа: 61.2 хувь (их эрсдэл) Байцаагч бүр нотлох баримтад тулгуурлан үнэлгээ хийж, захиралд танилцуулсан.

2.5.Стратеги төлөвлөгөө шинэчлэгдээгүй, удирдах зөвлөлийн баримт дутуу, Албан бланк ашиглалтын зохицуулалт тодорхойгүй, Нийгмийн түншлэл, дотоод хяналтын баримт тухайн өдөр байхгүй байсан тул 2025 оны 06 дугаар сарын 13-нд дахин шалгаж баталгаажуулсан. Захирлын боловсролын баримт бичгийг дахин шалгах шаардлагагүй гэж үзсэн.

2.6.Захирал Б.Г удирдлага зохион байгуулалтын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн. Гэсэн ч бүх хяналтын хуудас, шалгалтын тэмдэглэл, албан шаардлагад гарын үсэг зурж баталгаажуулсан.

2.7.Ажилтантай маргалдах, шалгалтын дүнг танилцуулах үед өөрийгөө өмөөрөх, алдаа хүлээхгүй байх зэрэг байдал ажиглагдсан. Энэ нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.10 болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзсэн. Байцаагч Д.Ө захиралд хариуцлага тооцуулах санал гаргасан.

2.8.Захирлын оролцоо хэт их, ярилцлагыг өөрөө авч, онооны үнэлгээнд нөлөөлсөн. Д.Б онолын шалгалтаар өндөр оноо авч нягтлангаар томилогдсон нь захирлын оролцоотой холбоотой гэж үзсэн. Эрүүгийн хариуцлагатай Б.А*******ийг лавлагаагүйгээр автомашины засварчны багшаар томилсон.

2.9.Коллежийн 52 багш, ажилтан (72.2 хувь) захирлын үйл ажиллагааны талаар гомдол гаргасан. 4 ажилтан ажлын байрны дарамтын тухай тусдаа гомдол ирүүлсэн. Захирлын хаалттай, дарамт шахалттай харилцаа, баримт бичгийг цоожлох, ажилтнуудад богино хугацааны даалгавар өгөх зэрэг асуудал нийтлэг байсан.

2.10.Захирлын гаргасан гомдлын дагуу байцаагчид дахин нягталж, баримт материал үнэн зөв болохыг тогтоосон. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4-т үндэслэн шалгалтын баримтыг баталгаажуулсан.

2.11.Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолын 12.1-д заасны дагуу улсын ахлах байцаагчийн дүгнэлт гаргасан. Хяналт шалгалтын дүн, илэрсэн зөрчил, хамт олны гомдол, захирлын харилцаа хандлага зэрэг нь захирлын удирдах чадвар, ёс зүйн зөрчилтэй холбоотой гэж үзсэн.

2.12.Иймд Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 12.1-д заасан заалтыг үндэслэж, улсын ахлах байцаагчийн дүгнэлт үйлдсэн болно гэжээ.

Гурав.Хариуцагч Боловсролын ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд явцад гаргасан хариу тайлбартаа:

3.1.Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр ******* аймаг дахь хяналтын газраас 2025 оны Политехник коллежийн уйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, Боловсролын яамны Салбарын хяналтын улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтийг гаргаж, Боловсролын ерөнхий газарт ирүүлсэн.

3.2.Дээрх дүгнэлтээр ******* аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Г нь төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй нь тогтоогдож, заасан чиг сахилгын зөрчил гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хулийн холбогдох үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан.

3.3.Иймд Б.Гын нэхэмжлэлтэй, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/168 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Г******* Боловсролын яамны улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-00-006/01 дүгээр дүгнэлт, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б.Г******* сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/168 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хяналт шалгалт хийх талаар мэдэгдээгүй, удирдамж танилцуулаагүй, тайлбар хийх, гомдол гаргах эрхийг эдлүүлээгүй, нотлох баримтад үндэслээгүй, үнэнийг гуйвуулсан, хэт нэг талыг барьж дүгнэсэн, сургуулийн үйл ажиллагааг үнэлэхдээ байлцуулаагүй гэж тодорхойлжээ.

2.Хариуцагч нараас удирдлагын зан харилцаа нь дарамт шахалттай, ажилчид шаардлагатай үед захиралтайгаа уулзах боломжгүй, хоорондоо албан бичгээр харьцдаг, алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөггүй, хууль тогтоомжид заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, хамт олноо үлгэрлэн манлайлах чиг үүргээ хэрэгжүүлээгүй нь тогтоогдсон гэж тайлбарлан маргасан.

3.Монгол Улсын Боловсролын сайдын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/12 дугаар тушаалаар Боловсролын салбарын хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалтыг баталсны дотор ******* аймаг дахь Политехник коллеж багтжээ. (1 дэх хавтасны 91-93 дахь тал)

4.Үүний дагуу Боловсролын яамны Салбарын улсын ерөнхий байцаагч, Эрүүл мэндийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагч нарын хамтран баталсан 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 03-00/02 дугаар Боловсролын байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийх удирдамж-аар ... политехник коллеж, мэргэжлийн боловсролын сургуулийг 03/6.1-3 кодтой Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, 03/6.1-6 кодтой Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байрны үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас-аар хийх хяналт шалгалтыг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрүүдэд (1 дэх хавтасны 95, 97 дахь тал),

5.Боловсролын яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 03-00/19 дүгээр Хяналт шалгалтын удирдамж-ийн дагуу ******* аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаанд 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хяналт шалгалт хийхээр тус тус шийдвэрлэсэн. (1 дэх хавтасны 112, 114 дэх тал)

6.******* аймгийн Боловсролын газрын Улсын байцаагчаас ******* аймаг дахь Политехник коллежид 2025 оны 05 дугаар сард төлөвлөгөөт, 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх талаар тус коллежийн захирал Б.Г******* мэдэгдсэн байна. (1 дэх хавтасны 220 дахь тал)

7.Хяналт шалгалт хийх дээрх удирдамжуудын дагуу Боловсролын яамны улсын ахлах байцаагч 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хяналт шалгалтыг явуулж, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-000-006/01 дүгээр дүгнэлтээр ******* аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Гыг Төрийн албаны тухай хуульд заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн, удирдах ажилтны манлайлал, ёс зүйг хангаж ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж дүгнэжээ.

8.Нэхэмжлэгчээс Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэж заасны дагуу дээрх дүгнэлтийг эс зөвшөөрч Боловсролын сайдад 2025 оны 07 дугаар сарын 23-нд гомдол гаргаснаас үзвэл нэхэмжлэгч Б.Г******* хяналт шалгалт хийх талаар мэдэгдээгүй, удирдамж танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй.

9.Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ, 37.1.7-д төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх, 37.1.13-т албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах гэж заасан.

10.Дэлгэрүүлбэл, төрийн албан хаагч шударга, үнэнч, хариуцлагатай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, харилцааны соёл, дотоод журам, дүрэм, ажлын зохион байгуулалтыг чанд мөрдөж, хувийн болон албаны үйл ажиллагаандаа төрийн албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа үйлдлээс зайлсхийх, төрийн албаны үнэт зүйлсийг хамгаалах үүрэгтэй бөгөөд өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан ажлыг чанартай, хугацаанд нь, хариуцлагатайгаар гүйцэтгэх ёстой.

11.******* аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Г нь төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан болохын хувьд дээрх хуульд заасан нийтлэг үүргийг хүлээн ажиллах учиртай.

12.Захирал Б.Г 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд цаг үеийн ажил, асуудлыг хугацаанд хийж, хэрэгжүүлэх, үүрэг даалгаврыг биелүүлэх, нотлох баримт, тайлбар ирүүлэх тухай хүргүүлсэн 33 албан бичгүүд нь тухайн өдрийн цаг, минутыг , заадаг, тухайлбал, үүрэг даалгаврыг мөн өдрийнхөө 14, 16, 17, 18 зэрэг цаг зааж, бичгээр, хүснэгтээр, эсхүл тайлангаар гэх байдлаар биелүүлж, албан бичгээр ирүүлэхийг шаардаж сургуулийн ажилтнууддаа хүргүүлдэг байсан нь хэрэгт авагдсан уг албан бичгүүд болон хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

13.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын гүйцэтгэх удирдлагыг захирал хэрэгжүүлнэ, 27.5-д Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал дараах чиг үүрэгтэй, 27.5.10-д удирдах ажилтны манлайлал, ёс зүйг хангаж ажиллах гэж заасан.

14.Хуулийн дээрх зохицуулалтаас харвал Политехник коллежийн өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, шийдвэр гаргалтыг захирал дангаар хариуцах учиртай. Өөрөөр хэлбэл, коллежийн бүх үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, хяналт тавих, шийдвэр гаргах эрх, үүрэг захиралд төвлөрөх бөгөөд захирал нь байгууллагын үр дүн, чанар, сахилга, санхүү, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хариуцлага хүлээх ёстой.

15.Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ-ний 2.7-д Албан үүргээ гүйцэтгэхдээ бусдад аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө, 2.7.3-д албан тушаалын бүрэн эрхээ ашиглан бусдад үг, үйлдэл, цахимаар болон бусад хэлбэрээр хүнд суртал, дарамт, ... үзүүлэхгүй байх, 2.7.5-д албан харилцаанд нүүрний хувирал, биеийн хэлэмж, үг хэллэг, бусад байдлаар бусдыг үл тоомсорлох, тохуурхан даажигнах, дорд үзэх зэрэг харилцаа, хандлага гаргахгүй байх, 2.8-д Байгууллагын соёл, дэг журам, албан харилцааны ёс зүйг чанд сахих, улсын болон байгууллагын нэр хүндэд харшилсан аливаа үйлдэл гаргахгүй байх, олон нийтэд үлгэр жишээ, манлайлал үзүүлэх ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэх хүрээнд дараах хэм хэмжээг мөрдөнө, 2.8.2-т харилцаа, хандлага, ... ажлын арга барил, үг, үйлдлээрээ бусдад зөв үлгэрлэн, манлайлах гэж тус тус заасан.

16.******* аймаг дахь Политехник коллежийн захирал Б.Г нь багш, ажилчидтайгаа тэгш бус харьцдаг, тэдэнд сэтгэл зүйн дарамт үзүүлдэг, удирдлагыг манлайллыг хангаж ажилладаггүй болох нь хэрэгт авагдсан хариуцагч нарын тайлбар болон багш, ажилчдаас Улсын Их Хурлын дарга, Боловсролын сайд, Боловсролын яам болон тус яамны Ёс зүйн хороонд гаргасан гомдлууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл болно.

17.Үүнээс гадна захирал Б.Г 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн А/20 дугаар тушаалаар байгуулсан Багш, ажилтныг сонгон шалгаруулах ажлыг хэсэг-ийн ярилцлагын шалгалтад хөндлөнгөөс оролцож, оноо үнэлгээ өгч, бусдыг давуу байдлаар дэмжсэн болох нь хэрэгт авагдсан Ажлын байрны сул орон тооны сонгон шалгаруулалтын тайлан, ажлын хэсгийн гишүүд, бусад ажилтнуудын гомдол зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаар хариуцагч улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн холбогдох хэсгийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

18.Эдгээр нөхцөл байдлаас дүгнэвэл, хариуцагч Боловсролын яамны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03-00-006/01 дүгээр дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй, дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж дүгнэх хууль зүйн боломжгүй.

19.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн Боловсролын яамны улсын ахлах байцаагчийн 2025 оны 03-00-006/01 дүгээр дүгнэлтийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

20.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж зааснаас үзвэл үйлчилгээний албан тушаалтан нь төрийн албан хаагч боловч түүний хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулиар илүү өргөн хүрээнд зохицуулагддаг.

21.Хариуцагч улсын ахлах байцаагч нарын маргаан бүхий дүгнэлт хуульд нийцсэн нь тогтоогдсон, энэ тохиолдолд тухайн дүгнэлтийг үндэслэн гаргасан хариуцагч Боловсролын ерөнхий газрын даргын Б.Г******* сахилгын шийтгэл ногдуулсан маргаан бүхий тушаалыг хууль бус гэж үзэхгүй бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах гэж заасанд нийцсэн байна.

22.Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 37 дугаар зүйлийн 37.1.7, 37.1.13, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5.10, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Г******* Боловсролын яамны улсын ахлах байцаагч, Боловсролын ерөнхий газрын даргад тус тус холбогдуулан гаргасан Боловсролын яамны улсын ахлах байцаагчийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 03-00-006/01 дүгээр дүгнэлт, Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Б/168 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ГАНБААТАР