Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/14

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч ******* даргалж, шүүгч *******, ******* нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Хохирогчийн өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Нарийн бичгийн дарга ******* нарыг оролцуулан,       

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу *******д холбогдох эрүүгийн 2322000410091 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч *******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: овогт гийн , Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн сумын 3 дугаар баг, гэх газар оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД: );

           Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр баг “Харуул” гэх газраас иргэн гийн хүрэн азаргатай 32 тооны адууг тууж 8 тооны даага /сарваа/ буюу олон тооны мал хулгайлж 14,400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дундговь аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: *******ыг бусдын 8 тооны даага буюу олон тооны бод мал хулгайлж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч гийн нэхэмжлэлээс 9,220,000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг зааж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч  шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн сумын 3-р багийн иргэн овогтой би Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлээд байгаа билээ.

Миний бие өөрийн холбогдсон хэргийн гэм буруугаа ойлгон гэмшиж маш их зүйлийг ойлгож ухаарч байна. Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг хавтаст хэрэгт ирүүлсэн баримтын хүрээнд бүрэн төлж барагдуулан шүүх хуралдаанд орсон. Хохирогчоос ирүүлсэн хохирлын баримтууд болох хавтаст хэргийн 75-81 -р талд авагдсан шатахууны 7 ширхэг баримтуудад 2023.2.14-ний 233.533 төгрөгийн шатахуун авсан, 2023.2.12-ны 59.394 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн авсан, 2023.02.12-ний өдрийн 200.000 төгрөгийн шатахуун авсан, 2023.02.14-ний өдрийн 54.173 төгрөгийн шатахуун авсан, 2023.03.14-ний өдрийн 230.000 төгрөгийн шатахуун авсан баримт, 2023.03.24-ний өдрийн 46.500 төгрөгийн шатахуун худалдан авсан баримт, 2023.03.23-ны өдрийн 238.700 төгрөгийн шатахуун худалдан авсан баримтуудаар нийт 1.062.300 төгрөгийн хохирол нэхэмжилснийг прокурор дээр төл гэхээр нь бүрэн төлөөд шүүх хуралдаанд орсон. Үүнээс 2023.03 сард 3-н удаа шатахуун авсан баримтууд хэрэгт ямар хамааралтай хохирол болох нь огт тодорхойгүй байсан ч төлж барагдуулсан. Учир нь алдсан адуугаа хохирогч авснаас хойш 1 сарын дараа авсан шатахуунаа хүртэл нэхэмжилж байсныг өгсөн байсныг сайн дураараа төлсөн гэсэн үг юм.

Миний бие бусдад төлөх төлбөргүй, анх удаа хөнгөн хэрэгт холбогдон ял шийтгэгдээд байгаа юм. Би Өвөрхангай аймгийн суманд аав, ээж, 3 дүү нарын хамт нарын хамт мал маллан амьдардаг бөгөөд урьд өмнө нь ямар нэг хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа болон хохирол төлбөргүй байгаа байдлыг анхаарч ялыг доош татаж 1 жил болгон бууруулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.

Би бусдын эд хөрөнгө, малыг хууль бусаар авах нь буруу зүйл гэдгийг маш сайн ухаарч ойлгож байгаа бөгөөд цаашдаа зөв шударгаар хөдөлмөрлөж, сургуульд суралцаж буй дүү нар болоод эцэг, эхийнхээ ариун цагаан буянд ийм хир буртаг оруулахгүй шударга үнэн зөв, үлгэр жишээчээр амьдрах болно гэдгээ та бүхэндээ амлаж байна.

Иймд овогтой надад Дундговь аймаг дахь_Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/74 тоот шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар ялын доод хэмжээнээс доош татаж 1 жилийн хугацаагаар хорихоор хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү.

 Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өнгөрсөн хугацаанд их зүйлийг ойлгож ухаарсан. Өөрийн болон өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Цаашид үнэнч шударгаар амьдрах болно. Тохирох зүйл ангиар зүйлчилж, хөнгөн ял оногдуулж өгөөч гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: ...Өмгөөлөгч миний бие хэргийн материалтай танилцаад уг эрүүгийн хэрэгт авагдсан хохирогч гийн 2024.02.12-ны өдөр өгсөн “... би 2023 оны 1 сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1-р багийн нутаг “Харуулт” гэх газар манай хүрэн азаргатай 32 тооны адуу байсан. 2023 оны 1 сарын 17-ны өдөр морь тавих гээд Харуулт гэх газар иртэл манай адуу байхгүй байсан. Түүнээс хойш адуугаа Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаар 7 хоног хайсан. Түүнээс хойш Фэйсбүүк дээр зар тавьсан. Тэгээд Дэрэн сумаас урагш 30 км-т байх Шорной гэх газраас адуугаа олсон...” гэх мэдүүлэг авагджээ.

Яллагдагч ******* 2023.05.01-ний өдөр өгсөн мэдүүлэгтээ “...манай адуу Дэрэн сумын урд хэсэг рүү очсон байсан. Тэнд өвс гайгүй байсан учир адуугаа тэнд байлгаж байгаад 2023 оны 1 сарын дундуур адуугаа харахаар очоод хүнд туулгуулсан янзтай байхаар нь Дэлгэрцогт сум руу адуугаа туугаад харьж явтал замд тус хүрэн азаргатай адуу тарсан. Байсан газраас нь зүүн хойш 3-4 км туугаад орхисон” гэжээ.

Гэрч “...2023 оны 1 сарын 21-нд өөрийн эзэмшлийн портер машинтай очиж авсан...” гэж тус тус мэдүүлцгээжээ.

Гэтэл Анхан шатны шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэхдээ бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг зүйлчилж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээс үзэхэд хохирогч тухайн үед Говь-Угтаал суманд мал маллан амьдардаг. 2023 оны 1 сарын 15-нд хамгийн сүүлд Говь-Угтаал сумын Харуулт гэх газар адуугаа харсан байсан. 2023 оны 1 сарын 17-нд тус Харуулт гэх газар нь очиход нь адуу байгаагүй байгаа нь өөрийнх нь хараа хяналтаас болон адуу өөрийн бэлчээр нутагтаа байгаагүй байгаа нь тус 32 тооны адууг алдуул мал үзэх боломжтой байна.

Мөн хохирогч 2023 оны 1 сарын 17-ноос хойш Харуулт гэх газар адуу нь байхгүй байхаар 7 хоног Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаар хайсан байдаг. Гэтэл шүүгдэгч тус адуутай Дэрэн сумаас урагш таараад 2023 оны 1 сарын 21 -нд тус адуунаас 8 сарваа зарахдаа 2023 оны 1 сарын 21 -22-нд зарж байгаа нь бусдын алдуул малыг зарж байгаа үйлдэл болоод байна. Говь- Угтаал сумын Харуулт гэх газраас буюу өөрийнх нь бэлчээрээс авахгүй байгаа нь алдуул малыг завшсан гэж боломжтой байна.

Өөрөөр хэлбэл тус өөрийнх замд уг адуу таарч улмаар авах сэдэл төрж байгаа бөгөөд улмаар завших сэдэл төрж бусдад зарж байгаа үйлдэл байна.

Иймд Дундговь аймгийн давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч миний гаргасан гомдлыг хянан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл болгон хөнгөрүүлэн өөрчилж, эрүүгийн хариуцлагыг шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хөнгөн байдлаар ногдуулж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Шүүгдэгчээс хохирогчид 1062000 төгрөгийн хохирлыг өмнө нь төлсөн. Өнөөдрийн шүүх хуралдаанаас өмнө 3 сая төгрөгийг шилжүүлсэн. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ хурлын тов мэдэгдэхэд илэрхийлсэн байна лээ. Мөн надтай ярихдаа 3 сая төгрөг авсан, гомдол саналгүй гэдгээ илэрхийлснийг хохирогчийн өмнөөс хэлье. Хохирогч анхан шатны шүүхэд баримтаа бүрэн гаргаж өгөөгүй учир хохирлоо авч чадаагүй байсан ч өнөөдөр 3 сая төгрөг авснаар хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж байна гэв.

Прокурор ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Мал хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа 5 хошуу малыг нууц далд аргаар шунахайн сэдэлтээр  хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан үйлдэл бөгөөд бусдын өмчлөлийн малыг хууль бусаар завшиж өөртөө хэрэглэх болон зарж борлуулан ашиг хонжоо олох зорилготой шууд санаатай үйлдэгддэг шинж онцлогтой. ******* нь хохирогчийн малыг 3-4 км орчим тууж, түүний дараа найз аас “хямд сарваа байна уу” гэж асуухад нь 1 ширхгийг 200000 төгрөгөөр бодож 8 даагыг 1600000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь найз Золбоогийн дансаар шилжүүлэн авч өр зээл болон бусад хувийн хэрэглээндээ зарцуулж ашигласан байдаг. Иргэний хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т “Алдуул мал олсон этгээд нь энэ тухай орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж малын эзнийг тогтоох хүртэл өөрийн эзэмшилд байлган маллах буюу орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” заасан. Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй. Шунахайн сэдэлтээр, өөрт ашиг хонжоо олох зорилгоор хохирогчийн малыг авсан тул алдуул малыг завших гэмт хэргийн зүйлчлэлд хамаарахгүй. Мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Шүүгдэгч гэмт хэргийн зүйлчлэл дээр маргаж байгаа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэдэгт эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж байна. Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэж байна. Иймд шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон эсэхийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг *******д холбогдох 2322000410091 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр баг “Харуул” гэх газраас иргэн гийн хүрэн азаргатай 32 тооны адууг тууж 8 тооны даага /сарваа/ буюу олон тооны мал хулгайлж 14,400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараах баримтуудаа тогтоогдсон байна гэж үзэв. Үүнд:

         Хохирогч гийн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Угтаал сумын 1 дүгээр баг “Харуулт” гэх газрын ард манай Хүрэн азаргатай 32 тооны адуу байсан. ... 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр унах морь барих гээд “Харуулт” гэх газар очиход манай хүрэн азаргатай адуу байхгүй байсан. Түүнээс хойш адуугаа Өндөршил, Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаар 7 хоног хайсан. Би фэйсбүүк дээр хүрэн азаргатай 32 тооны адуу алдсан талаараа зар тавьсан бөгөөд хүрэн азаргатай адуугаа Дэрэн сумын урд зүгт 30 орчим километрт байх “Шорной” гэх газраас олсон бөгөөд нийт 24 тооны адуу байсан бөгөөд 8 тооны сарваа дутуу байсан. Адуунд үлдсэн 1 сарваа нь доголон болсон байсан. 2 тооны эр хээр зүстэй сарваа /даага/, хээр зүсмийн 1 тооны эм сарваа, 1 тооны улаан буурал зүсмийн эм сарваа, 3 тооны хүрэн зээрд эм сарваа, 1 тооны сартай зээрд зүсмийн эр сарваа нийт 8 тооны сарваа /даага/ дутуу байсан. Бүгд зөв талын ар хонгонд дан саран тамгатай байсан.” гэх,

            Гэрч О.Байгалмаагийн: “Манай хүүхэд болох О. манай найз Насаа Дундговьд хямдхан сарваа зарах хүн байна гэхээр нь би очиж үзээд ирсэн. ... 8 сарваа авч ирсэн. Манай хүү хэлэхдээ гэх хүний данс руу мөнгийг нь хийгээд худалдаж авсан гэсэн. ... Нэг сарвааг 200.000 төгрөгт бодож нийт 1.600.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэх,

          Гэрч гийн: “Манай хүү О. 2023 оны 01 сарын 21-ний өдөр Дундговь аймгийн Дэрэн, Дэлгэрцогт хавьцаа нутгаас хүнээс худалдаж авсан юм. Манай хүүхэд руу найз ******* нь энд хямдхан сарваа зарах хүн байна гээд фэйсбүүк рүү нь зураг явуулсан гэсэн. ... Манай хүү нэг сарвааг 200.000 төгрөгөнд бодож нийт 1.600.000 төгрөгөөр  худалдаж авсан. ...Цогзолбоо гэх хүний данс руу мөнгийг нь хийсэн.” гэх,

Гэрч О.ын: “..Би *******тай 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 80160584 дугаарын утсаар холбогдоход Дундговь аймгийн Дэрэн суманд гэртээ мал дээрээ байна гэж ярьсан. ... Би 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр найз *******тай холбогдож гэх хүнээс 8 тооны даага худалдаж авахаар тохирсон. гэх хүнтэй ярьж 8 тооны даагыг 1.600.000 төгрөгөөр нэг бүрийн үнэ нь 200.000 төгрөгөөр бодсон юм. .. данс руу 1.600.000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлгүүд болон шүүгдэгч *******ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дундговь аймгийн Говь-Угтаал сумын үнэлгээний комиссын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн эд зүйл үнэлгээ хийсэн акт, Ашид билгүүн ХХК-ний хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ, хохирогч д хээр сарваа-2 /эр/, хээр сарваа-1 /эм/, улаан буурал сарваа-1 /эм/, хүрэн зээрд сарваа-3 /эм/, сартай зээрд сарваа-1 /эр/ нийт 8 тооны даагыг 2023 оны 02 сарын 13-ны өдөр хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь хуульд заасан журамд нийцсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч гийн “манай хүрэн азаргатай адуу 2023 оны 01 дүгээр сарын 15-ы өдөр Говь-Угтаал сумын Харуул гэх газар байсан. 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр морь барих гээд очиход байхгүй байсан. Түүнээс хойш Өндөршил, Баянжаргалан, Цагаандэлгэр сумдаа 7 хоног хайсан” гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч *******ын үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг бус, алдуул мал завших гэмт хэрэг гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх тухай хүсэлт гаргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй байна.  Учир нь: Хэрэгт авагдсан баримтаар цаг хугацааны хувьд хохирогч гийн хүрэн азаргатай адуу 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Угтаал сумын Харуул гэх газар байсан, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрч О. 8 дааганы үнэ 1,600,000 төгрөгийг шүүгдэгчийн өгсөн данс руу шилжүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг болон дансны хуулгаар хөдөлбөргүй нотлогджээ.

 Хохирогч гийн хүрэн азаргатай адуу байсан гэх цаг хугацаанаас гэрч О. 8 дааганы үнэ 1,600,000 төгрөгийг *******ын өгсөн данс руу шилжүүлсэн гэх цаг хугацаа хүртэл 7 хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд шүүгдэгч ******* нь хохирогчийн адууг 4-5 км туусан, маргааш нь уг адуу байхаар нь гэрч О. руу даага зарах талаар ярьсан, үүнээс 1 хоногийн дараа гэрч О. ирж зарах гэж байгаа даагануудыг үзсэн, үүнээс 2 хоногийн дараа ирж 8 даагыг машинтай ачиж авч явсан, үүнээс 1 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 1,600,000 төгрөгийг шилжүүлсэн үйл явдал болсон  болох нь хэрэгт авагдсан баримтуудаар давхар нотлогдож байна.

            Алдуул мал гэдэг нь хүний ямар нэг нөлөөгүйгээр тодорхой орон зай, цаг хугацааг туулан өөрийн идээшилж дассан бэлчээр нутгаасаа өөр бэлчээр нутагт очсон байх тухай ойлголт бөгөөд хууль зүйн хувьд алдуул малыг цагдаагийн байгууллагад бүртгүүлэх, эзэн холбогдогчид нь мэдэгдэх, олгохыг эрмэлзсэн иргэн хүний идэвхтэй үйлдэл байхыг шаарддаг.

Гэтэл ******* нь хохирогчийн адууг 4-5 км хөөж эзэмшигчийнх нь хараа хяналтаас гаргаж байгаа, уг адуунаас 8 тооны даагыг гэрч О.т зарах талаар санал болгох, зарж борлуулан ашиг олж байгаа үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдэгдсэн, мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч олон тооны мал хулгайлсан боловч анх удаа хүнд гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаарх мэдүүлгийг анхнаасаа үнэн зөвөөр тогтвортойгоор мэдүүлж ирсэн. Мөн нэхэмжилсэн хохирлын хэмжээнд хохирол төлбөрийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа гэх тайлбарыг давж заалдах шатны шүүхэд гаргаж байна.

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзээд Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрч буй байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж болно.”гэснийг баримтлан

Анхан шатны шүүхээс оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчлөн 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь энэ хууль болон Монгол улсын Үндсэн хуульд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдох ял шийтгэл энэрэнгүй байх зарчмыг зөрчихгүй гэж үзэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1.Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/74 дугаар шийтгэх тогтоолын  2 дахь заалтад “Тусгай ангийн ...” гэсний өмнө “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан”  гэж нэмж, мөн “2 /хоёр/” гэснийг “1 /нэг/ жил 6 /зургаан/ сар” гэж, 3 дахь заалтын “2 /хоёр/” гэснийг “1 /нэг/ жил 6 /зургаа/” гэж тус тус өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ын  2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   

 

    ШҮҮГЧИД