Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 568

 

Г.Т, Д.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Сүхээ, Д.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 776 дугаар магадлалтай, Г.Т, Д.Б нарт холбогдох 1902000530059 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1993 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Л овогт Г-ын Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэрэгт,

2.Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, С овогт Д-н Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Т-ыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, Д.Б-ийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2-т зааснаар Г.Т-д 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Б-д 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлийг устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгах, шүүгдэгч Г.Т-оос хураагдсан 49,120 төгрөгийг Монголбанкинд шилжүүлж, улмаар түүнээс 50,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж,  шүүгдэгч болон өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Д.Цэрэнханд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байхад шийдвэрлэсэн. Учир нь Г.Т-ыг өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчиж авсан мэдүүлгийг яллах баримт болгон ашигласан байна. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчиж мэдүүлэг авсан бол нотлох баримтаар тооцохгүйгээс гадна шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй юм. Г.Т-ыг мөрдөгч дуудахад очоод өмгөөлөгч дуудая гэхэд нь мэдүүлэг авахгүй зүгээр л тодруулах зүйл байгаа хэмээн хуурч төөрөгдөлд оруулж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчиж авсан мэдүүлгийг танилцуулахгүйгээр гарын үсэг зуруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, яллагдагчаар татах тогтоолтой танилцах эрхтэй” гэснийг зөрчсөн байна. Хэрэгт хамт шалгагдаж буй Д.Б-ийг өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээр хангаж, улмаар тогтоолыг танилцуулсан атлаа Г.Т-ын эдгээр эрхийг эдлүүлээгүй юм. Өнөөдөр хичнээн олон Г.Т шиг хүнийг бий болгож байгааг мэдэхгүй ял завшуулж байгаа мөртлөө, түүнийг зарж борлуулан ашиг олсон эсхүл хэрэглэгч үү гэдгийг нарийн шалгаж тогтоох хэрэгтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэжээ. Эд мөрийн баримтаар хураагдсан шавар гэх нэршилтэй зүйл нь хэмжээний хувьд 0,1208 грамм байсан ба үүнээс хэдий хэмжээг нь өөрөө хэрэглэсэн, худалдан борлуулсан эсэх нь эргэлзээтэй байх тул тогтоох шаардлагатай юм. Г.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байна. Түүнээс гадна эрүүл мэндийн хувьд унаж татдаг эпилепси өвчтэй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Г.Т-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б-ий өмгөөлөгч Г.Сүхээ хэлсэн саналдаа “Шүүгдэгч нь өрх толгойлсон эцэг бөгөөд түүний эхийнх нь бие нь муу байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд ахлах прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Г.Т, Д.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан шүүгдэгч Г.Т-ыг сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар борлуулах зорилгоор олж авсан, хадгалсан, бусдад борлуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Шүүгдэгч нарт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гомдлыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан. Г.Т-оос 49,120 төгрөг хураагдсан байдаг. Өөрөөр хэлбэл мансууруулах бодисыг бусдад борлуулж орлого олсон 50,000 төгрөгийг  хурааж авсан. Давж заалдах шатны шүүх уг мөнгийг Монгол банкинд шилжүүлж, Г.Т-оос 50,000 төгрөгийг гаргуулаад улсын орлого болгосон. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг үндэслэн Г.Т-, Д.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,287 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл биедээ хадгалж, 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд уг шаварнаас 0,1208 граммыг Д.Б-д 50,000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч Д.Б нь Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 1 давхрын ариун цэврийн өрөөнд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,1208 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг Г.Т-оос 50,000 төгрөгөөр худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Г.Т-ыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан,

Д.Б-ийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Өмгөөлөгч Д.Цэрэнхандын зүгээс шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг зөрчин түүний өмгөөлөгчгүй өгсөн мэдүүлгийг яллах нотлох баримт болгосон тул нотлох баримтаар тооцохгүй байх, шүүгдэгч мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрөө хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй, Г.Т- нь унаж татдаг өвчтэй зэрэг хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд мөрдөгчийн зүгээс Г.Т-ыг яллагдагчаар байцаахаас өмнө өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь тайлбарлан өгч, түүний өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйлгүй гэсэн хүсэл зоригийн дагуу мэдүүлэг авсан байх тул хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан гэж үзэх боломжгүй байна.

Мөн шүүгдэгч Г.Т нь дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,287 грамм “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бусдад худалдсан зэрэг үйлдэл, оролцоог харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх тухай зохицуулалтыг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянахдаа бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтуудыг шалгаж шүүгдэгч Г.-, Д.Б нарын үйлдлийг хөдөлбөргүй тогтоожээ.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Цэрэнхандын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 377 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 776 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Т-ын өмгөөлөгч Д.Цэрэнхандын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН