2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 191/ШШ2025/05279

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 06 10 191/ШШ2025/05279

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ......................, өөрийн байранд байрлах, Х ТБАГ /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ................... тоот хаягт бүртгэлтэй боловч ................. тоот хаягт байрлах, Т ХХК /РД:00000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 158,953,049.22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ТБАГ /цаашид Х гэх/ нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 158,953,049.22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Тус газартай харилцагч Т ХХК нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын хуулиар зохицуулна, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө, 32 дугаар зүйлийн 32.2.2 дэх хэсгийн орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэх заалтуудыг зөрчсөн байна.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 469 дүгээр Дүрэм батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3.3-т Нийгмийн даатгалын байгууллага нь дараах асуудлыг холбогдох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ. 3.3.1 дэх хэсгийн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дүгээр зүйлд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, биелүүлээгүй, дутуу төлсөн торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр гэж заасны дагуу болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/199 дүгээр Журам батлах тухай тушаалын хавсралт Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тайлагнах, шимтгэлийг нөхөн төлүүлэх журам-ын 6.6.5-д 271 ба түүнээс дээш хоногийн насжилттай шимтгэлийн өр болон 6.6.4-т заасан гэрээний хугацаанд шимтгэлийн өрийг барагдуулаагүй тохиолдолд хуулийн байгууллагад хандан шийдвэрлүүлэх гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Т ХХК нь 2025.03.26-ны өдрийн байдлаар 2021.10 дугаар сараас 2024.10.31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 105,975,246.68 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна.

Дээрх зөрчлийн улмаас тус байгууллага нь даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай зэрэг хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна.

Иймд Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйл Хууль зөрчигчид хүлээх хариуцлага 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэх заалтыг үндэслэн Т ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэл 105,975,246.68 төгрөг, түүнд оногдуулсан алданги 52,977,802.54 төгрөг, нийт 158,953,049.22 төгрөгийг гаргуулж шимтгэл алдангийг барагдуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани 2021 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй байгаа хэдий ч Нийгмийн даатгалын газраас дуудах бүрд нь очиж уулздаг байсан учраас Х-ын улсын байцаагчийн 2024.06.18-ны өдрийн 176 тоот Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлүүлэх тухай албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч нь энэ албан шаардлагыг манай компанид албан ёсоор мэдэгдэж, танилцуулаагүй. Мөн 2025 онд тооцоо нийлээд нийт 105,975,246.68 төгрөгийн өртэй байгааг 2 байгууллагын нягтлан бодогч нар тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан. Үндсэн төлбөрөө энэ жилдээ багтаагаад төлнө.

Алданги тооцож болно гэхдээ манай компанид албан ёсоор мэдэгдэх ёстой. Гэтэл мэдэгдээгүй, тооцоо нийлэхэд энэ талаар тусгаагүй учраас алданги 52,977,802.54 төгрөгийг төлөхгүй... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,

-2024.01.16-ны өдрийн Б/05 дугаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 4-5 х/,

-2025.04.07-ны өдрийн 163 дугаартай М.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 7 х/,

-Т ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2024 оны 10 дугаар сарын тайлан, шимтгэл ногдуулалт /хх-ийн 8-10 х/,

-Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх-ийн 11-14 х /,

-2024.06.18-ны өдрийн 09 дугаартай Мэдэгдэл /хх-ийн 15 х/,

-2024.06.18-ны өдрийн 176 дугаартай Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлүүлэх тухай албан бичиг /хх-ийн 16 х/,

-2024.05.13-ны өдрийн 560 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, түүний хавсралт /хх-ийн 17-18 х/,

-Алданги тооцсон хүснэгт /хх-ийн 19-20 х/,

-2025.04.21-ний өдрийн 191 дугаартай Н.Г-од олгосон итгэмжлэл /хх-ийн 34 х/ зэрэг баримтуудыг,

 

-Хариуцагч нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2025.04.22-ны өдрийн 25/04 дугаартай Л.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 23 х/,

-Улсын бүртгэлийн 9011279119 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 24 х/,

-Хариу тайлбар /хх-ийн 28-29 х/,

-Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-ийн 30 х/,

-2025.06.09-ний өдрийн 25/15 дугаартай Л.Эд олгосон итгэмжлэл /хх-ийн 35 х/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Х-ын нэхэмжлэлээс 116,061,966.98 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 42,891,082.24 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч Х нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105,975,246.68 төгрөг, алданги 52,977,802.54 төгрөг, нийт 158,953,049.22 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

2.1.Т ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2-т тус тус заасны дагуу даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх, орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүр нийгмийн даатгалын санд төлөх гэх заалтуудыг зөрчсөн тул 2021.10 сараас 2024.10.31-ний өдрийг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105,975,246.68 төгрөг, мөн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно. Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэсэн заалтыг үндэслэн алданги 52,977,802.54 төгрөг, нийт 158,953,049.22 төгрөгийн өр үүссэн учраас энэ төлбөрийг гаргуулах эрхтэй гэж тайлбарласан.

 

3.Хариуцагч Т ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105,975,246.68 төгрөгийг хүлээн зөвшөөрч маргаагүй, харин алданги 52,977,802.54 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул төлөхгүй гэж маргасан.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д нийгмийн даатгалын байгууллага гэж нийгмийн даатгалын сан бүрдүүлж, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн нөхөн сэргээлтийн зардлын төлбөр, ажил олгогчид үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардал олгох, шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх зэрэг үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээдийг ойлгоно гэжээ.

 

а. Т ХХК нь барилгын материалын худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн, 0000000 регистртэй ашгийн төлөө хуулийн этгээд учраас Х-т ажил олгогчийн хувьд даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй этгээд болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-ийн 24 х/

 

б. Х нь 2024.05.14-ний өдрөөс хариуцагч Т ХХК-ийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, 2024.06.18-ны өдөр 09 тоот Мэдэгдэл, 2024.06.18-ны өдөр 176 тоот Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлагуудыг албан бичгээр хүргүүлсэн байна. /хх-ийн 15, 16 х/

 

в. Хариуцагч Т ХХК нь 2021.10.01-ний өдрөөс 2024.10.31-ний өдрийг хүртэл хугацаанд тус компанид ажиллаж буй даатгуулагчдын төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105,975,246.68 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчийн тайлбар, Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газрын Заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9), Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 11-14, 30 х/

 

г. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд тус тус зааснаар хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, Ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 2021.10.01-2024.10.31-ний өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105,975,246.68 төгрөгийг шаардах эрхтэй.

 

д. Хариуцагч нь Нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр 105,975,246.68 төгрөгийн хувьд маргадаггүй бөгөөд энэ ондоо багтааж төлнө гэж тайлбарласан тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй. Нэхэмжлэгч нь 2025 онд тооцоо нийлэхэд алданги 52,977,802.54 төгрөгийг тооцооны үлдэгдлийн баталгаанд тусгаагүй, мөн алданги тооцсон талаар мэдэгдээгүй учир төлөх боломжгүй гэж маргасан.

4.2. Нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги 52,977,802.54 төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах боломжгүй.

а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж тус тус заасан.

б. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2021.10.01-нээс 2023.12.31-ний өдрийг хүртэл хугацааны алдангийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэн шаардсан ба энэ хуулийг 2024.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан.

 

Хуульд мөрдөж эхлэх хугацааг тусгайлан зохицуулсан бол тэр хугацаанаас эхлэн хуулийг дагаж мөрддөг ба хууль цаг хугацааны хувьд хуулийн хүчин чадалтай болсон тэр үеэс хойш тэдгээрт заасан зохицуулалтыг хэрэглэж эхэлдэг.

в. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлийн 5-д Нийгмийн даатгалын тухай хууль зөрчигчид алданги, торгох шийтгэл оногдуулсан нь тухайн зөрчлийг арилгах, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлд заасан зөрчилд оногдуулсан торгох шийтгэл болон алдангийн төлбөрийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлнэ,

Зөрчлийн тухай хуулийн 10.17 дугаар зүйлийн 3-д Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно... гэж заасан.

 

Гэтэл нэхэмжлэгч нь дээрх зохицуулалтын дагуу хариуцагчид 2021.10.01-нээс 2023.12.31-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 98,745,246.68 төгрөгийн алданги 42,891,082.24 төгрөгт ногдох шийтгэл оногдуулсан талаар баримтгүй байна.

г. Харин 2024.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 31, 44 дүгээр зүйлүүдэд зааснаас нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигчид алданги тооцох, улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгуулийг шаардах эрхтэй тул 2024.01.01-нээс 2024.10.31-ний өдрийг хүртэл хугацааны алданги 10,085,850 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Тодруулбал, хариуцагчийн 2024.01.01-нээс 2024.10.31-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 7,230,000 төгрөг байх ба үүнээс хуульд заасны дагуу хоногийн 0,3 хувиар тооцоход 21,690 төгрөг болж байх тул 2024.01.01-нээс нэхэмжлэл гаргасан 2025.04.11-ний өдрийг хүртэл 465 хоногийн алданги 10,085,850 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэстэй.

 

Иймээс хариуцагч Т ХХК-иас 2021.10.01-2024.10.31-ний өдрийг хүртэл хугацаанд төлбөл зохих Нийгмийн даатгалын шимтгэлийн өр 105,975,246.68 төгрөг, 2024.01.01-нээс 2024.10.31-ний өдрийг хүртэл хугацааны алданги 10,085,850 төгрөг, нийт 116,061,966.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2021.10.01-нээс 2023.12.31-ний өдрийг хүртэл хугацааны алданги 42,891,082.24 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 738,260 төгрөг /116,061,966.98 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид/-ийг гаргуулж улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасны удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.4, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 116,061,966.98 төгрөг /нэг зуун арван зургаан сая жаран нэгэн мянга есөн зуун жаран зургаан төгрөг, ерэн найман мөнгө/-ийг гаргуулж, нэхэмжлэгч Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 42,891,082.24 төгрөг /дөчин хоёр сая найман зуун ерэн нэгэн мянга наян хоёр төгрөг, хорин дөрвөн мөнгө/-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т ХХК-иас 738,260 /долоон зуун гучин найман мянга хоёр зуун жар/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА