| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Х.Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 191/2025/00639/И |
| Дугаар | 191/ШШ2025/05280 |
| Огноо | 2025-06-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/05280
2025 06 10 191/ШШ2025/05280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ....................... тоотод оршин суух, Б овогт Б.Х /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................. тоот хаягт оршин суух, Г овогт Б.Б /РД:00000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 64,645,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64,645,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:
1.1.... Б.Б нь хонь, үхрийн мах бэлтгэн нийлүүлэх чиглэлээр Б.Х-той хамтарч ажилладаг байсан учраас 8 удаагийн гүйлгээгээр нийт 64,645,000 төгрөгийг зээлж авсан бөгөөд удахгүй буцааж өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу Б.Б нь Б.Х-оос шилжүүлэн авсан мөнгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй.
Иймд 64,645,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч Б.Б нь шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2025.01.23-ны өдөр 481,175 төгрөг төлсөн баримт /хх-ийн 2 х/
-2025.01.22-ны өдөр Б.Мд, 2025.03.17-ны өдөр Ц.М-т тус тус олгосон итгэмжлэл /хх-ийн 3, 34 х/
-Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 4-11 х/ зэрэг баримтуудыг,
4.Хариуцагч нь 2025.04.09-ний өдөр Ч.Н-д олгосон итгэмжлэл /хх-ийн 35 х/-ийг ирүүлсэн бөгөөд хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хариуцагч Б.Б-ээс зээлийн гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,645,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 64,645,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
-2021.09.13-нд 10,000,000 төгрөг,
-2021.09.17-нд 28,400,000 төгрөг,
-2021.09.17-нд 6,720,000 төгрөг,
-2021.09.20-нд 1,980,000 төгрөг,
-2021.12.01-нд 3,318,000 төгрөг,
-2021.12.05-нд 10,000,000 төгрөг,
-2021.12.31-нд 2,127,000 төгрөг,
-2022.02.11-нд 2,100,000 төгрөг буюу нийт 64,645,000 төгрөгийг Б.Б-т шилжүүлж зээлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөгүй учраас хүү авахгүйгээр үндсэн мөнгөө хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хаан банкны 2021.09.13-ны өдрийн 28887212, 2021.09.17-ны өдрийн 21841737, 2021.09.17-ны өдрийн 21915086, 2021.09.20-ны өдрийн 4466683, 2021.12.01-ний 3261763, 2021.12.05-ны өдрийн 11825015, 2021.12.31-ний өдрийн 1145148, 2022.02.11-ний өдрийн 3758086 журналын дугааруудтай Шилжүүлгийн мэдээлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
а. Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй ч гэсэн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Б-ийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 2021.09.13-нд 10,000,000 төгрөгийг зээлүүлэв, 2021.09.17-нд 28,400,000 төгрөгийг Б-д 20 машин С, 2021.09.17-нд 6,720,000 төгрөгийг булгаад С зөв 20 машин, 2021.09.20-нд 1,980,000 төгрөгийг булгаад 20 машин 99к, 2021.12.01-нд 3,318,000 төгрөгийг Б-т махны үнэ 11, 2021.12.05-нд 10,000,000 төгрөгийг зээлүүлэв, 2021.12.31-нд 2,127,000 төгрөгийг Б-т махны үнэ, 2022.02.11-нд 2,100,000 төгрөгийг булгаад махны үнэ гэх утгаар тус тус шилжүүлснээр талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
б. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч Д.Х нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т тус тус заасны дагуу нийт 20,000,000 төгрөгийг Б.Б-ийн Хаан банк дахь 0000000000 тоот дансанд 2021.09.13-нд 10,000,000 төгрөг, 2021.12.05-нд 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн байх ба зээлдэгч нь мөнгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй байна.
в. Харин Хаан банкны Шилжүүлгийн мэдээлэл-ийг үндэслэн нэхэмжлэгч нь 64,645,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох боловч үүнээс 2021.09.17, 2021.09.20, 2021.12.01, 2021.12.05, 2021.12.31, 2022.02.11-ний өдөр тус тус Б-д 20 машин С, булгаад С зөв 20 машин, булгаад 20 машин 99к, Б-т махны үнэ 11, Бт махны үнэ, булгаад махны үнэ гэх утгаар шилжүүлсэн 44,645,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй байна.
Учир нь дээрх агуулгаар шилжүүлсэн 44,645,000 төгрөгийг нэхэмжлэгч нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, үүний дагуу хариуцагч нь нэхэмжлэгчээс хөрөнгө оруулалт болгож зээлж авсан гэж тайлбарлах боловч энэ нь баримтаар тогтоогдсонгүй.
г. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэслэл болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө нотлох, цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь 44,645,000 төгрөгийг хөрөнгө хариуцагчид хөрөнгө оруулалт болгож зээлсэн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймээс хариуцагч Б.Б-ээс зээлэв гэх утгаар шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг гаргуулан Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,645,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн талаар:
а. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй, 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
б. Хариуцагчид 2025.03.12-нд нэхэмжлэлийг гардуулж, 2025.03.26-ны дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй болохыг тайлбарласан. /хх-ийн 16, 17 х/
в. Гэвч хариуцагч заасан хугацаанд шүүхэд ирж тайлбар өгөөгүй, холбогдох баримтуудыг ирүүлээгүй тул дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэл бүрдсэн. Нөгөөтэйгүүр хариуцагч нь 2025.04.09-ний өдөр 0340 бүртгэлийн дугаартай итгэмжлэлийг Ч.Н-д олгосны дагуу 2025.06.03-ны өдрийн 191/ШЗ2025/24471 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжаар түүнийг хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2025.06.10-ны өдрийнх 14:00 цаг хүртэл хойшлуулсан.
г. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул энэхүү эрхийг шүүх албадан эдлүүлэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
5. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн учраас Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Б.Б-ээс 20,000,000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 257,950 төгрөгийг гаргуулан Б.Х-т олгож, нэхэмжлэгчээс 2025.01.23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 481,175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д заасныг баримтлан Б.Б-ээс 20,000,000 төгрөг /хорин сая/-ийг гаргуулан Б.Х-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,645,000 төгрөг /дөчин дөрвөн сая зургаан зуун дөчин таван мянга/-ийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 601 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Б.Б-ээс 257,950 төгрөг /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавь/-ийг гаргуулан Б.Х-т олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481,175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА