| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнямын Цогтсайхан |
| Хэргийн индекс | 183/2021/02254/И |
| Дугаар | 210/ма2022/00186 |
| Огноо | 2022-01-28 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 210/ма2022/00186
| 2022 оны 01 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2022/00186 |
Г с- ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/02452 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г с- ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н ш ө - СӨХ-нд холбогдох хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт төлсөн 6,325,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цогтсайхан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ, хариуцагчийн төлөөлөгч Б.Мөнхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Н ш ө - СӨХ-ны захирал Г.Сэлэнгэтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 хамгаалагчийг сарын 550,000 төгрөгөөр буюу нийт 3 хамгаалагчийг нэг жилийн хугацаатай ажиллуулахаар гэрээ байгуулсан. Тухайн үед Г.Сэлэнгэ нь тамга тэмдэг одоохондоо гараагүй байна, дараа нь нөхөөд гэрээгээ хийе гэсний үндсэн дээр 2021 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 10-ныг хүртэл 3 хамгаалагч 35а байранд, 2021 оны 05 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 35б байранд 3 хамгаалагч тус тус ажиллуулж хэвийн үйл ажиллагааг нь хангаж байсан. Энэ хугацаанд тус СӨХ-ноос 2021 оны 06 сард 825,000 төгрөг шилжүүлснээс өөр мөнгө өгөөгүй тул үлдэгдэл төлбөр болох 6,325,000 төгрөгийг, хохирол 500,000 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Манай Сууц өмчлөгчдийн холбоо 2021 оны 3 дугаар сард үүсгэн байгуулагдсан бөгөөд Хан-Уул дүүрэг, 3 дугаар хорооны 35А, 35Б байрны нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг хариуцан ажилладаг. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасны дагуу харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага гэрээний үндсэн дээр үйлчлүүлэгчийн эд хөрөнгө, объектыг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг боловч Г с- ХХК нь манай СӨХ-той гэрээ байгуулаагүй. Нэхэмжлэлд хавсаргасан 2021.04.01, 2021.05.01-ний өдөр байгуулагдсан гэрээнүүд нь Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус бөгөөд нэхэмжлэгч нь үйлчлүүлэгчийн хүсэл сонирхлыг үл харгалзан өөр бусад орон сууцны барилгыг харах харуулын путек дээр ажиллуулсан харуул хамгаалалтын ажилтнуудынхаа цалинг манай СӨХ-ноос нэхэмжилж байгаад гомдолтой байна. Өмнөх дарга Г.Сэлэнгэтэй гэрээг байгуулсан гэж байгаа боловч Г.Сэлэнгэ нь 2021.06.13-ны өдөр гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа огцорсон. Дээрх гэрээг манай СӨХ-той байгуулсан гэж үзвэл 2021.04.01, 2021.05.01-ний өдрүүдэд байгуулсан гэрээг 2021.06.13-ны өдрийг хүртэл хугацаанд албажуулах боломж байсан. Гүйцэтгэх захирлын ажлыг түр орлон гүйцэтгэж байгаа Ц.Даариймааг дарамталж 825,000 төгрөгийг авсан байсан. Дээрх харуул хамгаалалтын путек нь манай СӨХ-ны хариуцан ажилладаг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны 35А, 35Б байрны нутаг дэвсгэрээс гадна байрладаг. Нэхэмжлэлд хавсаргасан дэвтрийг хэзээ ч, ямар ч байдлаар нөхөн бичих боломжтой юм. Талуудын хооронд байгуулсан гэрээтэй холбоотой ямар ч баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Гансонор ХХК-ийн 6 325 500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Н ш ө - СӨХ-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124 158 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол хэлцлийг бодит байдлаар хийгдсэн гэж үзнэ гэж заасан бөгөөд хоёр объектод хамгаалагч ажиллуулсан нь бодитой, нөгөө тал хүлээн зөвшөөрч болиулаагүй. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хэт нэг талыг барьсан, нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үнэлээгүй гэж үзэж байна. Хариуцагчаас шүүхийг төөрөгдүүлэхийн тулд Даариймаа, Мөнхзаяа нарыг түр томилсон нь дүрмээ зөрчсөн, уг дүрэм нь хүчин төгөлдөр бус бөгөөд бүх гишүүдийн хурлаар батлах ёстой байсан. Гүйцэтгэх захирлаар түр томилогдсон Мөнхзаяа нь уг СӨХ-г төлөөлөх эрхгүй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчаас давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: өндөр үнийн дүнтэй гэрээ хэлцлийг удирдах зөвлөлийн тогтоол, шийдвэргүйгээр хийдэггүй. Г.Сэлэнгээ гэдэг хүнийг ажлаасаа огцорсны дараа төлбөр нэхэмжилж байгаад гомдолтой байна. Г.Сэлэнгээс хувь хүнийх нь хувьд нэхэмжилбэл зохино. Бид хувь хүний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байх боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.
3. Нэхэмжлэгч Г с- ХХК нь хариуцагч Н ш ө - СӨХ-нд холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний үүрэгт 6,325,000 төгрөг, хохиролд 500,000 төгрөг, нийт 6,825,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийн үйл ажиллагаанд хамаарах 35А байранд 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд 3 хамгаалагч, 35Б байранд 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 3 хамгаалагчийг тус тус ажиллуулсан, нэг хамгаалагчийг сарын 550,000 төгрөгөөр буюу 3 хамгаалагчийн сарын нийт хөлсийг 1,650,000 төгрөг байхаар тохирч гэрээ байгуулсан гэж тайлбарлан, шаардлагын үндэслэлээ нотлохоор 2021 оны 04 дүгээр сарын 01, 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноотой Харуул хамгаалалтын гэрээ, Сонор-15-пост хамгаалагч нарын гарааны хүснэгт, рапортын дэвтэр зэргийг баримтаар гаргажээ. /хх1-2, 5-7, 8-10, 16-20, 22-23, 25-123/
4. Нэхэмжлэгч Г с- ХХК нь харуул хамгаалалт эрхлэх эрхтэй /хх 21/ хуулийн этгээд байх бөгөөд Н ш ө - СӨХ-нд холбогдуулан харуул хамгаалалтын гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний үүрэг шаардсан гэж зөв дүгнэсэн боловч үйл ажиллагааны хөлсөө шаардах эрхгүй гэж үзсэн нь хэргийн баримтад нийцээгүй байна.
5. Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт харуул хамгаалалт эрхлэх талаар үйлчлүүлэгч болон харуул хамгаалалтын байгууллага гэрээ байгуулна гэж заасан. Нэхэмжлэлд хавсаргасан 2021 оны 04 дүгээр сарын 01, 05 дугаар сарын 01-ний өдрөөр огноологдсон Харуул хамгаалалтын гэрээнүүдэд хариуцагч Н ш ө - СӨХ-г төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байх тул зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан бичгийн баримтаар талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. /хх5-6, 7-8/
6. Харин хэргийн 17-20 дугаар талд авагдсан Г с- ХХК-ийн хамгаалагч нарын гарааны хүснэгт, 25-124 дүгээр талд авагдсан рапортын дэвтэр зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г с- ХХК нь хариуцагч Н ш ө - СӨХ-ны үйл ажиллагаанд хамаарах 35А, Б байруудад харуул, хамгаалалтын үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдож байна. Хэдийгээр зохигчдын хооронд гэрээ байгуулагдаагүй буюу Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байгаа ч энэ нөхцөл байдал нь бусдын үйлчилгээг үнэ төлбөргүй авах эрхийг олгохгүй юм. Иймд нэхэмжлэгч Г с- ХХК нь хариуцагч Н ш ө - СӨХ-ны үйл ажиллагаанд хамаарах 35А, Б байруудад харуул, хамгаалалтын үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон, уг үйл ажиллагааг хариуцагч хүлээн авсан буюу буцаах боломжгүй үйлчилгээ тул нэхэмжлэгч нь үйлчилгээний хөлсөө шаардах эрхтэй.
7. Нэхэмжлэгч Г с- ХХК нь 1 хамгаалагчийн хөлсийг сарын 550,000 төгрөгөөр тооцож 3 хамгаалагчийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд 35А байранд, мөн 3 хамгаалагчийг 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд 35Б байранд ажиллуулсны хөлснөөс төлөгдөөгүй үлдсэн 6,325,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна. Иймд хариуцагч Н ш ө - СӨХ-ноос 6,325,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г с- ХХК-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна. Нэхэмжлэлийн хангасан үнийн дүн өөрчлөгдсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулах шаардлагатай.
7. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгт холбогдох хэсгийн хувьд нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалуулахаар эрх зүйн туслалцаа авч, хөлс төлснийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан гэрээнээс учирсан хохиролд тооцох үндэслэлгүй байна.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2021/002452 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н ш ө - СӨХ-ноос 6,325,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г с- ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтад үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч Н ш ө - СӨХ-ноос 116,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г с- ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 124,158 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Д.ЦОГТСАЙХАН