Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 335

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оч, 

улсын яллагч Б.Байгалмаа,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Э.Шинэзориг,

хохирогч Д.Оюунтөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б.Э холбогдох эрүүгийн 1811003680206 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овгийн Б.Э, 1985 оны 3 дугаар сарын 18-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, 7 дугаар байрны 3 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Доргио бааранд хохирогч Д.Оюунтөмөрийн нүүрэн тус газар пивоны шил шидэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч Д.Оюунтөмөр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мягмарсүрэн энэ эгчтэй маргалдаж байхад би очиж салгасан. Салгах үед энэ хүн намайг пивоны шилээр цохисон...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэрч Г.Мягмарсүрэн мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Доргио бааранд бүжиглэхээр Оюунтөмөр, Сайнбуян, Уугантуяа, Энхбулган, Даариймаа, Цэрэнчимэд, Батбагана, Батсайхан, Нямсүрэн нарын хамт ороод идэж, уух юм захиалчхаад бүжгийн талбай дээр бүжиглэхээр гарсан. ...Үл таних 2 залуугийн нэг нь намайг хажуунаас ямар аймаар бүжиглэдэг юм бэ, бараг янхан шиг бүжиглэж байна гэж хэлэхээр нь би уурлаад муудалцсан юм шиг байна лээ. Би нэлээн согтсон болохоор юу гэж хэлж маргалдсанаа санахгүй байна. Маргалдаж байхад Оюунтөмөр ирж салгаад шууд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад удаагүй буцаад ширээрүүгээ суух гээд Оюунтөмөрийн урд явж байхад гэнэт юм хагарах чимээ гарахаар нь эргээд хартал Оюунтөмөр нүүрээ дараад суусан байсан. Энэ үед Сайнбуян ширээн дээрээс ирээд Оюунтөмөрийг босгоод ариун цэврийн өрөө рүү дагуулаад явсан ба би ширээ рүүгээ явсан. Оюунтөмөрийг нүүрээ угааж байх хооронд би ширээн дээр сууж байхдаа унтаад өгсөн байсан. ...Надтай маргасан эмэгтэй над руу л пивоны шил шидэх гэж байгаад Оюунтөмөрийг оносон байх, учир нь Оюунтөмөр намайг салгах гээд ширээн дээр очиход тэр эмэгтэй над руу аймаар дайраад байсан гэсэн. Оюунтөмөр хэнтэй ч маргалдаагүй юм...” гэжээ /хх-12-13/.  

   Гэрч У.Насанбат мэдүүлэхдээ: “...2018 оны 01 дүгээр сарын 19-ний 22:00-23:00 цагийн үед гурвуулаа Доргио бааранд ороод хүний нэг нэг 0.33 литрийн пиво аваад бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад эхнэртэйгээ ариун цэврийн өрөө орчихоод ширээн дээрээ очсон чинь үл таних нэг эмэгтэй Тамираатай юм яриад зогсоод байхаар нь манай эхнэр энэ юун эмэгтэй юм бэ гээд Тамираагаас асуусан чинь мэдэхгүй, танихгүй юм яриад байна гэж хэлээд нөгөө эмэгтэйг чи одоо яваа гэтэл нөгөө эмэгтэй юм яриад явахгүй байсан. Эхнэр уурлаад цохих гээд байхаар нь би салгах гээд эхнэрээ бариад холдуулсан. Энэ үед тэр эмэгтэйн найз гэх цуг явж байсан залуу ирээд авч явах гэтэл тэр эмэгтэй явахгүй бид нар руу асаад үсчээд цохиж авчхаад дайраад явахгүй байхад эхнэр ширээн дээр байсан пивоны шилийг авахаар нь би шилийг нь авах гээд гарыг нь барьтал шил шидэгдээд газар унасан. Тэгээд удалгүй тэр эмэгтэй дахиж ирээд манай хүн рүү үсчээд байхад хохирогч гэх залуу салгахаар иртэл үгэнд нь орохгүй баарны хамгаалагч нар салгаад аваад явсан. Тэгтэл эхнэр ширээн дээр байсан шилийг шидтэл оноогүй ард нь явж байсан одоо хохирсон гээд байгаа залууг оносон. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн...” гэжээ /хх-22-23/.  

   Гэрч Б.Дариймаа мэдүүлэхдээ: “...Сүүлд Оюунтөмөрөөс сонсоход үл таних эмэгтэй Мягмарсүрэнтэй маргалдаад байсан. Мягмарсүрэнг хамгаалсан чинь 2 удаа пивоны шил шидсэн. Эхний удаа гар дээр нь оноод өнгөрсөн, 2 дахь удаа пивоны шил шидэхэд нүүрийг онож гэмтээсэн. Нэлээд олон оёдол тавиулсан гэж хэлсэн. Би өөрөө согтуу байсан болохоор үйл явдлыг хараагүй...” гэжээ /хх-14/. 

 Гэрч Г.Отгонтамир мэдүүлэхдээ: “...Тэр эмэгтэй найзын эхнэрийг хэл амаар доромжлоод толгой руу нь нэг удаа цохиход найзын эхнэр уурлаад шил шидсэн. Эхлээд шидэхэд оноогүй, дараа нь тэр эмэгтэй рүү дахиад шидэхэд хажууд нь явж байсан залууг оночихсон...” гэжээ /хх-21/. 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №1723 дугаар дүгнэлтэд: 

“1. Д.Оюунтөмөрийн биед тархи доргилт, духны баруун хэсэг, баруун хөмсөг, хамрын угт шарх тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Шарх соривжиж эдгэрнэ, сорив арилж бүдгэрэхгүй.” гэжээ /хх-25/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-42-43/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Доргио бааранд хохирогч Д.Оюунтөмөрийн нүүрэн тус газар пивоны шил шидэж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох  нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Д.Оюунтөмөрийн “...Мягмарсүрэн рүү пивоны шил шидэхэд миний зүүн гарыг оносон. Тэгэхээр нь юм хэлэлгүй цааш яваад 10 минут орчим бүжгийн талбай дээр байж байгаад Мягмарсүрэнг аваад үл таних эмэгтэйн ширээний хажуугаар өнгөрөөд өөрийнхөө ширээ рүү явж байхад хажуу талаас дахиад пивоны шил авч шидэхэд миний духны баруун талд онож, пивоны шил хагарч дух болон баруун хөмсөгний дээр зүсэгдэж цус гарсан учраас цагдаад хандсан...” гэх мэдүүлэг, Гэрч Г.Мягмарсүрэнгийн “...Маргалдаж байхад Оюунтөмөр ирж салгаад шууд бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад удаагүй буцаад ширээрүүгээ суух гээд Оюунтөмөрийн урд явж байхад гэнэт юм хагарах чимээ гарахаар нь эргээд хартал Оюунтөмөр нүүрээ дараад суусан байсан...” гэх мэдүүлэг,           гэрч У.Насанбатын “...Тэгтэл эхнэр ширээн дээр байсан шилийг шидтэл оноогүй ард нь явж байсан одоо хохирсон гээд байгаа залууг оносон...” гэх мэдүүлэг, гэрч Г.Отгонтамирын “...Тэр эмэгтэй найзын эхнэрийг хэл амаар доромжлоод толгой руу нь нэг удаа цохиход найзын эхнэр уурлаад шил шидсэн. Эхлээд шидэхэд оноогүй, дараа нь тэр эмэгтэй рүү дахиад шидэхэд хажууд нь явж байсан залууг оночихсон...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн №1723 дугаар дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Эт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав. 

Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э нь хохирогчид учирсан баримтаар тогтоогдож буй хохирол болох 167.500 төгрөгийг Төрийн сангийн 100900005406 дансанд байршуулсныг хохирогч Д.Оюунтөмөрт олгож шийдвэрлэв.

Мөн хохирогч Д.Оюунтөмөр нь цаашид гарах эмчилгээний зардалд нийт 1.400.000 төгрөг нэхэмжилж байна гэх боловч энэ талаар бодит зардал гарсан баримтгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй. 

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эт оногдуулсан торгох ялыг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Эээс Төрийн сангийн 100900005406 дансанд байршуулсан 167.500 төгрөгийг хохирогч Д.Оюунтөмөрт олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. 

            6. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН